| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00375/И |
| Дугаар | 130/ШШ2023/00464 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2023/00464
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, ЭХК /гүйцэтгэх захирал М.Тилеуберди/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Музей /захирал А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 15,338,494 төгрөг алданги 7,669,247 төгрөг нийт 23,007,741 /хорин гурван сая долоон мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Музейд холбогдуулан Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 15,338,494 төгрөг алданги 7,669,247 төгрөг нийт 23,007,741 /хорин гурван сая долоон мянга долоон зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Тилеуберди нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч Б аймгийн Музей манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.
1.2 Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 15,338,494 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.
1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.
Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
1.4 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангыг тооцоход 8,359,479.23 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 7,669,247 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Б аймгийн Музейгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 15,338,494 төгрөг алданги 7,669,247 төгрөг нийт 23,007,741 /хорин гурван сая долоон мянган долоон зуун дөчин нэг/ гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Музейн захирал А хариу тайлбартаа: Б аймгийн Музейгээс Э ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
2.1 Аймгийн Музейн түлш халаалтын зардлыг орон нутгаас санхүүжилдэг. Гэвч жил бүр төсөв дутуу баталдгаас болж тус асуудал үүсэж байна. Жишээлбэл, 2017-2020 онуудад аймгийн Музейн түлш халаалтын зардлыг орон нутгаас дутуу баталж байснаас болж үүссэн өр болох 15,3 сая төгрөгийг шүүхийн шийдвэр гарч 2022 онд Музейн өөрийн орлого болон хэмнэсэн зардлаас төлж барагдуулж төсөв хуваарилж буй аймгийн удирдлагуудад 2020 оноос эхлэн батлагдсан үнэ тарифаар баталж өгч байх талаар албан тоот хүргүүлсэн боловч 2021, 2022 онуудад мөн адил түлш халаалтын зардлыг төсөвт дутуу баталсан. Үүнээс болж 2021-2022 онд Музейн түлш халаалтын зардалд 15,3 сая төгрөгийн өр үүсэж Э ХК-аас шүүхэд нэхэмжлэл хүргүүлсэн байна.
2.2 Дээрх нэхэмжлэлийн талаар тайлбарлахад манай байгууллага батлагдсан төсвийн дагуу сар болгон халаалтын зардлыг Э ХК-ийн дансанд шилжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн төсвөөс жил болгон Музейн халаалтын зардлыг дутуу баталж байгаагаас болж тус асуудал үүсэж байна. Манай байгууллагын зүгээс гарсан өрийг санхүүгийн тайланд тусгаж аудитаар баталгаажуулж сар болгон мэдээгээр аймгийн төрийн санд танилцуулж байна.
2.3 2020 -2021 онуудад Музейн түлш халаалтын зардлыг аймгаас дутуу баталсан тул Э ХК-тай гэрээ хийгээгүй бөгөөд 2022 оны 9 дүгээр сард 2023 оны хамтран ажиллах гэрээг хийсэн болно.
2.4 “Э ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаж аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид тус өрийг барагдуулах, цаашид байгууллага хооронд төлбөрийн маргаан гаргахгүй ажиллах, Музейн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх талаар хүсэлт тавьж Музейн захирлын № 30 албан тоотыг хүргүүлж хариу хүлээн авсныг хавсаргасан болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Э ХК-ийн нягтлан бодогчийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 22/2009-09 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Б аймгийн Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/288 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00021 дугаартай шийдвэр, Э ХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/138 дугаартай албан бичгээр С-д олгосон итгэмжлэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоол хавсралтын хамт, Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай тушаал зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Б аймгийн Музейн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 30 дугаартай албан бичиг, Б аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2-01/296 дугаартай албан бичиг, Б аймгийн Музейн захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр С-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Э ХК-ийн Б аймгийн Музейд холбогдуулан гаргасан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 15,338,494 төгрөг, алданги 7,669,247 төгрөг, нийт 23,007,741 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Музей нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар 15.338.494 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэхэмжилж байна гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Манай байгууллага батлагдсан төсвийн хүрээнд Э ХК-д халаалтын төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд орон нутгийн төсвөөс жил болгон Музейн халаалтын зардлыг дутуу баталж байгаагаас болж тус асуудал үүсэж байна гэж тайлбарлажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Музей нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон байна.
7.2 Э ХК болон Б аймгийн Музейн нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд аймгийн Музей нь 15,719,469.34 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан болох нь нотлогджээ.
7.3 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2021/00021 дугаартай шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Музейгээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дутуу төлөгдсөн эрчим хүчний төлбөрийг нэхэмжилсэн байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15,479,275 төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн 3,243,035 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7.4 Хариуцагч Б аймгийн Музей нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр “... халаалтын зардлыг дутуу баталснаас 15.3 сая төгрөгийн өр дахин үүсэж, үүнд алданги тооцон 7.6 сая нэмэгдэж нийт 23.0 сая төгрөгийг нэхэмжилж Э ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ... Иймд аймгийн төсвөөс дутуу батлагдаж ирсэн 2020-2022 оны хооронд үүссэн өр болон алданги 23 сая төгрөгийг төлж барагдуулах талаар яаралтай арга хэмжээ авч өгөх” талаар хүсэлт явуулсан ба аймгийн Засаг даргаас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2-01/296 дугаартай албан бичгээр “... халаалтын төлбөрийг батлагдсан төсөвтэй багтааж төлбөр, тооцоог хугацаанд хийж ажиллахыг үүрэг болгож байна” гэжээ.
7.5 Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан байх ба уг тогтоолын хавсралтаар Б аймгийн Өлгий сумын хэрэглэгчдэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоожээ. Үүнд: ... Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтыг 1600 төгрөгөөр тогтоосон байна.
7.6 Монгол улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацаах тогтоох тухай тушаалаар ... Б аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан, хариуцагч талаас үнийн дүнгийн хувьд маргаагүй ба орон нутгаас халаалтын зардлыг дутуу баталснаас өр үүссэн гэж маргажээ.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дулааны эрчим хүчний үнээс дутуу төлөгдсөн үнийн хувьд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Музейгээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсаны улмаас өр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Музей нарын хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
10. Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний алданги 7,669,247 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.
Талууд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, мөн Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгч нь хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулахаар тухайлан зохицуулсан байгаа тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Б аймгийн Музейгээс эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 15,338,494 төгрөг, алданги 7,669,247 төгрөг, нийт 23,007,741 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Музейгээс 272989 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Музейгээс эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 15,338,494 төгрөг, алданги 7,669,247 төгрөг, нийт 23,007,741 /хорин гурван сая долоон мянган долоон зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272989 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун наян есөн/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Музейгээс 272989 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун наян есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК