Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2023/00492

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт К.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга К/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

Нэхэмжлэгч Н, хариуцагч байгууллагын төлөөлөгч К нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Н шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч байгууллагын төлөөлөгч К-аас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийхийг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын  эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Б сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалаар түргэн тусламжийн жолоочоор томилогдсон бөгөөд ажлаас халагдах хүртэл алдаа дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулж байгаагүй.

1.2 Гэтэл Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга К нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний бие албан томилолтоор ажиллаж байхдаа намайг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргасан байна. Миний бие төвийн даргаас яагаад ингэж намайг ажлаас чөлөөлсөн болохыг асуухад “тус төвд хоёрхон жолоочийн орон тоо байгаа, гурван хүнийг ажиллуулах ямар ч боломжгүй, иймээс цомхотгол хийж байна” гэсэн агуулгатай тайлбар өгсөн.

1.3 Угтаа бол миний бие улсад 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа тул намайг биш сүүлд ажилд орсон хүнийг ажлаас чөлөөлөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын намайг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Тус Эрүүл мэндийн төвийн дарга К нь сүүлд ажилд орсон К.Зулаграхын гэрт амьдардаг учраас ашиг сонирхлын зөрчил гаргаж олон жил ажиллаж ирсэн намайг чөлөөлсөн гэж үзэж байна.

1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Мөн хуулийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд гэж заасан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Хариуцагч талаас уг орон тоог хасагдсан болохыг *******сгэж чадаагүй. 

1.5 Б сумд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс буюу сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул шууд шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн дарга К хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н нь тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Ажилд эгүүлэн тогтоолгох тухай ” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ ... Б аймгийн Б сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалаар түргэн тусламжийн жолоочоор томилогдсон бөгөөд ажлаас халагдах хүртэл алдаа дутагдал гаргаж байгууллагад хохирол учруулж байгаагүй гэсэн байна. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан Н нь 2021 оны 01 дүгээр сард ажлын цагаар архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хэрэг зөрчил гаргаж байсан нь шалгалтаар тогтоогдож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхад халагдах хүртэл алдаа дутагдал гаргаж байгаагүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь, ажиллаж байсан хугацаанд зөрчил дутагдал гаргаж байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

2.1 Н нь зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан тул Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Б-ийн гарын үсэг бүхий 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан “Н-ийг ажлаас түр чөлөөлөх тухай” Б/05 дугаартай тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түргэн тусламжийн жолоочийн ажлаас чөлөөлөгдөж түүнтэй анх байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна.

2.2 Тус Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн ажлаас зөрчил гаргаж чөлөөлөгдөж байсан Н нь дараа нь Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б-ийн гарын үсэг бүхий 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан “Н-ийг ажилд түр томилох тухай” Б/06 дугаартай тушаалаар тус Эрүүл мэндийн төвийн галчаар түр ажиллаж байсан.

2.3 Дараа нь Н нь тус Эрүүл мэндийн төвийн галчаар түр ажиллаж байгаад Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Үнзилагийн гарын үсэг бүхий 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гаргасан “Н-ийг ажилд томилох тухай" Б/15 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн төвийн жолоочийн илүү орон тоонд хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хууль зөрчиж томилогдон ажилласан.

2.4 Н нь мөн ажиллаж байсан хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй хамт олны хуралдаанаар удаа дараа хэлэлцэж нээлттэй сануулгыг хамт олны өмнө өгч байсан.

2.5 Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан тоотоор Төрийн болон Орон нутгийн өмчит бүх шатны Эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт чиглэл хүргүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах шил” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон. Мөн төрийн бүх шатны байгууллагад өрийн өмчит болон улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж хууль тогтоомж шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгосон албан тоотыг хүргүүлсэн тул Н-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн төрийн өмчит болон улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин хамгийн сүүлд нь уг албан тушаалд томилогдсон, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм , нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзээд Нийг жолоочийн илүү орон тоонд хууль зөрчиж томилогдсон гэж үзээд жолоочийн ажлаас чөлөөлж гэрээт ажилтнаар томилон ажиллуулж байна.

2.6 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 208 дугаар албан тоотоор харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын чиглэлийн дагуу бүх шатны харьяа Эрүүл мэндийн байгууллага бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж , хууль зөрчиж томилогдсон этгээдийг хуульд заасан журмын дагуу чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж даалгасан албан тоотыг хүргүүлсэн тул Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн илүү орон тоонд Н нь хамгийн сүүлд хууль зөрчиж томилогдсон гэж үзээд жолоочийн ажлаас чөлөөлж гэрээт ажилтнаар томилон ажиллуулж байгаа.

2.7 Харин иргэн  нь Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын гарын үсэг бүхий 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “З-ыг ажилд томилох тухай “ Б/25 дугаар тушаалаар түргэн тусламжийн жолоочийн ажилд 2020 оны 12 дугаар сард томилогдон өнөөдрийг хүртэл ямар ч хэрэг зөрчилгүй алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн.

2.8 Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд хоёрхон жолоочийн орон тоо батлагдаж ирсэн тул уг орон тоонд гурван хүнийг ажиллуулах ямар ч боломжгүй болсон учраас урьд нь удаа дараа зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж тухайн жолоочийн ажилд хамгийн сүүлд нь орсон Нийг түргэн тусламжийн жолоочийн үндсэн ажлаас нь чөлөөлж Эрүүл мэндийн төвийн жолоочийн гэрээт ажилд томилон ажиллуулан цалин хөлсийг нь жолоочийн цалингаас буруулахгүйгээр олгож ажиллуулж байгаа болохоос энэ хүнийг миний бие бүр мөсөн ажлаас З-тай ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй тул ашиг сонирхлын зөрчилгүй.

Иймд Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа миний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Б/09 дугаартай тушаал хуулийн хүчин төгөлдөр байх тул иргэн Н-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаар тушаал, Б сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт, Нийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлт зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 09  дүгээр сарын 14-ний өдрийн А/51 тоот тушаалын хавсралт болох Сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаар, Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаал, мөн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаал, мөн даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05, Б/06 дугаар тушаалууд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч Н-ийн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түргэн тусламжийн жолоочоор томилогдсон ба ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байхад орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан Н нь 2021 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тул түүнийг ажлаас нь түр чөлөөлж, тус  Эрүүл мэндийн төвийн галчаар ажиллуулсан байна. Галчаар түр ажиллаж байгаад Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б15 дугаартай тушаалаар эрүүл мэндийн төвийн илүү орон тоонд хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд хоёрхон жолоочийн орон тоо батлагдаж ирсэн тул уг орон тоонд гурван хүнийг ажиллуулах ямар ч боломжгүй болсон учраас урьд нь удаа дараа зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж тухайн жолоочийн ажилд хамгийн сүүлд орсон Н-ийг түргэн тусламжийн жолоочийн ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн төвийн жолоочийн гэрээт ажилд томилон ажиллуулж, цалин хөлсийг нь жолоочийн ажлаас буруулахгүйгээр олгож ажиллуулж байгаа болохоос бүр мөсөн ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн Б сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн  2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаалаар Н-ийг түргэн тусламжийн жолоочийн ажилд авч ажиллуулж байсан байна. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай “Нийг ажлаас түр чөлөөлөх тухай”  тушаалаар жолооч Н 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан тул 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолооны эрхээ сэргээх хүртэл түр хугацаагаар үндсэн ажлаас нь чөлөөлсөн байх ба мөн даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Нийг галчаар түр хугацаагаар ажиллуулсан, мөн даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар Н-ийг жолоочоор томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь тус тус тогтогдсон байна.

7.2 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай тушаалын хавсралтаар  Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг баталсан байх ба  хавсралтаас үзэхэд Б сумын  эрүүл мэндийн төвийн дарга 1, эх барих эмэгтэйчүүдийн эмч 1, мэс засалч эмч 1, хүүхдийн эмч 1, дотрын мэргэжлийн эмч 1 сэргээн засах, уламжлалт уламжлал судлалын их эмч 1, шүдний эмч 1,  ерөнхий мэргэжлийн их эмч 1, эх баригч 2, эрүүл мэндийн статистикч 1, эм найруулагч 1,  лаборант 1,  багийн бага эмч 6, арга зүйч 1, мэс заслын сувилахуй 1, ээлжийн сувилахуй 4, нүүр амны сувилахуй 1, гэрийн болон хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй 1, амбулатор, сэргээн засах, уламжлалын сувилахуй 1, ... жолооч 2, ... нийт 40 орон тоотой  байхаар баталжээ.

7.3 Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай Гэрээт ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар тус эрүүл мэндийн төвийн жолоочийн орон тоонд илүү орон тоогоор ажиллаж байгаа Какеша овогтой Ниязбекийг сумын төв нь аймгийн төвөөс алслагдсан байдалтай холбогдуулан тусламж үйлчилгээнд гарах эрсдэлийг тооцон үзэж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөө эхлэн гэрээт ажилтнаар ажиллуулсан байна.

 

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай Гэрээт ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүл мэндийн төвийн жолоочийн орон тоонд илүү орон тоогоор ажиллаж байгаа гэх үндэслэлээр жолоочоор ажиллаж байсан Нийг гэрээт ажилтнаар ажиллуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар зохицуулсан байх ба 50 дугаар зүйлийн 50.1 50.1.3 дахь хэсэгт улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан байна. Ажилтны ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

10.Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон ажил олгогчийн ажилтан Нийг гэрээт ажилтнаар ажиллуулах тухай шийдвэрээс үзэхэд Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь ажилтан Н-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1, 80.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Ажил олгогч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар буюу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд урьдчилан мэдэгдэхгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзлээ. Иймд Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгож,  Нийг урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Н-ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК