| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/02863/И |
| Дугаар | 101/ШШ2023/03010 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/03010
| 2023 06 13 | 101/ШШ2023/03010
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Б-д холбогдох,
Гэрээний үлдэгдэл төлбөрт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, өмгөөлөгч, Б.Э, хариуцагч М.Б, гэрч Ү.Э, Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний бие Ү.Этай нэг дор худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс. 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр н.Э нь М.Б гэж хүн овьёос олж зарна гэж байна гэж хэлсэн. Ингээд М.Б, н.Э нар вагон задрах гэж байна гялс мөнгөө хийчих гэж хэлж 22,200,000 төгрөгийг М.Бгийн хий гэсэн данс руу хийсэн. Ү.Э нь М.Бг овьёос зарсан хүн гэж над дээр дагуулж ирсэн.
М.Б ирээд буруу вагон задлаад балрах шахлаа удахгүй вагон бууна гэж байсан. Сүүлдээ вагон нь задраагүй, бүтээгүй гэсээр 2-3 хоног болсон. М.Б нь яамны хүмүүстэй уулзаж тохирсон удахгүй ирнэ гэдэг байсан. Ү.Эт худалдаж борлуулах овьёос ч байхгүй. М.Б Ү.Эыг таньдаг болохоор овьёос авах хүмүүс сураад өгөөч гэсний дагуу л бид нарыг олж өгсөн байх. Тэр явдлаас хойш Ү.Э байнга надтай таарч, хамт ажилладаг болохоор 12,200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө авах гээд М.Б руу залгахаар утсаа авахаа больсон.
М.Б, Ү.Э нарын хооронд ямар харилцаа байгааг би мэдэхгүй. М.Бгийн шилжүүл гэсэн дансанд мөнгийг шилжүүлсэн. Хариуцагч энэ мөнгийг аваад цааш нь өөр хүнд дамжуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Бидний хувьд М.Бгаас түүний хэлсэн үнээр овьёос авахаар болж мөнгөө шилжүүлэх үүргээ биелүүлсэн.
Сүүлд нэг овьёос авах гээд үзүүлэхэд тэр нь чанар муутай овьёос байсан тул би авахгүй гэсэн. Тэрийг нь Ү.Э зараад бас нэг хүний төлбөрийг буцааж өгсөн байсан.
Иймд М.Бгаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ү.Этай уулзаж хямдхан овьёос байна. Авах хүн байна уу гэхэд Ү.Э нь би энэ хавиар хүмүүсээсээ асууя гэж хэлсэн.
Ингээд эдгээр хүмүүс овьёос авна гэхээр нь овьёос оруулж ирэхээр болсон. Анх бол би Ц.Г гэж хүнийг мэдэхгүй. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр н.Э Ц.Г гэдэг хүн овьёосны мөнгө шилжүүлсэн. Овьёосоо нэхээд байна хоёулаа уулзаадах уу гэж хэлсэн. Тэгээд Ү.Э бид хоёр анх удаа Ц.Г гэдэг хүнтэй нь уулзаж байсан. Овьёос цаанаасаа ирэхэд төвөгтэй болсон байна. Гэхдээ таны овьёосыг гаргаж өгөхийг бодьё гэж хэлсэн. Ц.Гтой ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 30 тонн овьёос гаргаж Ү.Э бид хоёр авсан. Тэр овьёосоо Ц.Г гэх хүнд өгчих гэж Ү.Эт хүлээлгэж өгсөн. Ү.Э овьёосыг өгөх гэхэд чанаргүй байна гээд Ц.Г авсангүй гэж над руу залгаж хэлсэн. Яагаад гэж асуухад, голоод байна гэж хэлж байсан. Тухайн үед сайн соортын овьёос 1,200,000 төгрөг байсан. Хамгийн муу овьёос 700,000 төгрөг, 800,000 төгрөг байсан. Голохоор овьёос байгаагүй. Тэгээд Ү.Этай ярилцаж 22-ны товчоо руу шинээр агуулах түрээсэлж, машин, зөөх хүн түрээсэлж хураалгасан. Миний зүгээс Ү.Эт наад 30 тонн овьёосоо зараад мөнгө авсан байгаа хүмүүсийн тооцоог хийгээд дуусгачих гэж энэ ажлаас би хөндийрсөн. Дахиж оролцоогүй, түүнээс хойш уулзаагүй, утсаар 2, 3 удаа уулзаж байсан. Ямар нэгэн байдлаар гэрээ хийсэн зүйл байхгүй.
Нийт 81,600,000 төгрөгийг данс руу шилжүүлснийг би цаад овьёос нийлүүлэх хүмүүс рүү шилжүүлсэн. Овьёосыг Ц.Г гэх хүн авч байгаа талаар нь сүүлд мэдсэн. 30 тонн овьёос яагаад аваагүй талаар нь мэдэх зүйл байхгүй байна. Огт нийлүүлэхгүй алга болсон зүйл байхгүй. Тэр мөнгийг өөртөө хэрэглээгүй, цааш нь шилжүүлсэн баримт байгаа. Өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй байсан тул н.Уянга гэх хүний дансанд авч цааш нь шилжүүлсэн. Би бас хүмүүст залилуулсан. Энэ хүний мөнгийг н.Нарантуяа гэж хүн авсан. Шаардлагатай гэж үзэж тэр хүний мэдээллийг би өгч болно. Би ч мөн адил хохироод 38,000,000 төгрөг авч чадаагүй явж байгаа. Овьёос өгөөгүй залилсан зүйл байхгүй. Овьёос олж өгсөн боловч Ц.Г аваагүй. Тухайн үед 1 тонн овьёос 1,200,000 төгрөгийн үнэтэй байхад 680,000 төгрөгийн үнэтэй овьёос тухайн үед хаана ч олдохгүй байсан. Дуугүй л авах ёстой байсан юм. Тийм овьёос хаанаас ч олдохгүй байсан. Би өгөхгүй гэж хэлээгүй өгье гэж хэлсэн. 30 тонн овьёос аваач гэж хэлсэн. Тэгээд Ц.Г аваагүй зүйл болсон байна. Мөнгийг өөртөө хэрэглээгүй. Хүний өмнө хариуцлага хүлээх ёстой байсан бол өгчихсөн багаа. Аль нэг өөр хүний өмнөөс хариуцлага хүлээгээд зогсож байх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Х.Тын эзэмшлийн Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч М.Бд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал эс зөвшөөрөн маргаж байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч М.Бгаас овьёос худалдаж авахаар тохиролцсоны дагуу 22,200,000 төгрөг шилүүлсэн боловч овьёос нийлүүлээгүй тул овьёосны үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагчаас худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй, овьёос нийлүүлсэн боловч нэхэмжлэгч аваагүй, шилжүүлсэн мөнгийг нь бусдад дамжуулан шилжүүлсэн гэх үндэслэлээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчээс гэр бүлийн хүн болох Х.Тын эзэмшлийн Хаан банкны 5020748648 тоот данснаас 5024284502 тоот дансанд, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр oranj ganbold гэх утгаар 4 удаагийн гүйлгээгээр нийт 22,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны Депозит дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд дээрх мөнгө хариуцагчийн хамаарал бүхий хүний дансаар хүлээн авсантай хариуцагч маргаагүй.
Нэхэмжлэгч нь ...Ү.Э нь М.Б гэдэг хүн овьёос зарна. Авах хүн байна гэж асууж байна гэхэд нь авахаар болж мөнгийг М.Бгийн хэлсэн данс болох н.Уянга гэх хүний данс руу 1 вагоны тал мөнгө 22,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа М.Б гэх хүн ирээд буруу вагон буулгаад овьёосыг нь хугацаандаа өгч чадсангүй. Хэд хоногоос овьёос ирнэ гэж хэлэхээр нь итгээд олон хоног хүлээсэн... гэх тайлбар, хариуцагчаас ...Ү.Эт овьёос худалдаж авах хүн байна уу гэхэд байна гэсэн. Миний данс гүйлгээ хийдэг тул хамаагүй зарлага хийж болохгүй байсан тул н.Уянга гэх хүний данс руу мөнгийг нь хийлгэсэн. Ингээд тэр данснаас аваад н.Нарантуяагийн нөхөрийн дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчтэй бичгийн гэрээ байгуулаагүй, мөнгийг нь би хувьдаа аваагүй. Өөр хүнд шилжүүлээд өөрөө бас хохирсон. Сүүлд ирсэн овьёосыг нэхэмжлэгч голоод аваагүй байсан... гэх тайлбаруудыг гаргаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
Хэдийгээр хариуцагчаас бичгийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн Ү.Эаар дамжуулсан хэлсэн үнийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн тодорхойлсон, түүний хамаарал бүхий хүний дансанд мөнгийг шилжүүсэн үйл баримт тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар, Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсан.
Иймд талуудын тайлбар, гэрч Ү.Эын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг худалдагч тал гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэж тодорхойлж, 12,000,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Талуудын тайлбараар хариуцагчаас овьёос нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан гаргуулах шаардлага үндэслэл бүхий байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Год олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч М.Бгаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Год олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА