Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 28

 

 

    Ж.Бд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Бд холбогдох 2135000000043 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, ......оны ..... дугаар сарын ...-нд Увс аймгийн .... төрсөн, .... настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, ....... хамт ........ ршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй У овогт Ж-ийн Б /РД:....../.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Нүхт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6.356 метр куб нойтон шинэс мод  бэлтгэж, байгаль экологид 4.226.643  төгрөгийн хохирол,

мөн тус сумын 2 дугаар багийн нутаг “ Хавчиг зураа” гэх газраас  өөрийн ээж Ж.Ц-ын нэр дээрх 094112 дугаартай түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг ашиглан хэрэглээний 45 ширхэг буюу 2.9773 куб метр хуурай шинэс мод  бэлтгэж, байгаль экологид  588.219 төгрөгийн хохирол  тус тус учруулсан учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч У овогт Ж-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Бд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Шүүгдэгч Ж.Б нь хохиролд 4.814.862 төгрөгийг Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалах санд  төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар ойн санд учруулсан хохиролд 9.629.724 төгрөгийг шүүгдэгч Ж.Баас,  Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалах сангийн 100151755402 данснаас 4.814.862 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 933.300 төгрөгийн үнэ бүхий 9.3333 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий ..... УВА улсын дугаартай ..... машин, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, ойн санд учруулсан  9.629.724 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 71 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдаг. Мөн анхан шатны шүүх тус шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс ойн санд учруулсан 9.629.720 төгрөг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... УВА улсын дугаартай, “..... маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Үндсэндээ шүүгдэгч Ж.Б нь 10.000.000 гаруй төгрөгийг үйлдсэн гэмт хэргийнхээ хохиролд төлөхөөр болсон гэсэн үг юм.

Миний үйлчлүүлэгч Батсайхан нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээж, мөн Увс аймгийн Хяргас сумын Байгаль хамгаалах санд 4.814.862 төгрөгийн хохирол учруулсаныг төлж барагдуулсан.

Тэрээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж, хөнгөн ял оногдуулах нөхцөл байдал байсаар байтал түүнийг хуульд заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Шүүхээс Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, мөн гэр бүл болоогүй, ээж Ц-ын хамт хоёулаа амьдардаг, даруу төлөв зантай, нэг нэгнийхээ дэм тусаар мал маллаж амьдардаг бөгөөд ээж нь даралт ихтэй хөл муутай хүн байгаа юм. Эдгээр шалтгааны улмаас Ж.Б нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байгаа бөгөөд хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэн тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 10.000.000 гаруй төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм.

Иймд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсэж байна” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Б нь Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутагт байрлах Нүхт гэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 71 ширхэг буюу 6.3 метр куб мод бэлтгэн ойн экологид 4.226.643 төгрөгийн хохирол, мөн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хавчит ураа гэх газраас 45 ширхэг буюу 2.9 метр куб хуурай шинэс мод бэлтгэн экологи эдийн засагт 588.219 төгрөгийн хохирол, нийт 4.816.636 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдаг. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 71 дүгээр  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Бд  холбогдох, 2135000000043 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр  Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Нүхт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6.356 метр куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 4.226.643  төгрөгийн хохирол,

мөн тус сумын 2 дугаар багийн нутаг “Хавчиг зураа” гэх газраас  өөрийн ээж Ж.Ц-ын нэр дээрх 094112 дугаартай түлшний мод бэлтгэх эрхийн бичгийг ашиглан хэрэглээний 45 ширхэг буюу 2.9773 куб метр хуурай шинэс мод  бэлтгэж, байгаль экологид  588.219 төгрөгийн хохирол  тус тус учруулсан буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх, мөн түүнчлэн эрхийн бичигт тусгасан модны төрөл, хэмжээний дотор мод бэлтгэхийг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Ж.Б нь дээрх хуулийг зөрчиж, Увс аймгийн Хяргас сумын 2 дугаар багийн нутаг “Нүхт” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 6.356 метр куб нойтон шинэс мод,

мөн тус сумын 2 дугаар багийн нутаг “Хавчиг зураа” гэх газраас  өөрийн ээж Ж.Ц-ын нэр дээрх 094112 дугаартай түлшний мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу түлшний мод бэлтгэхгүйгээр хэрэглээний  45 ширхэг буюу 2.9773 куб метр хуурай шинэс мод  бэлтгэсэн нь тус тус тогтоогдсон байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-т “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, мөн хуулийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”  гэж заасны дагуу  шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг  хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

   Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн талаар  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан  шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа “Шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг  торгох ялаар сольж өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх  ялыг  сонгож, гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэхээр  тогтоосон нь  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд тохирсон байна

Нөгөө талаар, шүүгдэгч Ж.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 71 дүгээр  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                               Н.МӨНХЖАРГАЛ