| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00374/И |
| Дугаар | 130/ШШ2023/00465 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2023/00465
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал Т /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэг /эрхлэгч С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 18,099,715 төгрөг алданги 9,049,857 төгрөг нийт 27,149,572 /хорин долоон сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 18-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдуулан Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 18,099,715 төгрөг алданги 9,049,857 төгрөг нийт 27,149,572 /хорин долоон сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэг манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.
1.2 Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18,099,715 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.
1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.
Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
1.4 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангыг тооцоход 9,864,344.67 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 9,049,857 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 18,099,715 төгрөг, алданги 9,049,857 төгрөг нийт 27,149,572 /хорин долоон сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун далан хоёр/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Серикгүл хариу тайлбартаа: Хариуцагч Э ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.
2.1 Манай байгууллага батлагдсан төсвийн дагуу сар болгон халаалтын зардлыг Э ХК-ийн дансанд шилжүүлдэг ба орон нутгийн төсвөөс жил болгон халаалтын зардал дутуу батлагдсанаас болж өр үүсээд байна.
2.2 Энэ талаарх санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж сар болгон аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг. Иймд манай байгууллага энэ жил халаалтын өрийг төлөх боломжгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э ХК-ийн нягтлан бодогчийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 09 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22/2012-07 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Б аймгийн Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/288 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01185 дугаартай шүүгчийн захирамж, Э ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/120 дугаартай албан бичгээр С-д олгосон итгэмжлэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай тогтоол хавсралтын хамт, Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай тушаал зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Э ХК-ийн Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 18,099,715 төгрөг, алданги 9,049,857 төгрөг, нийт 27,149,572 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэг нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар 18,099,715 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэхэмжилж байна гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Манай байгууллага батлагдсан төсвийн хүрээнд Э ХК-д халаалтын төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд орон нутгийн төсвөөс жил болгон тус цэцэрлэгийн халаалтын зардлыг дутуу баталж байгаагаас болж тус асуудал үүсэж байна гэж тайлбарлажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэг нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон байна.
7.2 Э ХК болон Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд тус аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэг нь 23,602,431.43 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан болох нь нотлогджээ.
7.3 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01185 дугаартай шүүгчийн захирамжаас үзэхэд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдуулан эрчим хүчний төлбөрөөс үлдсэн 8,998,510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 5,502,390.15 төгрөг болгож, хариуцагч Ө сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээ болох 5,502,390.15 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7.4 Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б аймгийн Ө сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсан байх ба уг тогтоолын хавсралтаар Б аймгийн Ө сумын хэрэглэгчдэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулах дулааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоожээ. Үүнд: ... Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтыг 1600 төгрөгөөр тогтоосон байна.
7.5 Монгол улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацаах тогтоох тухай тушаалаар ... Б аймгийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон байна.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан, хариуцагч талаас үнийн дүнгийн хувьд маргаагүй ба орон нутгаас халаалтын зардлыг дутуу баталснаас өр үүссэн гэж маргажээ.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дулааны эрчим хүчний үнээс дутуу төлөгдсөн үнийн хувьд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсаны улмаас өр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч Э ХК болон хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэг нарын хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
10. Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний алданги 9,049,857 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.
Талууд 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус Дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, мөн Эрчим хүчний тухай хуулиар хэрэглэгч нь хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулахаар тухайлан зохицуулсан байгаа тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 18,099,715 төгрөг алданги 9,049,857 төгрөг нийт 27,149,572 /хорин долоон сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс 293698 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 18,099,715 төгрөг алданги 9,049,857 төгрөг нийт 27,149,572 /хорин долоон сая нэг зуун дөчин есөн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293698 /хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун ерэн найман/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс 293698 /хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун ерэн найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК