Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2023/00373

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байршилтай, Т.б хувьцаат компани,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр баг Агар гэх газар оршин суух, Хар дархад Н.П,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр баг Агар гэх газар оршин суух, Шарнууд Н.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,328.77 төгрөг нийт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2022/01225/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тб хувьцаат компани нь хариуцагч Н.П, Н.Б нарт холбогдуулан зээлийн төлбөрт 12,443,351.01 (арван хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.б-ы Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.П болон хамтран зээлдэгч Н.Бнар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дугаар №МШ70034200300171240 тоот Зээлийн гэрээ Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 15,000,000 /арван таван сая төгрөг/-ийг жилийн 30 хувийн хүүтэй, сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. 2020 оны 06 дугаар сарын 17 ны өдөр 12,000,000 төгрөгийн үндсэн зээл дээр нэмэлтээр 6,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл хүүг 4 хувааж төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 174 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,328.77 нийт 12,443,351.01 төгрөгийг зээлдэг Н.П-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Зээлдэгч Н.П нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийн малчны зээл авсан. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000 төгрөг хүү 2,206,849.31 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг болсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэмэлтээр 6,000,000 төгрөгийн зээл авч нийт зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг болсон. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ковидын тухай хуультай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахдаа тухайн зээлийн хуримтлагдсан хүү 2,369,490.41 төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг хэвээрээ үлдсэн. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эхний төлөлт үндсэн зээлээс 3,000,000 төгрөг, хүү 2,291,375.34 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг үлдсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, хүү 1,985,424.66 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг үлдсэн. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дараагийн төлөлт орох байсан боловч төлөөгүй учраас манайхаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд үндсэн зээл 10,000,000, хүү 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.78 төгрөг нийт 12,443,351.01 төгрөгийг хариуцагч Н.П-с гаргуулж өгнө үү гэв.

Зээлдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт 2,600,000 төгрөгийн зээлийн төлбөрийг тухайн үеийн банкны захирал Б.Х, харилцааны менежер Э.О нарт бэлнээр өгсөн гэх тайлбар нь зээлдэгч зээлийн төлбөрийг хүнд өгөх бус теллер дээр өөрийн харилцах дансанд тушаах иргэний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг бэлнээр өгсөн гэх нотлох баримт байхгүй, Иргэн хоорондын мөнгө өгсөн авсан асуудал байгаа бол холбогдох нотлох баримтын хамт иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байх. Иймд банкны зүгээс зээл олгосон зээлдэгч Н.П-с нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Харин хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Б-с татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.б Хөвсгөл салбар нь зээлдэгч Н.П, Н.Б нар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр малчны зээл 15,000,000 төгрөгийг зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргажээ. Хамтран зээлдэгч Н.Б нь одоо 22 настай бөгөөд өвөө, эмээ дээрээ өссөн, одоо тэдэнтэйгээ хамт амьдарч байгаа. Тэрээр энэхүү зээлийн харилцаанд огт оролцоогүй зөвхөн Н.П нь зээл авсан байдаг. Үүнийг Н.П нь өөрөө сайн мэднэ. Хамтран зээлдэгч Н.Б-г уг зээл төлөхөөс чөлөөлүүлмээр байна.

Нэмэлт зээл 6,000,000 төгрөгийн хувьд зээлдэгч Н.Пнь зөвхөн 5,000,000 төгрөгийн з ээл авсан бөгөөд 1,000,000 төгрөгийг банкны эрхлэгч Х нь утас авна гээд авсан тул Х өөрөө төлөх учиртай.

Нийтдээ 5,600,000 төгрөгийг зээлийн дансанд хийх гэтэл зээлийн эдийн засагч О, Х нар нь 2,600,000 төгрөгийг аваад одоо хүртэл төлөөгүй юм.

Иймд одоо 10,000,000 төгрөгийн зээлээр тооцох биш 7,400,000 төгрөгт тохирох хүү, хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Нэхэмжлэгчээс Т.б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1181 дугаартай Л.Дашцэрэнд олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20030017124-01 дугаартай зээлийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 200300171240 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200300171240 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарнууд Н.П, Шарнууд Н.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлдэгчийн анкетын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 37/908 дугаартай Г.Батсайханд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.б ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/1181 дугаартай Л.Дашцэрэнд олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга, мемориалын баримтын хуулбар зэргийг гарган өгсөн. (хавтаст хэргийн 3-17, 61-62, 68-72 дугаар тал)

Хариуцагчаас Н.П, Н.Б нараас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Н олгосон итгэмжлэл, Шарнууд Н.П, Шарнууд Н.Б нарын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарнууд Б.Н иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт, хариуцагч нарын өмгөөлөгчийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 22-24, 29-31, 73-р хуудас)

Шүүх хариуцагч талын хүсэлтээр Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.(хавтаст хэргийн 40-57 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.б хувьцаат компанийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банк хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн нэрээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус компани нь хэлбэрийн хувьд хувьцаат компани болон өөрчлөгдөж Хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан Төрийн банк хувьцаат компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир хамтран хариуцагчаас татгалзаж байна.

Үндсэн зээлдэгч Н.П нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөгийн малчны зээл авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000 төгрөг, хүү 2,206,849.31 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг болсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэмэлтээр 6,000,000 төгрөгийн зээл авч нийт зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг болсон ба 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ковидын тухай хуультай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахдаа тухайн зээлийн хуримтлагдсан хүү 2,369,490.41 төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг байсан. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000 төгрөг, хүү 2,291,375.34 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг үлдсэн ба 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг, хүү 1,985,424.66 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг үлдсэн. Зээл эргэн төлөх хуваарь ёсоор 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дараагийн төлөлт орох байсан боловч төлөөгүй өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлөлт огт хийгдээгүй. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,328.78 төгрөг нийт 12,443,351.01 төгрөгийг хариуцагч Н.П-с гаргуулна гэж тайлбарлалаа.

Хариуцагч дараах тайлбар гаргасан. Нэмэлт зээл 6,000,000 төгрөгийн хувьд зээлдэгч Н.П нь зөвхөн 5,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 1,000,000 төгрөгийг банкны эрхлэгч Х нь утас авна гээд авсан тул Х өөрөө төлөх учиртай.

Нийтдээ 5,600,000 төгрөгийг зээлийн дансанд хийх гэтэл зээлийн эдийн засагч н.Отгонжаргал, н.Х нар нь 2,600,000 төгрөгийг аваад одоог хүртэл төлөөгүй юм. Иймд одоо 10,000,000 төгрөгийн зээлээр тооцох биш 7,400,000 төгрөгт тохирох хүү, хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Т.б гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 16-ны 01/1181 дугаартай албан бичгээр Т.б- төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэнд олгосон (хх-ийн 4 дүгээр тал) байх тул Төрийн банк ХХК /ХК/ -ийн Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Т.б, Н.П, Н.Б нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №200300171240 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдан 530 толгой мал, 6 ханатай гэр 1 ширхэг, өвөлжөө, хаваржаа зэргийг барьцаалан 15.000.0000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлжээ.

Улмаар 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дээрх зээлийн үлдэгдэл болох 12.000.000 төгрөг дээр 6.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн байна. /хх-ийн 6-11 дүгээр хуудас/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хамтран зээлдэгч Н.Б зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээл аваагүй. Үндсэн зээлдэгч Н.П зээлийн үлдэгдэл 7.600.000 төгрөгийг, түүнд тохирох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тайлбар гарган маргасан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Т.б ХХК /ХК/ нь шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200300171240 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20030017124-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд хамтран зээлдэгч гэх хэсэгт зурагдсан гарын үсэг хамтран хариуцагч Н.Б-н гарын үсэг биш гэсэн үндэслэлээр хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200300171240 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20030017124-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх баримтын Н.Б гэсний доор хөх өнгийн будагч зүйлээр бичигдсэн гарын үсэг бүхий гар бичвэрүүд нь харьцуулах харьцангуй чөлөөт загвараар ирүүлсэн 2022.12.22-ны өдрийн Итгэмжлэл гэх баримтын Н.Б гэсний ард бичигдсэн гарын үсэг бүхий гар бичвэр болон Н.Б-н гэх гарын үсгийн туршилтын загваруудтай ерөнхий шинж тэмдэг болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирохгүй байна гэх дүгнэлтийг ирүүлсэн байна. /хх-ийн 41-57 дугаар хуудас/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийх, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсан.

Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.б, хариуцагч Н.Б, Н.П нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй,   2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 200300171240 дугаартай Барьцаат зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т энэхүү гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, банкны тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэх гэрээний заалт тус тус зөрчигдсөн байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлдэгч Н.П хамтран зээлдэгч Н.Б нартай байгуулсан №MN870034200300171240 тоот зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 12,443,351.01 төгрөгийг хариуцагч Н.П-с гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хариуцагч Н.П-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг үлдсэн гэдэгтэй маргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаж, үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.П-с үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, түүний хүү 2,371,022.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,328.77 төгрөгийг гаргуулна гэж тайлбар гарган маргаж байгаа боловч энэ талаар энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал зээлийн үлдэгдэл төлбөрийг 10,000,000 төгрөгөөс тооцох биш, ...эрхлэгч н.Х, эдийн засагч н.О нарт бэлнээр өгсөн 2,600,000 төгрөгийг хасаж үлдэх 7,400,000 төгрөгийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэх тайлбар гаргасан боловч мөн тайлбараа баримтаар нотлоогүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбараа нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэн аль нь хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч Н.П-с 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.б хувьцаат компанид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.100 (хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Пүрэвбаяраас 10,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.б хувьцаат компанид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.П-с 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.б хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,443,351.01 (хоёр сая дөрвөн зуун дөчин гурван мянга гурван зуун тавин нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.100 (хоёр зуун арван дөрвөн мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.П-с 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.б хувьцаат компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН