Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 337

 

 

     

   

      

 

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Т.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Тогоогийн Чинбатад холбогдох 1705000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 42 дугаар байр 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Тогоогийн Чинбат /ЧГ78092816/.

 

Шүүгдэгч Т.Чинбат нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн зогсоол орчим шатаар өгсөж явсан иргэн Ж.Жунхаг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чинбат мэдүүлэхдээ:

            Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Чинбатын өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ... 5-6 тэнэмэл амьдралтай хүн хүрч ирээд над руу зодох гээд дайрахаар нь тэр хүмүүсээс айгаад зугтааж байгаад доошоо далан руу ордог шатаар уруудаад гүйж байгаад шатаар өгсөж явсан нэг настай эмэгтэйг шүргээд унагасан. Тэгэхээр нь би босгоод хажууд нь зогсож байхад цагдаа дуудаад намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ... Би эмчилгээний зардал гэж 1,500,000 төгрөг гэрт нь бэлнээр аваачиж өгсөн. Би болгоомжгүй бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул их харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Жунхагийн өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад үл таних хүн урдаас гүйж ирээд шатаар өгсөж байхад хажуу тийш нь түлхэж унаган гүйгээд явсан. Тэгээд би шатны уруу унахдаа гараа хугалсан. Тэр урдаас гүйж байсан хүний араас нь нэг хүн хөөсөн. Тэр зугтааж явсан юм шиг байгаа юм. Тэгээд гүйгээд ирэхэд нь би хажуу тийшээ болоод зам тавьж өгөхөд намайг түлхэж унагаад зугтаасан ... Гараа гэмтээсний дараахан Т.Чинбат нь манай гэрт ирээд эмчилгээндээ хэрэглээрэй гээд 1,500,000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Надад ямар нэгэн гомдол санал байхүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 14 дүгээр хуудас/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10103 тоот:

          1. Ж.Жунхагийн биед зүүн шуу ясны доод булууны хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал, зүүн мөр, өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ болон,

 

            Шүүгдэгч Т.Чинбатын хувийн байдалтай холбоотой:

                        - АСАП сангийн лавлагаа /хх-н 27-29/,

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 16/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Т.Чинбатад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, Прокуророос Т.Чинбатад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналаа яллах дүгнэлтэндээ бичсэн, яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн зогсоол орчим шатаар өгсөж явсан иргэн Ж.Жунхаг түлхэж унагаан эрүүл мэндэд нь зүүн шуу ясны доод булууны хөндлөн зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал, зүүн мөр, өвдөг, тавхайд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Т.Чинбатын “... 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ... 5-6 тэнэмэл амьдралтай хүн хүрч ирээд над руу зодох гээд дайрахаар нь тэр хүмүүсээс айгаад зугтааж байгаад доошоо далан руу ордог шатаар уруудаад гүйж байгаад шатаар өгсөж явсан нэг настай эмэгтэйг шүргээд унагасан. Тэгэхээр нь би босгоод хажууд нь зогсож байхад цагдаа дуудаад намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ... Би эмчилгээний зардал гэж 1,500,000 төгрөг гэрт нь бэлнээр аваачиж өгсөн. Би болгоомжгүй бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул их харамсаж байна ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ж.Жунхагийн “... 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад үл таних хүн урдаас гүйж ирээд шатаар өгсөж байхад хажуу тийш нь түлхэж унаган гүйгээд явсан. Тэгээд би шатны уруу унахдаа гараа хугалсан ... Гараа гэмтээсний дараахан Т.Чинбат нь манай гэрт ирээд эмчилгээндээ хэрэглээрэй гээд 1,500,000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Надад ямар нэгэн гомдол санал байхүй ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10103 тоот дүгнэлт зэрэг нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.Жунха нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “... Т.Чинбатаас эмчилгээний мөнгө 1,500,000 төгрөг бэлнээр авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх хүсэлт /хх-н 32-33/ мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Т.Чинбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Т.Чинбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Чинбатад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.           

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.12, 36.13, 36.14, дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Тогоогийн Чинбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Чинбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Чинбат бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Чинбатыг торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Чинбатад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ