2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1976

 

 

 

 

 

 

 

 

2025       08          20                                    2025/ШЦТ/1976

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Б.Өнөбат,

хохирогч М.Н,

шүүгдэгч З.Ш, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Зо-ийн Шд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 00000 2234 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************** тоотод оршин суух, Алтан гадас одонгоор шагнагдсан, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасны дагуу хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарыг 11-ний өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

********* овогт З-ийн Ш /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Ш нь согтуу байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ***** дугаар байрны **** тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчыг хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Н-н толгой хэсэгт гараараа хэд хэлэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-н биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2409 00000 2234 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Иргэн М.Нэс Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан гомдол /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 19-20-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14297 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Өнөбат: “... шүүгдэгч З.Ш нь согтуу байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, **** дугаар байрны *** тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчыг хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Н-н толгой хэсэгт гараараа хэд хэлэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-н биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч З.Ш, түүний өмгөөлөгч нар: “... гэм буруугийн талаар маргахгүй ...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 07 дугаар сараас эхлэн З-ийн Ш гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн... 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 кг орчим жинтэй цаасан хайрцаг миний толгой руу хойноос шидчихсэн... миний нүүр рүү маш олон удаа алгадсан, хүзүү боомилсон, бөгс рүү гараа атгаж байгаад цохисон...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14297 дугаартай “М.Н-н биед 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

З.Ш нь согтуу байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, **** дугаар байрны **** тоотод хамтран амьдрагч М.Н-г толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-н биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг ба энэ гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон.

 

Хохирогч М.Н, шүүгдэгч З.Ш нарын мэдүүлэг болон тэдний хувийн байдлыг тодруулсан лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Н, шүүгдэгч З.Ш нар нь хамтын амьдралтай нэг гэр бүлийн гишүүд байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарах этгээдүүд” гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “... гэр бүлийн хүчирхийлэл...” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч З.Ш нь хамтран амьдрагч М.Н-г толгой хэсэгт нь цохих, алгадах, цохих зэргээр биед нь халдаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч З.Ш-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч М.Н нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж, хохирол нэхэмжлээгүй, тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч З.Ш-г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч М.Н нь гэмт хэргийн улмаас хийлгэсэн эмчилгээний баримт, цаашид гарах эмчилгээний баримтаа болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч З.Шас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч З.Ш-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч З.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч З.Ш нь эрүүгийн хариуцлагын талаар “...Би цаашид бэлтгэлээ хийнэ. Тулааны спортоор мөнгө олдог. Намар маш олон тэмцээн байгаа. Эхнэр жирэмсэн байгаа. Мөнгөний хэрэгцээ маш их байгаа. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Хэрэг нь үл ойлголцлын нөхцөл байдлаас болж гэмт хэрэг гарсан байдаг. Ш нь өөрийн эхнэр болох хүний биед халдсан буруутай, үүн дээрээ гэмшиж байгаа. Тухайн үед халамж анхаарал тавьж байсан гэдгийг хохирогч мэдүүлж байна. Ш гэмшиж байсан гэдгийг баталж байна. Тулааны спортын хүмүүсийг гудамж талбайд хоргоох янз бүрийн асуудлууд тулгардаг. Түүнээс болж гэмт хэрэг гарах болдог гэдгээ тайлбарлаж байна. Гэхдээ үүн дээр гэм буруугаа хүлээгээд хариуцлагаа хүлээж байсан. Хохирогчтой нэг гэр бүл болсон, эхнэр нь жирэмсэн байгаа. Хувийн байдал талаас нь хараад торгуулийн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна. 500 нэгжээр торгох ял оногдуулж өгөх саналтай байна. Давж заалдах шатны шүүх торгох ялыг хөнгөдсөн гэж үзсэн байсан. Үүнтэй холбогдуулаад торгуулийн ял хөнгөдөж байна гэж үзвэл 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх,

 

Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч З.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч З.Ш-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт З-ийн Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ш-г гурван зуун арав /310/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Шд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ш нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6.  Хохирогч М.Н нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн баримт, цаашид хийлгэх эмчилгээний баримт, сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршигийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн шүүгдэгч З.Шас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Шд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР