Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 147/ШШ2023/00193      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 5-р баг, Дэнж-ийн 25-7 тоотод оршин суух, утасны дугаар*******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 8-р баг, ******* уул гэх газар нутаглах, утасны дугаар *******, ******* овогт ******* ,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 8-р баг, ******* уул гэх газар нутаглах, утасны дугаар *******, овогт нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Prius-20 маркийн автомашинаа буцааж авах, машиныг засварлахад төлсөн 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч Д.

Хариуцагч А.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч А., Д. нарт холбогдуулан Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Prius-20 маркийн автомашинаа буцааж авах, машиныг засварлахад төлсөн 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай аав бид хоёр 70-35 СҮА дугаарын Prius-20 маркийн машиныг дундаа унадаг байсан юм. Аав маань facebook-ээс Aliphard маркийн машиныг Prius-20, 30 маркийн автомашинаар солино гэсэн зар хараад тэр машины эзэнтэй утсаар ярьж, машинаа солихоор тохиролцсон байсан. Зар дээр машины хүчин чадал болон бусад нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга тавьсан байсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр машинаа солилцож, бичиг баримтаа шилжүүлж, татвар, даатгалын төлбөрөө хийсэн. Машинаа унаад аймгийн төвд аав маань ажил гэр хоёрын хооронд 3 хоног явсан. Гэтэл машин доголдоод явахаа больсон. Хянах дээр нь анхаарлын тэмдэгтэй гэрэл асаад унтрахгүй байсан. Тэгэхээр нь өөр лүү нь ярьж ямар учиртайг асуухад миний машин дулаан гражид хийвэл зүгээр болно гэсэн.

Дулаан гражид хонуулахад зүгээр болоогүй, компьютер оношилгоо хийлгэхэд батарей нь болохгүй болсон байна гээд сольсон. Мөн севча, севчаны хуруувч резин зэргийг солиулсан боловч гэрэл нь унтрахгүй, асахдаа доголдоод байсан. Дахин оношлоод цахилгаан мотор нь гэмтсэн байна гэсэн. Төгс засварын газарт очиход засварын газрын хүмүүс ... өмнө нь манайд ирж засвар хийлгэж байсан машин байна, ийм гэмтэлтэй байсан, өөрт нь хэлж байсан ш дээ, өөр засварын газраар янзлуулна гээд чадаагүй, 3-4 хоноод манай засварын газарт чирч авчруулаад 2-3 хоног янзлуулаад 2023 оны 01 дүгээр сарын 16-нд манайхаас явсан машин байна гэсэн.

Машиныг авснаас хойш унаж ашиглаагүй хэрнээ оношилгоо, засвар гээд одоогоор хоёр зуугаад мянган төгрөгийн зардал гаргаад байна. Мөн унах унаагүй болж хамаг ажлаа алдаж байна.

Хариуцагч нар нь өмнө гэмтэлтэй,эвдрэлтэй байсан машинаа мэдсээр байж бидэнд гэмтэл согоггүй зүгээр мэт ойлгуулж бидний гэмтэл согоггүй машиныг сольж авсан байсан.

Машиныг солилцох үед аав маань согтуу байсан, машиныг сайн үзэж хараагүйгээр солилцоо хийсэн. Миний хувьд аавын үгээр машиныг хүлээж авсан учраас гэмтэл согогтойг мэдээгүй. Одоо уг машиныг унахгүй засварын газарт хадгалуулчихаад байгаа юм. , нартай утсаар ярих гэсэн боловч утсаа авахгүй байсан, машинаа авахаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тэд машиныг минь буцааж өгөхийг зөвшөөрсөнгүй.

Иймд ашиглалтын шаардлага хангахгүй машин өгсөн тай хийсэн арилжааг хүчингүйд тооцуулж, Prius-20 маркийн машинаа буцааж авах, түүний машиныг засварлахад гарсан 170,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д., А. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд нь надтай болон нөхөр тай хийсэн машины арилжааг хүчингүй болгуулах, Prius-20 маркийн машиныг буцаан гаргуулах, машин засварлахад гарсан зардал 170,000 төгрөг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

Миний бие өөрийн эзэмшлийн Aliphard-10 маркийн машиныг зарах болон солих талаар facebook-д мэдээлэл оруулсан бөгөөд Б.******* аав нь утсаар согтуу ярьж холбогдох үед түүнийг эрүүл үедээ дахин холбогдоорой гэж хэлсэн. Маргааш нь Хашзориг утсаар ярьж, аав болон өөр нэг хүний хамт ирж уулзаж, нь хүү авна, наймаа тохирлоо гээд явсан.

Би Хашзоригтой уулзаж машиныг үзэхэд буфер болон доод шил, гэрэл гэх мэт зүйлс нь эвдрэлтэй байсан учир Prius-20 маркийн машинаа засаад эргэн холбогдоорой гээд явсан. Мөн миний хүү Энхбаатар уг машиныг үзээд хаалга болон эд ангиуд засах шаардлагатай талаар хэлсэн. Үүний дараа нь олон дахин утсаар залгаж машинаа засуулсан, наймаа тохирлоо хэмээн уулзаж хийхээр болсон. Авто тээврийн төвд очин Aliphard маркийн машинаа үзлэг, оношилгоод оруулж бүрэн бүтэн үзүүлж хянуулсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр машинуудыг тус тусын нэр дээр шилжүүлсэн. Би т үзлэг, оношилгоонд орсон машин хүлээлгэж өгсөн.

Гэтэл удаан хугацааны дараа наймаа буцна хэмээн шүүхэд маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машин сольсны дараа хаагуур, юу хийж явсан нь тодорхой бус байгаа бөгөөд өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Бүртгэлийн 0096 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-2х/

3.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3х/

3.3. Бүртгэлийн 04263120 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-4х/

3.4. , нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5х/

3.5. /хх-6х/

3.8. Б.******* Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт /хх-6х/

3.9. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 147/ЭТ2023/00048 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийн хуулбар /хх-7-8х/

3.10. Зарлагын баримт /хх-9-10х/

3.11. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-33х/ зэрэг болно.

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Бүртгэлийн 0323 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-32х/

4.2. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №1139096704 /хх-77х/ зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Д., А. нарт холбогдуулан Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Prius-20 маркийн автомашинаа буцааж авах, машиныг засварлахад төлсөн 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа арилжааны гэрээг цуцлах, Prius-20 маркийн автомашинаа буцааж авах, сэлбэг болон засварын хөлс 170,000 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: , Д. нарын хооронд 7035СҮА улсын дугаартай Prius-20 маркийн автомашин, улсын дугаартай Alphard маркийн автомашиныг солилцож талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 зааснаар арилжааны гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Арилжааны гэрээ хийгдсэн талаар талууд маргадаггүй. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэсэн зохицуулалт байгаа. Худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтаар худалдагч, худалдан авагч нар ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Гэтэл Д., Г. нар улсын дугаартай Alphard маркийн автомашиныг эвдрэл, доголдолтой байгааг мэдсээр байж т хүлээлгэж өгсөн. Үүний улмаас худалдан авагч тал гэрээг цуцлахаар 12 хоногийн дараа шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан байдаг. Эвлэрүүлэн зуучлагчид хандахаас өмнө гэрээгээ цуцлах талаар хариуцагчид хэлсэн боловч эвлэрч чадаагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол биет байдлын доголдолтой улсын дугаартай Alphard маркийн машин хүлээн авсан учир арилжааны гэрээг цуцалж, машинаа буцаан авах, эд хөрөнгийн доголдлын улмаас гарсан зардлыг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Машиныг хаана хадгалж байсан эсэх нь маргааны гол асуудал биш юм. Хариуцагч тал гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрдөг учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээг цуцалж, машины эвдрэлийн улмаас гарсан 170,000 төгрөгийн зардлыг А. , Д. нараар төлүүлж, Д.ын өмчлөлд байгаа Prius--20 маркийн 3481 СҮЭ улсын дугаартай машиныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* өмчлөлд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Хариуцагч тал Alphard маркийн машиныг эвдрэл, гэмтэлгүй байсан учир засуулж авна гэж ярьдаг боловч ямар нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Энэ асуудал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна гэв.

4. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

4.1. Хариуцагч Д.: Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Alphard маркийн машиныг Prius маркийн машинаар солино гэсэн зар тавьсан. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой гэдэг хүн согтуу залгахаар нь өглөө эрүүл болохоор чинь залгая гэж хэлсэн. 17-ны өглөө машин үзэх үү гэж залгахад найзтайгаа ирж миний машиныг үзсэн. Хүү Хашзориг нь мөн ирж харсан. нь би согтуу байна, манай хүү насанд хүрсэн учир манай хүүтэй наймаа хий гэж хэлсэн. Бид нар авто тээврийн газар очиж машинаа оношилгоонд оруулаад машинаа солилцож авсан. Би авто засвар орж гэрэл унтраалгана гэж ярьж байгаагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : нь ямар ч баримтгүй, үндэслэлгүй худлаа зүйл ярьж байна. Гэрээ хийх үед Г.******* хүү Хашзориг, эхнэр нь байсан. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар Г.******* хүү, эхнэрийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж үзэж байгаа учраас уг гэрээг хүчин төгөлдөр тооцох боломжтой. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 2.3 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төрд халдсан гэж үзэж байна. нь миний ээж Д., дүү нарын амь насанд заналхийлсэн. Манай зүгээс Alphard маркийн автомашины батарейг цэнэглүүлж өгсөн. Машинд ямар нэгэн гэрэл асаагүй, асуудалгүй байсан гэдэг нь Автотээврийн төвөөс гаргаж өгсөн албан бичигт байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч , хариуцагч Д., А. нар нь 7035СҮА улсын дугаартай Prius-20 маркийн, улсын дугаартай Alphard маркийн автомашинуудыг хоорондоо солилцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

6. Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох улсын дугаартай Alphard маркийн автомашиныг эвдрэл, доголдолтой байсныг мэдсээр байж хүлээлгэж өгсөн тул хариуцагчтай байгуулсан арилжааны гэрээг цуцалж, хариуцагчаас Prius-20 маркийн автомашиныг буцаан гаргуулах, Alphard маркийн автомашины доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардлаа гаргуулна гэж, хариуцагч нар нь Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсаар Alphard маркийн автомашин нь доголдолгүй байсан нотлогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.

8. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан байх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ худалдах-худалдан авах гэрээний холбогдох заалтуудыг баримтлах нь зүйтэй байна.

9. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсан тооцно. гэж, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ. гэж заажээ.

10. Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр ирүүлсэн Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1139096704 дугаартай дүгнэлтийн хуудсаар улсын дугаартай Alphard маркийн автомашин (+) стандарт хангасан гэсэн байх тул эд хөрөнгийг хүлээлцэх үед биет байдлын доголдолтой байсан гэж үзэх боломжгүй байна.

11. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэжээ.

12. Зохигчид 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 7035СҮА улсын дугаартай Prius-20 маркийн автомашин, улсын дугаартай Alphard маркийн автомашинуудыг арилжиж, тэдгээрийн бичиг баримтуудыг өөрсдийн нэр дээр шилжүүлснээр худалдан авагч буюу нэхэмжлэгчид эд хөрөнгө гэмтсэний эрсдэл шилжсэн байх тул автомашины сэлбэг худалдан авах, автомашиныг автогражид байлгасан, засварын хөлсөнд төлсөн гэх нийт 170,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

13. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна.

14. Иймд шүүх нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д., Г. нарт холбогдуулан гаргасан арилжааны гэрээг цуцлах, Prius-20 маркийн автомашинаа буцааж авах, сэлбэг болон засварын хөлс 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

15. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:


1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д., Г. нарт холбогдуулан гаргасан арилжааны гэрээг цуцлах, Prius-20 маркийн автомашинаа буцааж авах, сэлбэг болон засварын хөлс 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ЭРДЭНЭЗУУ