Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2023/02107

 

 

 

 

 

 

 

 

 

БГ Д-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч Д, 0 дүгээр хороо, Б тойруу 00 дугаар байр, 0 тоот хаягт байрлах, “М-И” ХЗХ /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БГ Д, 00 дугаар хороо, З нарангийн 0-00 тоот хаягт оршин суух, Б овогт Л-н О /РД:ЧН0000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,750,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,

хариуцагч Л.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хоршооны гишүүн Л.О нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 00/000 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан “Хх” худалдааны төвд байрлах ХҮТ-3 барилгын 0-р давхрын 000 тоот түрээсийн эрхтэй лангуу дээрээ жижиглэнгийн худалдаа эрхлэх зориулалтаар 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авсан билээ. Л.О бичгээр хүсэлт гарган, зээлийн хугацааг 6 сараар сунгасан. Тэрээр нийтдээ 3 удаа төлбөр төлсөн нь үндсэн зээлээс 220,668, хүүгээс 133,332, нэмэгдүүлсэн хүүгээс 25,000 нийт 379,000 төгрөг бөгөөд хамгийн сүүлд 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. Зээлийн дэлгэрэнгүй тооцооллыг хавсаргав. Зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр БГ Д-ын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх уг нэхэмжлэлийг “Л.О оршин суух хаягтаа байхгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах, хаягийг тогтоолгохоор дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 0000 оны 00000 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Л.О-ийн хаягийг олж тогтоосон тухай БГ Д-ын цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 0000 тоот албан бичиг ирүүлсэн байна. Л.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэг ч төгрөг нэмж төлөлгүй өдийг хүргэсэн. Хоршооноос авсан зээлээ энэ бүх хугацаанд хүүгийн хамт эргүүлж төлөхгүй байгаа нь хадгаламж, хадгаламжийн хүүг тасралтгүй, тогтмол төлж ирсэн хоршоог маш ихээр хохироож байна.

Иймд Л.Оээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,773,332 төгрөг, зээлийн хүү 5,370,618 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 600,732 төгрөг, нийт 7,750,682 төгрөгийг М-И хадгаламж зээлийн хоршоонд гаргуулаах нэхэмжлэл гаргасан болов хариуцагчийн амьдрал ахуйн байдлыг харгалзан үзэж, нэмэгдүүлсэн хүү болох 606,732 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,143,950 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

            2.Хариуцагч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, зээл авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй. Тухайн үед өдөр бүр төлбөрөө төлөөд явах ёстой байсан боловч тухайн үеийн нөхцөл байдлаас болоод төлж чадаагүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна.  Үлдэх хэсгийг амьдралын боломж муугаас төлж чадахгүй байна гэв

 

5.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хэрэгт зээлийн дэлгэрэнгүй тооцоо /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, итгэмжлэл /хх-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6, 31/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-7-8/, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00/000 дугаар зээлийн гэрээ /хх-9-10/, зээл, хүүгийн эргэн төлөх хуваарь /хх-11/, 0000 оны 0 дугаар 00-ны өдрийн №Б-00/000 дугаар Барьцааны гэрээ /хх-12-13/, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 00/000-0 дугаар Зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ /хх-14/, хариуцагч Л.О-ийн хүсэлт /хх-15, 18, 21, 29/, зээл хорооны хурлын тогтоол /хх-16/, зээл олгосон баримт /хх-17/, зээлийн дансны хуулга /хх-19/, зээл хүссэн өргөдөл /хх-20/, БГ Д-ын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 000/ШЗ0000/00000 дугаар захирамж /хх-22/, БГ Д дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-23/, Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөмж /хх-24/, “М-И” ХЗХ-ны албан бичиг /хх-25/, тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол /хх-26/, гишүүний анкет /хх-27/, Нийслэлийн БГ Д-ын 00 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-28/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдрийн 000/ШШ0000/0000 дугаар шийдвэр /хх-32-33/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

6. Хариуцагч талаас хэрэгт нотлох баримт өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М-И” ХЗХ нь хариуцагч Л.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,750,682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 606,732 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 7,143,905 төгрөгийг нэхэмжилж байна.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “М-И” ХЗХ  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.  Үүнд:

2.1 Нэхэмжлэгч “М-И” ХЗХ нь хариуцагч  хариуцагч Л.О-тэй 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 00/000 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, зээлдэгчид  2,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Мөн Л.О нь 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр 00/000-0 дугаартай “Зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ” байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан.

2.2. Зээлдэгч нь 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн №БГ-00/00 тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хх х-ны төвийн ХҮТ-3 барилгын 0 давхрын 000 тоот түрээсийн эрхтэй лангууг барьцаалсан.

2.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгчийн  зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй.

2.4. Зээлдэгч нь 0000 оны 0 дүгээр сарын 00-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,773,332 төгрөг, зээлийн хүү 5,370,618 төгрөг тул нийт 7,143,950 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна. 

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөг зээлсэн боловч уг зээлийг тухайн үеийн санхүүгийн хүнд нөхцөл байдалтай байсны улмаас төлж чадаагүй. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Харин амьдралын боломж муу байх тул үлдэх төлбөрийг төлөх боломжгүй байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

   4. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, хариуцагч талд нэхэмжлэгч талаас дансны хуулга, зээлийн дансны карт зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

   4.1. Нэхэмжлэгч “М-И” ХЗХ нь хариуцагч  Л.О-тэй 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00/000 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, зээлдэгчид 2,000,000 төгрөгийг, жижиглэнгийн худалдааны зориулалтаар, сарын 5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

4.2 Зээлийн гэрээний талууд 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 00/000-0 дугаартай “Зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ” байгуулж, зээлийн гэрээний хугацааг 6 сараар буюу 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хүртэл сунгасан байна.

            4.3.Хариуцагч Л.О нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2,143,950 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ ...амьдралын боломж муу гэх агуулгаар тайлбарласан. 

 

            5. Санхүүгийн зохицуулах хорооноос “М-И” ХЗХ-г 2000 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч, гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй субъект байна

 

   6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч талд 2,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уг гэрээнд заасан үүргийг буюу үндсэн зээлийг, гэрээнд заасан хэмжээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон  шаардах эрхтэй байна. 

 

8.Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж байсан хүсэлт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүрэг зөрчигдсөн гэх үйл баримтын талаар болон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн тооцолол дээр маргаагүй.

 

9.Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,773,332 төгрөг, зээлийн хүү 5,370,618 төгрөг, нийт 7,143,950 төгрөгийг шаардсан нь хуульд нийцэж байх тул хариуцагч Л.О зээлийн гэрээний үүрэгт 7,143,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “М-И” ХЗХ-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

10.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129,254 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.О-оос 7,143,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М-И” ХЗХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О улсын тэмдэгтийн хураамжид 129,254 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “М-И” ХЗХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭНХЗАЯА