Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2023/000297/И |
Дугаар | 147/ШШ2023/00207 |
Огноо | 2023-05-31 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 147/ШШ2023/00207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 7-р баг, “” хорооллын тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 1-р баг, “*******” театрт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,504,572 төгрөг, 2016 оноос хойш эдлүүлээгүй ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” театрт холбогдуулан “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,504,572 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оноос хойш эдлүүлээгүй ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а. Миний бие Сүхбаатар аймгийн “*******” театрт 2011 оноос эхлэн жолооч, тайзны зохион байгуулагч, харуул хамгаалалт, тайзны туслахаар нийтдээ 10 жил 4 сар ажилласан.
2023 оны 02 дугаар сарын 21-нд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган Төрийн албаны хуулинд заасан нэг удаагийн тэтгэмж авахаар өргөдөл гаргахад төрийн үйлчилгээний ажилтанд олгох тэтгэмж олгоогүй, өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. / “*******” театрын даргын 2023.03.06-ны Б/07 тоот тушаал /
Миний бие харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлснээс хойш байнгын ажлын байранд иргэнтэй, Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан гэрээт ажилтан гэсэн тайлбар хэлж Төрийн албаны хуулинд заасан цалин, нэмэгдэл, ээлжийн амралт олгоогүй, баяр ёслол, амралтын өдөр гарсан цалинг дутуу бодож олгоогүйгээс гадна ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаагүй болно.
Миний ажлын байрны чиг үүрэг нь төрийн үйлчилгээний чиг үүргийг бүрэн гүйцэтгэж байсан ба ажилтантай Хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээ байгуулж хуулинд заасан нийгмийн асуудлыг ажил олгогч бүрэн хариуцах байсан.
Ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл “*******” театраас бүрэн төлөгдсөн. Иймд Төрийн албаны хуулинд заасан тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн тэтгэмж болох 5,504,572 төгрөгийг гаргуулж өгнө үү.
б. *******д Төрийн албаны хуулийн дагуу төрийн үйлчилгээний ажилтанд олгох цалин, ур чадварын нэмэгдэл, ээлжийн амралт, үр дүнгийн урамшуулал олгоогүй нь нийгмийн даатгалын санд тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар нотлогдсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгоно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.” гэж заасан. Иймд 2016 оноос хойш ээлжийн амралт эдлүүлээгүй хугацааны ээлжийн амралтын нөхөн олговрыг тооцуулан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээгээр 2011.05.10-ны өдрөөс 3 сар түр тайзны машинистаар, 2012.9.24-ний өдрөөс 2016.01.06-ны өдрийг хүртэл жолооч, тайзны туслах, тайзны машинист зэрэг албан тушаалд тус тус ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн. 2016.01.06-ны өдрөөс 2017.8.01-ний өдрийг хүртэл харуул хамгаалалтын ажилчнаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад тухайн үеийн дарга нь гэрээг дуусгавар болгосон.
Улмаар 2019.01.21-ний өдрөөс ******* нь гэрээтээр ажилд орох хүсэлт гаргаж харуул хамгаалалтын ажилтнаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж, энэ хугацаанд малчнаар тэтгэвэр тогтоолгох гэж гэрээг цуцлан эргэн гэрээний дагуу ажиллаж байгаад 2023.02.20-ны өдөр цаашид ажиллахгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон гэж утсаар болон чатаар Үйлдвэр үйлчилгээний нэгжийн дарга Б.Оюунчимэг, Хүний нөөцийн ажилтан нартай ярьснаас хойш ажлын байранд дахиж ирэлгүй, 2023.02.27-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгч байгууллагын даргын 2023.03.06-ны өдрийн Б/17 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Иймд:
а.******* нь тус театрт удаа дараа ажилд орж, чөлөөлөгдөж байсан бөгөөд 2019 онд хөлсөөр ажиллах гэрээгээр анх ажилд ороход гэрээний нөхцлийг тайлбарлан өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр бус Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 тоот тогтоол “Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу тусламжийг олгох боломжгүй. Түүнчлэн 2023 оны байгууллагын төсвийн төслийг явуулах үед буюу 2022 оны 06 сард ******* нь хүний нөөцийн ажилтантай уулзаж нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх эсэх талаар тодруулсан бөгөөд хууль эрх зүйг тайлбарлан эрх үүсэх боломжгүй байна гэдэг тайлбарыг өгөхөд өөрөө хүлээн зөвшөөрсөн.
в.******* нь 2020.5.28-ны өдөр өөрийн биеэр байгууллагын удирдлагад хүсэлт гаргаж гэрээг дуусгавар болгон 2020 оны 6 дугаар сараас эхлэн малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 тоот тогтоол “Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.3 дахь заалтын дагуу эрх зүйн хүрээлэлд орох боломжгүй байна.
г.Ц.******* ажиллаж байх хугацаанд хуулийн хүрээнд цалин хөлсийг 3 удаа нэмэгдүүлж, хоолны мөнгийг тогтмол олгож, байгууллагын бүхий л ажиллагаа арга хэмжээнд оролцуулж, орон нутгийн шагналуудад тодорхойлж шагнуулж байсан, хүүхдийн бэлэг, цагаан сарын бэлэг, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ зэрэг нийгмийн асуудлыг орхигдуулж байсан удаагүй болно.
Иймд иргэн Ц.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2х/
3.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3х/
3.3. Сүхбаатар аймгийн “*******” театрын даргын 2023.03.06-ны өдрийн Б/17 дугаартай тушаалын хуулбар /хх-4х/
3.4. Ц.******* НДД № А 000258693 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5х/
3.5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-6-7х/
3.6. Бүртгэлийн 0358 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-27х/ зэрэг болно.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Сүхбаатар аймгийн ын даргын 2011.5.10-ны өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар /хх-18х/
4.2. Сүхбаатар аймгийн ын даргын 2011.9.05-ны өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар /хх-19х/
4.3. Сүхбаатар аймгийн ын даргын 2011.9.24-ний өдрийн Б/72 дугаартай тушаалын хуулбар /хх-20х/
4.4. Сүхбаатар аймгийн ын даргын 2016.01.06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалын хуулбар /хх-21х/
4.5. Сүхбаатар аймгийн ын даргын 2017.8.01-ний өдрийн Б/31 дугаартай тушаалын хуулбар /хх-22х/
4.6. Сүхбаатар аймгийн болон ******* нарын 2019.01.21, 2020.11.20-ны өдөр тус тус байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хуулбар /хх-23-24х/
4.7. Сүхбаатар аймгийн “*******” театрын даргын 2023.03.06-ны өдрийн Б/17 дугаартай тушаалын хуулбар /хх-25х/
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр *******д 2016-2023 онуудад цалин олгосон цалингийн карт, 2022 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхдээ 15 хоногийн цалинтай амралт олгосон талаарх нотлох баримт /хх-34-45х/-ыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” театрт холбогдуулан “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,504,572 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оноос хойш эдлүүлээгүй ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.
2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийн хувьд *******тэй ямар үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан талаар хууль, тогтоомжийн хүрээнд нотлох баримтаа гаргаж ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй. Ц.******* “*******” театрт хийж байсан ажил нь байнгын ажлын байранд орно. Байнгын ажлын байран дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол тэтгэвэрт гаргахдаа тэтгэмжээ авах ёстой байсан. Улсын дээд шүүхийн 2012.6.15-ны өдөр гаргасан зөвлөмжид “Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно. Тухайлбал, ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу тухайн заалт хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгч байх нь ач холбогдолтой гэж үзнэ.” "Байнгын ажлын байр гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.” гэсэн байна. Манай нөхрийн ажил байр 24 цаг гарч, 48 цаг амардаг. Шаардлагатай үед ээлжээс буусны маргааш нь театрын үйл ажиллагаатай холбоотой ажилд дуудагдаж ажил хийдэг байсан. Үүнээс байнгын ажлын байр гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэ зөвлөмжийн 1.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно." гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна” гэж заасан. Үүнээс харахад анхнаасаа буруу гэрээ байгуулж хохироож байна. Малчнаар тэтгэвэр тогтоолгосон гэж яриад байгаа. Зөвлөмжийн 2.3-т “Ажилтан өөрийн санаачлагчаар, хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг гаргахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг тогтоох нь зөв бөгөөд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзол хангасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагчаар дуусгавар болгох үндэслэл болохгүйг анхаарах нь зүйтэй” гэж заасан байна. 4.2-т “Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субъект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал /дэглэм/, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг байна. Тухайлбал: Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба Монгол улсын Засгийн газраас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой байдаг байна” гэж заасан. Тэгэхээр нэг удаагийн ажлын байранд хөлсөөр ажиллах гэрээ байгуулах ёстой байсан. *******тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь буруу гэж үзэж байна. Ц.******* цалинг ямар эх үүсвэрээс цалинжуулж байсан тухай санхүүгийн тайлангийн хавсралтыг гаргуулах, 2016 оноос ээлжийн амралт олгож байсан эсэх, олгож байсан бол олгосон санхүүгийн баримт, олгоогүй хэдэн төгрөг нөхөж олгохоор байна гэдэг тооцооллыг гаргаж ирүүлнэ үү гэсэн хүсэлтийг дагуу шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн шаардлагад нийцүүлсэн баримтыг театраас гаргаж ирүүлээгүй байна. Зөвхөн цалингийн картуудыг гаргаж явуулсан байна. Цалингийн картыг жилийн эцэст нягтлан бодогч ажилчиддаа өгч гарын үсэг зуруулдаг. 2022 оны *******д ээлжийн амралт олгох тухай зөвхөн тушаалыг гаргаж ирүүлсэн байна. Үүнээс харахад ээлжийн амралт олгож байгаагүй нь тогтоогдож байна. Мөн хэдэн төгрөгийг ээлжийн амралт олгоогүй талаар тооцож гаргаж ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруу биш, ажил олгогчийн буруугаас Ц.******* эрх зөрчигдөж байгаа учраас Төрийн албаны тухай хуульд зааснаар 5,504,572 төгрөг, ээлжийн амралтыг бодохоор доод тал нь 2,500,000 төгрөг олгогдохоор байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Үүнд:
******* нь 2016.01.06-ны өдрөөс 2017.8.01-ний өдрийг хүртэл харуул хамгаалалтын ажилчнаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад тухайн үеийн дарга нь гэрээг дуусгавар болгосон. Улмаар 2019.01.21-ний өдрөөс ******* нь гэрээтээр ажилд орох хүсэлт гаргаж харуул хамгаалалтын ажилтнаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж, энэ хугацаанд малчнаар тэтгэвэр тогтоолгох гэж гэрээг цуцлан эргэн гэрээний дагуу ажиллаж байгаад 2023.02.27-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгч байгууллагын даргын 2023.03.06-ны өдрийн Б/17 тоот тушаалаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон. Иймд:
а.******* нь тус театрт удаа дараа ажилд орж, чөлөөлөгдөж байсан бөгөөд 2019 онд хөлсөөр ажиллах гэрээгээр анх ажилд ороход гэрээний нөхцлийг тайлбарлан өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр бус Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 тоот тогтоол “Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу тусламжийг олгох боломжгүй. Түүнчлэн 2023 оны байгууллагын төсвийн төслийг явуулах үед буюу 2022 оны 06 сард ******* нь хүний нөөцийн ажилтантай уулзаж нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх эсэх талаар тодруулсан бөгөөд хууль эрх зүйг тайлбарлан эрх үүсэх боломжгүй байна гэдэг тайлбарыг өгөхөд өөрөө хүлээн зөвшөөрсөн.
в.******* нь 2020.5.28-ны өдөр өөрийн биеэр байгууллагын удирдлагад хүсэлт гаргаж гэрээг дуусгавар болгон 2020 оны 6 дугаар сараас эхлэн малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 тоот тогтоол “Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.3 дахь заалтын дагуу эрх зүйн хүрээлэлд орох боломжгүй байна гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс Сүхбаатар аймгийн “*******” театрт хөлсөөр ажиллах гэрээний дагуу харуулаар ажиллаж байсан *******г “*******” театрын даргын 2023.3.06-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.******* “*******” театрт хийж байсан ажил нь байнгын ажлын байр бөгөөд байнгын ажлын байран дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол тэтгэвэрт гаргахдаа тэтгэмжээ авах ёстой гэж маргажээ.
7. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаар тогтоолоор “... төрийн албыг боловсронгуй болгох, төсвийн зардлыг хямдруулах ажлын хүрээнд төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг бүтээгдэхүүн нийлүүлэх хэлбэрт шилжүүлэн гэрээгээр гүйцэтгүүлэх зорилгоор “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийг баталж, төрийн үйлчилгээний зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа ажилчдын цалин, бусад зардлыг батлагдсан төсөвт хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардалд шилжүүлэн тайлан болон нягтлан бодох бүртгэлд тусгаж байхыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсөн байх бөгөөд тус баримтлах чиглэлийн 2.1 дэх хэсэгт “төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээнд шаардлагатай төсвийн бүх шатны байгууллагыг хамруулна.”, 4.3 дахь хэсэгт “Төсвийн байгууллагад ажиллаж байгаа ... жижүүр, харуул, манаач, сахиул ... зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа зааж ажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна.”, 6 дугаар зүйлд “Гэрээгээр гүйцэтгэх ажил, үйлчилгээ, албан тушаалын жагсаалт”, 6.1 дэх хэсэгт “Гэрээгээр гүйцэтгэх албан тушаал: ... жижүүр, манаач, сахиул, бусад”, 6.2 дахь хэсэгт “Гэрээгээр гүйцэтгэх ажил, үйлчилгээ: ...харуул, хамгаалалтын үйлчилгээ, ... бусад” гэж заажээ.
Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан “хөлсөөр ажиллах гэрээ”-г хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий гэж дүгнэлээ.
8. Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заажээ.
9. Нэхэмжлэгч ******* нь нийтдээ 20 жил үүнээс малчнаар 15 жил ажиллаж 55 насандаа “малчин”-аар тэтгэвэр тогтоолгосон боловч театртаа ажлаа үргэлжлүүлэн хийж Төрийн албаны тухай хуульд заасан 60 нас хүрч хүсэлтээ албан ёсоор бичгээр гарган чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг.
10. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй.” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. ...”, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацааны ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “ажилтан” гэж хөдөмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг;, 4.1.15-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх , ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүсэх харилцааг хэлнэ гэж тодорхойлсон байна.
12. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүсэн байх тул Хөдөлмөрийн хуульд зааснаар ээлжийн амралтын цалин гаргуулах үндэслэлгүй байна.
13. Иймд шүүх нэхэмжлэгч Ц.******* Сүхбаатар аймгийн “*******” театрт холбогдуулан гаргасан “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,504,572 төгрөг, 2016 оноос хойш эдлүүлээгүй ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,023 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Сүхбаатар аймгийн “*******” театрт холбогдуулан гаргасан “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 5,504,572 төгрөг, 2016 оноос хойш эдлүүлээгүй ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах”тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,023 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ