| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/01556/И |
| Дугаар | 102/шш2023/02162 |
| Огноо | 2023-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 102/шш2023/02162
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Хулууд овогт М-ийн Б /РД:ИГ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 0 дугаар байр 00 тоот хаягт оршин суух, Д овогт И-ын Б /РД:ХП65072418/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгч М.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.Б ах бид хоёр 0000 оны 0 дугаар сард 6,000,000 төгрөгөөр гаражийг худалдан авахаар тохирсон. 6,000,000 төгрөгөө төлсний дараа гэрчилгээгээ шилжүүлнэ гэсэн. Ингээд 0000 оны 0 сарын 00-ны өдрөө урьдчилгаа 2,000,000 төгрөг, 0000 оны 0 сарын 00-ны өдөр 1,000,000 төгрөг, 0000 оны 0 сарын 00-ны өдөр 1,000,000 төгрөг, 0000 оны 0 сарын 0-ний өдөр 500,000 төгрөг, 0000 оны 00 сарын 00-ны өдөр 500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг И.Б-ын Хаан банкны 5022980974 тоот дансанд шилжүүлж, 1,000,000 төгрөгийг төлөх дутуу байсан. Гэтэл 0000 оны 0 сарын 0-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар тус гаражийг буулгасан. Энэ гаражийг өмчлөх эрхтэй, эзэмших эрхтэй аль нь байсныг сайн мэдэхгүй байна. Надад анх хавтастай гаражийн бичиг баримт харуулж байсан боловч би тэр бичиг баримтуудыг нь тогтож хараагүй, мөнгөө шилжүүлж дууссаны дараа нэр шилжүүлээд өгье гэж хэлсэн болохоор нь итгээд зөвхөн түлхүүрийг нь аваад явсан. Анхнаасаа зөвшөөрөлгүй газар баригдсан байснаа хэлсэн бол би энэ гаражийг худалдаж авахгүй байсан юм. Иймд бидний хооронд хийгдсэн аман хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, И.Б-ээс гараж худалдаж, худалдан авах хэлцлийн үнэд төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
0000 оны 0 дүгээр сард М.Б нь замын хоорондын хашлагийн материал оруулж ирэх гэж байгаа тавих газар байдаггүй та гражаа зарах уу гээд тэгээд И.Б зарна гээд энэ хоёр хоорондоо гражийн түлхүүрийг өгөлцөж аваад хүлээлгэж өгсөн байдаг. М.Б түүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад 0000 онд эхнийхээ төлбөрт 2,000,000 төгрөг өгөөд үүнээс хойш 1,000,000, 500,000 төгрөг өгөөд цувуулж өгөөд 5,000,000 төгрөг болоод байж байтал Засаг даргын захирамж гараад энэ гаражийг буулгах шийдвэр гарсан байдаг. Тухайн үед би явж очоод энэ хүнд гаражаа зарсан байхад ямар шийдвэрээр нурааж байгаа билээ, М.Б-ын ямар нэгэн хөрөнгө байх вий дээ гээд яваад очсон байдаг. Гэхдээ М.Б нь өөрөө нэг хүн явуулаад дотор нь байгаа юмнуудаа авсан. 0000 оны 0,0 сарын үед тийм үйлдэл болсон. Энэ бол актаар эзэмшдэг гарааш ингээд төр газраа чөлөөлж авъя гээд гражийг буулгасан. Тэрнээс биш бид нар залилсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-3/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, С дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хх-5-6/, “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга /хх-7-15/, тодорхойлолт /хх-4, 22, 27/, ЭХМТК-ын хамтарсан магадлал /хх-26/, Ховд аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /хх-32/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор итгэмжлэл /хх-21/, хариу тайлбар /хх-22/, Гарааш худалдах, худалдан авах гэрээ /хх-26/, Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт /хх-27/, зурвас /хх-28/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч И.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто гаражийг 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гаражийн үнэд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг гаражийг миний бие эзэмшин ашиглаж байтал Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг гаражийг буулгаж, газраа чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Уг гаражийн өмчлөлийг надад шилжүүлээгүй байхад ийнхүү буулгах шийдвэр гарч буулгасан тул хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 5,000,000 төгрөгийг гаргуулна гэж агуулгаар тайлбарлаж байна.
3.Хариуцагч И.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгөөр тус гаражийг худалдсан бөгөөд уг гаражийн түлхүүрийг хүлээлгэн өгч, 5,000,000 төгрөгийг хүлээн авсан. Тус гаражид өмчлөх эрхийн гэрчилгээ гардаггүй, зөвхөн газар ашиглах актыг үндэслэн эзэмшиж, ашигладаг гэдгийг нэхэмжлэгчид хэлж байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар гаражийг буулгасан нь надаас шалтгаалаагүй гэх агуулгаар тайлбарласан.
4. Зохигчийн дээрх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талууд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хариуцагч И.Б-н эзэмшиж, ашиглаж байсан С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто гаражийг 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь гаражийн үнэд 5,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь тус гаражийн түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч нь тус гаражийг эзэмшиж, ашиглаж байжээ.
4.2. Тус гаражид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогддоггүй байх бөгөөд төрийн өмчийн газар зээр баригдсан түр барилга байгууламж тул газар ашиглалтын төлбөр төлж, эзэмшиж ашигладаг болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан газрын төлбөрийг тодорхойлох тухай акт гэх баримтаар тогтоогдож байна.
4.3. 0000 оны 00 дугаар сархын 00-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар тус гаражийг буулгаж, доорхи газрыг чөлөөлжээ.
5. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэн үндэслэлтэй.
6.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан энэхүү худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, татгалзсантай холбогдуулан үүсэх үр дагаварыг шаардаагүй. Харин уг гаражийг Нийслэлийн засаг даргын захирамжаар буулгахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно гэж тайлбарлаж байна.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь гэрээний зүйл болох гаражийн эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хариуцагч тал биелүүлсэн байна.
8.Харин уг гаражийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжсэний дараа Нийслэлийн засаг даргын захирамжаар буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэнд хариуцагч тал буруугүй байх бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр тухайн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй болно.
9.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Б-ын хариуцагч И.Б-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ын хариуцагч И.Б-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА