| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2023/00265/И |
| Дугаар | 155/ШШ2023/00583 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2023/00583
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М сумын ... дугаар багийн... дугаар гудамжны, ...тоотод оршин суух, Их хотгойд Д.Б,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М сумын ...дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Хотгойд Д.П,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 1,463,000 (нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга) төгрөг гаргуулах тухай 155/2023/00265/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б,
Хариуцагч Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян.
Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.П-д холбогдуулан гэм хорын хохирол 1,463,000 (нэг сая дөрвөн зуун жаран гурван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 8 дугаар сарын 17-өдөр Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр хорооны засмал замаас уруудаад явж байтал хариуцагч Д.П машинтайгаа туслах замаас гарч ирээд зогсолт хийхгүйгээр миний машин руу ороод ирсэн. Би туслах замын машин зогсох байх гэж бодож байсан чинь ирээд шууд мөргөсөн ба би хажуу тийш нь дарж замаас гарсан. Машинаас хариуцагч нь нэг залуутай бууж ирэхээр нь туслах замаар явж байгаа хүн зогсож болдоггүй юм уу гэхэд чи зогсох ёстой байсан гээд цагдаа дуудсан. Хоёр цагдаа ирэхэд нь болсон явдлыг хэлж хариуцагч аяга айраг уусан нь буруу болоо юу гэж байснаа сүүлдээ пиво уусан болсон. Драйгэр үлээлгэх гэсэн чинь үлээж өгөөгүй. Хариуцагчийг цагдаа аваад явсан. Маргааш нь би машиндаа үнэлгээ хийлгэсэн ба Д.П-г дуудуулахад нэг эмэгтэйтэй ирчихээд нэг их удаагүй байж байгаад явсан. Машины үнэлгээ гарсан гэхэд нь бид хамт очсон ба үнэлгээний хөлс төлөх мөнгө байхгүй, өөрөө аваад цагдаадаа өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад үнэлгээгээ аваачиж өгсөн. Машины эвдрэл гэмтлийн хохирол 1,370,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээ хийсэн ажлын хөлс 93.000 төгрөг, нийт 1,463,000 төгрөгийн хохирол төлбөр гарсныг хариуцагчаас гаргуулна гэв.
Хариуцагч Д.П шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Д.Б-д зогсох боломж байсан боловч анхааралгүй тамхи татаж явсан. Цагдаа ирээд туслах замаас орж ирсэн учир миний буруу гэсэн. Намайг юм мэдэхгүйгээр минь далимдуулаад их мөнгө нэхээд байгаа юм болов уу гэж бодсон. Би ч бас адилхан машинаа эвдсэн. Хамтран амьдарч байгаа хүн болохоор машины зардлаа надаас нэхээгүй. Надад туслах ах дүү, аав, ээж байхгүй, ганц хүүтэйгээ амьдардаг. Хүү маань Увс аймагт цэргийн алба хаахаар явсан. Би машины эвдрэл гэмтэлд 500,000 төгрөгийг 2 хувааж өгч болно. Би согтуу явсан биш миний эрхийг хассан. Эрхээ хасуулаагүй байсан бол би таксигаар мөнгө олдог байсан. Би жолооны эрх байхгүй учир мөнгө олох боломжгүй болсон ба одоо айлын хүүхэд, асаргааны хөгшин хүн хараад өдрийн 20,000-25,000 төгрөг олдог. Тэр мөнгөө цуглуулаад хүү дээрээ очно. Би цуглуулсан мөнгөө өгчих юм бол хүү дээрээ очиж чадахгүй болчихно.
...Гарсан хохирол, үнэлгээний зардалд би 700,000 төгрөг өгөхийг зөвшөөрнө. Түүнээс их мөнгө өгч чадахгүй, надад байгаа боломж нь л энэ байна гэв.
Нэхэмжлэгчээс Их хотгойд Д.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар, машины гэмтлийн гэрэл зургуудын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас)
Хариуцагчаас бичгээр гаргасан хариу тайлбар, гэрэл зургуудын хуулбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас)
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тоодорхойлсон. Үүнд: ...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас миний ХӨҮ 9866 улсын дугаартай Соната 20 маркийн автомашинд хохирол учирсан.
Хохирлын үнэлгээг хийлгэхэд 1,370,000 төгрөг, ажлын хөлс 93,000 төгрөг, нийт 1,463,000 төгрөг болсныг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Зам тээврийн осол түүний буруутай үйлдлийн улмаас гарсан, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд тодорхой хэмжээний хохирол учирсан талаар маргаагүй. Харин хохирол төлбөрийг арай их нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй, өөрт байгаа боломжоор хохирлоос 700,000 төгрөгийг төлнө гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар хариуцагч Д.П нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн жолоодож явсан автомашинаар Хөвсгөл аймгийн М сумын ...дүгээр багийн засмал замаар хойноос урагшаа чиглэлд зорчиж байсан нэхэмжлэгч Д.Б-н эзэмшлийн 9... Х.. улсын дугаартай Соната 20 маркийн автомашиныг туслах замаас орж мөргөсөн, нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр автомашины эвдрэл гэмтэлд үнэлгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зохицуулсан.
Дээр дурдсанчлан хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр уг зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч бид хоёрын хэн хэнийх нь буруу байсан гэх тайлбарыг ирүүлсэн боловч шүүх хуралдааны үед ...тухайн өдөр би нэг аяга айраг уусан байсан бөгөөд драйгер үлээлгэж хэмжүүлэхэд 3 бүхэлтэй гарсан учир миний автомашин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан. Цагдаа ирээд туслах замаас орж мөргөсөн таны буруу гэсэн учир би хохирлоос өөрийн боломжоор төлнө гэж тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч Д.Б нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг нотлох үүднээс Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар /өнгөтөөр хуулбарласан/, үнэлгээ хийлгэхэд төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, автомашины гэрэл зургийн хуулбаруудыг нотлох баримтаар гарган өгчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр хуульчилсан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зохигч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болохоор хуульчилсан ба хариуцагч Д.П-н шүүх хуралдаанд автомашины эвдрэл гэмтэлд учруулсан хохиролд 700,000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,463,000 төгрөгөөс 700,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 763,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 700,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 21,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.П-с гэм хорын хохирол 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 763,000 (долоон зуун жаран гурван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,358 (гучин найман мянга гурван зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-с 21,350 (хорин нэгэн мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Р.САРАНТУЯА
|
|
|
|
|