Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч Д.Соёлзул /томилолтоор/,

шүүгдэгч Г.Д******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Г.Д*******ид холбогдох эрүүгийн 2515002450185 дугаартай, 304/2025/0193/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж******* овогт Г*******ийн Д*******, Булган аймгийн ******* суманд 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, ам бүл ганцаар Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Д******* /*******/ нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Булган аймгийн ******* сумын ******* 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б*******өөс архины мөнгө нэхэж, улмаар гэрт нь очиж “муу санаатай гөлөг”, “би чамайг алмаар байна” гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж “нүүрэн тус газарт нь мөргөх”, “шалан дээр унагаах”, “толгойн тус газарт нь цохих” зэргээр цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Т.Б*******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Д******* нь 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Булган аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн Асгатын 704 тоотод оршин суух хохирогч Т.Б*******ийн гэрт нь очиж “муу санаатай гөлөг, би чамайг алмаар байна” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэн түүний  “нүүрэн тус газарт нь мөргөх, шалан дээр унагаах, толгойн тус газарт нь цохих” зэргээр зодон эрүүл мэндэд нь  “баруун хөмсөгт шарх, баруун шуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Т.Б*******ийн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед ******* багийн төвд өөрийнхөө цайны газарт байж байхад манай багийн Д******* гэх залуу гаднаас орж ирээд надад 2 пивоны мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд яагаад архины мөнгө өгөх ёстой вэ? гэж хэлэхэд аман дотроо уурлаад юм яриад гараад явсан. Тэгээд гэртээ жаахан юм хийж байгаад хэсэг унтаж сэрээд байж байтал 10 цагийн үед манайд Д******* гэх залуу нэлээн согтуу орж ирээд муу санаатай гөлөг чинь энд унтаж байсан байна гэж хэлснээ би чамайг алмаар байна зодмоор байна чи намайг яаж зоддогийг харах уу гэж орилсон.

 Тэгэхээр нь би босоод ирэхэд намайг мөргөөд зодохоор нь би орон дээрээ буцаад суухад дахин би чамайг алмаар байна намайг *******ад хэн ч дийлэхгүй шүү гэж шүдээ зуугаад 2 гараа чангалаад цохьчих гээд байхаар нь би манайхаас гар гэр оронд битгий агсан тавиад бай би чамд ямар ч гэм хийгээгүй гэж хэлээд гэрээсээ гаргахаар Д*******ийг барьж аваад хаалга руу түлхэж орхичхоод буцаад ор луугаа явж байтал миний хойноос нуруугаар тэвэрч аваад өргөсөн. Тэгэхээр нь би яах гэж байгаа тавь гэж хэлэхэд чамайг хана мөргүүлж ална гэж хэлээд гэрийн шалан дээр шидэж унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Д*******ийг түлхээд гэрийнхээ хаалга руу дөхүүлчхээд буцаад эргэтэл дахин намайг араас тэвэрч аваад шалан дээр дээрээс толгой руу 2 гараараа ээлжлэн цохиод байсан. Тэгээд би өөрийгөө хамгаалж байгаад доороос нь арайхийн гарч ирээд Д*******той хариу зодоон хийж байгаад ах нь бие муутай зүрх өвдөөд байна гэж хэлэхэд чи муу баашлаад байна чамайг ална гэж хэлээд дахиад тохойлдсон. Тэгэхээр нь би гэрээсээ гүйгээд гарахад манай хажуу хөрш Д******* эмч гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би эмчээ харж байна уу? Д******* намайг ална гээд зодоод байна гэж хэлэхэд эмч манайх руу ирж явснаа буцаад гэрлүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би эхнэр О руу залгаад зүрхний ам хаана байгаа вэ? Д******* манайд ирээд надад агсан тавиад намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгсэн удалгүй манай эхнэр миний төрсөн эгч О нар ирээд салгах гээд Д*******ийг гэрээсээ явуулах гэтэл та нар зайлцгаа би бүгдийг чинь ална шүү гэж хэлээд хашаан дотор гэрийн үүдэнд байсан гутлын гишгүүрийн төмрийг аваад эгч рүү далайж ална гээд шидэх гэхээр нь би хойноос нь барьж аваад хаяулсан. Тэгсэн хүүхдийн дугуй аваад эгч рүү шидсэн. Тэгснээ гэр лүү ороод хутга авахаар гал тогооны хутга хийдэг шүүгээ татаж онгойлгохоор нь би очиж тэвэрч аваад гэрээсээ чирээд гаргасан. Тэгсэн буцаж манайд орж ирээд шууд гүйж ирээд миний дух руу тохойлдсон. Тэгсэн миний духнаас цус гараад би өөрөө хэсэг манараад цусаа тогтоож байгаад Д*******оос зугтаж гарч гүйгээд хажуу талын хөрш эмч Д*******гийнд ороход нөхөр Г******* нь байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чийн: “...манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Б*******өд зарцуулагдсан 125.928 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дэх тал/

-Гэрч Н.Огийн: “...Тэгээд нөхөр Б******* рүү залгах гэтэл миний урдаас залгаад цаанаа хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би хэнтэй хэрүүл хийгээд байгаан гэж асуухад Д******* манайд ирчихсэн агсан тавиад намайг алчих гээд байна гэж хэлсэн.Тэгэхээр нь би Б*******ийн эгч Отай хамт гэртээ очиход Б*******ийн амнаас цус гарчихсан Д******* нь Б*******ийг зодсон байдалтай байсан. Тэгэхээр нь би Д*******ийг чи яагаад гэртээ мөрөөрөө хэвтэж байгаа хүн дээр орж ирж танхайрч зодож байгаа юм гэж хэлэхэд хуцаад бай гичийнүүд минь та нар зайлцгаа банзал янханууд минь гэж орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би чамайг цагдаад өгнө цагдаа иртэл аятайхан сууж бай гэж хэлэхэд цагдаа дуудаад өгөөч гэж орилсон. Тэгсэн Д******* Б*******ийн хажууд нь очиж сууснаа гарынхаа тохойгоороо нүүр лүү нь тохойлдоод байсан. Тэгсэнээ О эгч рүү хүүхдийн дугуй авч шидсэн бас манай гэрийн үүдэнд байсан гутлын гишгүүрийн төмрийг аваад далайгаад шидэх гэхэд нь Б******* очиж барьж аваад болиулсан тэгсэн Д******* гал тогооны өрөө pүү ороод хутга хийдэг шүүгээг татаад хутга авах гэхэд нь Б******* араас нь тэврээд хана руу шахахаар нь би хутга хийдэг шүүгээнээс хутга, заазуур 2 аваад буйдан доогуур хийсэн.Тэр хооронд Б*******, Д*******ийг гэрээсээ гаргаад буцаад гэрлүүгээ орж явах үед Д******* нь манайд гүйж орж ирээд Б*******ийг дахин дух руу тохойлдоход Б*******ийн духнаас цус гоожоод тогтохгүй байсан. Тэгэхээр нь би Б*******ийг зүүн талын хөрш айл Г*******ын хашаагаар зугтаалган авч гараад эмнэлэг дээр очиж эмчид үзүүлж байхад цагдаа нар Хутаг-Өндер сумын төвөөс дуудлагаар ирсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

- Гэрч Т.Огийн: “...Тэгсэн О нь сандарсан байдалтай ажлаасаа гарч ирэхээр нь харих гэж байгаа юм уу гэж асуухад Д******* манайд ирчихсэн агсан тавиад Б*******ийг алчих гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б*******ийн төрсөн эгч болохоор Отай хамт гэрт нь очиход Б*******ийн амнаас цус гарчихсан Д******* нь Б*******ийг зодсон байдалтай байсан. Тэгэхээр нь О, Д*******ийг чи яагаад гэртээ мөрөөрөө хэвтэж байгаа хүн дээр орж ирж танхайрч зодож байгаа юм гэж хэлэхэд хуцаад бай гичийнүүд минь та нар зайлцгаа банзал янханууд минь гэж орилж хашхираад байсан. Тэгэхээр нь О чамайг цагдаад өгнө цагдаа иртэл аятайхан сууж бай гэж хэлээд цагдаа дуудаад өгөөч гэж орилсон. Тэгсэн Д*******, Б*******ийн хажууд нь очиж сууснаа гарынхаа тохойгоор нүүр лүү нь тохойлдоод байсан.Тэгснээ над руу хүүхдийн дугуй авч шидсэн. бас Б*******ийн гэрийн үүдэнд байсан гутлын гишгүүрийн төмрийг аваад далайгаад шидэх гэхэд нь Б******* очиж барьж татаад хутга авах гэхэд нь Б******* араас нь тэврээд хана руу шахахаар нь О хүн аллаа гээд болиулсан. Тэгсэн Д******* гал тогооны өрөөнд ороод хутга хийдэг шүүгээнд хийсэн. О бид 2 гэрт нь ирэхэд Б*******ийн амнаас цус гарчихсан бас 2-3 удаа Б*******ийг Д******* нь 2 гараараа толгой нүүр xэсэг pүү цохиод байсан мөн үзүүлж боолт хийлгэсэн. О бид 2-ыг очихоос өмнө энэ 2 хоорондоо юу? болсон духны хэсэгт нь тохойлдож духнаас цус гараад тогтохгүй байсан. Намайг очсоноос хойш Б*******ийг Д******* нь 2 гараараа толгой нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь Б******* өөдөөс нь өөрийгөө хамгаалаад Д*******ийн нүүр лүү 2-3 удаа бас цохьсон. О бид 2-ын биед халдаж зодсон зүйл бол байхгүй. Харин над руу Д******* нь хүүхдийн дугуй авч шидсэн гэхдээ миний биеийн хажуугаар гарсан. Бас гутлын төмөр хөлийн гишгүүр авч байсан. Харин Д******* согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

-Гэрч П.Д*******гийн: “... 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би гэрээсээ гараад өөрийнхөө хашаан дотор байдаг шовгор луугаа орохоор яаж байтал манай хажуу хөрш Б******* нь намайг хүн зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж дуудсан. Тэгэхээр нь би багийн дарга руу ярих гэж байхад Б*******ийн эхнэр О, төрсөн эгч О нар нь ирээд бас над руу цагдаа хурдан дуудаач гэж хашхирахаар нь би багийн дарга Чинчулуун луу залгаад Б*******ийнд зодоон болоод байх шиг байна цагдаа дуудаад өгөөч гэж байна гэж дамжуулж хэлсэн. Тэгсэн багийн дарга би Түлүүгийн даваан дээр хог цэвэрлэх ажилтай явж байна би чамд цагдаагийн дугаар өгье чи өөрөө цагдаа дуудчих гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би ажил дээрээ ирээд байж байтал 20 цаг 40 минутын үед Б******* эхнэртэйгээ ирээд биеийн байдлаа үзүүлнэ гэж ирсэн. Тухайн үед Б*******ийн биед үзлэг хийхэд баруун талын хөмсөгний хэсэгт язарсан шинэ шархтай байсан. Мөн доод уруулын дотор талын хэсэгт шалбарч цус гарсан байдалтай байсан. Тэгээд би Б*******ийн баруун талын хөмсөгний урд хэсгийг цэвэрлээд боолт хийж өгөөд шинэ байгаа дээр нь оёдол тавиулах талаар нь зөвлөгөө өгсөн бас толгой өвдөөд байна гэхээр нь анилгин димдорол тариа хийж өгсөн. Би тухайн үед Б*******ийг хэнд цохиулсан талаар асуухад Д******* гэх залууд зодуулсан гэж хэлсэн гэх...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

-Гэрч С.Г*******ын: “... Намайг гэртээ байхад Б*******ийн эхнэр О, О 2 манайд орж ирээд Д******* Т.Б*******ийг зодоод байна та гараад салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Б*******ийн хашаанд ороход Д******* Б******* 2 хоорондоо ноцолдсон бололтой намайг очиход зодоон болоод дуусчихсан байсан. Б*******ийн духнаас нь цус гарчихсан байсан. Харин Д*******ийн зүүн гарын тохой хэсгээр хавдсан харагдаж байсан. Тэгээд би Д*******ийг аваад эмнэлэг ороход Б******* эмнэлэг дээр ирчихсэн толгойгоо боолгож байсан. Би тэгээд гэр лүгээ явсан. Д******* бол архи уучихсан согтуу байсан. Харин Б******* нь архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БУЛ0725/224 дугаартай:

1.Т.Б*******ийн биед баруун хөмсөгт шарх, баруун шуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүснэ.

3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл тухайн хэрэг болсон гэх 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой.

4.Дээрх шарх гэмтэл нь тус бүрдээ болон нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Зулгаралт, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Т.Б*******ийн биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д*******ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний буруу...” гэх мэдүүлэг

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Д******* нь бүрэн дунд боловсролтой байх бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Д*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БУЛ0725/224 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Д*******ийн хохирогч Т.Б*******ийг зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун хөмсөгт шарх, баруун шуунд зулгаралт, баруун ташаанд цус хуралт” бүхий хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой болох нь шинжээч эмч Б.Эын “...Т.Б*******ийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Т.Б*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” талаар мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Д*******ийг хохирогч Т.Б*******өд төлөх төлбөргүйг тогтоолд дурдав.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Б*******ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 125,928 төгрөг зарцуулсан талаарх баримтыг ирүүлж, гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Д*******оос 125,928 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын учирсан хохирлыг “яг одоо” нөхөн төлөх хүсэлт гаргасныг харгалзан шүүх хуралдааныг 15 минутын хугацаагаар завсарлуулсан бөгөөд тус хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн 125,928 төгрөгийг нөхөн төлөөгүй учир эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Д*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 92 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 96 дахь тал/, Булган аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дахь тал/, иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 98-100 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 101-105 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Д*******ийн хувийн байдлыг тодорхойлов.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг шүүгдэгч Г.Д*******ийн оршин суух газар болох Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тус ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгч нь  гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн чадавх  болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

2.3Бусад асуудлын талаар

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж******* овогт Г*******ийн Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д*******ид 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.Д*******ийг Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Г.Д******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Д*******оос 125,928 /нэг зуун хорин таван мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Б******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ