Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/03000

 

 

 

 

 

 

 

2023 06 13

101/ШШ2023/03000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах Элит техно М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,350,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Э ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг худалдан борлуулдаг. Иргэн Б.Бтэй 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б.Б 4,000,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж худалдаж авахдаа эхний төлөлт 250,000 төгрөгөөр 3 хоногт төлж, үлдсэн төлбөрийг 18 сарын хугацаатай 208,333 төгрөгийг графикийн дагуу сар бүрийн 18-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үүний дараа Б.Б төлөлт хийдэг байсан. Төлөлт хийхдээ нийт 2,480,000 төгрөгийг төлсөн байгаа. Төлөөгүй үлдэгдэл 1,520,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сараас хойш төлөөгүй. Гэрээний 4.7-д зааснаар үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохирсон байгаа. Алдангийг хугацааны хувьд олон жил болж байгаа тул Иргэний хуульд заасны дагуу 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 760,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн энэ хугацаанд эрэн сурвалжлуулсны 70,200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Б.Бгөөс 2,350,200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд төлбөрийг төлж 2019 оны 12 дугаар сард гэрээ сунгагдсан гэж үзэж байгаа. 2020 онд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулж, хариуцагчийн хаягт тодорхой болсон тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс:Компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, төлөлтийн тооцооллын баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 02451 тоот шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрт 1,520,000 төгрөг, алдангид 760,000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөг нийт 2,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас хүлээн авч, нэхэмжлэлд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алдангид 2,280,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Элит техно монгол сервис ХХК болон Б.Б нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас гэрээнд заагдсан бүтээгдэхүүн Kirby Sentrua нарийн бүтэцтэй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, нөгөө талаас үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-13 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар худалдагч тал нь гэрээний үүрэг буюу үнэ төлөх үүргээ биелүүлэхийг худалдан авагч талаас шаардах эрхтэй байна.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,520,000 төгрөг, алдангид 760,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцооллын баримтаар нийт 2,480,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас хариу тайлбараа хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Талууд 2016 оны 4 сарын 28-ны өдөр Бараа бүтгээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэлээ шүүхэд гаргаж чадаагүй бөгөөд эрэн сурвалжуулах ажиллагаа хийсний үндсэн дээр хаягийг тогтоож, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 02451 дугаар шийдвэрээр Б.Бг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 17-18 дугаар тал/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө нь өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин шинээр тоологдох тул нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,520,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс 2019 оны 12 дугаар сарын 31-нд гэрээгээ сунгасан хэлцэл хийж, энэ өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг өдрөөр тасалбар болгож 2,480,000 төгрөгөөс алданги тооцсон гэж тайлбарласан

Нэхэмжлэгчийн тайлбараар талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзэхээр байх бөгөөд гэрээний хугацааг сунгаж, гэрээнд өөрчлөлт оруулахдаа алдангийн талаар тохиролцсон гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохиролд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөг нь түүний нэхэмжлэл гаргахдаа төлөх хуулиар хүлээсэн үүрэг байх тул гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 830,200 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 14 цаг 30 минутад товлосон бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгөөс 1,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК-нд олгож, 830,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Бгөөс 39,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА