Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/01205

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01051 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нд холбогдох,

 

24 670 419 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь  хариуцагчид 2018.03.26-ны өдөр 10.000 ам.долларыг, 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, хүүг сар бүр, үндсэн зээлийг жилийн дараа зээлдүүлэгч талд буцаан олгохоор тохиролцон гэрээг аман хэлбэрээр байгуулсан. 2018.03.28-ны өдөр хариуцагч зээлийн хэмжээг монгол мөнгөөр 25 000 000 төгрөг буюу 10 305 ам.доллар болгох, өөрийн хамтран бизнес эрхлэгч нарын болон өөрийн харилцах дансаар хуваан авахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгч нь 10.305 ам.долларыг зээлдэгчийн өгсөн 409045595, 463001468, 499227313 тоот харилцах данс руу тус бүр 2 061 ам.доллар, хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны харилцах 460026709 тоот данс руу 4 122 ам.долларыг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн хүүг төлөөгүй ба зээлдэгчийн эд хөрөнгө, санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй нөхцөл байдал бий болсон тул зээлийг буцаан төлөхийг зээлдэгчид мэдэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Монгол банкны 2018.07.16-ны өдрийн зарласан валютын ханшаар 1 ам.доллар монгол төгрөгөөр 2 461,66 төгрөгөөр зарагдаж байгаа тул 25 367 406,3 төгрөгийг /10 305 ам.доллар 2461,66/ хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлдэгч зээлийн гэрээний зүйлийг ам.доллараар зээлсэн зорилго нь өөрийн ажилладаг санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулах зорилготой байсан бөгөөд тэрхүү санхүүгийн арилжааны байгууллагаас хөрөнгө оруулсан ам.долларын хэмжээнээс хамааран 7 хоног, сар улирал, гэх мэт хугацаагаар тодорхой хэмжээний ашиг хүртэх боломжтой. Талуудын тохиролцооны явцад зээлдэгчийн хүссэн ам.долларын үнийн дүн 10 305 ам.доллар болж өссөн. Өсөх болсон шалтгаан нь хөрөнгө оруулах хэмжээ 2 061 ам.доллар, 4 122 ам.доллар гэсэн хүснэгттэй болж хөрөнгө татах тохиролцоонд өөрчлөлт орсон гэж хариуцагч тайлбарласан. Нийт 10 305 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны 460026709, 499227313, 462001468, 409045595 тоот харилцах дансуудаар тус тус 2018.03.28-ны өдөр зээлдүүлэгчээс хүлээн авсан. 2013.08.28-ны өдөр Монгол банкнаас зарласан валютын ханшаар 1 ам.доллар 2 394,03 төгрөгтэй тэнцэж байсан. Гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дараа зээлдүүлэгчээс мөнгөн зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр баталгаажуулахыг, хэлцлээр тохиролцсон сарын хүүг хугацаа алдахгүйгээр төлж байхыг хэлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 06 дугаар сард хариуцагчтай аман хэлцлээр байгуулсан гэрээнээсээ татгалзаж байгаагаа илэрхийлэн хэлж, зээлийг эргүүлэн өгөхийг шаардсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзсаны үр дагавар болон зээлдэгч зээлийг хугацаанд төлөх чадваргүй болсон зэрэг нөхцөл байдал бий болсон тул зээлийг нэн даруй шаардаж байгаа тул хариуцагчаас 10 305 ам.доллар буюу 24 670 419 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аман гэрээгээр мөнгө зээлж аваагүй. 2018.03.28-ны өдөр хариуцагчтай холбогдон Худалдаа хөгжлийн банкны дансаа ашиглуулаач, Stamford traiding technologies LP компанид нэг хүн хөрөнгө оруулалт хийх гээд чиний дансыг ашиглаад Advcash төлбөрийн системээр дамжуулан хөрөнгө оруулалт хийе гэж хэлэн хариуцагчийн дансыг авсан юм. Хариуцагчийн дансаар орж ирсэн 4 122 ам.доллар нь Advcash төлбөрийн систем буюу дундын интернет банкиар дамжин нэхэмжлэгчийн Stamford traiding technologies LP компанийн хувийн дансанд байршсан.

Нэхэмжлэгч Stamford traiding technologies LP компанид онлайн гэрээг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийсэн гэж Н.С хэлсэн. Өөрийн хүслээр хөрөнгө оруулалтын компанид хариуцагчийн дансыг ашиглаж хөрөнгөө байршуулсан. Хариуцагч дансыг ашиглаж 2018.03.28-ны өдөр хийсэн гүйлгээний утган дээр нэхэмжлэгчээс 1 жилийн хугацаатай гэж бичсэн нь Stamford traiding technologies LP компанид жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийхээ тодотгон бичсэн болно. Нэхэмжлэгч 2018.07.05-ны өдөр хариуцагчийн дугаар болон спонсор гэх Н.С, компанийн талаар шинэ мэдээлэл асуусан. Үүнийг болон гэрээ байгуулагдаагүй болохыг Stamford traiding technologies LP компанид хөрөнгө оруулалт хийсэн М.С гэрчилнэ. Нэхэмжлэгчийн мөнгө нь Stamford traiding technologies LP компанийн өөрийнх нь хувийн дансанд нь байгаа. Stamford traiding technologies LP компанийн үйл ажиллагаа түр доголдсоны улмаас олон хүн хөрөнгө оруулалтаа буцааж авах гээд цагдаад хандсан байгаа. Дээрх Stamford traiding technologies LP компанийн талаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн Б.Н болон компанийн захирал Н.Бат-Эрдэнэ, Н.С нарыг шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наас 9 868 191,66 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 802 287,49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 172 841 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 4 122 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь төлбөрийн баримтад зээл гэсэн үг бичигдээгүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ буцаан төлөхийг шаардсан нь үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх зөвхөн гэрч Н.Сгийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг компанид хөрөнгө оруулсан байдлыг нотлогдоно гэж үзэхэд хангалтгүй гэж буруу дүгнэсэн. Гэрч М.С нэхэмжлэгч, хариуцагчаас зээлийг эгүүлэн төлөхийг шаардсан талаар огт яригдаагүй болохыг гэрчилсэн байхад зээлийг эгүүлэн өгөхийг шаардсан гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч компанид хөрөнгө оруулсан болохыг гэрч Н.С, н.Бат-Эрдэнэ, Е.Шийтэр нар гэрчилсэн байхад зөвхөн хариуцагчийн дансанд шилжсэн 4 122 ам.долларыг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Бусад 3 хүний дансанд шилжсэн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нь компанид хөрөнгө оруулсан болохыг давхар нотолсон гэж үзэж байна. Мөн 10 000 ам.долларыг Стейнфорд компаний Эдвейшн дансанд шилжүүлсэн талаарх сайтнаас авсан баримтыг шүүхээс үнэлээгүй гэжээ.

 

                                                            

                                                             ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 670 419 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн гэрээ байгуулагдаагүй, шилжүүлсэн 4122 ам.долларыг нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан гадаадын компанийн цахим дансанд байршуулсан” гэж маргасан. /хх-1-2, 19-21/

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Б.Нын 460026709 тоот дансанд Б.Бээс 4 122 ам.долларыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь Г.А, М.Э, Ч.Г нарт тус бүр 2 061 ам.долларыг 1 жилийн хугацаатай гэсэн гүйлгээний утга бүхий бичилтээр тус тус шилжүүлжээ. /хх-9-12/

 

Нэхэмжлэгч Б.Б нь дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээл байсан бөгөөд хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэсэн бол хариуцагч нь “ миний төлбөрийн системийг ашиглаж 2018 оны 03 дугаар сарын 28-нд гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Миний дансаар орсон гэх мөнгө нь дундын интернет банкаар дамжин тус гадаадын компани дахь  нэхэмжлэгчийн хувийн дансанд байршсан гэж татгалзжээ. / хх-19/

 

Нотлох үүргийн хуваарилалтаар авч үзвэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан, өөрөөр хэлбэл 10 305 ам.долларыг хариуцагчийн өмчлөлд зээлийн гэрээгээр шилжүүлсэн гэдгээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч нь өөрийнх нь дансанд шилжиж орж ирсэн 4 122 ам.долларын мөнгөн хөрөнгийг зээлээс өөр төрлийн гэрээний харилцаанд хүлээн авснаа, мөн буцаан төлсөн буюу нэхэмжлэгчийн дансанд байршуулснаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч хүлээн авсан мөнгөн хөрөнгөө хэрхэн ашигласнаа нотлохоор хэргийн 21, 22-46 талд цахим баримтыг заасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн анхан шатны шүүхээс талуудын хоорондын маргаантай асуудлаар үүссэн, тухайн маргаанд хамаарах эрүүгийн хэрэг үүссэн гэх баримтгүй гэж зөв дүгнэжээ.  /хх-61/

Хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Н.С, М.С нарын “...Б, ээж, дүү аавын хамт хөрөнгө оруулалтын багт орсон, Б 10 000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм билээ” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь гадаадын компанид хөрөнгө оруулалт хийж байсан гэх үйл баримт тогтоогдсон хэдий ч хариуцагч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан 4 122 ам.долларын мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь ашиг тусын тулд захиран зарцуулсан гэх үйл баримтыг гэрчүүд нотолж чадаагүй. /хх-77/. Иймд анхан шатны шүүхийн хүлээн авсан мөнгөө цааш нь хэрхэн зарцуулснаа хариуцагч нотлоогүй гэх дүгнэлт үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгчийн  хариуцагчид мөнгө шилжүүлэх болсон “ Б.Нын дансаар дамжуулан гадаадын компанийн дансанд байршуулах” үндэслэл тогтоогдсон байхад эрх зүйн талаас нь шаардах эрхийг зохицуулсан хуулийн заалтыг зөв баримтлаагүй байна.  Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Тухайн тохиолдолд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гадаадын компанийн дансанд байршуулахтай холбоотой, тодорхой үйлдэл хийлгүүлэхээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд байршсан гэдгийг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэж үзэж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. Мөнгө шилжүүлсэн баримт дээрх дан ганц “ нэг жилийн хугацаатай” гэх бичвэрээр зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүхээс 14 802 287 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/01051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.3” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 841 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД