Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/02948

 

 

 

 

 

 

                                2023       06          09

                   101/ШШ2023/02948

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч:  Х.А /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Ц /рд:/-д холбогдох

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         1.         Нэхэмжлэгч Х.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А 2022 оны 10 сараас эхлэн иргэн Г.Цтай Баянгол дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х.О” стрип бар хамтран ажиллуулж уг барнаас олсон орлогыг хувааж авч байсан. Ийнхүү хамтран ажиллахаас өмнө уг баранд 15 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, уг мөнгийг Г.Цад бэлнээр хүлээлгэн өгсөн. Дээрх хамтын үйл ажиллагаа 2023 оны 04 сар хүртэл үргэлжлээд цаашид хамтран ажиллаагүй, учир нь иргэн Г.Ц хамтран ажиллахаас өмнө хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн 15 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй татгалзаж маргаан үүсгэсэн. Иргэн Х.А хамтран ажиллахаасаа өмнө хөрөнгө оруулалт хэлбэрээр 15 000 000 төгрөгийг Г.Цад өгснийг гэрчлэх гэрч байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцуулах боломжтой. Иргэн Х.А Г.Цаас хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн 15 000 000 төгрөгөө удаа дараа нэхсэн боловч өгөхгүй эд хөрөнгийн эрхийг зөрчиж байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Г.Цаас хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн 15 000 000 төгрөгийг гаргуулж иргэн Х.Ад олгож өгнө үү.

1а. Банкны хуулгаа шаардлага хангуулж өгч байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтарч ажилласан. Стриптиз баарыг хамтран ажиллуулсан. Ингэхдээ 15 саяын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2022.10 сараас эхэлсэн. Ингээд ашгаа хуваасан нь данснаас харагддаг. Хариуцагчаас нэхэмжлэгчид олгогдож байгаа мөнгө нь хуваалт гэж орж ирснээр ашиг аваад байгаа нь харагддаг. Нийт 15 295 000 төгрөг авсан. Улмаар цаашид хамтран ажиллахаа болиод хөрөнгө оруулалтаа авахаар шаардахад татгалзсан тул нэхэмжлэл гаргасан. Иймд 15 саяыг гаргуулна. Хариуцагчийн хэлж байгаагаар 15 саяыг буцааж өгөхгүй гэж яриагүй. Хамтран ажилласан талаар хариуцагч зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хамтарч ажиллахаас татгалзах саналыг гаргасан. Бэлнээр өгсөн мөнгийг юунд зарцуулагдсаныг мэдэхгүй. Түрээс ч юм уу өөр юманд зарцуулагдсан гэж үздэг. Ашиг муутай байсан бөгөөд өөр ажил хийхээр больсон. Хамтын үйл ажиллагаа зогсоход тоног төхөөрөмж нь үлдсэн. ,,, нь нэхэмжлэгчийн хүүхдийн данс юм. Хамтран ажиллах саналыг хариуцагч тавьсан юм. Хамтын үйл ажиллагааны ашиг хуваагдсан. Нэхэмжлэгч нь баарыг ажиллуулж байсан нь дансны хуулгаар нотлогдож байна. Үлдсэн зүйлээ аваагүй гэв.

 

2.         Хариуцагч Г.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч У.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ц нь 2022 оны 10 сарын үед урьдын танил Х.Атай уулзаж Срип бар хамтран ажиллуулах талаар санал тавьсан. Хамтран ажиллуулах тохиролцоондоо би “Х.О”стрип бааранд 30,000,000 орчим төгрөгийн тохижилт хийсэн, 2022 оны 02 сараас хойш ажиллаад хүнээ татсан, ашиг орлого сайтай газар байгаа юм, сарын түрээс 4,500,000 гэж байгаа харин миний найз Д.Долгион түрээсэлдэг учир 3,000,000 төгрөгөөр түрээсэлж болж байна, шууд ажиллуулахад бэлэн, Чи 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хамтраад ажиллаад ашиг орлогоо тавь тавин хувиар хувааж аваад ажиллая гэхэд зөвшөөрч хамтран ажиллах болсон. Бидний хувьд ажлын байрны түрээс, ашиглалтын зардал болох ус, тог, дулаан болон ажилчид болох бармен, зөөгч, үйлчлэгчийн цалинг дундаасаа төлж үлдэгдэл ашгаа хуваан авч 2023.04.10-ны өдөр хүртэл хамтран ажиллаж байхад би ер нь баар ажиллуулахаа болилоо караоке ажиллуулахаар болсон тул хөрөнгө оруулалт хийсэн 15,000,000 төгрөгөө буцаан авъя гэхээр нь ямар учиртай юм бэ зургаан сар гаран хамтран ажиллачаад одоо мөнгөө буцаан авна гэж утгагүй юм яриад байх юм чиний хувьд хангалттай мөнгөө олсон шүү дээ бараг 30,000,000 төгрөг хангалттай олоо биз дээ гээд муудалцаад салсан байдаг юм. Миний хувьд 2023.04.15-ны өдрөөс Х.Анударийг ажиллахаа больсноос хойш түрээсэлж байсан байраа хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. 2022 оны 10 сараас үйл ажиллагаа эхэлсэн. 15 сая төгрөгийг буцааж өгөх нөхцөлгүйгээр засварт аваад ажиллуулсан. Баарыг би хариуцаж ажиллуулж байсан юм. Үйлчилгээ цэвэрлэгээг би хариуцаж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хамтарч ажилласан болон 15 сая төгрөгийг авч засварт зарцуулсан талаар маргаагүй. Нийт 28 орчим сая төгрөгийн ашиг өгсөн. Миний данс ,,, юм. Нэхэмжлэгч хариуцаж ажиллуулж байсан гэдэг нь худлаа. Би өмнө нь баар ажиллуулж байсан тул би хариуцан ажиллуулж байсан юм.

2б. Хариуцагчийн дансны хуулгыг гаргаж байна. Мөн түрээсэлж байсан бөгөөд түрээсийн төлбөр төлсөн болон орлого хувааж байсан дансны хуулгыг гаргаж байна. Засвар хийсэн гэрэл зураг. 502-р эхэлсэн данс уруу 23,118,200 төгрөг шилжүүлсэн. Талууд хамтран ажилласан дээр маргахгүй байна. Хөрөнгө оруулалт гэдэг тусдаа хуулиар зохицуулагдаж тайлан тооцоонд тусгагддаг. Нэхэмжлэгч нь мөнгө оролцуулсан. Хариуцагч нь өмнө нь засвар хийчихсэн байсан бөгөөд энд нэлээдгүй мөнгө орсон байсан юм. Мөн үйл ажиллагаагаараа хураамж төлсөн. Баар нь шөнөжин ажилладаг. Хариуцагч зайлшгүй байх шаардлагатай байсан юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй өөрөөр хэлбэл ашгийн хэмжээний талаар амлалт өгөөгүй. Иргэний хуулийн 478.11-д заасан алдагдал өр үүсээгүй. Үлдсэн бараагаа тэнцүү хувааж аваад хамтын үйл ажиллагаа зогссон. Ашгаа авчихсан тул нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үлдсэн зүйлийг авсан эсэхийг мэдэхгүй юм гэв.

 

3.         Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх57-76/

3б. Хариуцагчаас Голомт банк дахь өөрийн дансны хуулга /хх77-80/, 32 ширхэг гэрэл зураг /хх81-88/, “Ашид суврага” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 051 дүгээр албан тоот /хх89/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Х.А нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан хөрөнгө оруулалт гэх 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Г.Ц нь хамтран ажилласан бөгөөд олсон ашгийг хувааж авсан, уг мөнгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэж маргасан.

 

4.         Зохигчид стриптиз баар хамтран ажиллуулах талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчид 15,000,000 төгрөг өгсөн, улмаар 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран ажилласан бөгөөд хамтын үйл ажиллагааг зогсоосон үйл баримтын талаар маргаагүй.

4а. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй.

Улмаар зохигчдын хамтран ажиллах гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болжээ. Учир нь нэхэмжлэгч санал гаргаж, хариуцагч үүнийг зөвшөөрсөн байна.

 

5.         Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд тохиролцсон хураамж төлөх бөгөөд мөн зүйлийн 477.2-т зааснаар хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгөөр, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно.

Нэхэмжлэгч нь маргаж буй 15,000,000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалт гэх тул энэ мөнгөн хөрөнгө нь дээрх хуульд зааснаар мөнгөөр төлсөн хураамж байна.

Түүнчлэн хариуцагч нь адил хэмжээний мөнгөн хөрөнгө болон үйлчилгээгээр хураамж төлсөн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.

 

6.         Зохигчид хамтын  үйл ажиллагаанаас олсон ашгийг хуваан авч байсан үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь 15,295,000 төгрөгийн үр шим авсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг 23,118,200 төгрөгийн үр шим авсан гэж маргаж байна. Гэвч энэ хэргийн маргааны зүйл нь дутуу авсан үр шимийн талаар бус харин хураамжийг буцаах авах үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

7.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг хамтын үйл ажиллагаанд оролцох үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох санал гаргасан гэх боловч Хаан банк дахь нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн ,,, тоот дансанд хамтын үйл ажиллагаатай холбоотой байж болох барааны нэрээр удаа дараа мөнгө шилжүүлж байснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үгүйсгэгдсэн. Мөн хамтран ажиллах гэрээний дагуу явуулж байсан стриптиз баарны үйл ажиллагааны орлого нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэгдэж байсан нь хариуцагчийг хамтын үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг шууд нотлохгүй. Түүнчлэн зохигчид харилцан тохиролцож дээрх хуульд заасан үндэслэлээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон.

7а. Иймд гэрээнээс татгалзах, түүнээс гарах үр дагаврын талаарх Иргэний хуулийн зохицуулалт хамаарахгүй.

 

8.         Зохигчид тухайн үед хэн аль нь тодорхой хэмжээний хураамж төлж хамтын үйл ажиллагаа эхлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 477 дүгээр зүйлийн 477.3-т зааснаар тэдгээр хураамж нь дундаа өмчлөх хөрөнгөд хамаарна.

8а. Зохигчид хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосны дараа ашиглагдаж байсан эд зүйлийг тухайн газар орхисон үйл баримтын талаар маргаагүй.

 

9.         Эдгээр үндэслэлээр зохигчид харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон, улмаар ашиглагдаж байсан дундаа өмчлөх эд зүйлийг тухайн газар үлдээсэн байх тул Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар хураамжийг буцаан шаардах эрх үүсэхгүй.

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Цад холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД