| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2021/0003/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2021-08-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 30
Т.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Дд холбогдох 2035000000192 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг шүүгдэгч Т.Дгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул /цахимаар/, шүүгдэгч Т.Д /цахимаар/,түүний өмгөөлөгч Д.Бунжаа /цахимаар/ нар оролцов.
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-нд Увс аймгийн ....суманд төрсөн, ....настай, эмэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, .... хамт Увс аймгийн Т сумын Б багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Т-гийн Д /РД:........./.
Шүүгдэгч Т.Д нь Увс аймгийн Түргэн сумын 01 дүгээр багийн нутаг Хоо толгой гэх газрын ойгоос 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 2.1593 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, ойн экологи-эдийн засагт 1.435.901 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Т-гийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Дгээс 2,316,802 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр иштэй сүхний үнэ болох 5,000 төгрөг, хуучин хөрөөний үнэ болох 10,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.1593 метр куб буюу 115 ширхэг шинэс модны үнэ болох 540,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.Дгээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмөр иштэй сүх нэг ширхэг, хуучин хөрөө нэг ширхэгийг тус тус шүүгдэгч Т.Дд буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон 2.1593 метр куб шинэс модоор барьсан малын хашааг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
шүүгдэгч Т.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр,
шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Түргэн сумын “Хоо толгой” гэх газраас зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, экологи эдийн засагт хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг биеэр эдлэхэд хүндрэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний нөхөр нас барж улмаар би гадаа гарч эр болж, гэрт орж эм болж, хүүхдийнхээ болон өөрийн амьдралын төлөө хөдөөний хүнд хэцүү амьдралыг дөрвөн улиралд даван туулж мал маллаж, улмаар эрүүл мэндийн байдал муудсан юм. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон сумынхаа байгаль орчны хамгаалагч нарт хандаж ядарсан ганц эмэгтэйд малын хашаа барих гоожингийн эрх олддоггүй, түлшний гоожин авах гээд очиход хөдөө, гадаа явсан гээд контор байрандаа байдаггүй хэмээн уурласан үг хэлсэндээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. Би хууль дүрмийн дагуу зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар мод бэлтгэж өр төлбөрт орж, эцэст нь хэрэгтэн болж ял шийтгэл хүлээж, үр хүүхдийнхээ болон нутгийн хүмүүсийн өмнө эмэгтэй хүний хувьд нэр төр алдсандаа маш их харамсаж, гэмшиж байгаа билээ. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн ба уг гэмт хэргийн улмаас байгаль, экологид учруулсан 1.435.901 төгрөгийг төлсөн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор төлөгдөхөөр шийдвэрлэгдсэн хохирол 2.871.802 төгрөгийг хуулийн хугацаанд төлөх шаардлагатай байгаа. Хэрэв анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял шийтгэлийг эдлэх хэмжээнд хүрвэл миний ар амьдрал эзгүйдэж, цаг хугацааны хувьд дээрх хохиролд төлөх төлбөрийг олж төлж барагдуулахад төвөгтэй амьдралын хүнд нөхцөл тулгарч байна. Мөн миний эрүүл мэндийн байдлыг давхар харгалзан үзэж Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар сольж өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Т.Д нь Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хоо толгой” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар 2.1593 метр куб хэрэгцээний шинэс мод бэлтгэж, байгаль экологид 1.435.901 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэж 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 173 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 73 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруутай үйлдэлд 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Дгийн зүгээс давж заалдах шатны шүүхэд: “анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эрүүл мэндийн шалтгааны улмаас эдлэх боломжгүй тул торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан. Тэрээр зүрхний хагалгаанд орсон учир өнөөдрийг хүртэл коронавируст /Covid-19/ халдварт өвчний вакцинд хамрагдаагүй байгаа. Мөн өмнө нь зүрхний хагалгаанд орж байсан бөгөөд зүрх судасны өвчнөөр группт байдаг гэх нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгч чадаагүй учир одоо давж заалдах шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж өгөх саналтай байна. Т.Д нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн ба өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа мөн түүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна” гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 73 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруутай үйлдэлд 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Д давж заалдах шатны шүүхэд “надад оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн 73 дугаар шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон сонгох санкцтай ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Дгийн давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2035000000192 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Дуламсүрэн нь 2020 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Увс аймгийн Түргэн сумын “Хоо толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.1539 метр куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, байгаль экологид 1,435,901 төгрөгийн хохирол учруулсан буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх, мөн түүнчлэн эрхийн бичигт тусгасан модны төрөл, хэмжээний дотор мод бэлтгэхийг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Т.Дуламсүрэн дээрх хуулийг зөрчиж, Увс аймгийн Түргэн сумын “Хоо толгой” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 2.1593 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Дгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Д “шүүхээс оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хоёр зуун жаран цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т: “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Т.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлон хүүхдийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Түргэн сумын Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, хувийн байдлын талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр,
мөн эрүүл мэндийн хувьд зүрх судасны хүнд өвчнөөр өвчилж, мэс засал хийлгэн, улмаар хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байсан зэрэг нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн Т.Дгийн өвчтний түүх зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д: “талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн Т.Дгийн өвчтний түүхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/ баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд Т.Дгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон өрх толгойлон мал аж ахуй эрхлэн амьдардаг, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үе эхэлсэн зэрэг хувийн амьдралын нөхцөл байдал болон түүний биеийн эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Т.Дгийн гаргасан “Миний бие өрх толгойлон хоёр хүүхдийн хамт хувийн малаа маллан амьдардаг, 53 настай, зүрхний хүнд хагалгаанд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, эмчийн хяналтанд байдаг, одоо өндөр насны тэтгэвэрт орсон, хүнд ажил хийхээр зүрх дэлсдэг, даралт ихэсдэг. Нөхөр маань нас барсан бөгөөд амьдралын шаардлагаар өөрөө малаа малладаг, хүн бүл муутай, оюутан хүүхэдтэй. Миний бие малын хашаа барих зорилгоор зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч учруулсан хохирол 1,435,901 төгрөгийг төлж барагдуулсан. Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдлэхэд хүндрэлтэй байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хангаж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр зуун жаран цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял болгон оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэж, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “гэм буруугийн талаар маргаан байхгүй, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэж тус тус мэдүүлсэн, мөн гэмт хэргийн хохирол 1,435,901 төгрөгийг төлж барагдуулсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч Т.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын: Т.Дд хоёр зуун жаран цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэснийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй гэж,
тогтоолын 3 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ