| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Соёлзул |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч Д.Соёлзул /томилолтоор/,
шүүгдэгч А.Т******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т*******д холбогдох эрүүгийн 2515002720186 дугаартай, 304/2025/0195/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө******* овогт А*******ын Т*******, ******* аймгийн ******* суманд 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, ам бүл 8, аав, ээж, 5 дүүгийн хамт Булган аймгийн ................оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.Т******* нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг ******* тоотоос иргэн Ц.О*******ийн эзэмшлийн Samsung А23 загварын 340,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хулгайлж, утасны гэрний ард байсан хохирогч Ц.О*******ийн эзэмшлийн Хаан банкны виза картаас 32,800 төгрөгийн худалдан авалт хийж “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Т******* нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг ******* тоотод байрлах н.Гын гэрт хамт байсан Ц.О*******ийн эд хөрөнгө болох “Samsung А23” загварын 340,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг түүний эзэмшдэг ХААН банкны виза картын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, виза картнаас 32,800 төгрөгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дэлгүүрээс эд зүйл худалдан авсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хохирогч Ц.О*******ийн: “...2025 оны 07 сарын 12-ны өдөр би Булган аймгийн Булган сумын 1-р баг гэх газарт оршин суух найз Гын гэрт эхнэр хүүхдийн хамт очсон. Намайг очиход тэнд Г эхнэр хүүхэдтэйгээ мөн Т, М гэх хүмүүс байсан. Бид нар юм ярьж сууж жоохон архи уугаад нилээн удсан. Хэсэг байж байгаад миний утас олдохгүй байхаар нь хайгаад олоогүй. Тэнд байсан хүмүүсээс миний утсыг авсан бол өгөөрэй гэж хэлээд гар утсаа хайсаар байгаад явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа өөрийн дугаараа сэргээж ХААН банкны мэдээллээ шүүж үзэхэд нд байрлах Гандангийн дэлгүүрээс зарлага гарсан байхаар нь очиж камер шүүхэд М,Т хоёр цуг байсан. Хэд хоногийн дараа Мгийн ээж нь яриад надтай уулзаж миний гар утсыг өгсөн. Би гар утсаа шалгаж үзэхэд миний гар утсыг ашиглаагүй байсан.Миний утас Samsung А23 маркийн гар утас байсан. Imei код нь 352379554240699 дугаартай. Би өөрийн гар утсаа 400,000 төгрөгөөр үнэлж байгаа. Надад өөр ямар нэгэн хохирол учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
-Гэрч Д.Мгийн: “...2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг Булган сум 1 дүгээр багт байрлах Гын байшингийн хажуу талын жижиг шовгорт би унтаж байсан. Намайг унтаж байхад Т*******, Г, О*******э, У нар хойд байшиндаа архи уугаад байсан. Нэг сэрсэн чинь О*******э, У нарын хүүхдүүд нь ирчихсэн. Тэгснээ утас алга болсон гээд тэрүүгээр эрээд хайгаад байсан удалгүй цагдаа ирээд байшинг шалгаж нэгжээд явсан. Орой 19 цагийн орчимд О*******э, У хоёр хүүхдийн хамт мөн Г нар Булган аймгийн ******* сум руу явлаа гээд явцгаасан.
Тэгээд явсны дараа Т******* тухайн “Самсунг А-23” загварын гар утсыг гаргаад ирсэн. Маргааш нь буюу 2025 оны 07 сарын 13-ны орой Гын гэрт Т******* бид хоёр байж байтал О*******э, У, Г нар ирэхэд утсыг нь өгч чадаагүй байж байтал гэнэт би Т*******тай цуг Хутаг-Өндөр сум руу явахаар болоход би гар утсыг аваад гэртээ аваачаад тавьчихсан. Тэгээд 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр У эгч над руу чатаар холбогдож “Т******* та хоёрт утас байгааг мэдэж байна дэлгүүрийн камер шүүж үзсэн утас өг” гэхэд нь би ээжид утсыг нь аваачаад өгчих гээд өгүүлсэн. Манай ээж Б тухайн үед утсыг нь О*******эд өгөөд дээр нь 50,000 төгрөг өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
-Гэрч М.Бгийн: “...2025 оны 08 дугаар сард би яг өдрийг нь мэдэхгүй байна. Манай охин М над руу залгаж “Шовгорт байх эмээгийн хувцсанд гар утас байгаа та тэрийг нь аваад эзэнд нь аваачаад өгчих мөн дээрээс нь 30,000 төгрөг нэмээд өгчихгүй юу” гээд О*******э гэх хүний ******* надад хэлэхээр нь би тухайн дугаар луу холбогдож гар утсыг нь өгөөд дээрээс нь 50,000 төгрөг бэлнээр өгч тухайн утсанд байсан сим картаа сэргээлгээрэй гэж хэлээд өгсөн. Тухайн хүн надад хэлэхдээ эгчээ би өргөдлөө буцаагаад авчихна гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Намайг үзэхэд ХААН банкны карт байгаагүй. М надад хэлэхдээ тухайн хүнд картаас авсан 30,000 төгрөгөө өгөөрэй гэхэд нь би тухайн картыг яасан талаар Мгөөс асуухад хаячихсан мөн гар утсанд байсан сим картыг хаясан гэхээр нь би карт захиалах болон сим сэргээлгэхэд нэмж 20,000 төгрөг буюу нийт 50,000 төгрөг гар утасны хамт О*******э гэх хүнд өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
-Гэрч П.Уийн: “...2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр О*******э Булган аймаг Булган сум 1 дүгээр баг Гын гэрт байна гэж надад хэлсэн. Тэгээд би очиж авахаар 14 цагийн орчимд очиход манай нөхөр О*******э Т******* гэх хүнийг дэлгүүр лүү картаа өгөөд пивонд явуулчихсан байсан. Тэгээд тухайн газарт О*******э,Т******* нар хоорондоо барилдаж байтал О*******ийн А-23 маркийн гар утас газар уначихсан. Тэгээд манай том хүү Энх-Амгалан утсыг нь аваад Гын байшин руу оруулсан. Тухайн үед байшинд байх буйдан дээр тавьсан гэж байсан. Тэгээд бид нар гэр лүүгээ явах гээд таксинд суугаад явж байгаад замдаа дэлгүүр орж юм авах гэтэл О*******ийн утас утасных нь ард байсан ХААН банкны карт хоёр алга болсон байсан. Тэгээд буцаж Гын гэрт очоод утсыг хайгаад олоогүй. Тухайн газраа 2 орчим цаг хайгаад олдохгүй болохоор нь бид нар ******* сум руу явчихсан. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Улаанбаатар хот руу явах гээд гар утасны сим картыг сэргээлгэхэд 2025 оны 07 дугаар сарын 12-ны 19 цаг 50 минутад Булган аймаг Булган сум 1 дүгээр багт байрлах “Аз хур” гэх хүнсний дэлгүүрт О*******ийн Хаан банкны картаас 32,800 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Тэгээд “Аз Хур” хүнсний дэлгүүрийн камерыг очиж шүүхэд О*******ийн гар утасны ардаас Хаан банкны картыг нь Т******* гаргаж ирээд уншуулж байсныг хараад Булган аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн. Цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсний дараа М над руу чат бичээд гомдлоо татчихаа надад утас чинь байгаа харин карт болон симийг чинь хугалаад хаячихсан. Тухайн үед би авчихсан юмаа гэж хэлсэн. Тэгээд О*******э Улаанбаатар хотоос 08 дугаар сарын 16, 17-ны орчимд ирээд ирсэн өдрөө өөрөө очоод утсаа авсан гэж байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй”....гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “Онцгой үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-25/02/140 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 46-50 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч А.Т******* нь бүрэн бус дунд боловсролтой байх бөгөөд өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Т*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.Т*******ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хууль бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч А.Т*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэм хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй...” болохыг тодруулжээ.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү” байхаар тус тус тодорхойлсон тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан нь “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг хангана.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Онцгой үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өдрийн ТХҮ-25/02/140 дугаартай дүгнэлтээр хулгайлагдсан эд зүйл болох “Samsung A23” загварын гар утасны үнэлгээг 340,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн, түүнчлэн хохирогч Ц.О*******ийн эзэмшдэг ХААН банкны виза картнаас 32,800 төгрөгийг шүүгдэгч А.Т******* нь өөрийн өмчийн адил захиран зарцуулсан байх тул гэмт хэргийн улмаас 372,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч А.Т*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрс*******үүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Т*******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О*******эд 372,800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.О*******э нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Т*******ыг бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Уг зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна...”гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, Булган аймгийн Булган сумын Ачуут 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Т*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Т*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхц******* байдалд тооцсон бөгөөд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Т*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Т*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тус үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эрх зүйн үр дагавартайг тусгайлан сануулав.
2.3.Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төг*******өр болтол шүүгдэгч А.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө******* овогт А*******ын Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Т*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Т*******д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.Т*******д сануулсугай.
5.Шүүгдэгч А.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төг*******өр болох хүртэл шүүгдэгч А.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ