Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Ц.Эрдэнэдорж нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өөлд овгийн Цэрэндоржийн Эрдэнэдоржид холбогдох 201726020747 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, Төмөр замын суудлын вагон депод ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 11-р байр 16 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овгийн Цэрэндоржийн Эрдэнэдорж /РД:ХН81120999/,

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэдорж нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 62/2 дугаар байрны 2 дугаар орцны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Согийг гадаад улсын иргэн байна гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарах буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эрдэнэдорж мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч анхнаасаа хохирол төлбөр нэхэмжлээгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

   Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Эрдэнэдоржийн өгсөн:

   “... 2017 оны 3 дугаар сарын 10-ны өглөө өөрийн гэр болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо дангийн 23-02 тоотод гэртээ байж байгаад 9 цагийн үед өөрийн найз болох Баасанцэрэнгийн гэр рүү ганцаараа гараад явсан юм. Тэгээд Баасанцэрэнгийн байр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63/2 байрны 2 дугаар орцоор ороод шатаар дээшээ гараад 2 давхарын шатан дээр гарахад миний хажуугаар нэг үл таних хүн зөрөх үед миний зүүн талын энгэрийн халаасанд байсан түрүүвч шатан дээр унахаар нь би доошоо тонгойгоод түрүүвчээ аваад өндийх үедээ нөгөө хүнийг нь баруун гараараа нэг удаа толгой хэсэг рүү цохиход нөгөө хүн доошоо зугтаад явсан. ... Би Баасанцэрэн дээр очоод сая нэг хүн энэ хавиар явсан уу гэж асуухад манай найз Баасанцэрэн тийм ээ сая нэг хүн хажуугаар гүйгээд 2 дугаар хорооны доош орох шиг боллоо гэж хэлэхээр нь би араас нь Баасанцэрэнгийн хамт 2 дугаар хорооны байрны доод давхар руу  ороход ахмадууд буюу өндөр настай хүмүүс дасгал хийдэг зааланд нөгөө хүн орчихсон байсан ба тэнд дасгал хийж байсан хүмүүс нөгөө хүнийг өрөөнөөсөө гар гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг дасгалын өрөөнөөс гаргаж ирээд дахиж нэг удаа гараараа шанаа хэсэг рүү нь цохисон. ... Намайг түрүүвчээ шатан дээр унагаах үед тэр хүн зөрөх шиг болохоор нь би түрүүвчийг маань авах гэж байна гэж бодоод цохичихсон юм ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  35, 39-40 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ким Ён Согийн өгсөн:

“... Би 2017 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 10 минутын үед өөрийн амьдарч байгаа гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63/2 байрны 5 давхарт байрлах 41 тоот гэрээсээ гараад, доошоо 4 давхар руу бууж байхад нэг үл таних эрэгтэй хүн 4 давхарын шатан дээр хоёр гараа алдлаад зогсож байхаар нь би Монгол хэл мэдэхгүй болохоор Солонгос хэлээр “та яаж байна” гэж хэлэхэд нөгөө хүн намайг юу гэж хэлснийг ойлгоогүй ч “өө Солонгос” гэж хэлээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би суган доогуур гараад, доошоо шатаар буугаад байрнаасаа гарч гүйгээд шууд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн байран дээр цагдаа байгаа байх гэж бодоод цагдаагийн байр руу гүйсэн. Тэгээд би 2 дугаар хорооны байрны доод давхар руу ороход олон эмэгтэй хүмүүс дасгал хийж байсан. Цагдаа нар байгаагүй. Тэгтэл нөгөө намайг цохисон хүн миний араас найзтайгаа хамт орж ирээд, намайг дахиад цохисон газраа нэг удаа нэмж цохисон юм. Тэгээд би шууд эмэгтэйчүүд рүү ороод “цагдаа цагдаа” гэж хэлэхэд тэр эмэгтэйчүүдийн дундаас нэг байх цагдаа дуудсан юм ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баасанцэрэнгийн өгсөн:

“... Манай байрны орцноос нэг үл таних настай эрэгтэй хүн гарч гүйгээд 2 хорооны байдаг зүг рүү гүйгээд явсан юм. Тэгтэл нөгөө хүний яг араас манай найз болох Эрдэнэдорж жаахан халамцуу байдалтай, манай байрны орцноос гарч ирснээ, наад гүйж байгаа хүнийг бариад аваарай гэж хэлэхээр би урдаас нь яасан юу болсон юм бэ гэж асуухад зүгээр л бариад аваарай л гээд байсан. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би Эрдэнэдоржид нөгөө хүний гүйсэн зүгийг зааж өгөөд, бид хоёр хамтдаа 2 дугаар хорооны ойр орчим алхаад явж байтал, манай хорооны хэсгийн байцаагч ордог хаалганы гадна зогсож байхаар бид хоёр очоод, хаалга онгойлгоч ээ гээд хэлээд байхад онгойлгож өгөөгүй. Цаад талд нь хүмүүс чи юун хүн бэ гараач ээ гээд орилоод байх шиг байсан. Тэгтэл дотроос нь нэг настай монгол хүн онгойлгож өгөөд, нөгөө хүнийг чи яах гэж ийшээ орж ирээд байгаа юм бэ, эндээс гар гэж хэлээд байсан. Тэгтэл нөгөө хүн гадагшаа гараад иртэл манай найз нөгөө хүнтэй барьцалдаж авсан. Тэр үед би цаад хүмүүстэй нь хамт юу болсон яасан талаар асууж байхад энэ хоёр барьцалдаж авсан юм. Тэгээд төд удалгүй хоёр залуу хүрч ирээд, цагдаа дуудчихсан байгаа, түр хүлээж байгаарай гэж хэлэхээр нь заза тэгвэл цагдаа нар ирэхээр учраа олно биз дээ гэж хэлээд би хүүхэд рүүгээ яваад өгсөн юм ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баянбатын өгсөн:

“... Манай ажлын байрны иргэний танхимын хаалгыг хүн нүдэх шиг болохоор нь би гайхаад хараад хартал хорооны гадна хоёр монгол хүн зогсож байсан. Тухайн үед нэг нь согтуу нэг нь эрүүл байх шиг байсан. Тэгээд би дөхөж очоод юу болсон талаар асуухад архи уугаагүй, эрүүл хүн нь надад манайх энэ 63 байранд байдаг юм. Тэгээд манай найзын түрүүвчийг нэг гадаад хүн авч зугтаагаад, танай иргэний тэнхим рүү нь орчих шиг боллоо ... гэхээр нь би иргэний танхимын хаалгыг нүдэхэд нэг настай хүн онгойлгож өгөхөд миний урдаас нэг солонгос хүн гарч ирээд, англи хэлээр намайг хамгаалаарай гэж хэлэхэд нөгөө согтуу монгол залуу би бичиг баримтаа авмаар байна гээд хаалгаар орж ирэх гээд зүтгээд байхаар нь эрүүл найз нь авч үлдсэн юм. Тэгээд би дотогшоо ороод нөгөө солонгос хүнтэй англиар юу болсон талаар ярилцахад нөгөө солонгос хүн хэлэхдээ би ажилдаа явах гээд гэрээсээ гарах үед энэ согтуу залуу манай шатан дээр зогсчихоод, холдохгүй байхаар нь хажуугаар нь гарах гэхэд намайг цохихоор нь би зугтаагаад наашаа орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд нөгөө согтуу хүнтэй бас жаахан үг зөрсөн юм. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирээд нөгөө согтуу монгол хүнийг аваад явсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Нямсүрэн мэдүүлэхдээ:

“... Ким Ён Сог ах сууж байхаар нь юу болсон талаар асуухад намайг нэг согтуу монгол хүн зодсон гээд үл таних ахыг зааж өгсөн. Тэгээд би нөгөө заасан хүн рүү очоод юу болсон бэ, яасан юм бэ гэж асуухад наад хүн чинь миний түрүүвчийг авах гээд байсан юм. Тэгээд би наад хүнийг чинь зодсон. Та нар хэн юм бэ, гадаадын улыг долойсон новшнууд гэж хэл амаар доромжилсон ... Ким Ён Сог ах энэ хүн намайг байрны шатан дээр цохиод араас хөөж ирээд дахиад цохисон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3641 дугаар:

 1. Ким Ён Согийн биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

 

- Албадан саатуулагдсан хүний бүртгэлийн хуулбар /хх-н 49-52/

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэдоржийн хувийн байдалтай холбоотой:

                        - АСАП сангийн лавлагаа /хх-н 8-11/,

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/

            - Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 46/

            - Ажил байдлын тодорхойлолт /хх-н 47, 59-60/

            - Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 48/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэдорж нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 09 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 62/2 дугаар байрны 2 дугаар орцны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Согийг гадаад улсын иргэн байна гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарах буюу хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63/2 байрны 2 дугаар орцоор ороод шатаар дээшээ гараад 2 давхарын шатан дээр гарахад миний хажуугаар нэг үл таних хүн зөрөх үед миний зүүн талын энгэрийн халаасанд байсан түрүүвч шатан дээр унахаар нь би доошоо тонгойгоод түрүүвчээ аваад өндийх үедээ нөгөө хүнийг нь баруун гараараа нэг удаа толгой хэсэг рүү цохиход нөгөө хүн доошоо зугтаад явсан. ... Баасанцэрэнгийн хамт 2 дугаар хорооны байрны доод давхар руу  ороход ахмадууд буюу өндөр настай хүмүүс дасгал хийдэг зааланд нөгөө хүн орчихсон байсан ба тэнд дасгал хийж байсан хүмүүс нөгөө хүнийг өрөөнөөсөө гар гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг дасгалын өрөөнөөс гаргаж ирээд дахиж нэг удаа гараараа шанаа хэсэг рүү нь цохисон. ... Намайг түрүүвчээ шатан дээр унагаах үед тэр хүн зөрөх шиг болохоор нь би түрүүвчийг маань авах гэж байна гэж бодоод цохичихсон юм ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Ким Ён Согийн мэдүүлсэн “... Би 2017 оны 3 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 10 минутын үед ... Баянгол дүүргийн 2 дугаар хороо 63/2 байрны 5 давхарт байрлах 41 тоот гэрээсээ гараад, доошоо 4 давхар руу бууж байхад нэг үл таних эрэгтэй хүн 4 давхарын шатан дээр хоёр гараа алдлаад зогсож байхаар нь би Монгол хэл мэдэхгүй болохоор Солонгос хэлээр “та яаж байна” гэж хэлэхэд нөгөө хүн намайг юу гэж хэлснийг ойлгоогүй ч “өө Солонгос” гэж хэлээд миний баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би суган доогуур гараад, доошоо шатаар буугаад байрнаасаа гарч гүйгээд шууд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цагдаагийн байран дээр цагдаа байгаа байх гэж бодоод цагдаагийн байр руу гүйсэн. ... Тэгтэл нөгөө намайг цохисон хүн миний араас найзтайгаа хамт орж ирээд, намайг дахиад цохисон газраа нэг удаа нэмж цохисон юм ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх,

гэрч Б.Баасанцэрэнгийн мэдүүлсэн “... Манай байрны орцноос нэг үл таних настай эрэгтэй хүн гарч гүйгээд 2 хорооны байдаг зүг рүү гүйгээд явсан юм. Тэгтэл нөгөө хүний яг араас манай найз болох Эрдэнэдорж жаахан халамцуу байдалтай, манай байрны орцноос гарч ирснээ, наад гүйж байгаа хүнийг бариад аваарай гэж хэлэхээр би урдаас нь яасан юу болсон юм бэ гэж асуухад зүгээр л бариад аваарай л гээд байсан. ... Тэгтэл нөгөө хүн гадагшаа гараад иртэл манай найз нөгөө хүнтэй барьцалдаж авсан ....” гэх,

гэрч Б.Баянбатын мэдүүлсэн“... би дотогшоо ороод нөгөө солонгос хүнтэй англиар юу болсон талаар ярилцахад нөгөө солонгос хүн хэлэхдээ би ажилдаа явах гээд гэрээсээ гарах үед энэ согтуу залуу манай шатан дээр зогсчихоод, холдохгүй байхаар нь хажуугаар нь гарах гэхэд намайг цохихоор нь би зугтаагаад наашаа орж ирсэн гэж хэлсэн....” гэх,

гэрч  О.Нямсүрэнгийн мэдүүлсэн “... Ким Ён Сог ах сууж байхаар нь юу болсон талаар асуухад намайг нэг согтуу монгол хүн зодсон гээд үл таних ахыг зааж өгсөн. Тэгээд би нөгөө заасан хүн рүү очоод юу болсон бэ, яасан юм бэ гэж асуухад наад хүн чинь миний түрүүвчийг авах гээд байсан юм. Тэгээд би наад хүнийг чинь зодсон. Та нар хэн юм бэ, гадаадын улыг долойсон новшнууд гэж хэл амаар доромжилсон ... Ким Ён Сог ах энэ хүн намайг байрны шатан дээр цохиод араас хөөж ирээд дахиад цохисон гэж хэлсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3641 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэдоржид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ким Ён Сог нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “... Эрдэнэдорж уучлалт гуйж, дахин ийм хэрэг гаргахгүй гэж амласан учраас хэргийг хааж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-н 67-68/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 93/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ц.Эрдэнэдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Эрдэнэдоржид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Ким Ён Сог-той сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Цэрэндоржийн Эрдэнэдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Эрдэнэдорж цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж Ц.Эрдэнэдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ