Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2023/00077/И |
Дугаар | 134/ШШ2023/00148 |
Огноо | 2023-06-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2023/00148
2023 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 134/ШШ2023/00148 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.У
Хариуцагч: Н.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.У, түүний өмгөөлөгч С.Т
Хариуцагчийн төлөөлөгч: У.А, түүний өмгөөлөгч Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Хонгорзул
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оноос сумын Хүний их эмчийн салбараас эхэлж нягтлан бодогчийн ажлыг 33 жил хийж гүйцэтгэсэн. Ажиллаж байх хугацаандаа албаа нэр төртэй хашсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн дарга У.А намайг ажлаас үндэслэлгүй халсан байсан. Тэр нь шалгалттай холбоотой, намайг идэж уугаагүй гэдгийг хяналт шалгалтаар тогтоосон. Дүнгийн хурал дээр энэ хүн холбогдолгүй гэж хэлсэн. Тухайн үед дэлгүүрийн худалдагчтай намайг нүүрэлдүүлж байсан. Иймээс би гомдолтой байна. Хоёрдугаарт бусдыг идэж уух бололцоогоор хангасан гэж үзсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 23-нд ерөнхий нягтлан бодогчийн ажлаа өгөөд тооцооны нягтлан бодогчийн ажлыг авч байсан. Ерөнхий нягтлан байхдаа тооцооны нягтлан, нярав нартаа хяналт тавьж байсан ба энэ хүмүүс нь манай байгууллагатай гэрээтэй дэлгүүрийн касс, эрхлэгч нартай хуйвалдан, бичиггүй падаан авчираад нэгжийнхээ үнийг өсгөөд бичдэг байсан байна лээ. Дарга У.А ч гэсэн падааныг үзээд шилжүүлгийг нь зөвшөөрч гарын үсэг зурдаг байсан. Би материалыг нь ирж байна уу? үгүй юу гэдгийг нь шалгадаг байсан. Тухайн үед би тэтгэвэрт гарах нас ойртсон, намайг ажиллуулж өгөөч гэхэд манай дарга би тантай ажиллах хүсэлгүй байна, хамтарч ажиллахгүй, би танд итгэхгүй байна, шүүхээр нотлуулаад ир гэж хэлээд намайг ажлаас чөлөөлсөн. Мөн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 107 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчоор томилсон. Энэ нь хавтаст хэрэгт байгаа, тооцооны нягтлан бодогчоор томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж, хөдөлмөрийн гэрээг үндэслэж үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлж байгаа үндэслэлээ заахдаа ажлын хариуцлага алдаж, бусдад хөрөнгө завших нөхцөл бололцоо олгосон гэж үзсэн. Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 оны 2018/22/2/11 тайлангийн нэгтгэлийг үндэслэсэн. Тайлангийн нэгтгэлийг газрын дарга ойлгохдоо мэргэжлийн хяналтын дүгнэлт гэж ойлгосон байх, баримтыг харахад танилцуулга байсан. Түүнчлэн 2018 оны 220204 гэсэн Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Улсын байцаагчийн албан шаардлагад О.У гэж хүн ямар буруутай үйлдлийн улмаас ямар эрх зүйн акт тогтоосон ямар ч тодорхой зүйл байхгүй байсан. Газрын дарга улсын байцаагчийн актыг энэ хүний нэр дээр гарсан гэж үзэж байгаа бол энэ хүн өөрөө сангийн яамны сайд, санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагч хүний нэр дээр 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гэтэл гомдол гаргах эрхийг хангаагүй, шууд ажлаас чөлөөлсөн. Мөн О.У байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэжээ гэж бичсэн байна. Энэ хүн төрийн үйлчилгээний албан хаагч учраас хөдөлмөрийн гэрээг дүгнэх хэрэгтэй гэж дүгнээд байгаа юм уу? хөдөлмөрийн гэрээний ямар, ямар заалтыг зөрчсөн гэдгийг огт тусгаагүй. Хавтаст хэрэгтэй танилцахад ерөнхий нягтлан бодогчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэсэн хөдөлмөрийн гэрээ байгаа, О.У 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тооцооны нягтлан бодогчоор тушаал гаргаад тушаалтайгаа уялдуулаад тооцооны нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй, байгуулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээгүй байхад хөдөлмөрийн гэрээг дүгнээд ажлаас халсан асуудал байна. Ажлаас чөлөөлж байгаа бол 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас хүргүүлэх ёстой байтал мэдэгдэх хуудсыг өгөөгүй байна. Ажлаас чөлөөлсөн дахиад нэг үндэслэл нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр газрын даргын Б/155 тоот тушаалаар ээлжийн амралт олгох тухай тушаал гаргасан. Тушаалын хавсралтад “тооцооны нягтлан бодогч О.У 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 12-ны өдрийн хүртэлх хугацаанд нийт 10 хоног ээлжийн амралтыг олгосугай” гэсэн тушаал гаргасан байна. Ээлжийн амралттай байсан үед нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ноцтой зөрчил гаргасан. Тушаал хууль зүйн шаардлага хангаагүй, хэтэрхий нэг талыг барьсан, хуулийн үндэслэл нь тооцооны нягтлан бодогч хүнийг ерөнхий нягтлан бодогч байхдаа бусдад хөрөнгө завших бололцоо олгосон гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Иймд, ...аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/166 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт болон өмгөөлөгчийн тайлбар: Тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдол гаргах шаардах эрх эндээс эхэлж нээгдэж байна. Өөрөөр хэлвэл 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байна. Миний үйлчлүүлэгч ажлаас чөлөөлсөн тушаалаа 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нарийн бичгээс гардан авсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээр тооцно гэж заасан. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тооцвол 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шаардах эрх үүсээд 3 жил буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Анх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэсэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн захирамж гарсан. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тухайн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Үндэслэл нь нэгдүгээрт нэхэмжлэгч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзсэн. Хариуцагч маргахдаа энэ хүн Цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн бусадтай бүлэглэн нийт 103,000,000 төгрөгийн хөрөнгө завшсан гэдэг асуудлаар шалгагдаж байгаа гээд хавтаст хэргийн материалд хоёр албан тоот оруулж өгсөн. Иймээс, шүүх О.У цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа учраас эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний журмаар энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад шалгагдаад гэм буруугүй гэдэг тогтоогдвол эргээд энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэсэн агуулгатай шүүгчийн захирамж гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамж гарснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэсэн байсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд бид удаа дараа ирсэн. Харамсалтай нь цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаад хариу авах боломжгүй байсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Прокурорын газрын хяналтын прокурор Э.Н нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгох тогтоолын агуулга өөрөө Ц, Г нар нь бусдыг залилан мэхэлсэн байна, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Энэ хэрэгт О.У гэж хүн ямар буруутай байсан бэ? гэдэг асуудал яригдана. Харамсалтай нь энэ хэрэгт О.У гэж хүнийг гэрчээр байцаасан байцаалт байгаа. О.У энэ хэрэгт яллагдагчаар татагдсан, гэм буруутай байсан эсэх талаар яригдаагүй. Харин энэ хэрэгт О.У гэм буруугүй болох нь тогтоогдсон учраас гэрчээр оролцуулсан гэсэн хариуг прокуророос өгсөн. Би тухайн хариу мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй. Яагаад гардаж аваагүй гэхээр 2022 оны 12 дугаар сарын 10-нд гэртээ байж байгаад татаж унасан. Сахар унахаар хэлгүй, хөлгүй болдог юм байна. Эмнэлэгт ухаангүй байж байгаад 4-5 хоногийн дараа сэргэсэн. Сэргэхэд аппаратанд оруулсан хэвтрийн дэглэмийн хүн болсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 25, 26-ны үеэр эмнэлгээс гэртээ гарсан. 2023 оны 01 дүгээр сарын 14,15-ны үеэр манай гэрийг олж О.У ирээд, прокуророос нэг бичиг ирсэн гэж хэлсэн. Би биеийн байдал муу байгаа учраас өмгөөлөх чадваргүй байна өөр өмгөөлөгч ав гэж хэлсэн. О.У үгүй, эхнээс нь таныг авсан учраас өмгөөлөгчөө солихгүй гэхээр нь би гэр бүлийнхээ хүмүүсээр дамжлуулаад 2023 оны 01 дүгээр сарын 15-нд ирсэн. Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан бичгийг гардаж аваад гараараа 2023.01.16-нд гардаж авсан гээд бичсэн. Би энэ бичгийг гардаж аваагүй гэдгийг өнөөдөр шүүх тогтоож нотлох баримт гаргаж авсан. Энхбаатар гэж хүн гардаж авсан байна. Би ийм хүнийг танихгүй. Өмгөөлөгч С.Т гэж хүний нэр дээр гаргасан албан тоотыг Э гэж хүнд өгч явуулсан байсан. Сүүлд нь гарах үр дагавар үүснэ гээд авахгүй байх эрхтэй. С.Т гэж хүний өмнөөс хэн нэгэн хүн гардаж авсны төлөө хөөн хэлэлцэх хугацаа ярьж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаагаар яригдахгүй, гомдол гаргах хугацаагаар яригдана гэж ойлгож байна. Хөөн хэлэлцэх хугацаа, хоног тоолох хугацаа хоёр, хоёр өөр зүйл. Миний үйлчлүүлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны дууссан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийн тулд би нотлох баримтаа бүрдүүлээд явуулсан. Гомдол гаргах хугацааг би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тооцно гэсэн байр суурьтай байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон өдрөөс буцаж тооцогдоно гэж бодож байгаа. 90 хоногийн хугацаа байсан. 91 дэх хоногоос тоолоод явж байгаа. Өнөөдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгохгүй байгаа. Бид нарын өөрсдөө мэдсэн хугацаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-наас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөөч гэж хүсэлт гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч О.У тайлбар: Эрүүгийн хэрэг дууссан гэдгийг 2022 оны 12 дугаар сарын эхээр ... аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга А.А-аас найзаараа асуулгаж мэдсэн. Тэгээд өмгөөлөгчтэйгээ холбогдож хэлээд өмгөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 05,06-ны үед прокурорт хүсэлт гаргасан. Прокуророос над руу “таны өмгөөлөгч утас нь холбогдохгүй байна, хугацаа нь болох гээд байна, та ирж авах уу” гэж ярьсан. Иймд би нөхөр Э-г явуулж, 2022 оны 12 дугаар сарын 13-нд хариу мэдэгдэх хуудсыг гардан аваад өмгөөлөгчтэйгээ дахин холбогдсон гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О.У-ыг тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь 2017 онд О.У-д санхүүгийн зөрчлөөр Төрийн аудитын газраас 10,000,000 төгрөгийн акт тавигдаад цалингийн 10 хувийн арга хэмжээ авахуулж байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 15-нд ажлаа авсан. Миний ажил авснаас 1 сарын ар дээр буюу 2018 оны 04 дүгээр сард Төрийн аудитын газраас дахин 10,000,000 төгрөгийн акт ирсэн. Энэ хүн төлбөр төлөх тул захиргааны арга хэмжээ авъя өмнөх зөрчил дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан гэдгээр цалингийн 20 хувийн арга хэмжээг удирдлагын багтайгаа ярилцаад авч байсан. Гэтэл ажил авснаас хойш 5 сарын дараа 54,000,000 төгрөгийн нэхэмжлэх орж ирсэн. Манайх тендер зарлаад “О У” гээд өөр дэлгүүрээс хүнсээ авдаг байсан. Гэтэл Д-ээс нэхэмжлэх ирсэн тул Аудитын газар мэдэгдээд манайх худалдан авалт хийгээгүй гэдэг хариу тайлбар гаргасан. Үүнтэй холбоотойгоор Аймгаас дотоод аудитын шалгалт хийгдсэн. 2016 оноос Монгол орон даяар И баримт гэж хийгдэж ирсэн. И баримтаар бүх худалдан авалтуудаа түүж үзсэн. Худалдан авалтаа бүгдийг нь хэвлэж аваад Аудитын газар шалгуулсан. Шалгалтын актаар 103,000,000 төгрөгийн бараа материалыг хувьдаа ашигласан гэсэн дүгнэлт гарсан. О.У-ын нэр дээр захиргааны арга хэмжээ ав гэсэн бичиг ирсэн. Гурав дахь арга хэмжээг авахаар болсон. Иймд, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг хуралдаад ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Санхүүгийн хувьд энэ хүн өөрөө 54,000,000 төгрөг хүртэл хариуцах ёстой. Нэгдсэн эмнэлэг нь сар болгон эм тариа, хоол, бензин тос гээд бүх төрлөөр худалдан авалтыг хийдэг. Үүнтэй сар болгон ерөнхий нягтлан тооцоо нэгтгээд тооцооны зардлаар мөнгөө шилжүүлж байх ёстой. 03-08 сар хүртэл ямар ч тооцооны саналгүйгээр манайд нэхэмжлэх ирсэн. Цагдаагийн байгууллагаар шалгаж байгаа асуудал нь зөвхөн “Д-тэй” холбоотой. Намайг ажил авснаас хойш өөр газраас худалдан авалт хийсэн байхад Д-ээс, Ц, Г нар нь хуйвалдаж бараа материал авсан хэргийг шийдсэн байна. Тэгээд энэ хүнийг яллагдагчаар татаагүй ямар ч холбоогүй гэж үзсэн. 103,000,000 төгрөгөөс манай Нэгдсэн эмнэлэг 45,000,000 төгрөгийг энэ хүмүүсээс авах ёстой, гэтэл 2016 оны 5,000,000, 2017 оны 15,000,000, 2018 онд үлдсэн мөнгийг нь аваад нийт 103,000,000 төгрөг байгаа. Үүнээс Цагдаагийн байгууллага 54,000,000 төгрөгийг шийдсэн. Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 54,000,000 төгрөгийг яаж шалгасан талаар Цагдаагийн байгууллагаас огт мэдэгдээгүй. О.У манайд ажиллаж байхдаа өрхийн эрүүл мэндийн төвд хавсарч ажиллаж байсан. Нэгдсэн эмнэлгээс чөлөөлөгдөөд өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Цалин авч байгаа гэж үзэж байна. О.У-ын өгсөн баримтаас жил болгон нийгмийн даатгал төлсөн харагдаж байсан. Эргээд ажилдаа оръё гэсэн асуудал ярьж байна. Өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн хариуг хэлье гэв.
Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар: Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ сая тодруулж хэлэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хугацааг сэргээж өгнө үү гэж хүсэлт гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтэй байгаа бол нэхэмжлэгч тал өөрсдийнхөө шаардах эрх гаргах шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэж ойлгогдож байна. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан, гэтэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж явсаар байгаад 2023 оны 03 дугаар сарын 16-нд гаргасан гэж хэллээ. Хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаад түүнтэй холбоотойгоор өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байсан талаарх баримтуудыг гаргаж өгч байна гэж ойлголоо. Тушаалыг 2018 оны 10 дугаар сард гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх хүртэл иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хэзээ нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах вэ? гэхээр эрүүгийн хэрэг шийдвэрлэж дууссаны дараа гаргах боломжтой. Эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж дууссан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр энэ хүмүүс мэдээгүй байж болно. Тэгтэл хэзээ мэдсэн, мэдсэн өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хөдөлмөрийн эрхийн маргаан өрнүүлэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т 30 хоног гэж заасан. 2022 оны 11 дүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж сонсоод хүсэлт өгсөн. Өмгөөлөгчөөс Прокурорт гаргасан, хүсэлтийн хариу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгчид утсаар мэдэгдээд, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч О.У-д гардуулж өгсөн. О.У хүлээн аваад эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон, би буруугүй гэдгийг мэдээд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхээ 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. 2023 оны 01 дүгээр сарын 15-нд О.У өмгөөлөгчтэйгээ уулзсан байна. Прокуророос өмгөөлөгчид явуулсан бичигт ар талд нь 2022 оны 12 дугаар сарын 12-нд мэдэгдээд 13-нд гардуулсан баримт байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн болохыг 2022 оны 12 дугаар сарын 13-нд мэдсэн, 13-ны өдрөөс 30 хоногийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг өрнүүлэх ёстой байсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 30-нд байгууллагын комисст өргөдөл гаргасан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргын 3 талт хороонд өргөдөл гаргасан. 30 хоногоо хэтрүүлсэн буюу 2 сарын дараа хөдөлмөрийн эрхийн маргааныг эхлүүлсэн, өрнүүлсэн байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэл байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт үндэслэлгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, ...аймгийн Сүмбэр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, гомдол хүлээн авсан бүртгэл хяналтын карт, .... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын 2023.03.09-ний өдрийн 01/133 дугаартай албан бичиг, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.04-ний өдрийн 134/ШЗ20219/00029 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 181700220 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 2018.11.03-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, ... аймгийн Прокурорын газрын 2022.06.13-ны өдрийн 04 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, .... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018.10.05-ны өдрийн Б/166 дугаартай “О.У-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, О.У-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018-2023 оны тодорхойлолтууд, 2018-2023 оны цалингийн тооцоо гэх хүснэгтүүд, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018.09.26-ны өдрийн Б/155 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, түүний хавсралт, ... аймгийн Прокурорын газрын 2022.12.08-ны өдрийн 5/107 дугаартай хариу мэдэгдэх хуудас, ... эмнэлгийн 2023.06.01-ний өдрийн тодорхойлолт, өмгөөлөгч С.Т-ын эмнэлэгт хэвтэж буй гэрэл зураг зэргийг, хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023.05.31-ний өдрийн 01/222 дугаартай албан бичиг, ... аймгийн Прокурорын газрын 2022.12.08-ны өдрийн 5/107 дугаартай хариу мэдэгдэх хуудас, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2014.03.24-ний өдрийн А/09 дугаартай “Дотоод журам батлан мөрдөх тухай” тушаал, хавсралтаар Дотоод журам, Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын 2017.10.03-ны өдрийн 11 дугаартай “.... аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай” танилцуулга, мөн шалгалтын 2018.04.10-ны өдрийн 04 дугаартай “. аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017-2018 оны 2 дугаар сар хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай” танилцуулга, мөн 2018.09.07-ны өдрийн .2018/22-02-11 дугаартай “Тайлангийн нэгтгэл” танилцуулга, мөн 2019.07.01-ний өдрийн .-2019/22-02-04 дугаартай “Тайлангийн нэгтгэл” танилцуулга, Монгол Улсын Сангийн яам Улсын ахлах байцаагчийн 2018.09.07-ны өдрийн 22-02-04 дугаартай “Сахилгын арга хэмжээ авахуулах тухай” албан шаардлага зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх, хариуцагчийн хүсэлтээр ээлжийн амралтын мэдэгдэл, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018.07.23-ны өдрийн Б/107 дугаартай “О.У-ыг ажилд томилох тухай” тушаал, нэхэмжлэгчийн хүсэлтээр ... аймаг дахь Цагдаагийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 36а/4383 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 36ё/4368 дугаартай албан бичгүүд, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 463 дугаартай албан бичиг, ... аймгийн Прокурорын газрын 2023.06.02-ны өдрийн 1/446 дугаартай “Баримт, мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг, ... аймгийн Прокурорын газрын 2022.12.08-ны өдрийн 5/107 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/166 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэжээ.
Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг гаргасан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй. Сахилгын зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018.10.05-ны өдрийн Б/166 дугаартай “О.У-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тооцооны нягтлан бодогч О.У-ыг “ажлын хариуцлага алдаж бусдад хөрөнгө завших нөхцөл бололцоо олгосон нь тогтоогдсон” үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
4.2.... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.04-ний өдрийн 134/ШЗ20219/00029 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар О.У-ын нэхэмжлэлтэй ... аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох хэргийг “нэхэмжлэл болон хэрэг бүртгэлтийн хэрэг нь хоорондоо холбоотой асуудал байх тул эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
4.3.... аймаг дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2018.11.03-ны өдрийн тогтоолоор 181700220 дугаартай “...Аймгийн нэгдсэн эмнэлэг нь манай дэлгүүрээс зээлээр авсан бараа материалын үнэ болох 52,868,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
4.4.Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022.06.13-ны өдрийн 04 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Б.Г., Б.Ц, Б.А, Н.О нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр өршөөн хэрэгсэхгүй болгосон байна.
4.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т-ын гаргасан хүсэлтэд ... аймгийн Прокурорын газрын 2022.12.08-ны өдрийн 5/107 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “О.У-ыг тухайн хэрэгт холбогдуулан шалгаж хэрэг бүртгэлтийн явцад гэрчээр мэдүүлэг авсан байх боловч түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй” болохыг мэдэгдсэн. Мөн Прокурорын газрын 2023.06.02-ны өдрийн 1/446 дугаартай “Баримт, мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр өмгөөлөгч С.Т-тай .... дугаарын утсаар холбогдож 2022.12.12-ны өдөр мэдэгдэж, улмаар хариу мэдэгдэх хуудсыг О.У-ын нөхөр Э. 2022.12.13-ны өдөр гардан авч гарын үсэг зурсан байна.
4.6.Түүнчлэн нэхэмжлэгч О.У.нь ... аймгийн Прокурорын газраас хариу мэдэгдэх хуудсын талаар утсаар мэдэгдснээр би нөхөр Э-ыг явуулж хариу мэдэгдэх хуудсыг авсан гэж тайлбарласан.
4.7.Нэхэмжлэгч О.У, ... аймгийн нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023.01.30-ны өдөр гомдол гаргахад ...комисс бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хариу өгөөгүй. Мөн ... аймгийн ... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.02.06-ны өдөр гомдол гаргахад Засаг даргын тамгын газраас 2023.03.09-ний өдөр 01/133 дугаартай албан бичгээр “...хороо байгуулагдаагүй тул таны ирүүлсэн өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.
5.Талууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл болон хөдөлмөрийн маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар маргаантай.
6.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар хариуцагч ... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/166 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан, тухайлбал сахилгын шийтгэл буруу ногдуулсантай холбоотой гомдлоо нэхэмжлэгч О.У шүүхэд гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 79.3-т “ ...хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно.”, 79.4-д “Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана.”, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж заасан.
Хэргийн үйл баримтын хувьд, нэхэмжлэгч О.У нь урьд буюу 2018.11.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба 2019.01.04-ний өдөр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосноор хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шалтгаалж, нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй үлдсэн.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-д заасан “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.” гэсэн зохицуулалт үйлчилнэ.
2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:”, 154.2.1д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;” гэж зохицуулжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “...гурван жил” энэхүү маргаанд хамаарахгүй. Учир нь хуулийн 75.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол дээрх тусгай хугацаа үйлчлэхээр заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Тодруулбал, хөдөлмөрийн эрхийн маргаанд нарийвчилсан хууль буюу хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
Нэхэмжлэгч О.У нь, ажлаас халсан үйл баримттай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон талаар 2022 оны 12 дугаар сарын эхээр мэдсэн, улмаар ... аймгийн Прокурорын газраас өмгөөлөгч С.Т-т хаягласан хариу мэдэгдэх хуудсыг нөхөр Э-г явуулж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан болох нь түүний тайлбар болон ... аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудасны ар талд бичигдсэн тэмдэглэлээр нотлогдож байна.
Иймд, дээрх хуулиудад зааснаар нэхэмжлэгч О.У-ын хөдөлмөрийн маргаантай гомдол гаргах, шаардах эрх нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс үүсэж, 30 хоног буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна.
Гэтэл нэхэмжлэгч О.У нь ... аймгийн нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023.01.30-ны өдөр, ... аймгийн ... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023.02.06-ны өдөр, шүүхэд 2023.03.16-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас харахад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч О.У.нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Тухайлбал, өмгөөлөгч С.Т нь “2022.12.10-2022.12.26-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” гэж тайлбарласан бөгөөд энэ хугацаа нь шаардах эрхээ хэрэгжүүлэх хуулийн хугацааны дотор байна. Үүнээс гадна хөөн хэлэлцэх хугацаа 2023.01.12-ны өдөр дуусгавар болсноос хойш ... аймгийн нэгдсэн эмнэлгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023.01.30-ны өдөр гомдол гаргах хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгээ нотлоогүй.
Иймд, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэл тогтоогдсон тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан эрх зүйн актад хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй ба Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
7.Хууль хэрэглээний хувьд, ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлийн үед явагдсан учир шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо уг хуулийг баримтлана. Харин шүүхэд нэхэмжлэл гаргах үед 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж эхэлсэн байсан тул уг хуулийн процесс ажиллагааг зохицуулсан заалтыг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолоход хэрэглэх нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 154 дүгээр зүйлийн 154.2.1, 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгч О.У-ын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999он/ 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч О.У-ын нэхэмжлэлтэй хариуцагч ... аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох ... аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/166 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ