Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 158/ШШ2023/0006

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймгийн *******,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,  

            Хариуцагч: Булган аймгийн *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, ******* нарын хоорондын “Татварын цахим системээр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар үүссэн 2016-2022 оны татвар болон төлбөр хураамжийн өр нийт 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийн татварыг хүчингүй болгуулах”,

Хариуцагч: Булган аймгийн *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* нарын хоорондын “Авто үйлчилгээний нэгдсэн санд тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ буруу хийсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******, *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь Булган аймгийн *******т холбогдуулан “Татварын цахим системээр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар үүссэн 2016-2022 оны татвар болон төлбөр хураамжийн өр нийт 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийн татварыг хүчингүй болгуулах”- аар,

Булган аймгийн *******д холбогдуулан “Авто үйлчилгээний нэгдсэн санд тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ буруу хийсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  1. Нэхэмжлэгчээс маргааныг шийдвэрлүүлэхээр  аймгийн Татварын хэлтсийн дарга болон Автотээврийн үндэсний төвд тус тус хүсэлт гаргасан байх ба Татварын хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/766 дугаартай, Автотээврийн үндэсний төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1443 дугаартай албан бичгүүдээр тус тус хариуг хүргүүлсэн.
  2. Нэхэмжлэлийн үндэслэл: “
    1. *******д “HYUNDAI SONATA-5” маркийн тээврийн хэрэгсэл огт байгаагүй, 
    2. ******* нь Авто үйлчилгээний нэгдсэн системд бүртгэлийг хийхдээ эзэмшигчийн нэр, хаягийг “Булган сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал” гэж бүртгэсэн нь үндэслэлгүй тул бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй,  
    3. Дээрх бүртгэлийн улмаас  манай байгууллагад огт байгаагүй тээврийн хэрэгслийн татвар, хураамжийн өр Татварын нэгдсэн системд үүссэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон.  
  3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа төрийн байгууллагаас гарч байгаа шийдвэр, эрх зүйн акт нь хамаарал бүхий этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үндсэн чиг үүрэгтэй байдаг. Гэтэл *******д татварын цахим системээр 421,825 төгрөгийн өр үүссэн нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг бусад орчинд ажиллах боломжийг хязгаарласан. Жишээ нь Бүгд найрамдах Солонгос улсын “Логати” олон улсын байгууллагатай хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрт хамрагдах талаар 2-3 удаа саналаа явуулж байсан. Гэтэл танай байгууллага татварын өртэй гэсэн хариу ирүүлж, бидний хүсэлтийг хүлээж аваагүй, энэ асуудал хүнд байдалд орсон. Хоёрдугаарт Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна, 9 дүгээр зүйлийн 9.2-т татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно, 28 дугаар зүйлийн 28.9-т татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна гэж тусгайлан заасан байдаг. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй аж ахуйн нэгж, албан байгууллага албан татвар төлөгч байна гэж хуульчилсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин энэ байна. Гэтэл татварын системд *******д огт эзэмшилгүй тээврийн хэрэгслийн өр төлбөр нэхэгдээд байгаа асуудлыг үндэслэн захиргааны хэргийн шүүхэд хандсан. *******д татварын цахим системд үүссэн 421,825 төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. ******* 6906 улсын дугаар бүхий Sonata маркийн авто машин эзэмшээгүй. Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007-2022 оны санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн оны эхний үлдэгдлийн судалгаагаар 2007-2011 онд авто тээврийн хэрэгсэл 0 гэсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл огт тээврийн хэрэгсэл байхгүй. 2012-2021 онд 8,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй гэж тусгагдсан. Энэхүү 8,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл Honda civic маркийн 5886 БУА улсын дугаартай машин юм. Дараагийн зүйл нь Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын нийтийн цахим мэдээллийн сангууд байдаг. Avtobox.mn, Transter.mn цахим сангийн мэдээлэл нь 6906 улсын дугаар бүхий Sonata маркийн авто машины эзэмшигч нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал биш гэдгийг нотолж байна. Автотээврийн үндэсний төв аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын Булган төвийн даргын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай албан бичигт дурдагдсан арлын дугаараар дээрх сайтуудаас хайлт хийж үзэхэд уг арлын дугаар бүхий авто машин нь 4273 улсын дугаар бүхий Sonata маркийн машин болох нь нотлогдож байна. Энэхүү гарч ирсэн мэдээлэл нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ийм машин байхгүй гэдгийг нотолж байна. Мөн албан бичигт дурдагдсанаар 0066 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээр улсын үзлэгт орсон гэсэн байна. Гэтэл 0066 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2015 онд Япон улсад үйлдвэрлэгдэж Монгол улсын хилээр орж ирсэн ба 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр энэхүү улсын дугаарыг авсан. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5 эзэмшигч дамжсан Toyota land cruiser маркийн машин болох нь Transter.mn, Avtobax.mn сайтуудын мэдээллээр нотлогдож байна. Энэ нь *******д огт хамааралгүйг нотолж байна.

*******ийг хамтран хариуцагчаар татсан. Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн карт байгаа. Энэ карт дээр эзэмшигч байгууллагын нэр нь Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Булган сум гэж байгаа учраас *******д уг авто машин огт хамааралгүй гэдэг нь бүртгэлийн картаар нотлогдож байна. Тийм учраас буруу бүртгэсэн бүртгэл хууль бус юм.

Иймд *******ийн тээврийн хэрэгсэл буруу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг үндэслээд *******д үүссэн 421,825 төгрөгийн өр төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

  1. Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсийн дарга *******гээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
    1. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тодорхойлолтоор 6906 БУА улсын дугаартай “HYUNDAI SONATA-5” маркийн тээврийн хэрэгсэл нь Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчлөлд байгааг тодорхойлсон,
    2. ******* нь Автотээврийн үндэсний төвийн бүртгэлд үндэслэж татвар ногдуулж, төсөвт төвлөрүүлдэг ба Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасны дагуу татвар ногдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2016-2022 оны авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын өр, авто зам ашигласны өр, нийт 421,825 төгрөгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Нэгдүгээрт ******* нь 6906 БУА улсын дугаартай Sonata маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагад бүртгэлгүй ба 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийн картаар манай байгууллагад бүртгэлтэй болохыг нотлохгүй тул 6906 БУА Sonata 5 маркийн тээврийн хэрэгслийн татварын хэрэгслийн татварыг төлөх боломжгүй гэж маргасан байна. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолтоор 6906 БУА Sonata 5 маркийн тээврийн хэрэгсэл нь *******д байгааг тодорхойлсон. ******* нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашиглалтын төлбөрийг ногдуулж, төсөвт төвлөрүүлэх үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Автотээврийн үндэсний төвийн бүртгэл үнэн зөв эсэхэд хяналт тавих чиг үүрэггүй байгууллага юм. Хоёрдугаарт Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын няравын програмын 2018-2021 оны хооронд тээврийн хэрэгслийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайланд ганцхан “Honda civic” маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. “Sonata 5” 6906 БУА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл байгаагүйг нотолж байна гэжээ. Энэ байгууллагын тайлан бүртгэлд 6906 БУА Sonata 5 маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байгаа нь улсын бүртгэл буруу хийгдсэн, хууль бус хийгдсэнийг нотлох шууд нотлох баримт болохгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн дараах үндэслэл байна. Булган аймгийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон буюу Татварын хэлтсээс үндэслэлгүйгээр татвар ногдуулж, татварын өр үүсгэсэн гэх ба дээр дурдсанаар өөрөө явагч хэрэгсэл нь Автотээврийн бүртгэлд үндэслэж татвар ногдуулж, төсөвт төвлөрүүлдэг. Үндэслэлгүйгээр татвар ногдуулсан гэж үзэж байгаа бол эхний ээлжинд Автотээврийн үндэсний төвийн бүртгэл үнэн эсэхийг нотлох ёстой. Үүнийг хангалттай нотолсон нотлох баримт 1 ширхэг ч байдаггүй. Эсрэгээрээ Булган аймгийн Татварын хэлтсээс татвар ногдуулсан тухайн бүртгэлийг үнэн зөв байсан гэдгийг нотолж байгаа 2 зүйл байна. Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дээр тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан гэдгийг нотолдог 2 баримт байдаг. Нэг нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн тодорхойлолт, нөгөө нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1\1443 дугаартай албан бичиг байна. Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т улсын бүртгэлд байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна, 6.2-т авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны бичиг баримтыг үндэслэн түүнд ногдох татварыг дараа улирлаас эхлэн зогсооно гэж заасан байдаг. Энэ заалтаар 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнөх татварын ногдлыг хүчингүй болгох ямар нэгэн боломж байхгүй байна” гэв.

  1. Хариуцагч *******ийн дарга *******оос нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Үүнд: “

    1. ******* нь 2015 онд байгуулагдсан ба энэ хугацаанд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, тээвэр зохион байгуулалт гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2010 оноос өмнө тээврийн хэрэгслийн бүртгэлийг тухайн аймгийн Замын цагдаагийн тасаг хариуцан ажиллаж байсан.
    2. 2013 онд KMHEN41BP2A637109  арлын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл 00-66 БУА улсын дугаартай, өмчлөгч байгууллага нь *******, байгууллагын регистр: 90110130001 дугаараар техникийн хяналтын үзлэгт орсон байна” гэжээ.
  1. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “6906 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын цагдаагийн гар картан дээр Булган сумын Засаг даргын Тамгын газар гэж бичсэн. Түүнийг үндэслэн 2011 онд программ дээр шивэгдсэн. Энэ машиныг байхгүй гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Замын цагдаагийн картыг үндэслэнэ. Орон нутгийн өмчийн газраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хоёрыг сольсон байж болзошгүй, ийм тээврийн хэрэгсэл орон нутгийн өмчид бүртгэл байхгүй гэсэн. Тэгэхээр иргэдийн хурал юм уу Булган сумын аль нэг рүү шилжүүлэх ямар ч боломжгүй болж байгаа. Гар картаа үндэслээд хуулийн дагуу энэ машин байгаа. Орон нутгийн өмч нь тухайн үедээ бүртгэлдээ бүртгэж аваагүй байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хувьд тухайн тээврийн хэрэгслийг хасалт хийлгэсний дараа улсын дугаарыг дараагийн тээврийн хэрэгсэлд олгодог. Маргаан бүхий арлын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2011, 2013 онд техникийн үзлэгт 0066 гэсэн улсын дугаартай, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын регистрийн дугаараар орсон байна“ гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь Булган аймгийн *******т холбогдуулан “Татварын цахим системээр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар үүссэн 2016-2022 оны татвар болон төлбөр хураамжийн өр нийт 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийн татварыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Булган аймгийн *******ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 158/ШЗ2023/0016 дугаартай захирамжаар “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Булган аймаг дахь салбарыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “Авто үйлчилгээний нэгдсэн санд тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийхдээ эзэмшигчийг буруу бүртгэсэн тул уг бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргаан үүсгэсэн.  
  3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Манай байгууллагад огт байгаагүй тээврийн хэрэгслийг бүртгэснээс болж 2016-2022 онуудад манайд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, хураамжийн өр үүссэн нь үндэслэлгүй” гэж;

4. Хариуцагч *******өөс “нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн бүртгэл нь анх Замын цагдаагийн тасгаас ирүүлсэн гар бүртгэлд үндэслэж хийгдсэн ба нэхэмжлэгч байгууллага нь уг тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулж байсан нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь мөн юм” ,

Хариуцагч Татварын хэлтсээс “авто үйлчилгээний нэгдсэн санд бүртгэгдсэн тээврийн хэрэгсэлд албан татвар ногдуулдаг, бид бүртгэлд үндэслэж татвар, төлбөр, хураамж ногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргажээ. 

5. Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн тээврийн хэрэгслийн бүртгэл болон тээврийн хэрэгсэлд ногдох албан татвар, төлбөр, хураамжийг төлөх үүрэг хүлээлгэсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг бүртгэл болон бүртгэлд үндэслэн ногдуулсан албан татвар, төлбөр, хураамжийн өрийг төлөх үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.  

6. Нэхэмжлэгч Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 9011013 дугаарын регистрээр улсын бүртгэлийн 470001091 дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээд байна. /ХХ-ийн 5 дугаар тал/  

7. Булган аймгийн ******* нь 6906 БУА улсын дугаартай, Соната-5 маркийн авто машиныг Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын өмчлөлд бүртгэж, улмаар энэхүү бүртгэлийг үндэслэн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны хураамж, агаарын бохирдлын төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээлгэн татварын цахим санд өр үүссэн байх ба нэхэмжлэгчээс дээрх бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгож, татварын төлбөрийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд маргаан үүсгэсэн.

8. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"автотээврийн хэрэгсэл" гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгоно”, 6 дугаар зүйлийн 6.1.11-д “тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах”, 6.1.12-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах” бүрэн эрхийг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт түүний харьяа ******* хэрэгжүүлэхээр хуульд заажээ.

9. Хариуцагч *******өөс “2015 онд аймгийн ******* байгуулагдан аймгийн хэмжээнд ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх болон тээврийн хяналтын үзлэг эрхлэх үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн ба 2010 оноос өмнө бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг Замын цагдаагийн тасгаас ирүүлсэн гар бүртгэлд үндэслэж хийсэн” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

10. Мөн KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5”” маркийн тээврийн хэрэгслийг 2011 /хх-ийн 119 дүгээр тал/ болон 2013 /хх-ийн 45 дугаар тал/ онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орсон гэж маргаж байх боловч хариуцагч *******ийн “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас”-д тусгагдсан мэдээлэл Замын цагдаагийн тасгийн бүртгэлд тусгагдсан мэдээллээс зөрүүтэй байна. Үүнд: “Дүгнэлтийн хуудас”-д: тээврийн хэрэгслийн улсын дугаар –“0066 БУА”, өнгө – “цагаан”, эзэмшигчийн регистрийн дугаар – “90110130001” гэж, Замын цагдаагийн тасгийн бүртгэлд: тээврийн хэрэгслийн улсын дугаар – “6906 БУА”, өнгө – “хар” гэж  тусгагдсан нь тээврийн хэрэгслийн өнгө, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар хоорондоо зөрүүтэй тусгагджээ. Үүнээс дүгнэхэд 6906 БУА улсын дугаар бүхий KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5” маркийн тээврийн хэрэгсэл нь хяналтын үзлэгт орсон тээврийн хэрэгсэл мөн гэдгийг баттай нотолж чадахгүй, эргэлзээ төрүүлж байна. Тээврийн хэрэгслийн арлын дугаар дахин давтагдашгүй, харин өнгө болон улсын дугаарыг өөрчлөх боломжтой, регистрийн дугаарын ард нэгдсэн систем автоматаар дугаарлаж явдаг /0001/ гэж хариуцагчаас мэтгэлцэж байх боловч дээрх баримтаас өөр тухайн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл нэгдсэн системд тусгагдаагүйг дурдвал зохино. 

11. Булган аймгийн Замын цагдаагийн тасгаас *******д хүлээлгэн өгсөн “6700-6999” гэж хаягласан тээврийн хэрэгслийн бүртгэл /хх-ийн 46 дугаар тал/-дKMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5”” маркийн тээврийн хэрэгслийг бүртгэхдээ ““Эзэмшигч байгууллагын нэр –“ЗДТГ”, Эзэмшигчийн хаяг “Булган аймаг, Булган сум”, улсын дугаар –“69-06 БУА”, өнгө –“Хар”, зориулалт -“Суудал”, үйлдвэрлэсэн он –“2002”, жолооны хүрд –“Зүүн”, шатахууны төрөл –“Бензин”, импортолсон он, сар, өдөр-“2007.11.13”” гэх мэдээллийг тусгаж, уг бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийж, “Булган аймаг дахь ЗЦТ-ийн тоо бүртгэгч” гэх бичвэртэй, цэнхэр өнгийн гурвалжин тэмдгээр баталгаажуулжээ. Энэхүү бүртгэлээс харахад KMHEN41BP2A637109 арлын дугаартай “HYUNDAI SONATA-5”” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ нь Булган аймгийн Засаг даргын тамгын газар эсхүл Булган сумын Засаг даргын тамгын газар байх боломжтой байна.

12. Нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5”” маркийн тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг нягтлах үүднээс Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2007 - 2022 оны санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн тайлан, бүртгэлийн эх хувьд шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн боловч шүүхэд ирүүлсэн хуулбар хувь /хх-ийн 64-80 дугаар тал/ болон эх хувьд дээрх тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл байхгүй, нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгөнд 2007-2010 онд тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй ба 2011 оны үндсэн хөрөнгийн бүртгэл /хх-ийн 68 дугаар тал/ -д 8.000.000.000 /найман сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Энэхүү 2011 онд нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл нь 5886 БУА улсын дугаар бүхий “Honda Civic” маркийн автомашин байх ба уг тээврийн хэрэгслийг “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоол /хх-ийн 139 дүгээр тал/ гарснаар 2021 онд данснаас хасч худалдан борлуулсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн тайлан /хх-ийн 78 дугаар тал/ болон хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

13. Нэхэмжлэгчээс маргаан бүхий тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байдаггүй гэдгийг нотлох үүднээс “Avtobox.mn”, “Transter.mn” цахим сангийн мэдээлэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж, шүүх хуралдааны явцад дээрх цахим мэдээллийг маргаан бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар зэргээр шүүн үзэхэд дээрх мэдээллийн цахим сан нь одоо байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг харуулдаг /хх-ийн 51-56 дугаар тал/ байх ба бүртгэлээс хасалт хийгдсэн  тээврийн хэрэгслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй харин 4273ХХО /хх-ийн 53 дугаар тал/  тэмдэглэгээтэй тусгагдсан байна.

14. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тээврийн хэрэгслийн анхны бүртгэлд өөрчлөлт орсон эсэх жинхэнэ эзэмшигч нь хэн болох талаар баримтыг цуглуулалгүй тээврийн хэрэгслийн эзэмшигчийг сольж бүртгэсэн нь захиргааны актыг гаргахад эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримтлаагүй зөрчилтэй байх тул мөн хуулийн 37 дуг аар зүйлийн 37.6 /Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно/ -д заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзлээ.

15. *******ийн дээрх бүртгэл /захиргааны акт/-д үндэслэн татварын нэгдсэн санд нэхэмжлэгчийг маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэж Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэн 2016-2022 оны тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын хураамж болох 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийн татварыг төлөх үүргийг хүлээлгэсэн шийдвэр нь захирамжилсан үйл ажиллагаанд хамаарах захиргааны акт байна.

16. Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь 6906 БУА улсын дугаар бүхий KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5”” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч болох нь баттай нотлох баримтаар тогтоогдохгүй, бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийх явцад эзэмшигч, өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн нь тогтоогдсон.

  17. Мөн хариуцагчаас “тээврийн хэрэгслийн эзэмшигч татвар төлөгч нь тухайн тээврийн хэрэгслийг ашигладаг эсэхээс үл шалтгаалан албан татвар төлөх үүрэгтэй, байгууллагын няравын үндсэн хөрөнгийн бүртгэл, санхүүгийн тайланд тусгагдаагүй байгаа нь эзэмшигч биш гэж үзэх хангалттай нотлох баримт биш” гэж маргаж байх боловч Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2007-2022 оны үндсэн хөрөнгийн тайлан болон санхүүгийн анхан шатны баримтад нэхэмжлэгчийн өмчлөлд 2007-2010 оны хүртэл тээврийн хэрэгсэл байсан гэдэг нь тогтоогдоогүй. Мөн маргаан бүхий 6906 БУА улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн албан татвар 2016 оноос өмнө төлөгдсөн эсэх, төлөгдсөн бол хэн төлсөн талаарх мэдээлэл Татварын нэгдсэн сан болон хариуцагч Татварын хэлтсийн архив, татвар төлөлтийн талаарх мэдээлэлд тусгагдаагүй зэрэг нөхцөл байдлаас харахад KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5” тээврийн хэрэгслийн албан татварыг Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал төлж байсан гэдгийг нотлохгүй. Түүнчлэн 2016 оноос өмнө тухайн тээврийн хэрэгсэлд албан татвар төлөгдсөн эсэх тодорхойгүй байна.

18. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 25.1-д заасан татвар төлөх үүрэг бүхий этгээдийг татварын алба татвар төлөгчөөр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ”, 26.2-т “Татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээллийг үндэслэн шинээр байгуулагдсан, бүртгэгдсэн этгээдийг бүртгэн, татвар төлөгчийн дугаар, гэрчилгээ олгож хувийн хэргийг үүсгэнэ”, 26.3-т “Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ” гэж тус тус заажээ.

19. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хариуцагч татварын хэлтэс нь татвар төлөгчийг бүртгэхдээ эрх бүхий байгууллагын мэдээллийг үндэслэхээр заасан байх бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэл, түүний өмчлөгч, эзэмшигчийн бүртгэлийн талаарх мэдээллийг авах эрх бүхий байгууллага нь Автотээврийн байгууллага юм. Автотээврийн байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлийг хийх эрх хуулиар олгогдсоны дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг нэгтгэн хөтөлж байдаг ба түүний хийсэн бүртгэл, мэдээлэлд тулгуурлан бусад байгууллагын үйл ажиллагаа явагддаг.

“Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” үүссэнээс хойш хариуцагч Татварын хэлтсээс Автотээврийн үндэсний төвийн мэдээлэлд үндэслэж, нэхэмжлэгчийг татвар төлөгчөөр бүртгэснээр KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5” маркийн тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, авто зам ашигласан төлбөр зэргийг нэхэмжлэгч байгууллага төлөхөөр өр үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

20. Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын бүртгэлд байгаа  автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн ашиглаж байгаагаас үл шалтгаалан албан татвар төлөх үүрэгтэй гэж хариуцагч /татварын хэлтэс/ талаас маргаж байх боловч тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй боловч ашиглагддаггүй байх тохиолдлыг ойлгоно. Гэтэл уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэсэн  улсын бүртгэл Замын цагдаагийн тасгийн анхны бүртгэлээс зөрүүтэй, анхны бүртгэлээс хойш тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөний талаарх мэдээлэл байхгүй байгаа нь тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч гэдгийг шууд нотлохгүй гэж дүгнэлээ.

21. Татварын нэгдсэн санд маргаан бүхий тээврийн хэрэгслийн албан татварыг төлүүлэхээр нэхэмжлэгч байгууллагад төлбөрийн үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн үндэслэл болсон бүртгэл хууль бус байх тул нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн 2016-2022 оны тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр болон агаарын бохирдлын хураамж болох нийт  421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийн төлбөр үндэслэлгүй байна.

22. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазрын харьяа Булган аймаг дахь салбарын тээврийн хэрэгслийн бүртгэлийн KMHEN41BP2A637109” арлын дугаартай “HYUNDAI SONATA-5” тээврийн хэрэгслийн эзэмшигчээр нэхэмжлэгч Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал гэж бүртгэсэн бүртгэл болон дээрх бүртгэлд үндэслэж ногдуулсан тээврийн хэрэгслийн албан татвар бусад төлбөр, хураамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

23. Маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүртгэлийн программаас хасалт хийгдсэн нь *******ийн тодорхойлолт /хх-ийн 116 дугаар тал/, “Avtobox.mn”, “Transter.mn” цахим сангийн мэдээллээр нотлогдож байх боловч хасалт хийгдэхээс өмнө бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчид үүрэг үүссэн шийдвэр гарч, өр үүссэн байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт гэж үзэн шүүхээс захиргааны актад дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,26.3, Монгол улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 6.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас аймгийн *******, *******д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Авто тээврийн төвийн “Авто үйлчилгээний нэгдсэн сан”-д KMHEN41BP2A637109 арлын дугаар бүхий Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нэр дээр бүртгэсэн бүртэл,

Татварын хэлтсийн “Татварын цахим сан”-д тухайн тээврийн хэрэгсэлд ногдуулсан 2016-2022 оны албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр болох нийт 421825 /дөрвөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин таван/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэсэн захиргааны актыг тус тус хүчингүй болгосугай. 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ