2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2440

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,

нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Ц.Чингүүн,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан эрүүгийн 2506 05185 2482 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехник дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /хэвлэл, зурагчин/, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

****** овогт С-ийн А /РД: **********/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.А нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн "Тоёота Вэлфайр" загварын 2 тээврийн хэрэгслийн арын шилнүүдийг “машинаа байрны гаднаас зайлуулсангүй удаан байлгасан" гэсэн шалтгаанаар төмрөөр цохиж хагалан хууль бусаар гэмтээж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

****** дүүргийн прокуророос С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн Ц.Б, гэрч Б.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн БЗД2- 25-549 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч С.А-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.А нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн "Тоёота Вэлфайр" загварын 2 тээврийн хэрэгслийн арын шилнүүдийг “машинаа байрны гаднаас зайлуулсангүй удаан байлгасан" гэсэн шалтгаанаар төмрөөр цохиж хагалан хууль бусаар гэмтээж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А-ийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ****** дүүргийн ** дугаар хороо *** дугаар байрны хажуу талд байрлах хэвлэлийн газар буюу ажил дээрээ байж байтал манай найз ирээд бид хоёр ганц шил архи хувааж ууж байтал манай эхнэр над руу залгаад байрны оршин суугчид залгаад уурлаад байна, байрны гадна талд байгаа машинуудаа зайлуулаач ээ гээд янз бүрээр хэлээд байна, одоо СӨХ-н даргын ажлаа больдог юм билүү гээд надтай гар утсаар ярьсан тэгэхээр би эхнэртээ уурлаад одоо наад ажлаа өгөөд яах вэ гээд бид хоёрын дунд маргаан үүссэн намайг уучихсан юм уу гээд гэртээ хүрээд ир гэсэн. Тэгээд би байр руугаа очих замдаа газраас жижиг шаарги шиг хатуу төмөр аваад зогсоолоос машинаа авахгүй байсан машины буюу хоёр дугааргүй Alphard маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалчихсан өдрийн цаг гэгээтэй байсан, камер дээр ч гэсэн харагдаж байгаа би эзэн нь гарч ирээд харвал хараг гэж бодоод шууд гэр рүүгээ ороод унтсан, гэртээ ортол манай эхнэр байгаагүй. Маргааш нь сэрэхэд манай эхнэр байрны гадна талын зогсоолд байсан хоёр машины цонхыг хагалчихсан байна гэхээр нь эхнэртээ би хагалчихсан юмаа гээд хэлсэн. Оршин суугчдаас удаа дараагийн шаардлага удаа дараагийн дарамт шахалтаас болоод тухайн үеийн сэтгэл хөөрөл уураас болоод тухайн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 02 дугаар сараас хойш өөрийн нэр дээр байдаг зарах гэж байсан Toyota Vellfire маркийн тээврийн хэрэгслийг ******* дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны гаднах зогсоол дээр байрлуулан орхисон байсан. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний 2 машин ямар ч эвдрэл гэмтэл байхгүй хэвийн байсан. Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед машин дээрээ очиж үзэхэд 2 машины арын шил хагарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Toyota Vellfire загварын 2013, 2014 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд орж ирсэн 2 машины хойд талын 2 шил хагарсан байсан. 2 шилний үнэ нийлээд 1,000,000 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

гэрч Б.Б-ийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “...2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш ****** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны гадаа ажлаа хийж байтал манай байрны оршин суугч над дээр ирээд камер шүүмээр байна аа миний машины шилийг хагалчихсан байна гэхээр *** дугаар байранд камер байхгүй, та эсрэг талын байрны хяналтын камерын бичлэгийг шүүчих ээ гэсэн за за гээд яваад өгсөн. Удалгүй манай байрны оршин суугч над дээр ирээд камер шүүгээд миний тээврийн хэрэгслийн арыг шилийг хагалсан хүнийг олчихлоо гээд надад гар утсан дээрээ бичсэн хяналтын камерын бичлэгийг үзүүлээд та энэ хүнийг таних уу, миний тээврийн хэрэгслийн шилийг хагалсан хүн гэхээр нь гар утсан дээр нь бичсэн хяналтын камерын бичлэгийг үзтэл манай байрны СӨХ-ны даргын нөхөр А байсан. Би тухайн хүнд энэ хүнийг таних юм байна гээд хэлсэн. Би тэгээд СӨХ-ны даргад буюу А-ийн эхнэрт нь танай нөхөр байрны гадаа байсан 2 машины арын шилийг хагалчихсан байна, эзэн нь энд камер шүүчихсэн энэ хүнийг таних уу гээд явж байна гээд хэлсэн чинь СӨХ-ны дарга за за тэгвэл би нөхөртөө хэлье ажилдаа явчихсан байгаа гэсэн. А гэх залуу нь ******, *******, ** гаран настай хүн байдаг, СӨХ-ны даргын нөхөр гэдгээр нь танина, би *** дугаар байрны СӨХ-д 4 дэх жилдээ ажиллаж байна 2021 оноос хойш мэднэ. Манай байр 4 орцтой байраа дангаараа харж цэвэрлэж ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 5/,

 

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ***2-25-549 дугаартай “Тоёота Вэлфайр загварын тээврийн хэрэгслийн арын 2 шилний зах зээлийн үнэлгээ 1,000,000 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн 30-35/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Үзлэгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ****** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны хяналтын камерын бичлэгт бичигдсэн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд ****** дүүргийн ** дугаар хороо *** дугаар байрны орцноос 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 19 минут 08 секундийн үед саравчтай малгай, хар бараан өнгийн биеийн тамирын хослол, бараан өнгийн пүүз, дотуураа хөх өнгийн футволк өмссөн, *****  эрэгтэй хүн автомашиныхаа арын цонхоо хагалуулсан гэх тээврийн хэрэгслийн ард зогсож байгаад буцаад *** дугаар байр руу явж байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байх ба тухайн хүнээс өөр хүн тухайн цонхоо хагалуулсан гэх тээврийн хэрэгсэл рүү очсон ойртсон хүн байхгүй байсан нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 24-27/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч С.А нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ******* дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн "Тоёота Вэлфайр" загварын 2 тээврийн хэрэгслийн арын шилнүүдийг “машинаа байрны гаднаас зайлуулсангүй удаан байлгасан" гэсэн шалтгаанаар төмрөөр цохиж хагалан хууль бусаар гэмтээж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.А-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүх шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч С.А-ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-д 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд С.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед 850,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Ц.Б нь үлдэгдэл 150,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***** овогт С-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.С-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР