| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/01751/И |
| Дугаар | 102/ШШ2023/02265 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/02265
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, Х... овогт О...ийн А...,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, эмэгтэй, Х... овогт Д...гийн У...,
Нэхэмжлэлийн шаардлага:2 380 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч О.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхзул нар оролцов.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
Нэхэмжлэгч О.А... нь хариуцагч Д.У...д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 2 380 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би Д.У...тай түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, ... тоот байрны өргөтгөл хэсгийн, гадагш гарсан хаалгатай 40 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсэлсэн.Д.У... 2023 оны 3 дугаар сарын 26-ны орой байрыг суллаж өгсөн, түрээсийн гэрээний 1.5-д Түрээслэн авагч нь талбайг гэрээнд заасан хугацаандаа ашиглана.Энэ хугацаанаас өмнө түрээслэн авагчаас шалтгаалан заасан нөхцөлөөр гэрээг цуцалсан тохиолдолд барьцааг буцаан олгохгүй.Мөн гэрээний 1.7-т энэхүү гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гарвал талууд 1 сарын өмнө урьдчилан нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ гэсэн байгаа.Гэтэл хариуцагч бичгээр мэдэгдээгүй тул 2 000 000 төгрөг нэхэмжилж байна.Мөн гэрээнд ашиглалтын зардлыг сар бүрийн 30-ны өдөр төлнө гэж тусгасан байхад 2 сарын ашиглалтын зардал төлөөгүй тул 2 дугаар сарын төлбөр 190,000 төгрөг, 3 дугаар сарын төлбөр 190,000 төгрөг 380 000 төгрөг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй.
Нэхэмжлэгчээс-Түрээсийн гэрээг шүүхэд өгсөн, хариуцагч баримт өгөөгүй.
Нэхэмжлэгч О.А...ын нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 380 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа гэрээнд зааснаар мэдэгдээгүй тул гэрээний 4.4-т зааснаар 2 000 000 төгрөг, 2023 оны 2, 3 дугаар сарын ашиглалтын зардал 380 000 төгрөг, нийт 2 380 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Д.У... Сүхбаатар дүүрэг, ... тоот байрны өргөтгөл хэсгийн, гадагш гарсан хаалгатай, 40 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 2 000 000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээсэлж О.А...тай гэрээ байгуулсан байна.
Түрээсийн гэрээний 4.4-т “Түрээслэн авагч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөр нөхөн төлнө” гэж талууд тохирсон байна.
Түрээслэгч Д.У... нь түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанаас өмнө түрээслэгчид 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр чөлөөлж өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч 2 000 000 төгрөг шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Д.У...гийн хэрэглэсэн гэх 2023 оны 2, 3 дугаар сарын ашиглалтын зардал 380 000 төгрөгийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Д.У... нь нэхэмжлэлийг шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хариу тайлбараа 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар Д.У... нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтад маргаагүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн нэхэмжлэл гардаж авсан баримтад бичигдсэн Баянгол дүүргийн ... тоот хаяг руу, өөрийнх нь ... дугаарт, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны засаг даргад тус тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар Д.У...гаас 2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулан О.А...д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 380 000 /гурван зуун наян мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.А...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У...гаас 46 950 төгрөг гаргуулан О.А...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН