Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

           Иргэдийн төлөөлөгч Ж.Должинсүрэн,

Улсын яллагч С.Батгэрэл,

Хохирогч Н.Нарангэрэл, Н.Наранзул, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүгдэгч Э.Ихбаяр, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэ-Уулын Ихбаярт холбогдох эрүүгийн 20152602232 тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 43-22 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ТБ85073176 регистрийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэ-Уулын Ихбаяр.

    

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ихбаяр нь бусдын заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан,

 мөн бусдын эд хөрөнгийг болон өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ихбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би машин зардаг байсан нь үнэн. Эхлээд Төмөр замд нэг паб түрээслэсэн. Тэрнээс болоод түрээсийн өрөнд орсон. Надаас хүмүүс өрөө нэхээд би тэд нартай муудалцаад паб түрээслэхээ больсон. Би ойролцоогоор 20.000.000 төгрөгийн өрөнд орсон. Анх тэр пабыг түрээслэхдээ ойролцоогоор 10.000.000 төгрөг найзаасаа аваад  хамт түрээслэсэн. Тэгээд паб түрээслэхээ болиод найзыгаа надаас мөнгөө нэхэхээр нь хүнээс мөнгө аваад машин худалдаж авч зарж эхэлсэн. Тэгээд нэгээс нь авсан мөнгөө нөгөө хүнд нь өгсөөр байгаад өрөнд орсон. Анх машин зарж эхлэхэд дажгүй байсан. Би Сайн ломбарданд олон машин тавьсан. Мөнгө дууссан үед нь машиныг нэр дээрээ шилжүүлээд Сайн ломбарданд тавиад үлдэгдэл мөнгийг нь өгч машин худалдаж авдаг. Тэгээд зарах машинаа хүнд үзүүлэхдээ Сайн ломбардны зогсоол дээрээс үзүүлдэг байсан. Сүүлд Нарангэрэлээс нийт ойролцоогоор 30.000.000 төгрөг авсан. Би Нарангэрэлд хамт амьдарна, надад мөнгө зээлээч гэж ярьж байгаагүй. Бид нар 5-6 жилийн өмнө танилцаад болж бүтнэ гээд явж байсан. Нарангэрэл надад итгээд ах, эгч нараасаа надад мөнгө зээлж өгч байсан. Эхний 3-4 удаа мөнгө зээлэхдээ хүүтэй нь төлдөг байсан. Сүүлдээ төлж чадахгүй болсон. Би хүнээс өдрийн хүүтэй мөнгө зээлсэн байсан нь бас нэхэгдээд байсан. Хохирогч Ганбатад лексус 470 загварын машин байсныг нь 30.000.000 төгрөгөөр зараад өгье гэхэд 31.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь чадвал 35.000.000 төгрөгөөр зараад өгье гээд ломбарданд тавьсан. Би тэр машиныг ломбарднаас зарна гэж бодож байсан. Би Нарангэрэлээс хамгийн сүүлд 15.000.000  төгрөг аваагүй гэж бодож байна. Гэхдээ би сайн санахгүй байна. Миний Хаан банкны дансны хуулган дээр байгаа. Би түүнээс 10.000.000 төгрөг юм уу 11.000.000 төгрөг авсан. Нарангэрэл бид хоёр хүү бодоод, гэрээ байгуулсан. Тэр үед Нарангэрэл цагдаад өргөдөл өгөөгүй байсан ба намайг мөнгөө хурдан өг гэж хэлж байсан. Нарангэрэл хүүтэй нь бодоод 25.000.000 төгрөг авна гэхээр нь би зөвшөөрсөн. Гэхдээ эхлээд ах, эгч хоёрынх нь мөнгийг төлье гэдгээ хэлсэн. Би өдрийн хүүтэй мөнгө аваад тэрэндээ өөрөө өрөнд орсон. Би машинаа хашаанд тавьсан учраас зарах гэж хугацаа алддаг байсан. Тэр нь бас хоногийн хүүтэй, хоног нь алдангитай байсан. Тэрнээс надад Нарангэрэлтэй гэрлэнэ гээд худал хэлээд мөнгө авъя гэсэн бодол байхгүй. Хохирогч Болормаагаас 3 гар утас зарж өгөхөөр авсан. Эхний 2 гар утсыг зарж өгсөн. 3 дахь гар утсыг 800.000 төгрөгөөр зарах байсан. Болормаа надад “манай ажлаас мөнгө нэхээд намайг цагдаад өгчихлөө” гэж хэлж байсан. Тэгээд Болормаатай уулзахад “цагдаад намайг өгнө” гэж хэлсэн. Сүүлд Болормаагийн хохирлыг нь барагдуулсан. Хохирогч Галсанжамцаас 2 машин худалдаж аваад зарж өгсөн. Надад унасан Ланд байгаа гэж байсан. Тэгээд 10 сая төгрөгөөр зараад өгөөч гэхээр нь би үнэтэй байна гэж хэлсэн. Тэр машин ахынх нь машин байсан ба ах нь гадаадад байсан. Галсанжамц кузов засварын газар ажиллуулдаг. Би машин зардаг байхдаа 2 мөргөлдсөн машин худалдаж аваад Галсанжамцад зарж байсан. Галсанжамц надад “би 3.000.000-4.000.000 төгрөг унагачихлаа баярлалаа” гэж хэлж байсан. Сүүлд намайг “надад манай ахын уначихсан Ланд крузер-80 байгаа, ирээд үзээд өг” гэж дуудсан. Очоод үзэхэд кузов нь нилээн муудсан байсан. Тэгээд хэдэн төгрөгөөр зарахыг нь асуухад 10.000.000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Би 10.000.000 төгрөг арай үнэтэй байна, 6.000.000-7.000.000 төгрөг байвал болохгүй юм уу” гэж хэлж байсан. Тэгэхэд надад “би ахаараа итгэмжлэх хийлгэсэн маргааш хугацаа нь дуусах гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чойжилыг дуудчихья,  наад машинаа түүний нэр дээр шилжүүлчих, би машиныг чинь угаалгаад чадвал кузовийг нь солъё” гэж хэлсэн. Тэгээд Сайн ломбарданд тэр машиныг нь 3.000.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөр нь марк-х маркийн машин худалдаж авсан. Тэгээд тэр машинаа зарсан. Гэхдээ мөнгийг нь бага багаар аваад юм болгож чадаагүй. Сүүлд Жалбуу гээд манай найз Галсанжамцын машиныг ломбарднаас нь чөлөөлж авсан. Тэгээд хөдөө явж ирчихээд арай болохгүй машин байна гээд өгсөн. Энэ талаар Галсанжамцад хэлэхэд найздаа зарахаар болсон. Дараа нь Галсанжамц дүүдээ итгэмжлэх хийж өгсөн байсан. Би дүүд нь 3.800.000 төгрөг өгөөд түүнийг хохиролгүй болгосон.

Хохирогч Болормаагаас 3 гар утас авсан. Эхний гар утсыг “маргааш өгье” гэж хэлж аваад нөгөөдөр нь өгсөн. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Болормаагаас 2 гар утас авсан. Гэхдээ надад түүнд худал ярьсан зүйл байхгүй. Би түүнд зараад өгье гэж хэлээд авсан. Болормаа гар утасны худалдаа эрхэлдэг хүн биш ба Мобиком ХХК-ийн ажилтан. Би гар утас авч зарахдаа 100.000 төгрөг унагаасан. Болормаа надад итгээд гар утас өгч явуулсан. Сүүлд 2 гар утас авахдаа нэг нэгээр нь зараад мөнгийг нь цувуулж өгсөн.

Би 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.2 дахь хэсэгт заасан үйлдлийнхээ хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогч Наранзулд 8.500.000 төгрөгийн хохиролтой гэж шүүхэд ирсэн. Одоо 2.000.0000 төгрөг төлөх дутуу байгаа.

Ганбат намайг машин зардгийг мэддэг. Тийм болохоор Ганбат над руу залгаад машин зараад өгөөч гэж хэлсэн.

Би Нарангэрэлийн 25.000.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг төлсөн. Надад үлдсэн мөнгийг төлөх боломж байгаа. Хохирогч Наранзулаас 4.500.000 төгрөгөөр зарж өгөхөөр тоёота чезерь загварын автомашин авсан гэв.

 

Хохирогч Н.Нарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 25.000.000 төгрөгөөс сүүлд 3.500.000 төгрөгийг авсан. Үлдсэн 21.500.000 төгрөгөөс одоогоор төлөөгүй байна. Үлдсэн мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Эхэндээ авахдаа буцааж өгдөг байсан. Гэхдээ хүү, алданги тооцож байгаагүй. 15.000.000 төгрөг хамгийн ихдээ авсан. Тэр мөнгөө одоо хүртэл өгөөгүй. Миний нэхэмжилж байгаа нийт хохиролд орсон байна. Энэ мөнгийг авахаас өмнө бага багаар мөнгө авсаар байгаад 30.000.000 төгрөг давсан. Тэрнээсээ буцааж өгсөөр байгаад 25.000.000 төгрөг үлдсэн. Тэгээд цагдаад энэ хэмжээний мөнгө нэхэмжилж өргөдөл гаргасан. 21.500.000 төгрөг нэхэмжилж байна. Ихбаяр анхнаасаа хамт амьдарна гэж хэлдэг байсан гэв.

 

Хохирогч Н.Наранзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Ихбаярт машинаа “он нь хуучирчихсан, зарна” гэж хэлж байсан. Тэгтэл би зараад өгье гээд над руу 1 сар гаруй хугацаанд ярьсан. Тухайн үед манай нөхөр хөдөө ажилтай байсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “авах хүн бэлэн байна, манай хажууд орцны хуурай дүү маань авах гээд байна” гээд утсаар ярихаар нь би нөхрөөсөө утсаар ярьж асуухад машинаа зарчих гэж хэлсэн. Миний машиныг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн байж болно. Гэхдээ тухайн үед миний машин техникийн зах дээр 4.500.000 төгрөгийн ханштай байсан. Би бэлэн авах хүн байна гэхээр нь Ихбаярт машинаа өгсөн. Надад одоо 3.000.000 төгрөг авах дутуу байна. Өчигдөр миний данс руу 500.000 төгрөг орсон. Надад Ихбаяр нийт 8.500.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.000.000 төгрөгөөр хоёр удаа, 1.500.000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Одоо 3.000.000 төгрөгийн хохирол үлдсэн. Надад энэ талаар баримт байгаа. Намайг гэртээ байхад “5.000.000 төгрөг зээлээч, хямдхан машин байна, маргааш авах хүн нь бэлэн байна” гээд дансаар авсан. Маргааш нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө машины мөнгийг нэхэхэд тэр мөнгөтэй хамт өгнө гэж хэлсэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс :

  

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ганбатын өгсөн:

“... 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3 цагийн үед багын танил Э.Ихбаяр нь миний эзэмшилийн Тоёота Лексус-470 маркийн автомашиныг зарж 2-3 сая төгрөг өөртөө илүү гаргаж авах зорилготой хүнд үзүүлэх хүсэлт тавиад, нэр шилжүүлэх итгэмжлэл хийлгээд аваад явсан. Тухайн өдрийнхөө үдээс хойш утсаар холбогдож хүнд машин үзүүлсэн эсэх талаар тодруулахад үзүүлсэн, машин зарахаар болсон хэд хоногоос мөнгө өгнө гэж хэлсэн. Хариуд нь би машинаа үзүүлсэн бол буцаагаад аваад ирээ гэхэд нөгөө авах гэж байгаа хүн маань унаад явчихлаа гээд шалтаг хэлсээр 2 хоносон. 3 дахь хоногоос өөртэй нь уулзахад гэмтлийн эмнэлгийн замын хойд талд байрлах “Сайн авто ломбард”-нд сарын 5 хувийн хүүтэй 15 сая төгрөгөөр тавьсан байсан. ... Хүний нэр дээр байгаа юмыг хүн сонирхохгүй байх, итгэмжлэл хийлгээд аваад очъё гээд итгэмжлэл хийлгэсэн юм. ... Анх миний машиныг 15 сая төгрөгөнд барьцаанд тавиад хүү алданги болон зогсоолын төлбөр ороод нийтдээ машинаа авах өдөр хүртэл 20.844.000 төгрөг болсон. Үүнээс 12.980.00 төгрөг Ихбаяраас авч үлдсэн 7.864.000 төгрөгийг би өөрөө гаргаад, машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. ... Би өөрөөсөө гаргасан 7.864.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17-19, 25 дугаар, 3-р хх-н 1 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Галсанжамцийн өгсөн:

“... 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 1 дүгээр байранд байрлах өөрийн засварын газраа байж байхад найз Э.Ихбаяр ирээд, манай гадна байдаг байсан хар саарал өнгийн Тоёота Ланд круйзер-80 маркийн автомашиныг зараад өгөх үү гэж байсан. Би Ихбаяраар 9 сая төгрөгөөр заруулахаар тохиролцож Хөсөг трейд орж тээврийн хэрэгслийн эзэмшигчийг О.Чойжилийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би Ихбаярыг хүлээгээд бүтэхгүй юм яриад байхаар барьцаалан зээлдүүлэх газруудаас асуугаад байсан чинь Сайн ломбарданд барьцаалсан байсан. Машинаа авъя гэхэд авч өгнө гэсээр одоог хүрсэн ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Галсанжамцын хууль ёсны төлөөлөгч С.Дамдиндагвын өгсөн:

“... Манай ах Галсанжамц 88-46 УНТ Ланд крузейр-80 маркийн автомашинаа найз Ихбаяр гэх хүнд зарж борлуулах зорилгоор өгсөн. Гэтэл Ихбаяр 3 сая төгрөгөнд Сайн ломбарданд тавьсан гэж байсан. Манай ахын найз Жаамаа гэх хүн ломбарднаас чөлөөлж авсан юм. Ах Галсанжамц Жаабаа гэх хүнд машин ломбарданд хугацаа нь дуусаж байна чи түр авчих гэж байх шиг баисан. ... Манай ах Галсанжамц Солонгос улсад байгаа. Энэ асуудлыг шийдэж дуусгах зорилгоор надад итгэмжлэл хийж өгсөн. Манай ах Галсанжамц Ихбаяраас сэлбэг хэрэгсэл авсан гэж байсан. Ихбаяр буцаагаад тэр сэлбэг хэрэгслээ авсан гэж байсан.  ... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сунгуулсан 298.850 төгрөгийг Галсанжамц ах гаргаж сунгуулаад, 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр машинаа барьцаанаас авахдаа 3.500.550 төгрөг төлж авсан. Энэ мөнгөний нийлбэр нь 3.799.400 төгрөг болж байгаа юм. ... Одоо надад 3.799.400 төгрөгийн хохирол учраад байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-24, 2-р хавтаст хэргийн 144, 191, 247 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Чойжилын өгсөн:

“... 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15-16 цагийн хооронд намайг гэр рүүгээ харьж явахад Ихбаяр ах утасдаад, Хөсөг трейд дээр хүрээд ир гээд дуудахаар нь очиход Лексус-470 маркийн машин оношлогоонд оруулж байсан. Намайг очиход яг гарч ирж байсан. Би машинд нь суухад миний нэр дээр шилжүүлнэ гээд энэ хэний машин юм гэтэл би энэ машиныг авсан гээд миний нэр дээр шилжүүлж, Сайн ломбарданд тавина гэхээр нь за гээд Хөсөг трейд рүү ороод, нэрээ шилжүүлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн хойд талд байрлах Сайн авто ломбарданд орсон юм. Би тэр үед иргэний үнэмлэхний лавлагаатай явж байгаад лавлагаагаа “Хөсөг трейд” дээр үлдээчихсэн байсан учир буцаж Хөсөг трейд рүү явахад Ихбаяр ах ломбардны хүнтэй үлдсэн. Би Хөсөг трейд дээр очиход миний лавлагаа байхгүй байсан учир Түц машин ороход, сүлжээ тасарсан байна гээд Ихбаяр ах дээр очоод хэлсэн. Ихбаяр ах урд өмнө тэр ломбарданд миний нэр дээр машин тавьж байсан болохоор тэр ломбарданд миний лавлагаа хадгалаастай байсан учир миний бичиг баримтын хуулбар гараад ирсэн. Ихбаяр ах ломбардны хүнтэй хэдэн төгрөгөнд тавих талаар ярьчихсан байсан болохоор миний бичиг баримтын хуулбарыг гаргаж ирээд машинаа ломбарданд тавьсан. Хэний нэр дээр байсныг мэдэхгүй байна, итгэмжлэх байсан болохоор би анзаараагүй. Авто тээвэр дээр би иргэний үнэмлэхээ өгөөд Ихбаяр ах итгэмжлэхээ өгөөд нэр шилжүүлсэн болохоор хэний машин байсныг мэдэхгүй. Лексус-470 маркийн цагаан өнгийн машин байсан,15 сая төгрөгөнд тавьсан. Би тэр мөнгөнөөс аваагүй. Сайн ломбарданд өөрийнх нь 2-3 машин байгаа. Ихбаяр ахын нэр дээр машин гарахгүй байх гэж бодоод шилжүүлсэн байх. Эдгээр машинууд нь Ихбаярын ахын өөрийнх нь машинууд байсан. Бүгд өөрийнх нь нэр дээр байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Балганы өгсөн:

“... 30-63 УНД Тоёото Лексус автомашиныг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ойдов овогтой Чойжил 15 сая төгрөгөнд барьцаанд, 88-46 УНТ Ланд-80 машиныг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 сая төгрөгөнд тавьж байсан. Уг автомашиныг О.Чойжил нь өөрөө ирээд, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3.500.550 төгрөг төлж авсан. Анх Ихбаяр нь хүү алданги зогсоол нийлээд 381.730 төгрөг тушааж, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сунгаж байсан. Хугацаандаа төлөөгүй учраас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн учир 298.850 төгрөгийн хүү алданги тооцогдсон. Нийт машин авсан үнэ нь 3.500.550 төгрөг болсон байгаа. 30-63 УНД автомашиныг Ихбаяр өөрөө 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ганбат гэх хүнтэй ирээд 13.749.400 төгрөг төлж машинаа авсан. Ихбаяр 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү, алданги зогсоол нийлээд 5.094.600 төгрөг төлөөд, 2 сая төгрөг үндсэн зээлээс хасуулсан. Автомашиныг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр авахдаа хүү, зогсоол болон алданги, үндсэн зээл нийлээд 13.749.400 төгрөг болсон ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36-39 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Нарангэрэлийн өгсөн:

“... 2012 оны 10 дугаар сард анх Ихбаяртай танилцсан. Анх танилцсанаас хойш хамт амьдрана гэдэг байсан болохоор итгээд мөнгөө өгсөн. Надаас мөнгө авахдаа сайн ломбарднаас машин авч зараад дундаас нь мөнгө унагаах гэж байгаа юм гэж хэлээд мөнгө авдаг байсан. Сүүлийн 25 сая төгрөгийг авахдаа 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4 сая төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 6 сая төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15 сая төгрөг тус тус авсан. Надад буцааж 3,500,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 21,500,00 төгрөг юм.  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 168, 2-р хавтаст хэргийн 189-190, 217-217, 243-244 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Наранзулын өгсөн:

“... 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тоёота Чезер автомашин зарж өгнө гэж хэлээд аваад явсан юм. Дараагаар нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн юм. Уг хүн удаа дараа их хэмжээний мөнгө зэзлээд буцаагаад өгч байсан болохоор итгээд өгсөн юм. Тэгтэл одоог хүртэл уг авсан мөнгөө буцааж өгөөгүй байгаа. Өмнө 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  10,000,000 төгрөг зээлээд буцаагаад өгч байсан. ... Бэлэнээр 5,000,000 төгрөг машин 4,500,000 төгрөгөөр зарсан. Нийт 9,500,000 төгрөг өгөх ёстой ...” гэх  мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 201, 2-р хх-н 65-66, 187, 218, 245-246 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Болормаагийн өгсөн:

“... 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахиж манай ажил дээр ирээд Айфоне 6 эс маркийн гар утас 2 ширхэгийг зээлж аваад мөнгийг нь 2015 оны 5 дугаар сарын 17-ны дотор өгнө гэж гараараа бичиж өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр над руу утасдаад дахиад нэг Айфоне 6 эс маркийн утас авмаар байна гэхээр нь би өмнөх мөнгөө өгчихөөд ав гэж хэлээд өгөхгүй гэхэд тэгвэл хоёулаа хамт уулзаад тэр хүний байгаа газар очиж утсыг нь өгөөд мөнгийг нь авъя гэхээр нь би итгээд 10 дугаар хороололд байрлах үйлчилгээний цэгийн үүдэнд очиход чи утсаа өгчих, би орж уулзчихаад мөнгийг нь аваад гараад ирье гээд айфоне 6 эс маркийн гар утсыг авч ороод, буцаж гарч ирэхдээ мөнгөгүй гарч ирэхээр нь яасан бэ гэхэд одоо дансаар шилжүүлнэ гэж байна гээд хүлээсэн. Тэгтэл 1 эмэгтэй Ихбаярын 99106879 гэсэн дугаар руу залгаад одоо яг мөнгийг чинь шилжүүллээ, түр хүлээж байгаарай гээд миний дансны дугаарыг аваад шилжүүлэх гэсэн 1,000,000 төгрөгнөөс дээш гүйлгээ өнөөдөр хийгдэхгүй байна, маргааш өглөө гэхэд орчихно гэхээр нь итгээд явсан. ... өмнө авсан 2 утастайгаа нийлээд 5.805.000 төгрөг болсон байна гэхэд нэхүүлж нэхүүлж 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 900,000 төгрөг манай ажил дээр бэлнээр авчирч өгсөн. Одоо надад 4.500.000 төгрөгийн хохирол учирсан байна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 87, 249-250 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Жалбуугийн өгсөн:

“... 88-46 унт улсын дугаартай Тоёота Ланд крузер-80 маркийн автомашиныг 10-н жилийн найз Галсанжамц нь ломбарданд барьцаанд тавиад алдах гээд байна гэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад ломбарднаас чөлөөлж авсан. Тэгээд өөр дээрээ байлгаж байгаад өчигдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Галсанжамц над руу яриад нэг багын найздаа зарсан, уг 88-46 унт улсын дугаартай Тоёота Ланд крузер-80 маркийн автомашин нь Чойжилын нэр дээр байсныг шилжүүлсэн байгаа ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 142 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бүрэнбаясгалангийн өгсөн:

“... Манай нөхөр Нямбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Солонгос улсаас ирээд уг 88-46 УНТ улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота Ланд крузер-80 маркын машиныг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр О.Чойжил гэх хүний нэр дээр байхад нь нотариатаар ороод худалдах худалдан авах гэрээ байгуулаад миний нэр дээр шилжүүлэн авсан. уг машиныг манай нөхөр Нямбаяр нь Солонгос улсад хамт амьдарч байхдаа найз Галсанжамцаас худалдан авсан юм ...”  мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,

 

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /1-р хх-н 12-13-р хуудас/

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл /1-р хх-н 14-р хуудас/

- Сайн авто ломбард 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ /1-р хх-н 15-р хуудас/

- Вендо хохирлын үнэлгээний компанийн 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн автомашины үнэлгээний тайлан /1-р хх-н 42-43-р, 3-р хх-н 3 дугаар хуудас/

- 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн автомашины эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 44-р хуудас/

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-н 46, 150, 186-р хуудас/

- Тайгын Булаг-Авто ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 тоот 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн автомашин нь манай компанийн “Сайн” ломбарданд зээлийн барьцаанд байгаа нь үнэн болно гэх албан бичиг /1-р хх-н 91-р хуудас/

- 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн авто машины 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-н 93-р хуудас/

- 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн авто машины тээврийн хэрэгслийг бүртгэх маягтын хуулбар /1-р хх-н 96-р хуудас/

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Ганбатаас Э.Ихбаярт олгосон итгэмжлэлийн хуулбар, Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-н 97-101-р хуудас/

- Хохирогч Б.Ганбатад хохирол төлсөн тухай баримт /1-р хх-н 121-126, 3-р хх-н 99-100-р хуудас/

-  Сайн авто ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар /1-р хх-н 132-134-р хуудас/

- Тоёота Ланд Крузер-80 маркийн 88-46 УНТ улсын дугаартай авто машины 2015 оны 12 дугаар сарын 30, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-н 61-р хуудас, 2-р хх-н 159-160-р хуудас/

-  Тоёота Ланд Крузер-80 маркийн 88-46 УНТ улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийг бүртгэх маягтын хуулбар /1-р хх-н 68-71-р хуудас/

- Тоёота Ланд Крузер-80 маркийн 88-46 УНТ улсын дугаартай авто машины эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 72-р хуудас/

- С.Галсанжамцаас С.Дамдиндагвад олгосон итгэмжлэл /1-р хх-н 87-р хуудас/

-  Сайн авто ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар /1-р хх-н 128-131-р хуудас/

-  88-46 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.Чойжилоос Н.Бүрэнбаясгаланд худалдах худалдан авах гэрээ  /2-р хх-н 148-р хуудас/

- С.Дамдиндагвад хохирол төлсөн баримт /3-р хх-н 103-104-р хуудас/

 

  • Iphone-6 маркийн гар утасны үнэлгээ /2-р хх-н 84-р хуудас/
  • Б.Болормаад хохирол төлсөн баримтууд /2-р хх-н 116-117, 3-р хх-н 101-102-р хуудас/

 

-   Н.Наранзулд хохирлол төлсөн баримт /2-р хх-н 231, 3-р хх-н 97-98, 108-109-р хуудас/

- Н.Наранзулын Хаан банкны диспозит дансны хуулга /3-р хх-н 15-16-р хуудас/

- Э.Ихбаярын Хаан банкны дизпозит банкны дасны хуулга /2-р хх-н 4-51-р хуудас/

- Вендо хохирлын үнэлгээний компанийн Тоёота чезерь маркийн автомашины хохирлын үнийн тодорхойлолт /3-р хх-н 7-р хуудас/

- 67-75 УНП улсын дугаартай тоёота пробокс маркийн авто машины тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-н 13-р хуудас/

 

шүүгдэгч Э.Ихбаярын хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Ж.Эрдэнэ-Уулын өгсөн:

            “... Ихбаяр миний ууганхүү. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад  ... 50 дугаар дунд сургууль руу шилжиж 10 дугаар ангиа төгсөд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд Герман хэлний ангид суралцаж байгаад 2-р курсээсээ хувийн шалтгаанаар сургуулиа орхисон. ... Зан төлөвийн хувьд багаасаа дуу цөөнтэй төлөв даруу зантай. ... ямар нэгэн ажил хийгээгүй, мэргэжил эзэмшээгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 27-р хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Болдын  өгсөн:

“... Ихбаяр нь дөлгөөн тайван, хүнд тусархуу. 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуульд ороод дундаас нь орхиж байсан. ... согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй ... хүнтэй маргалдаад байдаггүй, эвээр ойлголцчихдог, найз нөхөд олонтой. Хүмүүжлийн хувьд ямар нэгэн доголдол гэх юм байхгүй ...” гэх мэлдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/

             - Э.Ихбаярын АСАП сангийн лавлагаа /1-р хх-ийн 58-59, 248-249, 2-р хх-н 95-98-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 73-р хуудас/,

- Э.Ихбаярын Төрийн банк, Голомт банкны диспозит дансны хуулга /1-р хх-ийн 246-247, 2-р хх-н 1-2-р хуудас/, 

  - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 194, 204, 2-р хх-н 99-р хуудас/

  - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 229-р хуудас/

  - Сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-н 230-233-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

         

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Э.Ихбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр иргэн С.Галсанжамцын заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн 88-64 УНТ улсын дугаартай 8,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота ланд крузер-80 маркийн автомашиныг “Сайн” ломбарданд 3,000,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан,

          мөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Сод монгол” шатахуун түгээгүүрийн орчим, иргэн Б.Ганбатын заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн 30-63 УНА улсын дугаартай Тоёота лексус-470 маркийн авто машиныг “Сайн” ломбарданд 15,000,000 төгрөгийн барьцаанд тавьж завшсан болох нь:

мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгчдэгч Э.Ихбаярын мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Ганбат, хохирогч С.Галсанжамц, түүний хууль ёсны төлөөлөгч С.Дамдиндагва, гэрч О.Чойжил, Б.Балган, П.Жалбуу нарын мэдүүлэг,  2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Сайн авто ломбард 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ, Тайгын Булаг-Авто ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 тоот 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн автомашин нь манай компанийн “Сайн” ломбарданд зээлийн барьцаанд байгаа нь үнэн болно гэх албан бичиг, 30-63 УНА улсын дугаартай лексус 470 маркийн авто машины 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Ганбатаас Э.Ихбаярт олгосон итгэмжлэл, Тоёота Ланд Крузер-80 маркийн 88-46 УНТ улсын дугаартай авто машины 2015 оны 12 дугаар сарын 30, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Тоёота Ланд Крузер-80 маркийн 88-46 УНТ улсын дугаартай авто машины Сайн авто ломбардны барьцаат зээлийн гэрээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Э.Ихбаяр нь хохирогч Н.Нарангэрэлээс 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “хямдхан машин авч зарж борлуулан ашиг олно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 4,000,000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус авч, нийт 25,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

хохирогч Н.Наранзулаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түүний эзэмшлийн 67-75 УБП улсын дугаартай Тоёота чезерь маркийн автомашиныг 4,500,000 төгрөгөөр зарж борлуулж өгнө хэмээн итгэл эвдэн хуурч мэхлэн авч 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд нийт 15,000,000 төгрөгийг түр хэрэглээд буцааж өгнө гэж зээлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг итгэл эвдэн залилан мэхэлсэн,

мөн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мобиком корпорацийн байранд гар утасны худалдаа эрхэлдэг иргэн Б.Болормаагаас “төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлнө хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар айфоне-6 эс загварын 2 ширхэг гар утсыг, дахин 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийг одоо өгнө хэмээн хуурч мэхлэх аргаар айфоне-6 эс загварын 1 ширхэг гар утсыг залилан авч иргэн Б.Болормаад 3,600,000 төгрөгийн, бусдад нийт 37.100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Э.Ихбаяр, хохирогч Н.Нарангэрэл, Н.Наранзул, Б.Болормаа нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч гэрч Н.Бүрэнбаясгалангийн мэдүүлэг, Iphone-6 маркийн гар утасны үнэлгээ, Н.Наранзулын Хаан банкны диспозит дансны хуулга,  Э.Ихбаярын Хаан банкны дизпозит банкны дасны хуулга, 67-75 УНП улсын дугаартай тоёота пробокс маркийн авто машины тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос Э.Ихбаярт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Э.Ихбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ихбаярын үйлдсэн “итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар заажээ. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар заажээ.

Иймд шүүгдэгч Э.Ихбаярын үйлдсэн “итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн болно. 

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Э.Ихбаярын үйлдсэн “залилан мэхлэх” гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Э.Ихбаярын үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл Э.Ихбаярын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө ... шилжүүлэн авч залилах” гэсэн заалттай нийцэж байгаа бөгөөд уг хуулиар оногдуулах ялыг “... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Э.Ихбаярыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө ... шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Б.Болормаа, хохирогч С.Галсанжамцын хууль ёсны төлөөлөгч С.Дамдиндагва, хохирогч Д.Ганбатад нар нь шүүгдэгч Э.Ихбаяраас хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /3-р хх-н 100, 102, 104/ байх тул шүүгдэгч Э.Ихбаярыг хохирогч Д.Ганбат, Б.Болормаа, С.Галсанжамц нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хохирогч Н.Нарангэрэл нь шүүгдэгч Э.Ихбаяраас хохиролд 3.500.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн, энэ талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүй,

 хохирогч Н.Наранзулд 5,500,000 төгрөг төлсөн /2-р хх-н 231, 3-р хх-н 97-98, 108-109/ болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний Вендо компаний үнэлгээгээр Тоёота чезерь маркийн автомашиныг 2,500,000 төгрөгөөр үнэлсэн ба хохирогч Н.Наранзул нь уг автомашиныг 4,500,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэнийг шүүгдэгч Э.Ихбаяр нь хүлээн зөвшөөрсөн, хохирлын талаар оролцогч талууд маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Ихбаяраас 24,500,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нарангэрэлд 21,500,000 төгрөг, хохирогч Н.Наранзулд 3,000,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Ихбаярт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ихбаяр цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Ихбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг, мөн 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ихбаярыг мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ихбаярыг 01 /нэг/  жил хорих ял шийтгэсүгэй.

4. 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ихбаярт оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Ихбаяр цагдан хоригдсон хоноггүй болох, хохирогч С.Галсанжамц, Б.Ганбат, Б.Болормаа нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.Ихбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ихбаяраас 24,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Нарангэрэлд, 21,500,000 төгрөг, хохирогч Н.Наранзулд 3,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ихбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                  Л.ОЮУН

 

                                                                                    Ц.ДАЙРИЙЖАВ