| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00363/И |
| Дугаар | 155/ШШ2023/00559 |
| Огноо | 2023-05-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2023/00559
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ... сумын ..дүгээр баг, ..дугаар гудамжны ... тоотод оршин суух, Цагаан гэрүүд Д.С-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн... сумын.. дүгээр баг, Хөнжил гэх газар оршин суух, Дүлийнхэн Б.П-д холбогдох,
Гэм хорын хохирол 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.П-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,300,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 2,500,000 төгрөг гаргуулахаар тодруулав.
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие өөрийн эзэмшлийн 03-94 Х... дугаарын Приус-20 маркийн машинаар Улаанбаатар хот руу 1 хүн авч явна гэсэн зарыг сумынхаа төвд тавьсны дагуу нутгийн залуу болох Б.П хамт Улаанбаатар хот явахаар болж бид хоёр Улаанбаатар хот руу гарсан. Ингээд Хөвсгөл аймгийн ... сумаас 2022.09.28-ны үдээс хойш 16 цагийн орчимд гарч яваад 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын Уянга 3 дугаар багийн нутагт Б.П... нь миний машиныг барьж яваад зам тээврийн осол гаргаж надад 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан. Миний бие анх өөрөө машинаа барьж яваад Б.П-с жолооч уу гэхэд жолооч гэхэд нь замдаа машинаа бариулж үзэхэд машиныг зүгээр л жолоодож явж байсан. Жолооны ч үнэмлэхтэй байсан. Ингээд би шөнөжин явсан учир Б.П нь "би хэсэг бариад явья" гэхэд нь гэгээн цагаан өдөр гайгүй биз гэж бодоод машинаа П-р жолоодуулж явахад нэг мэдэхэд хар зам дээрээс далан руу машиныг маань унагасан. Ингээд Төв аймгийн цагдаагийн газар ослыг шалгаж, акт тогтоож машины эвдрэлийн үнэлгээг гаргуулсан. Тухайн үедээ Б.П нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч 3,000,000 төгрөгийг надад гарган өгсөн. Энэ үедээ Б.П нь 7 хоногийн дотор 5,000,000 сая төгрөгийг гаргаж өгнө гэсэн боловч 3,000,000 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгөө өгөлгүй утсаа авахаа больж дугаарыг маань блоклосон. Үлдэгдэл 5,300,000 төгрөгөө удаа дараа нэхсэн боловч утасаа авахгүй дугаарыг маань блоклосон.
Иймд Б.П-с надад учруулсан гэм хорын хохирол 5,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. нэмж тайлбар хэлэхэд тухайн асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байхдаа 3,000,000 төгрөг дээрээ нэмээд 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар болж тохиролцсон байдаг. Хариуцагч нь Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан хэргээс салснаасаа хойш нэхэмжлэгчтэй огт холбоо бариагүй. Тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч анх 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба осол болсноос үүдэн энэ тээврийн хэрэгслийг дахин ашиглах ямар ч боломжгүй болсон байгаа учир үнэлгээгээр гарсан 8,300,000 төгрөгийг л хариуцагчаас нэхэмжилж байгаа. Тухайн осол гарах үед хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Мөн Төв аймгийн Цагдаагийн газраас уг ослыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас үүссэн осол гэж тогтоосон байдаг. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байхдаа хариуцагчийн өгсөн мэдүүлгээр хариуцагчийн одоо шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. ...Хэрэгт авагдсан нотлох баримт хангалтгүй байгаа учир хариуцагчийн төлнө гэж зөвшөөрсөн хэмжээгээр буюу нэхэмжлэлийн шаардлагыг 2,800,000 төгрөгөөр багасгаж 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд шүүхээс зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Б.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой П нь нэхэмжлэгч Д.С-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би 2022 оны 9 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хот руу явна гэсэн зарын дагуу Д.С-н приус-20 маркийн авто машинд суугаад Улаанбаатар хот явсан. Замд явж байгаад Д.С нь намайг унтаж явахад, дуудаж сэрээгээд машин бариад өгөөч эгчийнх нь нойр хүрээд явж чадахаа болилоо гэсэн. Өглөөний 10 цагаас өмнө хот орчихмоор байна гэсэн ингэхэд нь би өнгөрсөн шөнө нойр муутай хоносон тэгээд ч би засмал зам дээр машин барьж байгаагүй гэхэд зүгээрээ эгчийн дүү гайгүй ш дээ гээд дахин дахин гуйгаад байсан. Тэгээд машиныг барьж явж байгаад Төв аймгийн Өндөр ширээт сумын нутагт осол гаргасан. Үүний дараа Д.С-н машиныг ослын газраас ачилтын машин -дуудаж 400,000 төгрөгөөр ачуулсан. Д.С-г гэмтлийн эмнэлэгт үзүүлж 250,000 төгрөгөөр томографикийн зургийг харуулсан. Мөн машиныг 336,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Нийт би 1 сая гаруй төгрөгийн зардал гаргасан.
Тухайн үед бид хоёр тохиролцохдоо тавь тавин хувиар төлнө гэж тохиролцсоны үндсэн дээр би Д.С-н дансруу бэлэн 3 сая төгрөг шилжүүлсэн. Дээрх бүх зардлуудаа оруулаад тооцоо дууслаа гэж тохиролцсон.
Мөн нэхэмжлэгч нь тухайн үедээ машиныхаа хохирлыг даатгалын компаниасаа гаргуулж аваад эвдэрсэн машиныхаа сэлбэгийг худалдчихана гэж ярьж байсан. Даатгалын компаниасаа дээрх хохирол төлбөрөө гаргуулж авсан байх гэж бодож байна. Өөрөө ч тухайн үед машинд нь зардлаа төлөөд сууж явахад минь надаас гуйж жолоо бариулснаас ийм зүйл боллоо гэдгээ хүлээн зөвшөөрч байсан учраас тухайн үед дээрх байдлаар тохиролцсон. Тухайн үед би нэхэмжлэгч Д.С-н Улаанбаатар явна гэсэн зарын дагуу машинд нь зардлаа төлөө явахад минь өөрөө гуйж жолоо бариулснаас болж ийм зүйл болсон байхад дээрх байдлаар надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Зам тээврийн осол гарснаас болж тухайн үед миний толгой тархи ч гэсэн өвдөж тэр үед эмнэлгээр явж үзүүлэх зэргээс шалтгаалан ажил төрлөөсөө чөлөө авч цалин мөнгөө ч бүрэн бүтэн авч чадалгүй хохирсон. Гэсэн ч би дээрх зардлаа Д.С-с нэхэмжлээгүй өнгөрсөн.
Нэхэмжлэлгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг нь зардлаа өгөөд тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигч шүү дээ. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрөө атлаа надад жолоогоо шилжүүлсэн. Намайг унтаж байхад нэхэмжлэгч намайг сэрээгээд машин бариад өг гэсэн, би үгүй гэж хэлсэн гэтэл нэхэмжлэгч нь надаас машин бариад өг гээд гуйгаад байсан учир л би машиныг нь жолоодсон. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч бид хоёрыг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байхдаа 3,000,000 төгрөг дээрээ нэмээд 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар болж тохиролцсон гэж тайлбарлаад байна, ийм тохиролцоо бид хоёрын хооронд огт болоогүй. Бид хоёр 5,000,000 төгрөгийн хэмжээнд тохиролцсон бөгөөд би тухайн үедээ 3,000,000 төгрөгийг нь өгөөд нэхэмжлэгчийг эмнэлгээр дагуулж явсан, машинд үнэлгээ хийлгэсэн хөлс зэрэг бараг 1,000,000 төгрөг болж байсан учир тухайн мөнгийг 5,000,000 төгрөгтөө оруулахаар болж тохиролцсон. Мөн би тухайн асуудал Төв аймгийн Цагдаагийн газраар шийдэгдсэнээс хойш нэхэмжлэгчтэй холбоо барихгүй таг болсон асуудал огт байхгүй.
...Би Улаанбаатар хотод ажил хийж, ар гэрээ тэжээдэг, өмнө нь миний нэхэмжлэгчид өгсөн машин ачуулах, нэхэмжлэгчийн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн зардал болон машины үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс зэрэг нь нэхэмжилсэн мөнгөнд орохгүй гэвэл би нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг төлнө.
...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатар хотоос дахин дахин наашаа цаашаа ирж очоод явах хүндрэлтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрч байна. Иймд бидний эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд Цагаан гэрүүд Д.С-н иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0009 дугаартай Н.Бт олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, зам тээврийн осол гарсан тухай гэрэл зургуудын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргасан тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны баримт бичгийг хураан авах тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, техникийн гэрчилгээний хуулбар, Б.П-н жолоочийн үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар,2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системээс гаргасан Б.П-н жолоочийн лавлагааны хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд Итгэлт Эстимэйт авто машин техникийн үнэлгээний тайланд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, Цагаан гэрүүд Д.С-н жолоочийн үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /тайлбар, мэдүүлэг/ танилцуулсан тухай баримтад Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, Б.П-н Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд Төв аймгийн Цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №0275601 дугаартай шийтгэлийн хуудаст Төв аймгийн цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд Төв аймгийн цагдаагийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар,улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг, (хавтаст хэргийн 2-32-р дугаар тал)
Хариуцагчаас 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбар, 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн №0344 дугаартай Байчууд Л.Т-д олгосон итгэмжлэл, С-н данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, Итгэл Эстимэйт үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн тухай төлбөрийн баримтыг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 40-44-р тал)
Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Б.П-д холбогдуулан гэм хорын хохирол 5,300,000 (таван сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь гэм хорын хохиролд 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 2,500,000 хоёр сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн ба энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-с 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.П нь энэ шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлтэй, хариуцагч Б.П-д холбогдох, гэм хорын хохирол 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-с улсын тэмдэгтийн хураамж 54,950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Б.П нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
Б.МӨНХТУЯА