Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 120/ШШ2023/0002

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: ******* аймгийн Засаг дарга, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах И.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* аймгийн Засаг дарга,*******

аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан ******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлт, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

  1. Нэхэмжлэгчээс захиргааны актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн

шаардлага гаргасны дараа шүүх хуралдаанд “захиргааны актууд хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилсөн болно.

  1. “...“*******” ХХК нь ******* аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт

байрлах Торомхон нэртэй нэртэй талбайд МV-14917 дугаар, Ямаан усны хяр нэртэй талбайд МV-017452 дугаар, Шанд-1 нэртэй талбайд МV- 0210529 дугаар  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшиж байсан.

  1. ******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар

байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  дүгнэлтээр Ямаан усны хяр нэртэй МV-017452 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль, орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалган, дүгнэж 50,58 хувьтай, хангалтгүй гэж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр 62,28 хувьтай, хангалтгүй гэж тус тус дүгнэсэн.

  1. ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020

оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг 10000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд

гаргасан.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

7.1 “...Манай компани нь дээр дурдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай

зөвшөөрөл гарахаас өмнө дээрх газруудад хайгуулын лицензийг 2007 оноос хойш эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан хайгуул хийж байсан.

Гэтэл ******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс ******* аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг дэвсгэр, Ямаан усны хяр нэртэй талбайд 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь үзэж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан ба уг ажлын хэсгийн дүгнэлтээр манай Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхдээ 50,58 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн.            “*******” ХХК -аас сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн тайланг ирүүлсний үндсэн дээр дээрх аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтийг гаргасан ба мөн л 62,28 хувьтай хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 4.1-д “Төсөл хэрэгжүүлэгч тухайн "жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ханган биелүүлж түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3 дугаар хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлнэ”, 4.3-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг газар дээр нь хянаж, дүгнэх ажлын хэсгийг харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ журмын- 4.1-д заасан хугацаанд байгуулна. Ажлын хэсгийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дарга ахлах бөгөөд байгаль орчны газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн нарийн бичгийн дарга байна”, 4.9-д “Ажлын хэсэг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгаж, дүгнэх ажлыг 11 дүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж, зөвхөн батлагдсан төлөвлөгөөнд тусгасан ажлуудын гүйцэтгэлд үндэслэн төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллийг байлцуулан, энэхүү журмын 4-р хавсралтад заасны дагуу арга хэмжээний чиглэл тус бүрээр оноогоор тооцож, биелэлтийг нь нэгтгэн гаргаж, газар дээр нь баталгаажуулан гарын үсэг зурж, төсөл хэрэгжүүлэгчид 1 хувийг хадгалуулна” 4.16-д “Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт 90 оноо хүрээгүй буюу, хангалтгүй гэж дүгнэгдсэн бол хангалтгүй хийгдсэн ажлыг дараа оны эхний улиралд багтаан гүйцэтгэсэн тохиолдолд дүгнэлтийг дахин гаргуулна. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийсэн бол үүнд хамаарахгүй” гэж тус тус заасан. Уг журмын заалтуудыг ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт нь ноцтой зөрчиж гарсан ба хугацаандаа гараагүй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.3-т “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

Гэтэл ******* аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй, хуульд үндэслээгүй байсан бөгөөд “*******” ХХК-ийн бодит байдалд хийсэн ажлын үр дүнг санаатайгаар бууруулан дүгнэсэнд нь гомдолтой байна.

7.2  ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Б.Очирхуяг нь манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Манай компанийн зүгээс ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  0063740 дугаар шийтгэлийн хуудастай танилцахад манай компанийг ямар зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа ба гомдлыг зөвхөн ******* аймгийн прокурорт гаргаж өгнө гэж дурдаж, төөрөгдүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “хайгуулын. ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Гэвч шийтгэлийн хуудаст заасан үндэслэл нь уг хуулийн зохицуулалттай нийцэж байгаа эсэх нь одоог хүртэл ойлгомжгүй, тодорхойгүй байгаа ба энэхүү Шийтгэлийн хуудсын улмаас манай компанийн үйл ажиллагааг доголдоход хүрээд байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн № 0063740 тоот шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү. гэжээ.

  1. Хариуцагч ******* аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

  "*******" ХХК-иас ******* аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгал орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийг хүлээн авсан дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын дагуу тус аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг дэвсгэр дээр байрлах нэхэмжлэгч байгууллагын эзэмшиж буй "Ямаан усны хяр" нэртэй MV-017452 тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь хянан шалгаж 50.58 хувь буюу "хангалтгүй" гэсэн дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 4.16- А заасны дагуу дээрх хангалтгүй хийгдсэн ажлууд болох сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг сайжруулсан талаар тайлан ирүүлснийг мөн ажлыг хэсэг хянаж 62.28 хувь буюу "хангалтгүй" гэсэн дүгнэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан юм. Харин нэхэмжлэгчийн "Торомхон" нэртэй MV-014917, "Шанд-1" нэртэй MV- 020529. "Ямаан усны хяр" нэртэй MV-017452 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санал дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн шийдвэрээр хүчингүй болгосныг тусгай зөвшөөрөл эзэмшигч эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, улмаар тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 299 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар магадлалаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 438 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулж "Шанд-1" нэртэй MV-020529 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, "Торомхон" нэртэй MV-014917, "Ямаан усны хяр" нэртэй MV-017452 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдуулан Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 438 дугаар магадлал хуулийн төгөлдөр болж, уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байна. “*******" ХХК нь нэгэнт хүчингүй болсон "Ямаан усны хяр" нэртэй MV- 712 017452 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайтай холбоотой гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь шүүхийн дээрх, шийдвэр магадлалаар тогтоогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдэд шүүхээс дүгнэлт хийж хууль, журмыг зөрчөөгүй болохыг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дурдсан тул хариуцагчийн зүгээс дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлах, шүүхээс дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье....” гэжээ.

  1. Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи уул уурхайн

хяналтын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

..." Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын Улсын байцаагч Б.Очирхуяг нь 2021 оны 08-р сард ажлаасаа гарсан тул дараагийн геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Нэмэхбат миний бие хариуцагчаар оролцож  байна.

            ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2020 оны 06-р сарын 22-ний өдөр ******* аймгийн Прокурорын газрын 1/387 тоот албан бичгээр ирүүлсэн прокурорын 2020 оны 05-р сарын 25-ны 96 тоот тогтоолын дагуу "*******" ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.2 дахь заалтыг үндэслэн 2028000144 тоот зөрчлийн хэрэг нээсэн байна.

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газар дээр нь очиход Хуримын ордон гэх газар нь Торомхон нэртэй MV-014917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах зүүн хойно N4304027.5" Е100019/28.3 координатаас баруун хойд зүгт N4304036.7 .E100018 29.2 координатын дагуу сунаж тогтсон шулуун шугамаараа 1.3 км урттай шороон хуримтлал жалга бүхий газар байх бөгөөд тус газрыг тэгшлэн түрж, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байдалтай байна.

“*******” ХХК нь Гурвантэс сумын нутаг дахь MV-014917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх хайгуулын ажлын төлөвлөгөөг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлуулсан байх бөгөөд тус төлөвлөгөөний дагуу 2018 онд MV-014917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн шороон хуримтлалтай хэсэгт хайгуул хийгдсэн, мөн үргэлжлүүлэн тус төлөвлөгөөний дагуу 2019 онд хайгуул хийгдсэн.

 2019 онд MV- 014917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн шороон хуримтлалын хэсэг болох Хуримын ордон гэх газарт шинэчилсэн төлөвлөгөө батлуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 MV-014917 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн шороон хуримтлалын хэсэгт 2018, 2019 онуудад хийгдсэн хайгуулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй, хийгдсэн ажлын тайлан баталгаажаагүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3 дахь заалтыг зөрчиж байгаа нөхцөл байдал тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан.

Холбогдогчоор "*******" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Таня, гэрчээр тус компанийн геологич Д.Даваабаяр нарыг оролцуулж эрх үүргийг нь танилцуулан гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тэмдэглэл үйлджээ. Мөн дээрх албан тушаалтнуудад зөрчлийг арилгах тухай албан даалгаврыг хүлээлгэн өгч, хэргийн материалыг танилцуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын хяналтын дор явагдаж хаагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тус компанийн ямар зөрчил гаргасан асуудлыг дээр дурдсан бөгөөд мөн Зөрчлийн хэргийн 2028000144 тоот хэргийн материалд тодорхой тусгасан байна. Мөн холбогдогчийн зүгээс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрөх үйлдэл гараагүй бөгөөд дээр дурдсан шийтгэл оногдуулсан үндэслэл болон Зөрчлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдаанд

гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримт материалтай танилцаад үзэхээр уг дүгнэлтийг гаргахдаа тухайн ажлын хэсэг нь дүгнэлтийг гаргахдаа газар дээр нь очсон гэх баримт нотолгоо алга, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д зааснаас бусад нууцад үл хамаарах төрийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, 4.2.5 зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэг нь захиргааны байгуулагт байгаа. Өөрөөр хэлбэл “*******” ХХК-ийн гаргаж өгсөн тайлангийн дагуу дүгнэлт гаргахдаа газар дээр нь мэргэжлийн хүмүүсээр шалгалт хийлгэсэн, мэргэжлийн хүмүүсээр шинжилгээ хийлгэсэн нөхцөл байдал байхгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20219 оны 10 сарын 29-ний өдрийн А/618 тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журамд зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгахад газар дээр нь шалгахаар заасан, гэтэл дүгнэх ажлын 2019 оны 11 сарын 30-ны өдөр дүгнэлтээ гаргах ёстой байтал, 2019 оны 12 сарын 19-ны өдөр буюу 20 хоногийн дараа дүгнэлт гаргасан нь журамдаа нийцээгүй, ажлын хэсгийн гишүүдийн нийлбэр оноогоор дүгнэх ёстой, гэтэл энэ ажлын хэсгийн гишүүд яаж дүгнэсэн  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй байна.

2020 оны 04 сарын 01-ний өдрийн дүгнэлт дээр мөн ялгаагүй дээр дурдсанаар журамд нийцээгүй 3 дугаар улиралд багтаан гаргаагүй. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь хуульд заасан хугацаандаа гаргаагүй нь энэ журмаа зөрчиж байна. 

2028000144 дугаартай Зөрчлийн хэргийн материал ирсэн. Зөрчлийн хэргийг нээсэн огноо нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байдаг. Зөрчлийн хэргийг нээгээд ямар зорилготойгоор, ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй ойлгомжгүй, ямар арга замаар, ямар нотлох баримтыг үндэслэн торгосон нь тодорхойгүй, байдаг. Шийтгэлийн хуудас 07 сарын 08-ны өдөр гарсан. Зөрчлийн хэргийн материалд авагдсанаар прокурорт шилжүүлэх санал нь 07 сарын 09-ний өдөр шийдэж, сүүлд 07 сарын 08-ны өдөр “*******” ХХК-ийн ажилтан Т.Танягаас 07 сарын 08-ны өдрийн 17 цаг 25 минутад мэдүүлэг авч дууссан. Ямар учраас шийтгэлийн хуудас гарсан нь тодорхойгүй, ажлын цагт багтсан нь эргэлзээтэй...” гэв.

  1. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүх хуралдаанд

гаргасан  тайлбартаа: “...Нэхэмжлэгч компанийн Торомхон, Ямаан усны хяр, Шанд гэсэн 3 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 324 дугаар шийдвэрээр цуцалсан.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгт тал эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, уг шүүх 2021 оны 05 сарын 12-ны өдөр 299, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 сарын 18 өдрийн 438 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн.

 Энэхүү шийдвэрийн үр дүн нь Торомхон, Ямаан усны хяр нэртэй 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод, Шанд-1 нэртэй тусгай зөвшөөрлийг үлдээж шийдвэрлэсэн.

Ямаан усны хяр нэртэй талбайд аймгийн Засаг даргын зүгээс өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллагаа явуулсан. Өнөөдөр энэ тусгай зөвшөөрөл Захиргааны хэргийн Давж заалдан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 438 дугаар магадлалаар хүчингүй болсон, хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, нэхэмжлэгч талын Ямаан усны хяр нэртэй тусгай зөвшөөрөл ямар нэгэн байдлаар сэргэх боломжгүй.

 Ажлын хэсэг газар дээр нь очиж журамд заасан аргачлал, загвар үнэлгээний хуудасны дагуу дүгнэлт гаргасан. Тухайн үед нэхэмжлэгч талаас тухайн газар дээр хариуцсан ажилтан гарын үсэг зурсан.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 618 дугаар тушаалаар батлагдсан журмын 4.1-д  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 11 сарын 01-ний өдрийн дотор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ гэж заасан.  Гэтэл энэ нэхэмжлэгч тал 11 сарын 01-ний дотор ирүүлээгүй. Үүнээс болж ажлын хэсэг 2019 оны 12 сарын 19-ний өдөр ажиллах нөхцөл байдал бий болж ажилласан.

 Нэхэмжлэгч тал дутуу ажиллагаануудыг хийж гүйцэтгэн 04 сарын 01-ний өдөр буюу 2020 оны 01 дүгээр улиралд багтаан ирүүлж хянуулсан. 62.28 хувьтай буюу дутуу хийсэн ажлуудаа хангалттай хийгээгүй гэж үнэлэн,  Байгаль орчин аялал жуулчлалын яаманд тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг хүргүүлсэн...” гэв.

  1. Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи уул уурхайн

хяналтын улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Энэ ашигт малтмалын тухай хуулийн 48.6.3-д зааснаар тайланг хугацаанд нь хүргүүлээгүй нь торгуулийн актаас татгалзах үндэслэл болохгүй...” гэв.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: “...Улсын байцаагчийн

тайлбар дээр миний зүгээс нэмэлт тайлбарыг хийе. Торомхон нэртэй талбай нь зөвшөөрөлгүй талбай байсан. Тухайн жилдээ уулын ажлын төлөвлөгөөгүй байсан. Гэтэл уг газарт ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан. Тодорхой хэмжээгээр олборлолт явуулж, байгаль орчинд хохирол учруулсан гэдэг үндэслэлээр мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчийн  2020 оны 63740 гэсэн шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан байгаа. Нэхэмжлэгч компани бол Торомхон гэх талбай дээр бид нар олборлолт явуулаагүй, ашигт малтмалын эрэл хайгуул хийгээгүй гэж маргадаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль бус олборлолт явуулахгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүрэг хүлээдэг. Тэгээд энэ үүргээ биелүүлээгүй, өөр этгээд олборлолт хийсэн гэдэг нь тогтоогдоогүй учраас торгох үндэслэлтэй байна гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад ******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,  ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

2. ******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийн тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс “...Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд үндэслээгүй...” гэж,

2.2 Хариуцагчаас “...”Ямаан усны хяр” нэртэй MV-017452 дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, ажлын хэсгийн дүгнэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан...” гэж тус тус маргасан.

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын       29-ний өдрийн А/618 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянах, батлах, тайлагнах журам”-ын 4.3-д “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг газар дээр нь хянаж, дүгнэх ажлын хэсгийг харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ журмын 4.1-д заасан хугацаанд байгуулна. Ажлын хэсгийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дарга ахлах бөгөөд байгаль орчны газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн нарийн бичгийн дарга байна.”, 4.4-д ажлын хэсэгт аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дарга, тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны асуудал хариуцсан улсын байцаагч, сав газрын захиргааны ус ашиглагч хариуцсан мэргэжилтэн, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагч, нөлөөллийн бүсэд оршин сууж буй иргэдийн төлөөлөл орно.” гэж зааснаар аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/1277 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ.

2.4 Захиргааны ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэсэн   хуулийн зохицуулалт нь захиргааны байгууллага буюу ажлын хэсгийн үйл ажиллагаанд хамаарна.

2.5 Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хүлээн авч дүгнэлт гаргахдаа ямар ажиллагаа хийгдсэн талаарх болон холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэсэн талаарх баримт байхгүй зөвхөн дүгнэх хуудсанд тоогоор илэрхийлэгдэх хувь, оноо бичсэн төдийгөөр уг ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн бүрэлдэхүүн хэсгүүдэд ажлын хэсгийн зүгээс өгсөн үнэлгээ нь бодитой эсэхийг баримттай, шалгуур үзүүлэлттэй дүгнээгүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжгүй байна.

2.6 Түүнчлэн, ажлын хэсгээс шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үнэн

зөв, бодит дүгнэлт гаргах нөхцөл байдлыг тогтоох замаар асуудлыг  шийдвэрлэх

боломжийг журмаар тусгайлан  олгосон байна.

2.7 Иймд шүүхээс дээр дурдсан хуулийн зохицуулалт, үйл баримтуудад тулгуурлан цаашид хариуцагч эрх бүхий албан тушаалтан хуульд заасан ажиллагааг хийх замаар шийдвэрлэх боломжтой буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхэд хамааралгүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэж, маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус түдгэлзүүлж, хариуцагчийг 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахаар тогтоож шийдвэрлэлээ.

2.8 Захиргааны хэргийн Давж заалдан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар магадлалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдох үйл баримтад дүгнэлт хийгээгүй байх тул хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд заасан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх тайлбар үндэслэлгүй.

3. ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын  тухайд:

3.1 Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч “*******” ХХК-д холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.3-д заасан тайлан төлөвлөгөөг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, батлуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шийтгэл оногдуулсан байна.

3.2 Хариуцагч ******* аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолын “Олсон нь:” хэсэгт тэмдэглэгдсэнээр “*******”   ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж,  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр геологич Д.Даваабаяраас гэрчийн мэдүүлэг,  2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр холбогдогч Т.Танягаас мэдүүлэг авч тус тус тэмдэглэл үйлджээ.

3.3 Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.” гэж,  3.5 дугаар зүйлийн 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасан.

Зөрчлийн хэрэгт холбогдогчийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт хуулбарлан авсан байх ба холбогдогчоор мэдүүлэг авсан Т.Таня нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхтэй талаар бүртгэл байхгүй, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэггүй, зөрчлийн талаар тайлбар, мэдүүлэг өгөх эрхтэй этгээд биш гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлтэй, хариуцагч зөрчилд холбогдох хуулийн  этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

3.4 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлээс харвал MV-014917 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн шороон хуримтлалын хэсэгт 2018, 2019 онуудад хийгдсэн хайгуулын ажлын тайланг төрийн захиргааны  байгууллагад хүргүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх ба чухам ямар баримтаар хэрхэн тогтоогдсон, нөхцөл байдлыг тогтоохоор ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар цуглуулж, бэхжүүлсэн баримт зөрчлийн хэрэгт байхгүй байна.

Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх  ба дээрх байдлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ бодит нөхцөл байдалд гүйцэд биелүүлээгүй, өөрийн актын хууль зүйн үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгаагүй атлаа холбогдогчийг хууль зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан  болох нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг,106.3.3, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “******* аймгийн Засаг даргын 2019 оны А/1277 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн хүлээн авсан ажлын хэсгийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,  ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0063740 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтүүд тус тус хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Ч.БАЯРМАА