| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2021/0048/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 29
У.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, У.Мд холбогдох, 2135000000023 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, Б.Лхагважав нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч У.М /цахимаар/, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, Б.Лхагважав /цахимаар/, хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.
Шүүгдэгч У.М нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ өөрийн нөхөр Ч.Аийн аягатай хоолонд хугалж жижиглэсэн зүүг олноор нь хийж, түүнд идүүлж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б ургийн овогт У-гийн М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахыг завдсан гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Мд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч У.Мгаас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мгийн цагдан хоригдсон 7 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн рентген зураг, сиди-г хэрэгт хадгалж, зүүний хугархай 37 ширхэг, бүтэн зүү 7 ширхэг, бор өнгийн аяга 1 ширхэг, улаан өнгийн иштэй бахь 1 ширхгийг тус тус устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
шүүгдэгч У.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ч. А-ийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар У.М нөхрөө алахыг завдсан гэх үйлдэл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэгт Ч. А-ийн гэр дотроос эд мөрийн баримтаар хураагдсан гэх олон тооны зүүг хэн хаанаас, хэрхэн авч ирснийг шалгаж тогтоогоогүй, мөн хохирогчийн хоолноос 8 ширхэг зүүний хугархай гарсан гэдгийг Ч.А өөрөө л хэлдэг болохоос өөрөөр нотолсон баримт хэрэгт авагдаагүй, давхар нотлогдож тогтоогдоогүй. Гэрчүүд болон хохирогч, холбогдогч нарын мэдүүлгээр У.М, Ч. А нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй, нөхрийнхөө амь насыг хорлох хэмжээний зөрчил үүсэж байгаагүй нь тогтоогдсон байна. Хэрвээ У.М нөхрөө алахыг хүссэн бол тэрхүү үйлдлийг хийхэд хүргэх болсон ямар шалтгаант холбоо байсан талаар хэрэгт тогтоогдсон зүйл байхгүй байна. Харин Ч. А эхнэрээ хардсан, өөрөөс нь салах вий гэдэг шалтгаанаар түүний хоолонд зүү хийсэн гэх байдлаар хэргийг урьдчилан төлөвлөж өөрөө зориудаар зүү залгисан байх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг.
Ч.А У.М нар гэрлэснээс хойш хүүхэдтэй болоогүй бөгөөд сүүлд үрчилж авсан хүүхэд нь нас барсан учир Ч.А эхнэрээ өөрөөс нь салах вий гэж бодсон учир ийм үйлдэл гаргасан байхыг үгүйсгэхгүй. Учир нь хохирогчийн ходоодонд байх 7 ширхэг зүүний хугархай нь хоолой, ходоод, гэдсэнд гэмтэл учруулаагүй, түүнд ямар нэгэн гэмтэл учраагүй гэсэн шинжээч эмчийн дүгнэлтээс харагдаж байна.
Хэргийн газрын үзлэг хийх үед Ч.Аийн гэрээс 28 ширхэг зүүний хугархай олдсон байдаг. Миний үйлчлүүлэгч У.М нь өдөр болгон гэрээ цэвэрлэдэг, Ч.А ч энэ талаар хэлсэн байдаг. У.Мг цагдаа нар ирээд бариад явах үед тэр олон тооны зүү олдоогүй бөгөөд У.Мг баригдаад явсны дараа олдсон байдаг. Тэр зүү ямар аргаар яаж тэр гэрт орж ирсэн, тэр өдөр болгон цэвэрлэдэг гэрт яагаад тийм их хэмжээний зүү гэнэт гарч ирсэн зэргийг огт тогтоогоогүй. Яг тэр зүү Ч.Аийн хоолноос гарч ирсэн эсэхийг хэн ч хараагүй. Тэдгээр зүүний эх сурвалжийг огт олж тогтоогоогүй.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо: “У.М нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан бөгөөд хохирогчтой хамт амьдрах сонирхолгүй байсан нь хохирогчийн хоолонд зүү хийх сэдэл зорилго болсон” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл У.Мг гэр бүлээс гадуур харилцаатай яриаг хохирогчийн ээж, хамаатан садан нь гаргасан байдаг. Шүүх шүүгдэгчийг гэр бүлээс гадуур харилцаатай эсэх талаар тогтоосон зүйл байхгүй хэрнээ үүнийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч У.Мтай гэр бүлээс гадуур харилцаатай гэгддэг Мөнхсайхан гэх залуу нь Мд дээлний даавуу захисан байдаг. Хөдөөний хүмүүс нэгэндээ хэлж дээл оёулах, дээлний материал захих зэрэг бол байдаг л зүйл. Ийм үйлдлээр хүнийг гэр бүлээс гадуур харилцаатай гэж үзэж болохгүй. У.М нь А-тай гэрлэж, 9 жил амьдрах хугацаандаа хоёр ч удаа жирэмсэн болсон боловч эндсэн. Мөн энэ хэрэг гарахаас сар гаруй хугацааны өмнө үрчилж авсан хүүхэд нь нас барсан. Хэрвээ У.М нь гэр бүлээс гадуур харилцаатай болоод Ч.Аээс салах бодолтой байсан бол хүүхэд хүртэл үрчилж авахгүй л байсан. Дээрх нөхцөл байдлаас У.М нь хохирогч Ч.Аээс салах санаа зорилго агуулаагүй болохыг харуулж байна.Хүн хоол идэхдээ хоолонд нь ганц ширхэг хялгас орсон байсан ч хахдаг. Гэтэл Ч.А 7 ширхэг зүүг яаж огт хахахгүйгээр идсэн тал дээр анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан.
Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүгдэгч У.Мг гэм буруутай гэж үзэх хангалттай нотолгоо болохгүй бөгөөд харин ч эсрэгээр нь гэм буруугүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар шууд тогтоогдсон гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу У.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын хэрэгт холбогдуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Эрх бүхий албан тушаалтан нь энэ хэрэгт ажиллагаа явуулж, хэргийн газрын үзлэг хийж нотлох баримт цуглуулахдаа хөндлөнгийн гэрч байлцуулахгүйгээр зөвхөн хохирогчийг байлцуулж, нотлох баримт цуглуулсан байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн Эгийн мэдүүлгийн зөрүүгийн хувьд гэрч Э нь “М хоолны шкафын урд удаан зогсоод байсан” гэж мэдүүлсэн байдаг боловч үүнийг эрх бүхий албан тушаалтан гэрчээс бүрэн тодруулаагүй. Эрх бүхий албан тушаалтан өөрийн хийсэн ажиллагааг прокуророор баталгаажуулсан өдөр хоногийн хувьд зөрүүтэй зүйл мөн байсан гэдгийг анхаарч үзнэ үү.
Шинжээчийн дүгнэлтэд “хохирогчийн хэвлийн хөндийд 7 ширхэг зүү мэт зүйл байна” гэж дурдсан байгааг шууд зүү гэж дүгнэх боломжгүй. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бахиар шүүгдэгч тухайн зүүнүүдийг хугалсан гэж үзэх боломжгүй. Учир нь тухайн бахь дээрээс шүүгдэгчийн хурууны хээ олдоогүй зэрэг эргэлзээ байгаа. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлоо дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч У.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргийг үнэхээр үйлдээгүй. Зөвхөн Ч.А л хоолноосоо зүү гарсан гэж хэлж байгаа. Ч.А нэг ширхэг төмөр барьсан байсан. Тэр төмрийг Ч.А хаанаас гаргаж ирснийг би мэдээгүй. Би Ч.Атэй 10 гаруй жил ханилсан бөгөөд хоёр ч үр хүүхдийг нь гаргаад алдсан. Сүүлд хүүхэд өргөж авсан боловч өргөж авсан хүүхэд маань нас барсан. Ч.А намайг өөрөөс нь салчих вий гэсэндээ намайг ингэж хорлож байгаад маш их гомдож байна. Үнэн мөнийг олж намайг цагаатгаж өгнө үү. Би өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хоёр өмгөөлөгч тус тусдаа давж заалдсан гомдол гаргасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн хувьд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн буюу прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан юм байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “үзлэгийн үед хэв загвар дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримталж явуулна” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэл байгаа юм. Эрх бүхий албан тушаалтан нь прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа тохиолдолд прокурорт холбоо мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж, 24 цагийн дотор түүнийгээ хүчинтэйд тооцуулах саналыг прокурорт ирүүлнэ. Үүний дараа прокурор эрх бүхий албан тушаалтны явуулсан ажиллагаа үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд түүний явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол гаргадаг байгаа. Энэ журмын дагуу У.Мд холбогдох хэрэгт хийгдсэн ажиллагааг хуульд заасан журмын прокурор хүчинтэйд тооцсон байгаа. Мөн тус гомдолд гэрч Э-ийн мэдүүлгийн зөрүүг арилгах гэж бичсэн байсан бөгөөд Э ямар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, Э-ийн мэдүүлэг хэний мэдүүлгээс зөрсөн эсэх талаар ямар ч тодруулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзсэн бол хэргийг прокурорт буцаах байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдсан гомдлын тухайд прокуророос У.Мг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолж тогтоосон, хавтаст хэргийн хүрээнд хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн давж заалдах гомдлын хувьд энэ асуудлаар анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж байсан. Мөрдөн байцаагч нь хэргийн газарт үзлэг хийхдээ прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг бөгөөд хэргийн газрын үзлэг хийх явцад эд мөрийн баримтаар эд зүйл хураан авах зайлшгүй шаардлага үүсч, прокурорын зөвшөөрөлгүйгээр эд мөрийн баримтаар эд зүйлийг хураан авсан боловч хуулийн хугацаанд прокуророор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулсан байдаг. Мөрдөн байцаагч нь хэргийн газрын үзлэг хийх явцдаа зүүний хугархай 28 ширхэг, бүтэн зүү 3 ширхэг, анальгин нэртэй тариа, алое нэртэй тариа 2 ширхэг, тариур 1 ширхгийг хураан авсан байдаг. Энэ ажиллагааг прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хавтаст хэрэгт авагдсан гэрч Эгийн 2 удаагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна гэдэг байдлаар гомдол гаргасан байна.
Гэрч Эгийн хувьд хэрэг гардаг өдөр Ч.Аийн гэрт дээлний товч шилбэ хадаад байж байсан бөгөөд тэр айлын оройн хоол болох бантангаас идсэн юм. Тэрээр “У.М эгч намайг утсаар дуудаж Ч.Аийн гэрт би орсон” гэж нэг мэдүүлээд, сүүлд “Мгийн хадам ээж намайг дуудаж Ч.Аийн гэрт оруулсан” гэж хоёр өөр мэдүүлэг өгсөн байдаг боловч гэрч Э ямар байдлаар тэр айлын гэрт дуудагдаж орсон нь хэрэгт ач холбогдолгүй юм. Иймд гэрч Эгийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагагүй гэж үзэж байгаа.
Харин гэрч Э нь “М хоол аягалсан, тэгээд шүүгээний урд эргэлдэж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ байр суурийг хамгаалж шүүх хуралдаанд оролцдог. Гэтэл М нь надад холбогдох хэргийг цагаатгаж өгөөч гэдэг байр суурийг илэрхийлж байхад өмгөөлөгч нь хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Иймд шүүгдэгчийн хувьд өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй байгаа үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдах гомдлын хувьд зөвхөн Ч.Аийн мэдүүлгийг үндэслэн У.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад тухайн хэрэг гардаг өдөр хэрэг гарсан газарт байсан гэрчүүдээс авсан мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг авагдсан байгаа. У.Мг цагаатгах талын ямар ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ тухайн хоолыг бэлэн болгоод гэрт байсан хүмүүс болон өөртөө аягалсан хүн нь У.М байгаа. Өөр Ч.Аийн аяганд хоол аягалсан хүн байхгүй. Хохирогч Ч.А хоолоо идэх гэж байхад гэрч Ганзориг орж ирсэн бөгөөд Ч.А нь аягатай хоолоо тавиад Г-т хоол аягалж өгсөн байдаг. Гэрч Г “Ч.А аягатай хоолноосоо зүү гаргаж ирээд, энэ хоолонд зүү байна гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч Ч.А нь тэр өдрөө хажуу айл руугаа орж хөрш болох Пүрвээ, Энхцэцэг нарт болсон үйл явдлын талаар хэлсэн байдаг.
Шүүгдэгч У.Мгийн гэм буруу нь зөвхөн хохирогч Ч.Аийн мэдүүлгээр нотлогдож байгаа юм биш, бусад гэрчүүдийн мэдүүлгээр ч тогтоогдож байгаа юм. Мөн У.Мгийн ээж Оюунцэцэг “Охин хэлэхдээ ямар учиртай төмөр байсныг мэдэхгүй. Нарийн төмөр байсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Ч.Аийн аягатай хоолноос төмөр гараад ирсэн гэж У.М өөрөө ээждээ хэлсэн байдаг юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Ч.А нь амиа хорлох хэмжээний сэтгэл зүйн дарамтад орсон зүйл байхгүй бөгөөд сэтгэцийн дүгнэлтээр оюун ухааны хувьд хэвийн, хэрэг хариуцах чадвартай. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн У.Мд холбогдох, 2035000000087 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч У.М нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ өөрийн нөхөр Ч.Аийн аягатай хоолонд хугалж жижиглэсэн зүүг олноор нь хийж, түүнд идүүлж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх ба хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэв.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг гарсан 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр У.М гэртээ хоол хийж, нөхөр Ч.Аийн аяганд хоол /бантан/ хийж тавьсан, Ч.А тухайн аягатай хоолыг идэх явцад зүүний хугархай хэсэг гарч ирснийг эхнэр У.Мд үзүүлж, яагаад аягатай хоолноос зүүний хугархай гарч ирж байгаа талаар асуусан, энэ байдлыг гэрт хамт хоол идэж байсан Н.Ганзориг харж мэдсэн, тухайн нөхцөл байдлаас үүдэж Ч.А аягатай хоолоо гүйцэт идэхгүй орхиж, гэрээсээ гарч явсан, гарч явсан хойгуур эхнэр У.М уг хоолны үлдэгдлийг гар угаалтуурын хувин уруу асгаж, аягыг угааж тавьсан, Ч.Аийн хэвлийд 7 ширхэг гадны биет буюу зүүний хугархай хэсэг байсан нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн хэвлийн тойм рентген зургаар илэрсэн, Ч.Аийн гэрт 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгээр угаалтуурын хувин /төмөр сав/ дотроос 23 ширхэг зүүний хугархай хэсэг, гэрийн бусад газраас 5 ширхэг зүүний хугархай хэсэг илэрсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Ч.Аийн биед орсон гадны биет буюу зүүний хугархай хэсгүүд түүний биеэс гадагшилсан ба хэвлий, дотор эрхтэнд гэмтэл үүсгээгүй буюу зүү залгиснаас түүний биед гэмтэл учраагүй болох нь хэрэгт авагдсан, хүний биед үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 61 тоот дүгнэлт, шинжээч эмч Н.О, Ж.Н нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Хүний биед орсон гадны биет буюу зүүний хугархай хэсэг биеэс гадагшлаагүй тохиолдолд нарийн бүдүүн гэдэсний хөндийд байрлаж, улмаар гэдэсний ханыг цоолж гэмтээх, үрэвсэл үүсгэснээс цус алдах, гэдсэн дэх агууламж хэвлийн хөндийгөөр тарж эд эрхтэнд үрэвсэл үүсгэснээр амь нас эрсдэх аюултай нөхцөлд хүргэх, мөн хэвлийн хөндийн идээт үрэвсэл нь цусаар дамжиж элэг, бөөр, тархи, зүрх, уушиг гэх мэт эрхтнүүдийг өвчлүүлснээр олон эрхтний дутагдалд орж амь нас эрсдэх аюултай нөхцөл үүсч болох тухай шинжээч эмч мэдүүлснээс дүгнэхэд зүү залгиснаар хүний амь нас хохирох үр дагавартай байна.
Шүүгдэгч У.М нь зүүний хугархай залгиснаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж олон тооны зүүг хугалж жижиглэн өөрийн нөхөр Ч.А-ийн аягатай хоолонд нууцаар хийж идүүлэн хүний амьд явах үндсэн эрхэд халдсан үйлдэл санаатай хийсэн боловч хохирогчийн биеийн онцлог, тухайн биетийн хэлбэр, хэмжээ зэргээс шалтгаалж амь нас, эрүүл мэндэд нь хохирол учраагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүнийг алах гэмт хэрэг төгсөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулах журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын “шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. У.М нь энэ гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу У.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн “У.Мд холбогдох хэрэгт ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэж байна. 2021-01-25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй хийсэн ажиллагааг прокурор баталгаажуулсан өдөр хоногийн хувьд зөрүүтэй байгаа. Мөн гэрч Эгийн мэдүүлгийн зөрүүг арилгуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч У.М нь өөрийн нөхөр Ч.Аийн аягатай хоолонд хугалж жижиглэсэн зүүг олноор нь хийж, түүнд идүүлж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хохирогч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, тогтвортой мэдүүлэг өгсөн ба түүний удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт ач холбогдол бүхий, үнэн зөв, эргэлзээгүй, хэргийн үйл баримтыг тогтоосон бусад нотлох баримтуудтай нийцсэн байх тул түүний өгсөн мэдүүлгүүдийг нотолгооны ач холбогдолтой гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нөгөө талаар хохирогч Ч.А нь өөрийгөө хорлох зорилгоор зүү хугалж бэлтгэсэн, хоолондоо зүү хийсэн, зүү залгисан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгч Б.Лхагважавын гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу прокурорын зөвшөөрөлтэй явуулах мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болохоор хуульчилсан ба харин энэ ажиллагааг явуулахдаа мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг прокурорт хүргүүлэх, прокурор мөрдөгчөөс ирүүлсэн нотлох баримт, тайлбартай танилцсаны дараа мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсвэл мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгохоор тус тус хуульчилсан байна.
Увс аймаг дахь цагдаагийн газрын Сагил сумын хэсгийн төлөөлөгч Г.М 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Аийн “идэж байсан хоолноос зүүний хугархай хэсгүүд илэрсэн” гэх гомдол мэдээллийг үндэслэн түүний гэрт үзлэг хийж, эд зүйл хураан авах ажиллагаа явуулсан байх бөгөөд мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүй явуулсан эд зүйл хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулах хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор,
мөн Увс аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад О.С 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ч.Аийн гэрт дахин үзлэг хийн эд зүйл хураан авах ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан эд зүйл хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулах хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тус тус хүчинтэйд тооцсон байна.
Мөрдөгч хэргийн газарт үзлэг хийх, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан, хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл хураан авах ажиллагаанууд нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд уг ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Эгаас 2 удаа мэдүүлэг авсан байх ба түүний мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч У.Мгийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Шүүгдэгч У.Мгийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч У.Мгийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН