| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/02527/И |
| Дугаар | 102/ШШ2023/02298 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/02298
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Т овогт Ё-ийн И- /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаар тогтоолоор Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ нь татан буугдаж хөрөнгө, ажилтнууд тус газарт шилжсэн юм. Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-тай түрээсийн гэрээтэй Ё.И нь 470,000 төгрөгийн өглөгтэй байсан нь тухайн үеийн өглөг авлагын данс хүлээлцэх акт болон санхүүгийн тайлан дээр тусгагдсан байна. Иймд Ё.И 470,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ё.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ё.И нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвтэй энэхүү гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн нь үнэн юм. Гэтэл тухайн үед намайг эзгүй байх хойгуур өрөө лацдаж дотор нь байсан ширээ сандал компьютер хэвлэгч машин хэргийн материалууд өрөөндөө тавьсан бүх эд зүйлийг хааш нь хэн авч явсан, хэнд зарсан нь мэдэгдэхгүй асуухаар эзэн олдохгүй хэдэн жил болсон. Энэ байгууллагыг авсан гэдгийг мэдээгүй эд нартай уулзаагүй тухайн үед Бизнес хөгжил төвийн хүмүүс бие биедээ түлхсээр миний эд зүйлс олдоогүй би хохирсон. Харин одоо эд зүйлсээ нэхэмжлэх гэхээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Би энэ байгууллагатай өнөөдөр л уулзаж мэдэж байгаа учир хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Ё.И шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие энэ хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй хэргийг нотлох баримтын хүрээнд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Би ямар нэгэн нотлох баримт өгөхгүй болно гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3/, өглөг, авлагын данс хүлээлцсэн акт /хх-4-6/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /хх-7/, түрээсийн гэрээ /хх-8-11/, Авлага, өглөгийн товчоо тайлан /хх-12-14/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор хариу тайлбар /хх-19/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ нь хариуцагч Ё.И холбогдуулан 470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаар тогтоолоор Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ нь татан буугдаж хөрөнгө, ажилтнууд тус газарт шилжсэн юм. Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-тай өрөө түрээсэлж байсан Ё.И нь 470,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3.Хариуцагч Ё.И нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулна гэх агуулгаар тайлбарласан.
4. Зохигчийн дээрх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаар тогтоолоор Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГ-ийг татан буулгаж тус газрын хөрөнгө, ажилтнуудыг Н ОНӨААТҮГ-т шилжүүлсэн байна.
4.2. Хариуцагч Ё.И нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвтэй түрээсийн гэрээг 0 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Хариуцагч Ё.И нь 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвтэй байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт 470,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байна.
7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэжээ.
8.Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн гаргасан тайлбараар нэхэмжлэгчид хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэг шаардах эрх 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр үүссэн байх тул энэхүү хугацаанаас хойш 3 жилийн дотор нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ шаардах эрхтэй.
9.Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ОНӨААТҮГ-ын хариуцагч Ё.И-д холбогдуулан гаргасан 470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА