Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00246

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 18

181/ШШ2023/00246

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М даатгал ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 21,249,707 төгрөг, алданги 10,624,853 төгрөг, нийт 31,874,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 21,249,707 төгрөг, алдангид 10,624,853 төгрөг, нийт 31,874,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

М ХХК нь М даатгал ХК-тай 2008 оноос эхлэн хамтран ажилласан. Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ, барилгын даатгалын гэрээ гэсэн хоёр даатгалын гэрээ байгуулсан. М ХХК-ийн 112 дугаар салбарт 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт гал гарч, даатгалын тохиолдол үүссэн. М ХХК-ийн зүгээс үүссэн хохирлыг арилгахын тулд бүхий л арга хэмжээг авсан. Барааны хохиролд 18,118,550 төгрөг, барилгын хохиролд 3,331,183 төгрөгийн хохирол учирсан. Даатгалын гэрээгээр хохирлын үнэлгээг тогтооно гэсний дагуу Итгэл эстимэйт ХХК-иар дүгнэлт гаргуулсан. Барааг устгах шаардлагатай гэсний дагуу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад барааг устган акт үйлдсэн. М даатгал ХК-иас төлбөр төлнө гэж байсан боловч төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд Сүхбатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шалтгаан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн. Ингээд М ХХК Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3410 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.4-т заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэсэн. Ингээд М даатгал ХК-д хандахад нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан журмын дагуу нөхөн төлбөрийг олгоогүй тохиолдолд 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцно гэж байсан тул 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 8 сар, 240 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангийг нэг хоногийн 106,248 төгрөгөөр тооцож, 10,624,853 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 232.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 12,624,850 төгрөгийн алданги, нийт 31,874,560 төгрөг М даатгал ХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас ажилчдын буруугаас болж даац хэтэрсэн гэж үзэж байх шиг байна. Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт ...Цагдаагийн ерөнхий газрын дүгнэлтэд гал түймэр цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэн, богино холбоонд гэмтэл үүссэн гэж байгаа боловч даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.1-т галын болон цахилгааны хүчдэлийн эрсдэлээс хамгаалагдсан байна гэсэн байна. Мөн бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг хүргүүлж байгаагүй гэж тайлбарлаж байна. М ХХК нь 2008 оноос хойш М даатгал ХК-тай хамтран ажиллаж байсан. Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д гэрээгээр хүлээсэн үүргээ даатгуулагчаас шаардах, 5 дугаар зүйлийн 5.3-т даатгалын нөхөн төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу нөхөн олгох гэсний дагуу зохицуулж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М даатгал ХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Миний дэлгүүрийн 112 дугаар салбар дэлгүүрт гал гарч, бараа материал чанараа алдсан гэсэн. Гал гарсан шалтгаан нь цахилгааны даац хэтрэлтээс болсон гэсэн дүгнэлт гарсан. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.17 болон үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.9.2-т техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим заавар зөрчсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүсэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Энэ хоёр заалтыг үндэслээд гал нь ачаалал даац хэтрүүлснээс үүссэн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бараа материалын даатгалын гэрээг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 12 дугаар зүйлийн 12.6.1-т бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Мөн 12.5.19.24-т сар улирал бүрийн тооцооны үлдэгдлийг тухайн сар, сард нь гаргаж өгч даатгалын үнэлгээг баталгаажуулаагүй бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн байгаа. Сар улирал болгоны бараа материалын жагсаалтаа гаргаж өгөөгүй. Иймд төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй. Сар улирал бүр барааны материалын үлдэгдлийн жагсаалт гаргаж өгөөгүйгээс үүдэн тухайн галд өртсөн бараа даатгалын зүйл мөн, биш талаар маргаан үүсэж байна. М ХХК нь бараа материалын үлдэгдлийн жагсаалтаа өгөөгүй учраас М ХХК-ийн 112 дугаар дэлгүүрт шатсан бараа материал нь даатгалын зүйл биш гэж үзэж байна. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн бараа материалын үлдэгдлийн гэрээний хавсралтыг харах юм бол М даатгал ХК болон М ХХК-ийн 17 салбар дахь агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг даатгасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнээс нэг ч бараа бүтээгдэхүүн чанараа алдсан бараа бүтээгдэхүүний тоонд ороогүй, тасагт байгаа бараа шатсан гэсэн. Бид агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг даатгасан болохоос тасагт байгаа бараа бүтээгдэхүүнийг даатгаагүй. Тэгэхээр даатгалын зүйл гэж үзэхгүй. Чанараа алдсан бараа бүтээгдэхүүн даатгалын зүйл мөн биш талаар тодорхой бус. Даатгалын гэрээнд заасан бараа материалын үлдэгдлийн жагсаалтаа сар бүр гаргаж өгөөгүй учраас бид нар даатгалын зүйл биш гэж үзэж байна. Даатгалын зүйл мөн, биш нь тогтоогдоогүй учраас алданги төлөх үндэслэл байхгүй. Тийм учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Манай талаас гал цахилгаан даатгасан. Гэхдээ даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлийг зааж өгсөн. Цахилгааны даац ачаалал хэтрүүлээгүй гал гарсан бол манай даатгалын зүйл. Шинжээчийн дүгнэлтээр даац хэтрүүлснээс болоод гал гарсан. Даатгалын гэрээнд заасны дагуу даац хэтрэлтээс үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Иймд төлбөр төлөхөөс татгалзах бүрэн үндэслэлтэй гэж харж байна.

Нэхэмжлэгч бараа материалын үлдэгдлийн жагсаалт гаргаж өгсөн талаар нотолж чадаагүй байна. Манай тал угаасаа огт гаргаж өгөөгүй. Гаргаж өгсөн нотлох баримт байхгүй. Гэрч Д.Анхбаяр бараа материал авч явсан, яваагүй, хоёр хүн байдаг, гурван хүн байдаг гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Бараа материалын үлдэгдлийн жагсаалт өгсөн талаар бид нар нотлох биш нэхэмжлэгч талаас нотлох ёстой.

Мөн хэрэв даатгалын зүйл даатгалын тохиолдол гэж үзэхээр бол нэхэмжлэгч тал даатгалын гэрээнд заасан өөрсдийн хүлээх хариуцлагын 10 хувиа, бүрэн сүйрсэн барааны 80 хувийг яагаад өөрсдөө баримтлахгүй байгаа юм бэ? Өөрсдөө гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байж нөхөн төлбөр нэхээд байна. М даатгал ХК нь эрхээ хамгаалуулах эрхтэй байгууллага. Даатгалын зүйл мөн биш тухай болон сар улирал бүрийн бараа материалын жагсаалтыг гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж.Э, Ц.Н, И.А нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 265,000 төгрөг төлсөн баримт,2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №90С2120007570 дугаартай Даатгалын гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №29С2020000860 дугаартай Даатгалын гэрээ, М ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 409 тоот албан бичиг, М даатгал ХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01/907 тоот албан бичиг, Итгэлт Эстимэйт ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайлан, МД-112 чанараа алдсан барааны жагсаалт, гэрэл зургийн хуулбар, Миний дэлгүүр-112 салбарын чанараа алдсан бараанд акт үйлдсэн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2021/09910 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, М ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 500 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9/3410 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, М ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/655 дугаартай албан бичиг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 185,000 төгрөг төлсөн баримт, Ө.У, Ц.Н нарт олгосон итгэмжлэл, Ж.Э, Ч.Д нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар А.А, Б.Н нарт олгосон итгэмжлэл, М даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Ш.Б-ын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 169/895 дугаар Шинжээчийн дүгнэлт, М даатгал ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1139 тоот Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д-д хүргүүлсэн албан бичиг, М даатгал ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/1140 тоот Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Ш.Б-д хүргүүлсэн албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Ш.Б-ын М даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэбулганд хүргүүлсэн Хариу өгөх тухай албан бичиг, М даатгал ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1276, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/39 тоот албан бичиг, Ө.О, Г.Д нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, М ХХК-ийн МД-112 салбарт 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гал гарсны улмаас даатгалын зүйлд учирсан хохирол буюу барааны хохирлыг үнэлгээг тогтоолгосон.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Д.А, Ц.Цнараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М даатгал ХК-тай 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Миний дэлгүүрийн 112 дугаар салбар дэлгүүрт гал гарч, даатгалын зүйлд барааны хохирол 18,118,521 төгрөг, барилгын хохирол 3,131,186 төгрөг, нийт 21,249,707 төгрөгийн хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй. Мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 10,624,853 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Даатгалын гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй. Гал гарсан шалтгааныг шинжээчийн дүгнэлтээр гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэн, хэт ачаалал болж гал гарсан гэж тогтоосон. №90С2120007570 дугаартай Даатгалын гэрээний 12.5.9.2-т Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол-д нөхөн төлбөр олгохгүй, №29С2020000860 дугаартай Даатгалын гэрээний 12.5.19.17-д Техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан учраас энэ үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Мөн даатгуулагч нь №29С2020000860 дугаартай Даатгалын гэрээний 12.6.1-т заасан бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, 12.5.9.24-т зааснаар сар, улирал бүрийн тооцооны үлдэгдлийг тухай бүр даатгагчид гаргаж өгч даатгалын үнэлгээг баталгаажуулаагүй учраас нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. М ХХК, М даатгал ХК нар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №90С2120007570 дугаартай Даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч М ХХК нь эрхийн улсын бүртгэлийн 0026875/2201005863 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Саппород байрлах 687,000,000 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг даатгуулж, даатгалын хураамжид 2,335,800 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

4.2. М ХХК, М даатгал ХК нар 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №29С2020000680 дугаартай Даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч М ХХК нь М-ийн агуулахад байрлах 5,083,596,054.48 төгрөгийн бараа материалын үлдэгдлийг даатгуулж, даатгалын хураамжид 11,183,911.32 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан даатгалын гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

5. Зохигчид даатгалын гэрээг бичгээр байгуулж, гэрээнд даатгалын гэрээний гол нөхцөлийг бүрэн тусгасан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан №90С2120007570 дугаартай Даатгалын гэрээ-ээр галын, байгалийн, цахилгааны болон эрчим хүчний, сантехникийн эрсдэлийг, №29С2020000680 дугаартай Даатгалын гэрээ-ээр галын, байгалийн, сантехникийн, цахилгаан эрчим хүчний, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл /бусдын болон ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл/-ийг тус тус даатгасан байна.

 

7. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр М ХХК-ийн МД112 салбарт гал гарсан үйл баримтад зохигчид маргаагүй бөгөөд гал гарсан шалтгааныг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Ш.Б-ын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 169/895 дугаар Шинжээчийн дүгнэлт-д ...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материалаас үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ хэт ачаалал болж гал гарсан байх магадлалтай байна гэж дүгнэжээ.

 

8. Даатгуулагч М ХХК-иас даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр даатгагч М даатгал ХК-д гаргахад даатгагчаас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 01/907 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

 

9. Даатгуулагчаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9/3410 тоот албан бичгээр ...Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч, дэслэгч Ш.Бямбажаргалын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 169/865 тоот дүгнэлтэд ...гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ хэт ачаалал болж гал гарсан байх магадлалтай байна гэж дурдсан байх бөгөөд дээрх тохиолдол нь талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 12.3.1.1 болон бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээний 12.2.1.1-т тус тус заасны дагуу Галын болон Цахилгаан эрчим хүчний эрсдэлээс хамгаалагдсан байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу олгох нь зүйтэй байна гэх хариу өгчээ.

 

10. М ХХК, М даатгал ХК нар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №90С2120007570 дугаартай Даатгалын гэрээ-ний 12.5.9-т даатгалын нөхөн төлбөр төлөхгүй байх үндэслэлүүдийг заасан байх бөгөөд 12.5.9.2-т "Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол"-д нөхөн төлбөр олгохгүй байхаар заажээ.

 

Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд цахилгааны болон эрчим хүчний гэмтлийг даатгасан, шинжээчийн дүгнэлтээр ...хэт ачаалал болж гал гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн, хариуцагчийн зүгээс гал гарсан шалтгааныг тодруулахаар шинжээчид хүсэлт гаргахад татгалзсан хариуг өгсөн байна.

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, даац ачаалал хэтрүүлснээс хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч М даатгал ХК даатгалын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Даатгуулагчид учирсан хохирлын хэмжээг Итгэлт Эстимэйт ХХК 3,131,186 төгрөгөөр тогтоосон, гэрээний хавсралтад өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг 10 хувь гэж заасан учраас хариуцагч М даатгал ХК-иас 2,818,068 /3,131,186-313,118/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Гэрээний 9.1-т Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлөх-өөр заасан байна. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 232.6-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. М даатгал ХК-ийн төлбөл зохих алдангийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 177 хоногийг, 2,818,068 төгрөгийн 0.5 хувиар тооцоход 2,493,930 /177*14,090/ төгрөг байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагч М даатгал ХК-иас 1,409,034 төгрөгийг алдангид гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

11. М ХХК-ийн зүгээс 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр даатгуулагч компанийн төлөөлөгч нарыг оролцуулан МД-112 салбарт гал гарсны улмаас 18,118,521 төгрөгийн бараа, материалыг чанараа алдсан гэж үзэж, устгалд оруулж акт үйлдсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дээрх чанараа алдсан гэж үзэж устгалд оруулсан бараа материалын үнэлгээг шинжээч томилж тогтоолгоход Хөрөнгө Эстимэйт ХХК бараа материалын үнэлгээг 18,082,321 төгрөгөөр тогтоосон.

 

М ХХК, М даатгал ХК нар 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №90С2120007570 дугаартай Даатгалын гэрээ-ний 12.5.19-т даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүдийг заасан байх бөгөөд 12.5.19.17-д "Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол"-д нөхөн төлбөр олгохгүй байхаар, 12.5.19.24-т Сар, улирал бүрийн тооцооны үлдэгдлийг тухай бүр даатгагчид гаргаж өгч даатгалын үнэлгээг баталгаажуулаагүй бол нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан байна.

 

Түүнчлэн, даатгуулагчийн хүлээх тусгай үүргийн 12.6.1-т Бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр даатгагчид гаргах өгөх үүрэгтэй байхаар заажээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь даатгалын гэрээнд заасан бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр даатгагчид гаргаж өгсөн болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээний 12.5.19.24-т зааснаар даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байна.

 

Иймд бараа материалын хохирол 18,118,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч даатгалын гэрээнд заасан тусгай үүргээ биелүүлээгүйгээс даатгагч нөхөн төлбөр олгох үүргээс чөлөөлөгдөх тул алданги төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй богон шийдвэрлэв.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагч М даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2,818,068 төгрөг, алданги 1,409,034 төгрөг, нийт 4,227,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,647,458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М даатгал ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2,818,068 төгрөг, алданги 1,409,034 төгрөг, нийт 4,227,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,647,458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ