| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00434/И |
| Дугаар | 155/ШШ2023/00665 |
| Огноо | 2023-06-16 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2023/00665
| 2023 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2023/00665 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/00343/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С ******,
Хариуцагч: Д.Б******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа ********** албадан чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С***** нь хариуцагч Д.Б******* холбогдуулан ******** тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа Д.Б-ээс албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа Д,Б нь 20*** оноос эхлэн одоог хүртэл манай аав хуучин эзэмшиж байсан хашаанд амьдарч ирсэн. Хашаанаас зөндөө олон удаа гар гэж хэлсэн боловч огт гардаггүй. Би хашаанаасаа гаргах гэж Д.Б 3 жил Мөрөнгийн төвөөр хайгаад олоогүй. Хүн очихоор хашааныхаа хаалгыг огт онгойлгож өгдөггүй. Эхнэртэй нь холбогдохоор би мэдэхгүй. Би өвчтэй, зовлонтой хүн, чи Батсүхтэй л ярь гэдэг.
Би саяхан хүнд хашаа байшингаа зарлаа, танайх манай хашаа байшингаас салж чадахгүй бол худалдаж ав гэхэд тийм их мөнгө байхгүй, 18 жил амьдарчихсан хашаа байшингаа өгч чадахгүй гэсэн.
Иймд одоо миний өмчлөлд байгаа ********* эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө***********дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа ************ албадан чөлөөлж, зөрчигдсөн эрхийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийнхэн Хөвсгөл аймгийн******** сумын 1 дүгээр багийн ****** дүгээр гудамжны *** тоотод 1995 онд нүүж ирж байсан. Манай аав зах дээр ажил хийдэг хүн байсан болохоор холоос явахад хөл өвдөөд байна, зах руу ойрхон хашаа, байшин авъя гэж шийдсэн. Ингээд 20*** онд манай аав хашаа байшингаа хүнд зарахаар болчихлоо гэсээр ирсэн. Тэр нь ****** гэдэг хүн байсан. Тухайн хүн нь мөнгө өгөхгүй байсан учир манай аав хэсэгтээ хашаа, байшингаа суллаж өгөхгүй гэсэн боловч Д.Б нь та надад хашаагаа суллаад өгчих би таньд мөнгийг чинь өгье гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь манайх зах руу ойртож хамаатныхаа ахын хашаанд буусан. Хэсэг хугацааны дараа Д.Б гэх хүн нь манай аавд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ над руу шилжүүлээд өгчих гээ хэлсэн боловч манай аав мөнгөө авч байж шилжүүлнэ гээд шилжүүлээгүй. Бид нар ч том болоод гэртээ нэг их ирээгүй учраас энэ талаар хөөцөлдөж явж байгаагүй. Энэ мэтээр явсаар байгаад 2009 онд манай аавын бие муудаад эгч бид нарыг дуудсан. Тэгээд аав манай том эгчид Д.Б гэх хүнээс одоо болтол аав нь хашаа, байшингийнхаа үнийг аваагүй, аваарай гээд эгчид хашаа, байшингийнхаа гэрчилгээг өгсөн байдаг. Манай аавыг нас барсны дараа хариуцагч нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахаар ирсэн ч манай ээж өгөөгүй байсан. Тэгээд манай эгч нөгөө хашаа байшингаа зарахаар болоод бид нараас нь асуусан, бид нар хүлээн зөвшөөрсөн. Манай эгч хариуцагчтай очиж уулзаад хашаа, байшингаа авъя гэхэд Д.Б нь бид нар луу юу яриад байгаа юм бэ? би 10 гаруй жил амьдарч байгаа, миний хашаа, байшин гэж хэлээд бид нарын дунд маргаан үүсч, хууль хяналтын байгууллагад хандахаар болсон. Хариуцагчтай бид нар уулзахаар очиход хаалгаа огт онгойлгож өгдөггүй, утас руу нь залгахад холбогддоггүй, нэг бол өөр хүн аваад хариуцагчийг байхгүй байна гэж хэлдэг. Манай эгч хотод байдаг учраас байнга наашаа, цаашаа ирж очих нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул намайг тухайн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байна. Мөн хариуцагч нь 00-гүй, хүн амьдрах боломжгүй байсан гэж тайлбартаа бичсэн байна. Энэ нь худлаа. Тухайн хашаа, байшинд бид нар төрж өссөн, сайхан амьдарч байсан. Арай ч ингэж хэлж болохгүй байх. Би сая хөрш айлуудтайгаа уулзаад хариуцагчийн талаар ярьсан. Манай хөршүүд ямар хашаа, байшин байсан талаар мэдэж байгаа. Одоо манай эгчийн нэр дээр байгаа хашаа, байшингаа хариуцагчаас албадан чөлөөлүүлэх л хүсэлттэй байгаа. Хариуцагч нь би энэ хашаанд удаан амьдарч байгаа учир явахгүй, та нар хуулийн байгууллагаараа яваад надаас аваарай гэж хэлдэг.
Иймд одоо эгч Д.С өмчлөлд байгаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 2*** гудамжны *** тоотод байрлах 00*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 000767957 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа Д.Б-ээс албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 20*** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Х аймгийн М сумын *** дүгээр багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух Т.Д тэй харилцан тохиролцож тухайн үеийн ханшаар нь 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр түүний амьдарч байсан З тал хашаа, дамбагар захаар хийсэн 4х2м талбайтай 1,7м өндөртэй зуны амбаар, жижиг том хаалгагүй, муухан хашаа, байшинг худалдан авч тэр үед нь Т.Д газрын гэрээ, гэрчилгээг шаардахад гээчихсэн гээд канондсан хуулбар өгч, Д.Б надад зарсан гэсэн гар баримт үйлдэж өгсөн болно. Үүнээс хойш би газрын албанд хүсэлт гаргахад газрын гэрээ, гэрчилгээний эх хувь байхгүй гэсэн шалтгаанаар нэр дээрээ шилжүүлэн авч чадахгүй өөрийн хайнга байдлаас болж өдийг хүртэл орхигдуулсан байна. Дараа нь энэ хүнийг нас барсан гэсэн сураг сонссон. 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээл авах хэрэгтэй болж багийн Засаг даргаас тодорхойлолт авч байсан.
Энэ хашааг анх худалдаж авахад дээр дурьдсаны дагуу 00 байхгүй, хаалга үүд нь салаад уначихсан, зуны амбаарт нь хүн амьдрах боломжгүй байсан зэргийг би өдий хүртэл 00 хийж, хашааны нүүр сольж, хаалга үүд хийн нэгэнт 500,000 төгрөг өгч худалдан авсан учраас зуны амбаарыг хасч сэлбэн юм хураах амбаар болгож, 6x7 харьцаатай өвлийн дүнзэн байшин, 6x8 харьцаатай палкан мужааны ажлын байр барьж тохижуулан өдийг хүртэл цахилгааны төлбөр, газрын төлбөр бүх зохих хураамж татвараа төлсөөр ирсэн юм.
Гэтэл 2023 он гарснаас хойш Д.С гэх хүн нөхрийн хамт хашаа байшинг чинь зарлаа газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нэр дээрээ гаргаад авчихсан гэх зэргээр элдвээр дарамталж байнга утасдаж байна. Би 2022 оны 8 дугаар сараас хойш эхнэр тархины хорт хавдрын хагалгаанд орж, хашаа байшингаа хашаанд байгаа дүү Г.С захиж орхин эрүүл мэндийн шалтгаанаар хотод эмчлүүлж асрах зэргээр явж байх үед утсаар дарамталж байнга ярьж элдвээр хэлж ярьсаар өдийг хүрлээ. Эхнэр маань одоог хүртэл хараа орохгүй биеийн байдал хүнд байнга эмчийн хяналтанд аргагүй эрхэнд эмчлүүлж дүгээр эмнэлгийн ойролцоо байр хөлслөн амьдарч байгаа. Би нааш цааш ирж очин амьдарч байх хооронд ийм юм болж тун хүнд байдалд байна. Энэ Д.С гэх нэхэмжлэл гаргаад байгаа хүн энэ олон жилийн хугацаанд надтай огт уулзаагүй. Т.Д гээчихсэн гээд надад өгөөгүй бичиг баримтыг овжиноор ашиглан ийм бусармаг юм хийж байгаад туйлын их гайхаж байна. Би уг хашааг түүний аав Т.Д худалдан авч гарын үсэгтэй өөрийн гараар баримт бичиж өгсөн газрын гэрчилгээгээ гээсэн гэсэн үгэнд итгэн өдийг хүртэл хашаа байшиндаа амьдарч өчнөөн мөнгө төгрөг, цаг зав, нөр их хөдөлмөр, хөлс хүчээ гарган 2 өвлийн байшин барьж, амьдарч байсныг хөршүүд болон багийн Засаг дарга сайтар мэднэ.
Иймд өөрт үлдээсэн бичиг баримтаа Д.С овжиноор ашиглаж өв залгамжилж, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах зэрэг үйлдлийг хийж манай гэр бүлийг өвчин зовлонтой байх үед хүнд байдалд оруулж утсаар хүртэл дарамталж байгаад туйлын гомдолтой байна. Би өвчин зовлонтой байгаа үед хэл ам хийгээд яахав гэж хууль шүүхийн байгууллагад ийнхүү тайлбар гаргаж байна.
Цаашид нэхэмжлэгч Д.С нь энэ нэхэмжлэлээсээ татгалзахгүй намайг болон гэр бүлийг маань хохироох байдалд хүрвэл хашаанд хийсэн ажил, төлсөн хураамж барьсан 2 байшин бусад хийсэн ажлуудаа зохих журмын дагуу шүүхийн байгууллагаар нь үнэлүүлж сөрөг нэхэмжлэл хүртэл гаргах шаардлага гарч байна. гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 00*** , Х овгийн П.СХ аймгийн М сумын *** дүгээр баг ** дүгээр гудамж *** тоот хаягт байршилтай, 36м2 талбайтай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. гэсэн бичилт бүхий 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,
Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар **********, Хатгин овгийн ************ Х аймгийн М сумын *** дүгээр баг ** дүгээр гудамж *** тоот хаягт байршилтай, ******** нэгж талбарын дугаартай, 637м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. гэсэн бичилт бүхий 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн газрын гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар, Т.Д гараар бичиж өгсөн гэх өргөдөл, Т.Д хуулбарлаж өгсөн гэх газар эзэмших гэрээний хуулбар, Т.Д иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчийн 2009 оны 02 дугаар сард авч байсан банкны лавлагаа, 2009 оны 8 дугаар сард авч байсан 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, багийн Засаг даргын ам бүл болон байршлын схемын тодорхойлолт, 2009 онд хариуцагчийн газрын албанд гаргаж өгсөн өргөдөл, Д.Б, Д.О нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2009 онд гэрчилгээ авахаар төлсөн гэх Зоос банкны баримт, 2009 онд газрын төлбөр төлсөн Зоос банкны баримт, 2009 онд хураамж төлсөн Зоос банкны баримт, 2015 онд газрын төлбөр төлсөн Төрийн банкны баримт, 2010 оноос хойш цахилгааны төлбөр төлсөн гэх баримтууд, 2023 оны багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүхээс нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...20*** онд манай аав хашаа байшингаа хүнд зарахаар болчихлоо гэсээр ирсэн. Тэр нь Д.Б гэдэг хүн байсан. Тухайн хүн нь мөнгө өгөхгүй байсан учир манай аав хэсэгтээ хашаа, байшингаа суллаж өгөхгүй гэсэн боловч Д.Б нь та надад хашаагаа суллаад өгчих би таньд мөнгийг чинь өгье гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь манайх зах руу ойртож хамаатныхаа ахын хашаанд буусан. Хэсэг хугацааны дараа Д.Б гэх хүн нь манай аавд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ над руу шилжүүлээд өгчих гэж хэлсэн боловч манай аав мөнгөө авч байж шилжүүлнэ гээд шилжүүлээгүй. Энэ мэтээр явсаар байгаад 2009 онд манай аавын бие муудаад эгч бид нарыг дуудсан. Тэгээд аав манай том эгчид Д.Б гэх хүнээс одоо болтол аав нь хашаа, байшингийнхаа үнийг аваагүй, аваарай гээд эгчид хашаа, байшингийнхаа гэрчилгээг өгсөн байсан. Манай аавыг нас барсны дараа хариуцагч нь газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахаар ирсэн ч манай ээж өгөөгүй байсан. Тэгээд манай эгч нөгөө хашаа байшингаа зарахаар болоод бид нараас асуусан ба бид нар хүлээн зөвшөөрсөн. Манай эгч хариуцагчтай очиж уулзаад хашаа, байшингаа авъя гэхэд Д.Б нь бид нар луу юу яриад байгаа юм бэ? би 10 гаруй жил амьдарч байгаа, миний хашаа, байшин гэж хэлээд бид нарын дунд маргаан үүсч, хууль хяналтын байгууллагад хандахаар болсон. Бид Улсын бүртгэлийн байгууллагад зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эгч Д.С өөрийн нэр дээр гаргуулж авсан. Д.Б-н маргаж байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 2*** гудамжны *** тоотод байрлах ****** эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 000767957 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг Д.Б нь хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа... гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...Би 20*** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Х аймгийн М сумын *** дүгээр багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух Т.Д харилцан тохиролцож тухайн үеийн ханшаар нь 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр түүний амьдарч байсан З тал хашаа, дамбагар захаар хийсэн 4х2м талбайтай 1,7м өндөртэй зуны амбаар, жижиг том хаалгагүй, муухан хашаа, байшинг худалдан авч тэр үед нь Т.Д газрын гэрээ, гэрчилгээг шаардахад гээчихсэн гээд канондсан хуулбар өгч, Д.Б надад зарсан гэсэн гар баримт үйлдэж өгсөн болно. Үүнээс хойш би газрын албанд хүсэлт гаргахад газрын гэрээ, гэрчилгээний эх хувь байхгүй гэсэн шалтгаанаар нэр дээрээ шилжүүлэн авч чадахгүй өөрийн хайнга байдлаас болж өдийг хүртэл орхигдуулсан байна. Дараа нь энэ хүнийг нас барсан гэсэн сураг сонссон. Гэтэл 2023 он гарснаас хойш Д.С гэх хүн нөхрийн хамт хашаа байшинг чинь зарлаа газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нэр дээрээ гаргаад авчихсан гэх зэргээр элдвээр дарамталж байнга утасдаж байна. Энэ Д.С гэх нэхэмжлэл гаргаад байгаа хүн энэ олон жилийн хугацаанд надтай огт уулзаагүй. Т.Д гээчихсэн гээд надад өгөөгүй бичиг баримтыг овжиноор ашиглан ийм бусармаг юм хийж байгаад туйлын их гайхаж байна. Би уг хашааг түүний аав Т.Д худалдан авч гарын үсэгтэй өөрийн гараар баримт бичиж өгсөн газрын гэрчилгээгээ гээсэн гэсэн үгэнд итгэн өдийг хүртэл хашаа байшиндаа амьдарч өчнөөн мөнгө төгрөг, цаг зав, нөр их хөдөлмөр, хөлс хүчээ гарган 2 өвлийн байшин барьж, амьдарч байсныг хөршүүд болон багийн Засаг дарга сайтар мэднэ.
Иймд өөрт үлдээсэн бичиг баримтаа Д.С овжиноор ашиглаж өв залгамжилж, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах зэрэг үйлдлийг хийж манай гэр бүлийг өвчин зовлонтой байх үед хүнд байдалд оруулж утсаар хүртэл дарамталж байгаад туйлын гомдолтой байна.
Цаашид нэхэмжлэгч Д.С нь энэ нэхэмжлэлээсээ татгалзахгүй намайг болон гэр бүлийг маань хохироох байдалд хүрвэл хашаанд хийсэн ажил, төлсөн хураамж барьсан 2 байшин бусад хийсэн ажлуудаа зохих журмын дагуу шүүхийн байгууллагаар нь үнэлүүлж сөрөг нэхэмжлэл хүртэл гаргах шаардлага гарч байна... гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ******** газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ******** үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нэхэмжлэгч Д.С нь Хөвсгөл аймгийн *******Мөрөн сумын *** дүгээр баг 2*** гудамж ** тоот хаягт байршилтай, ***** нэгж талбарын дугаартай, 637м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай, 36м2 талбайтай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Б эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч маргаан бүхий Хөвсгөл аймгийн ******** сумын *** дүгээр баг *** дүгээр гудамж *** тоот хаягт байршилтай, ***** нэгж талбарын дугаартай, 637м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай, 36м2 талбайтай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг би нэхэмжлэгчийн аав талийгаач Т.Д тухайн үеийн ханшаар 500,000 төгрөгөөр худалдаж авсан, тэр үед газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг банкны зээлийн барьцаанд тавьсан гээд надад өгөөгүй. Би энэ газар, хашаа байшинд 10 гаруй жил амьдарч засч сэлбэж өдий хүрсэн гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд шүүх Х аймгийн М сумын *** дүгээр баг ** дүгээр гудамж *** тоот хаягт байршилтай, 6*** нэгж талбарын дугаартай, 637м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай, 36м2 талбайтай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг хариуцагч Д.Б даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгов.
Хэрэгт Т.Д гараар бичиж өгсөн гэх өргөдөл, Т.Д хуулбарлаж өгсөн гэх газар эзэмших гэрээний хуулбар, Т.Д иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчийн 2009 оны 02 дугаар сард авч байсан банкны лавлагаа, 2009 оны 8 дугаар сард авч байсан 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, багийн Засаг даргын ам бүл болон байршлын схемын тодорхойлолт, 2009 онд хариуцагчийн газрын албанд гаргаж өгсөн өргөдөл, Д.Б, Д.О нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2009 онд гэрчилгээ авахаар төлсөн гэх Зоос банкны баримт, 2009 онд газрын төлбөр төлсөн Зоос банкны баримт, 2009 онд хураамж төлсөн Зоос банкны баримт, 2015 онд газрын төлбөр төлсөн Төрийн банкны баримт, 2010 оноос хойш цахилгааны төлбөр төлсөн гэх баримтууд, 2023 оны багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 зүйлийн 106.1-д зааснаар Х аймгийн М сумын *** дүгээр баг ** дүгээр гудамж *** тоот хаягт байршилтай, 6*** нэгж талбарын дугаартай, 637м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай, 36м2 талбайтай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, нэхэмжлэгч Д.С шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Б даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА