Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 112/ШШ2023/0014

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн   би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын байцаагч Г.Б-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б зөрчлийн 1397/03 дугаартай Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын Ц.Б, Д.Х, Д.Б нарын 2022 оны 7,8 дугаар саруудын цалинг нийгмийн даатгалд тайлагнаагүй гэх зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0009654 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авч 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр аймгийн Ерөнхий прокуророос баталсан Удирдамжийн дагуу татаж, хяналаа.

          ******* эрх бүхий албан тушаалтан, нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б нь иргэн Б.М-аас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлөө сайн дураараа илчилсэн гомдол, мэдээлэлд үндэслэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: 2023 ооны 01 дүгээр сарын 13-ны өдрийн холбогдогч Б.М-ын өгсөн Манай сум 2022 оны 10 дугаар сараас төвлөрсөн халаалтад холбогдохоор 2022 оны 07 дугаар сараас төвлөрсөн халаалт холбох ажил эхэлсэн. Үүнтэй холбоотой манай Засаг даргын Тамгын газар болон А х ХХК хоёр байгууллагын хооронд үл ойлголцлоос болж Ц.Б, Д.Х, Д.Б нарын сул зогсолтын нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй орхигдуулсан байна. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг, хавсралт 6 хуудас баримт болон бусад нотлох баримт материалд цугларчээ. Дээрх материалд цугларсан нотлох баримтуудаар холбогдогч хуулийн этгээд болох Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраар нь Ц.Б, Д.Х, Д.Б нарын 2022 оны 7,8 дугаар саруудын цалинг нийгмийн даатгалд тайлагнаагүй зөрчил үйлдсэн болох нь бүрэн тогтоогдсон байна.

             Эрх бүхий албан тушаалтан, нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б нь холбогдогч хуулийн этгээд болох Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 0009654 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж 250,000 төгрөгөөр торгох байтал 10 дугаар зүйлийн 17.4 дүгээр зүйл хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж, хууль буруу хэрэглэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд Зөрчлийн хуулийг буруу хэрэглэн шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Бын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0009654 дугаартай шийтгэлийн хуудасны эхний хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.

 

            Хариуцагч ******* улсын байцаагч Г.Б  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Миний бие Баян-Уул сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны 04/А дугаар шүүхэд гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч Г.Бын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0009654  дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

           Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч Г.Б нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023  оны 4 дүгээр сарын  21-ний  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.  Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

           Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын хяналтын байцаагч Г.Бын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0009654  дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

     

ШҮҮГЧ                                      Ч.ОЮУНСҮРЭН