2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч М.Бамбадорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Төгөлдөр нарыг оролцуулан эрүүгийн 2406 05916 2116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УЕЕ улсын дугаартай “ Lexus JS- 300” маркийн тээврийн хэрэгслээ, хохирогч М.М 00-00 УБГ улсын дугаартай “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгсэл болон 10,000,000 төгрөгөөр харилцан солилцоно гэж итгүүлэн хохирогчийн автомашин, болон мөнгийг нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, хууран мэхэлж 28,926,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч М.М, гэрч Г.О нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УЕЕ улсын дугаартай "Lexus JS- 300" маркийн тээврийн хэрэгслээ, хохирогч М.М 00-00 УБГ улсын дугаартай "Nissan X-trail" маркийн тээврийн хэрэгсэл болон 10,000,000 төгрөгөөр харилцан солилцоно гэж итгүүлэн хохирогчийн автомашин, болон мөнгийг нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, хууран мэхэлж 28,926,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-н бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилсан авсан үйл баримт нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Манайх 2 машинтай байсан болохоор нөхөр Б “00-00 дугаартай машинаа дүү Б өгчихье” гэж хэлсэн. Б хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан тул удахгүй банк бусаас суллаж өгөхөөр болсон. Б банк бусын төлбөрийг төлж байсан боловч 12 сараас хойш архины хамааралтай болж ажил төрлөө хийгээгүй, банк бусын зээлийг төлөөгүй. Удалгүй банк бусаас машиныг хураан авсан. Залилах зорилгоор мөнгө, машин зэргийг аваагүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. яагаад гэхээр энэ асуудал бол гэмт хэрэг биш иргэд хоорондын иргэний маргаантай асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/,

 

хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 08 сард Б.Б гэх хүнтэй лексус жс300 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар 45.000.000 /дөчин таван сая/ төгрөгөөр тохироод өөрийнхөө унаж яваа ниссан экстрэл маркийн машинаа өгөөд дээр нь 10.000.000 /арван сая/ төгрөг өгөөд ав гээд тохиролцсон. Тэгээд өөрийн данснаас Б.Б 00000000 данс руу 10.000.000 /арван сая / төгрөг шилжүүлсэн дээр нь нэмээд эхнэрийн нэр дээр байдаг ниссан экстрэл маркийн машинаа өгөөд лехус жс300 маркийн машинаа аваад явсан. Хэд хоногийн Билгүүн машиныхаа нэрийг шилжүүлж авъя гээд эхнэрийн нэр дээр байдаг ниссан экстрэл маркийн машинаа Билгүүний нэр дээр Да хүрээ зах дээр авто тээврийн газар шилжүүлж өгсөн. Билгүүнээс авсан лексус жи300 маркийн машины нэрийг шилжүүлж аваагүй удахгүй шилжүүлж өгнө гээд яваад байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 19-ны өдөр ****** нэртэй банк бус. санхүүгийн байгууллагаас намайг хөдөө явсан хойгуур ирээд грашнаас аваад явсан байсан. Би гомдолтой байна хохирлоо барагдуулмаар байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20/

 

гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай зээлдэгч Б.Б хамтран зээлдэгч Г.С нар 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 00-00 УЕЕ улсын дугаартай ЖС-300 маркийн машиныг зах зээлийн үнэлгээ 52.000.000 төгрөг байхад урьдчилгаа 10.400.000 өгөөд 41.600.000 төгрөгийн зээлийг сарын 3,2%-н хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтэрсний улмаас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд нэхэмжлэл гаргачихсан шүүх хурал хойшлогдоод явж байтал Б.Б холбоотой байх үед тээврийн хэрэгслийг Б нь манай нөхрийн ах аваад явсан зарсан гэж хэлж байсан. Тэгээд зээлийн хугацаа төлөгдөхгүй байгаа болохоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж Б.Б хэлж байсан. Б.Б нь нөхөртэйгөө холбоогүй байгаа та нар машинаа олж аваад хурааж ав гэх зүйл ярьсан. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага тухайн машиныг Б-т байрлах модны 2 дунд замын хойд талд байрлах орон сууцны хорооллын гражинд байхад нь хурааж авсан. 2 хоногийн дараа М гэх эрэгтэй ирээд машины түлхүүрийг өгөөд автомашин дотор байсан эд зүйлээ аваад явсан... Эзэмшигч болох Б.Б нь худалдан борлуулах эрхтэй гэхдээ худалдан борлуулахдаа манай байгууллагад заавал мэдэгдээд манай байгууллагад байгаа зээлийн үлдэгдлээ бүрэн төлж хаасны дараа худалдан авч байгаа хүн рүү тээврийн хэрэгслийн нэр шилжсэний дараа тухайн иргэний өмчлөл болно. Б.Б үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүйгээр дур мэдэж бусдад дамжуулсан байсан. 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 33.719.530 төгрөгөөр тухайн машиныг Б.Б нь худалдахаар болсон гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хамт ирээд зээлийн үлдэгдэл болох 33.719.530 төгрөгийг манай 00000000 тоот данс руу хийгээд тухайн тээврийн хэрэгслийг Н.Т гэх иргэний нэр лүү шилжүүлээд манай байгууллагатай хийсэн гэрээ дуусгавар болоод, манай байгууллагаас шүүхэд гаргасан байсан нэхэмжлэлээсээ татгалзсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 92-93/

 

хохирогч М.М ХААН банкны “0000000 тоот данснаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Б 0000000 тоот данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай" дансны хуулга. /хх-ийн 21/,

 

********” ХХК-ний “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийг 18,926,250 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 106-110/

 

********” ББСБ-ын зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг хангуулсан тухай баримтын хуулбар /хх-ийн 24-43/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УЕЕ улсын дугаартай “ Lexus JS- 300” маркийн тээврийн хэрэгслээ, хохирогч М.М 00-00 УБГ улсын дугаартай “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгсэл болон 10.000.000 төгрөгөөр харилцан солилцоно гэж итгүүлэн хохирогчийн автомашин, болон мөнгийг нь хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 28.926.250 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Б 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч М.М-д 28.926.250 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болохоо шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Б явсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР