| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/2017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2289 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2289
2025 10 03 2025/ШЦТ/2289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Ё.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.У-т холбогдох эрүүгийн 2503 00651 0828 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.У мэдүүлэхдээ: “Би 2025 оны 05 сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд гэр рүүгээ орох гээд явж байсан. ... трейдийн эргэдэг уулзвар дээр түгжрэлтэй байсан. Би дүрэм зөрчиж байгаагаа мэдэж байсан. Би зүүн гар тал руугаа толиндоо харахад ямар нэгэн хүн, автомашин, дугуйтай хүн харагдаагүй. Тэгэхээр би зүүн гар тал руугаа зөөлөн эргэхэд дугуйтай хүн ирээд мөргөлдчихсөн. Би тухайн үедээ би мөргөчихлөө гэж бодсон. Миний бодлоор тэр хүүхэд мөргөчихлөө гэж бодсон. Би хохирогчийг гэмтээсэн үйлдэл буруу. Би тэгээд түргэн дуудсан. Түргэн тусламж, цагдаа ирсэн. Би хүүхдийг эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд хүүхдийг аав ээжийгээ дуудчих гэхэд ахыгаа дуудсан. Орой нь томограф хийлгэсэн. Би тэрний төлбөр 650,000 төгрөгийг би төлсөн. Дараа нь эмчилгээний зардал 300,000 төгрөг нөхөн төлсөн. Би ахтай нь байнга утсаар ярьж байгаа. Сүүлд ахынх нь данс руу 130,000 төгрөг төлсөн. Би баримтаа гаргаж ирэх ёстой гэдгийг мэдээгүй байна. Миний гар утас дээр шилжүүлсэн баримт байгаа. Миний анхаарал болгоомжгүйгээс болж ийм хэрэг гарсанд харамсаж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 39 минутад 808861... дугаараас “... дугуйтай хүүхэд мөргөсөн” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А ийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 24-25/, хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Б ын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/7587 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 43-46/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Д.А нарын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/2331 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-53/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А ийн 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1030 дугаартай магадалгаа /хх-ийн 57-58/, шүүгдэгч Ё.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75, 78-79/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 85/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 15/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 16/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 20/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Ё.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь хохирол төлсөн гэж хэлж байгаа боловч нотлох баримт авагдаагүй байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай. Шүүгдэгчээс 213,000 төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Миний буруутай үйлдлээс болсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 39 минутад 808861... дугаараас “... дугуйтай хүүхэд мөргөсөн” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай: “Хэрэг болсон гэх Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо 13 дугаар хороолол Намъяанжүгийн гудамж ... төвийн баруун талын авто зам байх бөгөөд ослын газрын зам, орчны байдал нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байв. Автомашин болон унадаг дугуйтай зорчигч мөргөлдсөн гэх газрыг жолооч, зорчигч нараар заалгуулан А үсгээр тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 5,20 метр, Б цэгээс зүүн тийш авто замын хашлаганы харалдаа хүртэл 7,80 метр, А цэгээс авто замын зүүн талд байрлах үл хөдлөх В цэгээр авагдсан гэрэлтүүлгийн шон хүртэл тэгш өнцөг хэлбэрээр 8,30х10,30 метр, 4 эгнээ бүхий авто замын өргөн 16,0 метр тус тус хэмжээтэй байв. Автомашин хойноос урагш чиглэн авто замын голын давхар үргэлжилсэн шугамыг зүүн тийш давсан гэх унадаг дугуй авто замын голын давхар үргэлжилсэн шугамаар хойноос урагш чиглэн хөдөлгөөн үйлдэж байсан гэснийг бүдүүвч зурагт сумаар тэмдэглэхээр тогтов. Хэргийн газрын үзлэгийн явц үр дүнг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар 9 кадр гэрэл зургийн Nikon D-3400 маркийн гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А-ийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн зүүн дээд булан 2025-05-31 Sat 14:23:35 гэсэн цаг хугацаа заасан бичиглэл байх бөгөөд бичлэгт дүрслэгдэх авто замын зам орчны байдал нь асфальт, 4 эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй, явган хүний замтай авто зам байх бөгөөд бичлэгийн цааш чиглэсэн 2 эгнээ авто замын хөдөлгөөн удааширсан, нааш чиглэсэн авто замын хөдөлгөөн хэвийн, сийрэг байх бөгөөд 14:24:27 цагт цааш чиглэсэн авто замын хоёрдугаар эгнээгээр цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин явж байх үед авто замын голын хос, үргэлжилсэн цагаан шугамаар унадаг дугуйтай хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн цааш чиглэх буюу цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашин зүүн гар талаас араас нь чиглэн чигээрээ явж байх үед тоёота приус 20 автомашиныг жолоодон явсан жолооч нь зүүн гар тийш эргээд унадаг дугуйтай зорчигчийг мөргөөд цааш газарт унагаагаад эсрэг хөдөлгөөний зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд тээврийн хэрэгслээ ташуудуулан зогсоож байх бөгөөд автомашины баруун урд талын хаалганаас хар бараан өнгийн пудволк, өмдтэй эрэгтэй хүн буугаад автомашиныхаа урагш чиглэн гүйж байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 24-25/,
Хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 31-ний 14 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох гээд гэрээсээ унадаг дугуйгаар унаад гарсан бөгөөд зүүн дөрвөн замаас урагш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглээд авто замын голын үргэлжилсэн цагаан зураасаар унадаг дугуйтайгаа явж байхад хойноос урагш чиглэн зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байсан цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашин гэнэт зүүн тийш авто замын үргэлжилсэн цагаан зураас даваад орж ирээд намайг мөргөөд унагасан. Ингээд ослын дараагаар эмнэлэг болон цагдаа нар ослын газарт ирсэн. Ослын дараагаар би 11 дүгээр хороололд байрлах түлэгдэлтийн төвд очиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваад бүсэлхий нуруу, цээжний хөндийн тус тус КТГ-ийн шинжилгээ хийлгэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Б ын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/7587 дугаартай: “Б.Г ын биед бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хүзүү, ууцанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн гар талын хаалга крыло гэмтэлтэй, арын буфер хагарсан, улсын дугаарын гэрэл асахгүй байна. Тоёота приус 20 маркийн 81-79 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй байна. Тухайн тоормосны систем нь хэвийн ажиллагаатай, тоормосны систем нь эвдрэл гэмтэлгүй байна. Тоёота приус 20 маркийн 81-79 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь өвлийн зориулалттай дугуй байна. Дугуйны хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 21000cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 25500 cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 20900 cd, баруун гарын талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10100 cd /стандарт 10000-225000 cd байна/ гэх дүгнэлт /хх-ийн 43-46/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.А, Д.А нарын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/2331 дугаартай “Б.Г-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 51-53/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.А ийн 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1030 дугаартай: “Унадаг дугуйтай зорчигч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.7 “Унадаг дугуй, мопедны жолооч нь зорчих хэсгээр байрлах явахдаа зөвхөн гүйцэх, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахын тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. Хэрэв уг үйлдлийг эгнээнээс гарахгүйгээр гүйцэтгэх боломжтой бол зүүн гар талын эгнээ рүү орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Тоёота приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 1.4 “1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгсэл хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэх магадалгаа /хх-ийн 57-58/,
Шүүгдэгч Ё.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг өнгөрч байхад би тоёота приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа зүүн дөрвөн замаас урагш Халдвартын уулзвар чиглэлд зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байсан бөгөөд тухайн үед хойноосоо урагш чиглэсэн авто замын хөдөлгөөн түгжрэл ихтэй, урдаас хойш чиглэсэн эсрэг хөдөлгөөн авто замын хөдөлгөөн түгжрэл ихтэй, урдаас хойш чиглэсэн эсрэг хөдөлгөөн сийрэг байсан бөгөөд би авто замын голын үргэлжилсэн хос цагаан шугам даваад зүүн гар тийш эргэх үед би жолоодон явсан автомашиныхаа зүүн талаараа унадаг дугуйтай залууг мөргөсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний автомашинд ослын улмаас эвдрэл, гэмтэл учраагүй ээ. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй ээ... Би Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ойлголоо, манай байгууллагын зүгээс бусдад учирсан хохирлыг хариуцан арилгахаас татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 78-79/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 213,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 213,000 төгрөгийг гэм буруутай этгээд Ё.У аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.
Шүүгдэгч Ё.У нь Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо 13 дугаар хороолол Намъяанжүгийн гудамж ... төвийн баруун талын авто замд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 40 минутын орчим тоёота приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 1.4 “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгсэл хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар унадаг дугуйтай зорчигч Б.Г ыг мөргөсөн болгоомжгүй үйлдэл болон хохирогчид учирсан “бүсэлхийн 1-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, хүзүү, ууцанд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ё.У ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сан нь хохирогчид эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн зардал 213,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хохирогч Б.Г ын сэтгэцэд учирсан хор уршиг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/2331 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэлд хамаарна гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.
Хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүх хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах шаардлагагүй гэж үзэж, хэлэлцэхгүй орхив.
Харин хохирогч Б.Г нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ё.У аас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор 10 минутын хугацаагаар завсарлага авсан ба дээрх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн .. тоот дансанд 213,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ё.У ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Ё.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Хүндэвтэр гэж заасныг дахин тодруулж өгөх боломжтой юу. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй байх боломжтой эсэхийг тодруулмаар байна. Гэмтлийн зэргийг дахин тогтоож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ё.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчээс хохирогч Б.Г т учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоолгож шинжээч томилуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ё.У т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ё.У нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Ё.У т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ё.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.У т оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ё.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.У т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.У т оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ё.У т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогч Б.Г нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ё.У аас жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ё.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО