Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/03055

 

 

 

 

 

 

 

2023 06 15

101/ШШ2023/03055

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух Э-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,069,900 төгрөг, алданги 2,034,950 төгрөг, нийт 6,104,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай Г ХХК нь дизель түлш худалдан борлуулах, зээлээр 15 хоногийн хугацаатай жолооч нарт зээл өгдөг. 15 хоногийн хугацаанд зээлж авсан шатахууны эргэн төлөлтийг буцааж, хүү алданги өгөхгүй буцааж төлөөд, дараагийн зээл авах эрх үүсдэг. Ц.Э нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийж 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 3 удаагийн худалдан авалт хийсэн. Үндсэн зээл болох 4,690,900 төгрөгийн дизель түлш авсан. Түлш авснаас хойш ганц ч удаагийн төлөлт хийгээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл дээр алдангийн 50 хувийг нэмж 2,034,950 төгрөгийг нэмж хариуцагч талаас 6,104,850 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Ц.Э нь 2 удаагийн төлөлт хийж 1,000,000 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо үлдэгдэл нь 5,104,850 төгрөг байна. Иймд хариуцагчаас 5,104,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс:Улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, шатахуун түгээх зарлагын падаан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ц.Эод холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлөх төлбөр 4,069,900 төгрөг, алдангид 2,034,950 төгрөг, нийт 6,104,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас хүлээн авч, нэхэмжлэлд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний төлбөр, алдангид 6,104,850 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

2.Г ХХК болон Ц.Э нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас гэрээнд заагдсан шатахуун хүлээлгэн өгөх, нөгөө талаас үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар худалдагч тал нь гэрээний үүрэг буюу үнэ төлөх үүргээ биелүүлэхийг худалдан авагч талаас шаардах эрхтэй байна.

Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

3.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4,069,900 төгрөг, алданги 2,034,950 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 19, 21, 27-ны өдрүүдийн Шатахуун түгээх зарлагын баримтуудаар нэхэмжлэгчээс 4,069,900 төгрөгийн шатахуун нийлүүлсэн үйл баримт нотлогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

Хариуцагчаас нэхэмжлэлийг гардаж авч, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр хариуцагч нь шатахууны төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн тул үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах нь зүйтэй гэх тайлбарыг гаргасан.

4.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шатахууны үнэ 3,069,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгчээс алдангид 2,034,950 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3-т ...худалдан авсан шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Энэ гэрээний 2.2-т заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байна. /хх-ийн 5 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчээс гэрээний дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

6.Алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул хариуцагчаас 3,069,900 төгрөгийн тал хувь болох 1,534,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

7.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 4,604,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 9 цаг 30 минутад товлосон бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эоос 4,604,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ц.Эоос 88,627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА