Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 147/ШШ2023/00175     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сум, 4-р баг, “*******” гэх газар нутаглах, утасны дугаар , ******* овогт нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сум, 4-р баг, “*******” гэх газар нутаглах,  утасны дугаар , ******* овогт ******* *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 

“Хашаа, худгийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Хашаа, худгийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

            Миний бие*******эс 2010 оны 5 дугаар сард Баяндэлгэр сумын 4-р багийн “*******” гэх газарт байрлах өвөлжөөний чулуун хашааг худгийн хамт худалдаж авсан. Бид тухайн өвөлжөөнд 3 жил гаруй өвөлжсөн байдаг. Энэ хугацаандаа хашаа, худгаа засварласан. Өвс, бэлчээр муудаад отор нүүдлээр явж өвөлждөг болсон тул тухайн хашаа, худгийг хүнд зарах гэж байтал Эрдэнээгийн төрсөн эгчийнх нь охин болох ******* нь манайх худалдаж авъя гээд буусан. Бид тухайн хашаа, худгийг 5,000,000 төгрөгөөр зарна. Хашаа, худагт засвар хийсэн гэхэд ******* нь нөхрийн хамт зөвшөөрч байна, одоо мөнгө өгөх боломж алга, хавар өгье гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл мөнгөө өгөхгүй 2 жил гаруй болж байна. Иймд *******ээс хашаа, худгийн үнэ болох 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* Баяндэлгэр сумын “*******” гэх газар 1990-2023 он хүртэл амьдарч байна. Энэ нутагт байнга оршин суудаг нь үнэн болно. *******ы 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь миний ах*******эс тус газарт түр бууя гэж хэлээд 2012-2014 онд өвөлжиж байгаад нүүсэн бөгөөд дараа жил нь худалдаж авсан гэх яриа гарсан. Ах*******эгээс асуухаар “би зараагүй” гэдэг. Харин 3 жил өвөлжиж байх хугацаандаа 1,000,000 төгрөг өгсөн гэж хэлдэг. Үүнийг ах*******эгээс тодруулах хэрэгтэй. ******* нь манай хашаа, худгийг засаж янзалсан нь худал юм. Тухайн өвөлжөө нь бидний өмч бөгөөд нөхөр, хүүхдүүдийн хамт ярилцаад худаг гаргадаг мэргэжлийн хүнээр засаж янзлуулаад хүн, малын унданд хэрэглэж байна. Үүнийг нутгийн болон ойр саахалтын малчин иргэд үнэн болохыг гэрчилнэ. ******* 2021 оны 9 дүгээр сард олон нийтийн сүлжээнд зар тавиад зарчихсан байсан. Үүнийг сонсоод миний бие өвөлжөөндөө 10 дугаар сард буусан. Биднийг отроос өвөлжөөн дээрээ ирэхэд 4-р багийн иргэн “надад зарагдсан, би мал өгч авсан” гэж хэлсэн. Хашаа татаад хөрзөн асгасан байсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өвөлжөө бууц, худаг зарах, зарагдах заалт байхгүй гэж боддог. нь манай дээдсүүлийн өвөлжөө гэдгийг сонсоод маргаагүй яваад өгсөн. Иймд *******ы 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гэрч******* шүүхэд мэдүүлэхдээ: , ******* нарыг танина. Б.******* бол миний төрсөн эгчийн хүүхэд юм. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р багт орших ******* гэх газар нь миний нэр дээр байдаг манай өвөлжөө юм. Манай өвөг дээдэс 1970-аад оноос эхлээд өвөлжиж байсан газар юм. Түүнээс хойш бид уламжлаад эзэмшиж байгаа газар. 2012-2013 оны үед малын бэлчээргүй ган болоод тэр хавийн айлууд бүгд нүүгээд айл буугаагүй байх үед ******* нь надтай уулзаад “өвөлжөөнд чинь бууя” гэсэн. Тэгэхээр нь би “ахад нь мөнгө хэрэгтэй байна, чи надад 500,000 төгрөг өгчих, наанаа хэдэн жилдээ бууж болно оо” гэж хэлсэн. Тэгээд *******ых 2013-2022 оныг хүртэл *******эд өвөлжсөн. Зарсан асуудал бол байхгүй, түр л буулгасан юм. Тэгээд 2022 онд манай дүү Б.*******ийнх өвөлжөөндөө буусан чинь манай өвөлжөөг хүнд зарчихсан байсан юм билээ. Манай дүү ******* авсан хүмүүстэй нь уулзаад өвөлжөөгөө буцааж авсан. ******* нь өвөлжөөг худалдаж авъя гэж надад 3,000,000 төгрөг өгсөн гэдэг худлаа. Би тус өвөлжөөний чулуун хашаа, худгийг зараагүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт /хх-2х/

4.2. *******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3х/ зэрэг болно.

 

5. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р багийн Засаг даргын 2023.5.06-ны өдрийн 185 дугаартай тодорхойлолт /хх-23х/

5.2. Чулуун хашаа болон худгийн фото зураг /хх-24-28х/ зэрэг болно.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр овогт Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Хашаа, худгийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2012-2013 оны үед Эрдэнээ гэдэг хүнээс маргаж байгаа өвөлжөөний хашаа, худгийг 2,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хожим нь өвөлжөөгөө 5,000,000 төгрөгөөр зарахаар хүнтэй тохирчихоод байтал ******* өвөлжөөнд буучихаад “манайх худалдаж авъя, хавар намраас мөнгийг нь өгнө, одоохондоо боломжгүй байна” гэсэн. Дараа нь мөнгөө нэхэхэд “манай газар, мөнгө төгрөг өгөхгүй” гэж хэлсэн. Манайх тус өвөлжөөний худгийг хүнээр 1 метр гаран ухуулж засварласан. Хашаа нь хоёр талаараа сэтэрсэн байсныг засуулахад 5 уут цемент орсон бөгөөд хашаа, худгийг засварлахад нийт 3,000,000 төгрөгний зардал гарсан. Иймд хариуцагч *******ээс 5,000, 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манайх “*******” гэдэг газарт 2003 оноос хойш өвөлжиж байсан. Манай өвөлжөөнд хүмүүс Эрдэнээ ахтай ярьж тохиролцоод  буудаг байсан. Нэхэмжлэгч  нь хашаа, худгийг засварласан гэж худал ярьж байна. Би нөхөртэйгөө ярилцаад худгийг мэргэжлийн хүнээр засварлуулсан. Чулуун хашааны 2 тал нь хуучин сэтэрсэн байсан, хэвээрээ байгаа. Зураг дээрээс харагдана. Тухайн өвөлжөө нь манай өвөг дээдсийн нутаглаж байсан газар. Миний бие *******тай өвөлжөөгөө худалдах талаар тохиролцсон асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4-р багийн нутаг “*******” гэх газарт байрлах малын чулуун хашаа, худгийг бусдад худалдах эрхтэй эсэх, мөн хашаа болон худгийг засварлахад 3,000,000 төгрөг зарцуулсан гэх нотлох баримт, хариуцагч *******тэй хашаа болон худгийг худалдах-худалдан авах талаар тохиролцсон гэх байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ. 

 

7. ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбон тайлбарлах боловч дээрх байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна.

 

9. Иймд шүүх хариуцагч *******ээс хашаа, худгийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

10. Нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс хашаа, худгийн үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ