Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2022/02439/И |
Дугаар | 181/ШШ2023/00217 |
Огноо | 2023-01-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2023/00217
2023 01 17 | 181/ШШ2023/00217
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А Д С Р С ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 81,489,322.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б М ХХК нь хариуцагч А Д С Р С ХХК-д холбогдуулан 81,489,322.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
В ХХК-ийн оноосон нэр Б М ХХК болж өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн тухайн нотолгоог хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харж болно.
PWS-RРO17/05-06 дугаартай, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу С4G07855 сериал дугаартай 1 ширхэг С3406 маркийн цахилгаан үүсгүүрийг дөрвөн долоо хоногийн хугацаатай 17,157,800 /НӨАТ орсон/ төгрөг төлөх хуваарьтайгаар тохирсон байдаг бөгөөд гэрээний 11-р зүйлд заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн.
Манай компани түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл, хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан юм. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэх хүргүүлэхэд түрээсийн төлбөрөөс 17,157,800 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэх хүргүүлэхэд 17,157,800 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэх хүргүүлэхэд 5,596,800 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэх хүргүүлэхэд түрээсийн төлбөрөөс 14,413,814.80 төгрөг тус тус төлөөгүй буюу нийт 54,326,214.80 төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Түрээсийн гэрээний талууд Түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 11-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги нэмж төлнө хэмээн тохиролцсон тул түрээсийн гэрээний дагуу 27,163,107.40 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.
Б М ХХК түрээсийн техникүүдийг Түрээслэгчид гэрээнд заасан нөхцөл, хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгчийн улирлын чанартай ажил эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түрээсийн хугацааг сунган, төлбөрийн нөхцөлийг уян хатан болгосон боловч Түрээслэгч гэрээний үндсэн үүрэг болох түрээсийн төлбөрийг удаа дараа төлөхгүйгээр гэрээг ноцтой зөрчиж, зайлсхийж түрээслүүлэгч болох Б М ХХК-д их хэмжээний хохирол учруулсан.
Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
Манай компаниас А Д С Р С ХХК-тай 2018 оноос хойш буюу гэрээ хийснээсээ хойш төлбөр төлөхгүй байснаас хойш утсаар болон албан тоотоор байнга шаардлага тавьдаг байсан. Араас нь хөөцөлдөөд олдоогүй. Тухайн үед захирал нь л байсан. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа үгүйг мэдэхгүй байна. Шүүхэд захирал нь эвлэрэх хүсэлт өгч байсан. Шүүхэд гаргасан шаардлагыг зөвшөөрөөд хүсэлт гаргаж байсан. Энэ хугацаанд сүүлийн гомдлын хурал шийдсэнээс хойш холбоо байхгүй байсан нь ковидын хөл хорионы үе байсан. Ажил руугаа орох боломж байгаагүй. Ажил дээрээ бүх бичиг баримт материалаа орхисон. Гэрээсээ гарах эрхгүй байсан болохоор хөөцөлдөх боломж байгаагүй. Бид олохгүй байсан болохоор эрэн сурвалжлуулахыг хичээсэн боловч чадаагүй. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр албан тоот ирүүлэхэд 34,315,600 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан гэж байна.Энэ нь найман 7 хоногийн түрээсийн төлбөр байсан. Үүний дараа дахин 2 тоот явуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тоот явуулсан. Яагаад үнийн дүн өөрчлөгдсөн бэ? гэхээр бид нар техникээ өөрсдөө хурааж авч ирсэн. Хэнтий аймгийн Батдэлгэр сумаас өөрсдөө авч ирсэн. Энэ бүхэн тээврийн хөлс, машины түлш, ажилчдын хөлс мөн алданги нэмэгдсэн байгаа.
Иймд PWS-RРO17/05-06 дугаар гэрээний 5 дугаар заалтын дагуу түрээслэгч нь 54,326,214.80 төгрөг болон үлдэгдэл төлбөрийн алданги 50 хувь болох 27,163,107.40 төгрөг бөгөөд нийт 81,489,322.20 төгрөгийг А Д С Р С ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А Д С Р С ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани Б М ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан тодорхой хугацаанд хамтран ажилласан. С3406 маркийн цахилгаан үүсгүүр түрээслэн авсан ба гэрээний хугацаанд С3406 маркийн цахилгаан үүсгүүрийг хугацаандаа нийлүүлээгүй гэсэн. Түрээсийн хугацаанд гэмтэлтэй цахилгаан үүсгүүр хүлээлгэн өгсөн. Засварлах хугацаанд гэрээний хугацаа тоолохгүй, зогсоож байсан тухай мэдэгдэж байсан. Цахилгаан үүсгүүр хэрэглэх явцад гэмтэл байнга гарч бүрэн ашиглагдаагүйн улмаас манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж байсан. Тухайн үед ажиллаж байсан захирал, менежерүүд мэдэж байсан. Санхүүгийн бүртгэл тайландаа өгч илүү бүртгэлийг залруулсан гэсэн мэдээлэл өгсөн. Манай компани тухайн үед гэрээгээр хүлээсэн төлбөрөө Б М ХХК-ийн менежер, удирдах албан тушаалтантай уулзаж бүрэн төлж барагдуулсан. Ямар нэг төлбөрийн үлдэгдэл байхгүй. 2017 онд тооцоо нийлэхэд 34,315,600 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж албан бичиг өгсөн. 2018 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 75,714,973 төгрөг гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өнөөдөр үндсэн төлбөрийг дахин нэмэгдүүлээд 54,326,217 төгрөг болгосон байна. Энэ хооронд түрээсийн төлбөрийн ямар нэг үйл ажиллагаа гэрээгээр хүлээсэн үйл ажиллагаа явагдаагүй. Б М ХХК нь нэрээ солих үед гарсан алдаа байх гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалд авагдсан байгаа. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 09273 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч талаас гомдол гаргаад 2 удаа шийдүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хамгийн сүүлд гомдлыг хянан шийдвэрлээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Үүнээс хойш Б М ХХК нь манай компанитай ямар нэг байдлаар төлбөрийн талаар ярилцаж нэхэмжлэл гаргаагүй. Тооцоо нийлээгүй. Төлбөрийн үлдэгдэл байсан бол ямар нэг арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэтэл хамгийн сүүлийн шүүгчийн захимжийг хэвээр үлдээх захирамж гарснаас хойш гэж бодохоор өнөөдрийг хүртэл 4 жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Төлбөр тооцооны үлдэгдэл байсан бол өнөөдрийг хүртэл нэхэмжлэхгүй явахгүй байх. Тийм учраас өөрсдөө санхүүгийн учраа олоод дууссан гэж үзэж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 565,397 төгрөг төлсөн баримт, Б М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.М, Ц.Х нарт олгосон итгэмжлэл, А Д С Р С ХХК-ийн алдангийн тооцоолол, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн RC-PWS-17/05-06 дугаар Түрээсийн гэрээ, В ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17/09-090 тоот, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/08-072 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/11-081 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хариуцагч А Д С Р С ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2018/04539 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 06/1131 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/05900 дугаар Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6058 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2018/06058 дугаар Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6409 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/06409 дүгээр Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6883 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2018/06583 дугаар Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ЗТ2018/00447 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай зөвлөгөөний тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 7030 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/07030 дугаар Шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ЕШ2018/01254 дүгээр Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/08980 дугаар Шүүх хуралдааны тов өөрчлөх тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 9273 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/09273 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 923 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШТ2018/00323 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар А Д С Р С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.Галбадрахад олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар Б М ХХК-иас А Д С Р С ХХК-д холбогдуулан уг гэрээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргасан эсэх талаарх баримтыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А Д С Р С ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан цахилгаан үүсгүүр түрээслүүлсэн боловч А Д С Р С ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир түрээсийн гэрээний үүрэгт 54,326,214.80 төгрөг, алдангид 27,163,107.40 төгрөг, нийт 81,489,322.20 төгрөг гаргуулна гэв.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А Д С Р С ХХК нь В ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлсэн, төлбөр тооцоо дууссан, мөн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. В ГХОХХК нь оноосон нэрээ Б М ХХК болгож өөрчилснийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх4-5/
4.2. В ХХК, А Д С Р С ХХК нар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр В ХХК C3406 маркийн C4G07855 серийн дугаартай цахилгаан үүсгүүрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 4 долоон хоног хязгааргүй мото цагаар ажиллуулах нөхцөлтэйгөөр, 17,157,800 төгрөгөөр, Хэнтий аймгийн Батширээт суманд түрээсээр ажиллуулах, А Д С Р С ХХК нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг төлөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5%-тай тэнцэх алданги нэмж төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /хх9-11/
4.3. В ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/08-072 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр 34,315,600 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17/09-090 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр 39,912,400 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/11-081 тоот албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр 54,326,214.80 төгрөг, алданги 23,387,758.92 төгрөгийг яаралтай төлж барагдуулахыг А Д С Р С ХХК-д мэдэгдэж байжээ. /хх51-53/
4.4. В ХХК нь А Д С Р С ХХК-д холбогдуулан гаргасан тоног төхөөрөмжийн түрээсний гэрээний үүрэгт 77,713,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүх 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2018/04539 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/09273 дугаар шүүгчийн захирамжаар В ХХК-ийн нэхэмжлэлийг буцаажээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШТ2018/00323 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/09273 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
5. Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрт хариуцагч тал 34,315,600 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч дээрх гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд маргаантай байна.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Б М ХХК /В ХХК/ болон хариуцагч А Д С Р С ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бичгээр байгуулсан дээрх гэрээ нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 318 дугаар зүйлийн 318.3-т заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд дээрх гэрээг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, А Д С Р С ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл түрээсэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй.
Хариуцагч талаас гэрээний хугацаанд В ХХК нь С3406 маркийн цахилгаан үүсгүүрийг хугацаандаа нийлүүлээгүй, мөн түрээсийн гэрээний хугацаанд гэмтэлтэй цахилгаан үүсгүүр хүлээлгэн өгсөн, гэмтлийг засварлах хүртэл хугацаанд гэрээний хугацаа тоологдохгүй зогсож байсан гэж тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Түрээсийн гэрээ-ний 1-т Түрээслэгч нь тоног төхөөрөмжийг хэрхэн буцааж өгөхөө шийдвэрлэнэ. Буцаан өгөх нь автомат үйл явц биш бөгөөд тоног төхөөрөмжийг буцаан хүргэх хүртэл түрээслэгч тал хариуцна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр цахилгаан үүсгүүрийг буцаан авч ирсэн талаар тайлбарласан тул 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцогдсон 6,052,134 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч тал цахилгаан үүсгүүрийг буцаан тээвэрлэх зардал болон засварын зардалд 13,958,480.8 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагатай холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй учир 13,958,480.8 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч А Д С Р С ХХК-ийн төлбөл зохих үүрэг нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэхээр шаардсан 17,157,800 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэхээр шаардсан 17,157,800 төгрөг, нийт 34,315,600 төгрөг байна.
7. Түрээсийн гэрээ-ний Төлбөрийн нөхцөл хэсэгт Түрээсийн төлбөрийг нэхэмжлэх гарснаас хойш календарийн 30 хоногийн дотор барагдуулна. Төлбөр төлөх хугацаа нь календарийн 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй түрээсийн төлбөр дээр хоногийн 0.5 хувийн алданги нэмж тооцно... гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 283,790,012 төгрөг /2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1668 хоногийн алданги 143,096,052 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1640 хоногийн алданги 140,693,960 төгрөг/-ийн алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагч нь 17,157,800 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч А Д С Р С ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 34,315,600 төгрөг, алданги 17,157,800 төгрөг, нийт 51,473,400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа 3 жил байхаар заасан. Тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 323 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч нь дээрх хугацаанаас хойш ковидын хөл хорионы улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй, албан бичгээр болон утсаар хариуцагчаас төлбөрийн үлдэгдлийг шаардаж байсан гэх тайлбар гаргасан. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол-оор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020-2021 онд нийтдээ 8 удаа 88 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлээ гаргах боломжгүй ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа болон хариуцагчаас төлбөрийн үлдэгдлийг хэрхэн шаардаж байсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,397 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар А Д С Р С ХХК-иас 81,489,332.20 төгрөг гаргуулах тухай Б М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ