| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1738/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2070 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | О.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2070
2025 09 02 2025/ШЦТ/2070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
иргэдийн төлөөлөгч А.Солонго,
шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт П-жийн Гэд холбогдох эрүүгийн 2506 03748 1628 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд
Булган аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дүгээр хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,
Булган аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
Булган аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 6 жил хорих ял оногдуулсан хорих ялд багтаан нийт 6 жилийн хорих ялаар,
Булган аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,
****** овогт П-ийн Г /регистрийн дугаар: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Г нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ****** тоот хашаанд хохирогч С.Чтай тухайн нөхцөл байдал үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн цээжин тус газар, зүүн бугалганд тус бүр 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь биед цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,
Гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 132-134-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1082 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-46-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-53, 68-69-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх: “...П.Г нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, ****** тоот хашаанд хохирогч С.Чтай тухайн нөхцөл байдал үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн цээжин тус газар, зүүн бугалганд тус бүр 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь биед цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч П.Г “гэм буруугийн талаар маргахгүй” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.Г нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, ****** тоот хашаанд хохирогч С.Чтай тухайн нөхцөл байдал үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн цээжин тус газар, зүүн бугалганд тус бүр 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь биед цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,
Хохирогч С.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би өөрийгөө хутгалаагүй, П.Г намайг хутгалсан, бид хоёроос өөр хүн байгаагүй...Би сэтгэл санааны хохирлоо тогтоолгохгүй... Гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой..... цагдаа дуудчихаад ороод үзэхэд 2 давхарынхаа жижиг өрөөнд орон дээрээ цээжээ тэвэрчихсэн, хажууд нь 2 ширхэг алчуур цус болчихсон, дуу гаргаад сууж байхаар нь арай үхэхгүй юм байна гэж хэлчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 1082 дугаартай “...С.Чын биед цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Тогтоогдсон үйл баримт болох П.Г нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, ********* тоот хашаанд хохирогч С.Чтай тухайн нөхцөл байдал үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн цээжин тус газар, зүүн бугалганд тус бүр 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь биед цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, П.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийн биед хутгаар халдах үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогч С.Чын биед хүнд зэргийн буюу “цээжний хөндийн нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учирсан болох нь түүний мэдүүлэг, гэрч Н.Нанжаа, шүүгдэгч П.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн хохирогч, гэрч, шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч П.Гийн халдсан гэх цаг хугацаанд хохирогч С.Ч нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрт учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон нь түүний биед учирсан гэмтэл, хохирлыг П.Г учруулаагүй гэж үзэх эргэлзээ бүхий баримт тогтоогдсонгүй.
Иймд П.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч С.Ч нь өөрийн биед учирсан гэмтэл, хохиролтой холбоотой 600,000 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх тул хохирлыг шүүгдэгч П.Гээс гаргуулж, хохирогчид олгуулж шийдвэрлэв.
Харин хохирогч С.Ч энэ хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний баримтаа, мөн гэм хорын хохирлын баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч П.Гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Түүнчлэн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Чын энэ хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 3,090,000 төгрөгийг шүүгдэгч П.Гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “... Шүүгдэгч П.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял оногдуулах, уг хорих ялын нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч П.Г: “... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэх агуулга бүхий тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч П.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч П.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт П-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Гийг 5 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гээс 600,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Чт, мөн 3,090,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулсугай.
7. Хохирогч С.Ч энэ хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний баримтаа, гэм хорын хохирлын баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч П.Гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР
ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧ М.СОЛОНГОО