Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 112/ШШ2023/0013

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын байцаагч В.Н-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Н зөрчлийн 32/01 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч Ю.Ч-тод 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар арга хэмжээ авч 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг 2023 оны  02 дугаар сарын 28-ний өдөр аймгийн Ерөнхий прокуророос баталсан удирдамжийн дагуу татаж, хяналаа.

           Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн холбогдогч Ю.Чтын мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтууд гомдлын материалд цугларчээ. Мөн гомдлын материалд хэнээс, хэзээ, ямар утгатай ирүүлсэн болох нь тодорхойгүй байна.

           Эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Н зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа хохирогчоос мэдүүлэг аваагүй дан ганц холбогдогч Ю.Чтоос 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авсан мэдүүлэгт үндэслэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Торгууль оногдуулж шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж, хууль буруу хэрэглэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй хууль буруу хэрэглэж, хуулийн оногдуулах шийтгэлийг буруу бичиж, шийтгэл оногдуулсан үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Нын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дугнэлт бичив гэжээ.

            Хариуцагч Татварын  хэлтсийн улсын байцаагч В.Н  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг. В овогтой Н миний бие Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/А дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч В.Нын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

          Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч В.Н нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 4 дүгээр сарын  21-ний  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

          Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, улсын хяналтын байцаагч В.Нын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *******  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ