Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/02579

 

 

 

 

 

 

 

   2023         05        23  

                 101/ШШ2023/02579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, С ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан туслах менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажлаас чөлөөлсөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХК-ийн салбар дэлгүүрт 2022  оны 09 сарын 30-ны өдрөөс тушаал гарч ажиллах болсон. Миний гэрээ 2022 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болж, 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс тухайн компанид үндсэн ажилтан болсон. 2023 оны 01 дүгээр 31-ний өдөр намайг ажлаас халсан гэсэн мэдээллийг байгууллагын дотоод сүлжээгээр мэдэгдээд, сүлжээнээс хассан. Жинхлэх тайланд тэнцсэнгүй гэх үндэслэлээр 5 минутын дотор намайг ажлаас халсан, мөн тухайн өдөр миний цалинг хаасан тул би гомдолтой байна. Тухайн асуудлыг би шийдвэрлэхийн тулд маш хурдтай бөгөөд сэтгэл гаргаж явж байсан, би компанийн төв байранд очиж хүний нөөц болон холбогдох хүмүүстэй уулзсан. Компанийн гүйцэтгэх захирал Ч өөрийн асуудлыг хэлсэн. Асуудал минь шийдэгдэхгүй байсаар Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд очсон. Хэрвээ хариуцагч талын хэлж буйгаар надтай эвлэрэх боломжтой байсан бол 2023 оны 02 сарын 17-ны өдөр болсон Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх 3 талт хорооны 14 цагийн хуралд ирж надтай уулзсан бол энэ асуудал өнөөдрийн хэмжээнд хүрч би ингэж зовохгүй байсан. 2023 оны 02 сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талд хорооноос тодорхойлолт гарсан, хариуцагч талаас хуралд хүн ирээгүй тул шүүхэд хандах боломжтой гэх тодорхойлолт бичсэн тул би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 04 сарын 20-ны өдөр ажилдаа эргэж орох боломжтой, цалинг өгнө, шүүхээс нэхэмжлэлээ татаж авах саналыг надад тавьсан. Албан ёсоор ажилд эргүүлэн авахаа бичгээр өгөх хүсэлтийг тавьсан боловч зөвшөөрөөгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх байр суурь хэвээрээ. Тухайн үед шүүх хурал нэгэнт товлогдсон болохоор шүүхийн шийдвэр гаргуулна гэж бодсон. Иймд намайг 2023 оны 01 сарын 01-ний өдрийн 23/Г-575 хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу туслах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ гэв.

2. Хариуцагч С ХК-ийн төлөөлөгч Н.Наас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О-с 2023 оны 01 сарын 31-ний өдөр жинхлэх шалгалтыг ярилцлага хийж авсан, шалгалтанд тэнцээгүй тул ажлаас чөлөөлж байгаа шийдвэрийг хүний нөөцөөс байгууллагын дотоод сүлжээгээр мэдэгдсэн. 2023 оны 04 сарын 20-ны өдөр манай байгууллагын зүгээс шүүхэд хариу тайлбар гаргаж, мөн нэхэмжлэгчид эвлэрэх санал тавьсан, эвлэрэх санал нь 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэлх цалинг нь нөхөн олгох, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийх саналыг гаргасан боловч хариу өгөөгүй. Сая шүүх хуралдаан эхлэхэд өөрөө ажилдаа эргэж орох сонирхолгүй байна, зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин авна гэж би ойлголоо. 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэлх цалинг олгох боломжтой. Манай тал 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь буцаан авах, үргэлжлүүлж ажиллах санал тавьсан, Б.О-ийг тухайн саналыг хүлээн авсан гэж ойлгосон. 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэлхи хугацааны цалинг өгөх боломжтой бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв. Тэр саналыг өөрөө хүлээн авсан боловч сайн дураараа ирж ажиллаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт 2022 оны 07 сараас 2023 оны 01 сарыг дуусталхи, иргэний үнэмлэхний лавлагаа, ...... харилцсан зурвас, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023-02-17-ны өдрийн 13 дугаар тэмдэглэл, 2022-09-23-ны өдрийн 22/Г-6843 Хөдөлмөрийн гэрээ, 2022-09-29-ний өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ 22/Г-6843, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-03-21-ний өдрийн 5211 шүүгчийн захирамж зэрэг баримтыг ирүүлсэн,

Хариуцагчаас 2023-04-04-ний өдрийн 151242-24/23-201 итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ ......., 2023-04-04-ний өдрийн 151242-14/23-208 итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн,     

Зохигчдын хүсэлтээр ....... дотоод сүлжээнд бичигдсэн мэйл, ............ зурвас, ............. хаягуудад үзлэг хийсэн, 2023-01-01-ний өдрийн 23/Г575 хөдөлмөрийн гэрээг хариуцагчаас гаргуулж шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч С ХК-нд  холбогдуулан урьд эрхэлж байсан туслах менежерийн ажилд эгүүлэн томилуулах, ажлаас чөлөөлсөн 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 01-ний өдөр компанид үндсэн ажилтан болсон. 2023 оны 01 сарын 31-ний өдөр жинхлэх тайланд тэнцсэнгүй гэх үндэслэлээр 5 минутын дотор намайг ажлаас халсан нь үндэслэлгүй, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргаагүй тул ажлаас халсан  нь үндэслэлгүй гэж шаардах эрхээ тодорхойлсон.  

3. Хариуцагч С ХК нь Б.О-тэй 2023 оны 01 сарын 01-ний өдөр үндсэн ажилтанд тооцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2023 оны 01 сарын 31-ний өдөр жинхлэх шалгалт авсан ч тэнцээгүй тул ажлаас чөлөөлсөн. 2023 оны 04 сарын 20-ны өдөр ажилд эгүүлэн орох саналыг тавьсан боловч хүлээн аваагүй тул 2023 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин 3,266,626 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, манай хүсэлтийг хүлээн аваагүй учир ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.О-ийг жинхлэх шалгалтанд тэнцээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх үйл баримт дээр талууд маргаагүй.

Хариуцагч С ХК нь 2023 оны 01 сарын 31-ний өдөр Б.О жинхлэх шалгалтанд тэнцээгүй тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн 2023 оны 04 сарын 20-ны өдөр ажилдаа эргэн орох саналыг тавьсан боловч хүлээн аваагүй гэх үндэслэлээр ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч Б.О ажилд албан ёсоор авах саналаа бичгээр өгөх саналыг хариуцагч тал зөвшөөрөөгүй гэх тайлбарыг няцаагаагүй. 2023 оны 04 сарын 20-ны өдөр бодитоор ажилд томилох шийдвэрийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч С ХК нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд оролцоогүйгээс. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 02 сарын 17-ны өдрийн хуралдаанаас хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах боломжгүй. Иймд дараагийн арга хэмжээг буюу шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О 2023 оны 03 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийг гаргасан хариуцагч үүнд маргаагүй. 

5. Ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ. 

6. Б.О-ийг 2023 оны 01 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, тэрээр мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа ба, 2023 оны 01 сарын 01-ний өдрийн 23/Г-575 хөдөлмөрийн гэрээний 1.6-д зааснаар цалинг 1,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 02 сараас 2023 оны 05 сарын 23-ныг өдрийг дуустал ажлын 76 хоног ажилгүй байсан гэж үзэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамлажээ.

            Иймд түүнтэй байгуулсан 2023 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд түүний үндсэн цалинг 1,500,000 төгрөг байхаар талууд тохирсон байх бөгөөд энэхүү цалинг 21 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 71,428 төгрөг болж байна.  Нэхэмжлэгч Б.О хариуцагч С ХК нь 2023 оны 02 сард ажлын 20 хоног, 3 сард ажлын 23 хоног, 4 сард ажлын 20 хоногоор тооцож цалинг олгохыг зөвшөөрсөн. 2023 оны 5 сарын 23-ны өдрийг дуустал ажлын 17 хоног байх ба нийт ажлын 80 хоногоор тооцоход 5,714,240 төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            6.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” нь ажил олгогчийн үүрэг ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хассан цалин хөлсний дүнгийн 20 хувиас, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эсхүл хэд хэдэн суутгал зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус зааснаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            7. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч С ХК-иас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 106,378 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ийг туслах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,714,240 төгрөгийг хариуцагч С ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, Б.О эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч С ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 106,378 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БОЛОРМАА