Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/01234

 

 

 

 

 

 

 

 

 

З.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З.Огийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Огээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пунцагаар зуучлуулж хариуцагч Б.Б болон түүний Сухайт хайрхан компанид нийт 26 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.01.07-ны өдрийн 102/ШШ2019/00121 тоот шийдвэрээр дээрх зээлээс 11 000 000 төгрөгийг Сухайт хайрхан ХХК-зээлсэн гэж үзэж төлөгдсөн 2 540 000 төгрөгийг 11 000 000 төгрөгөөс хасч, үлдсэн 8 460 000 төгрөгийг Сухайт хайрхан компаниас гаргуулсан. Харин үлдэх 15 000 000 төгрөгийг Сухайт хайрхан ХХК-иас биш иргэн Б.Баас нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн. Иймд 2018.7.04-ний өдөр Б.Баас зээлсэн 15 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүг 2 сарын хугацаатай тооцож 3 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг гаргуулна. Анх 2018.07.04-ний өдөр энэ зээлийн гэрээг байгуулахдаа өмнө Сухайт хайрхан ХХК-д зээлдүүлсэн 11 000 000 дээр Б.Бд нэмж зээлдүүлж буй 15 000 000 төгрөгийг нэмээд 26 000 000 төгрөгөөр гэрээг байгуулсан. Баянгол дүүргийн Иргэний шүүх  зөвхөн З.О болон Сухайт хайрхан ХХК-д холбогдох хэсгийг шийдэж, иргэн Б.Бд зээлдүүлсэн 15 000 000 төгрөг нь энэ компанид хамааралгүй гэж шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.  Иймд  18 000 000 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар энэ хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийг Ч.Пунцаг авсан. Ч.Пунцаг нас барсан тул зээлийн үүргийг түүний гэр бүл хариуцах ёстой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч З.О нь хариуцагч Б.Бд холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 10 хувийн хүүг 2 сараар тооцож хүү 3 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хэргийг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж маргажээ. /Хх-1-2, 7, 21/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 26 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр хариуцагч Б.Б болон Ч.Пунцаг нарт зээлдүүлэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-7/

 

Сухайт хайрхан ХХК-ийн зээлсэн 11 000 000 төгрөгийн зээлийн маргааныг  шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00121 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-22-24/

 

Хариуцагч гэрээ байгуулагдсан, зээлийн 15 000 000 төгрөгийг шилжүүлэн авсанд маргахгүй боловч уг мөнгөн хөрөнгийг Ч.Пунцаг авч ашигласан, Ч.Пунцаг нас барсан тул түүний өв залгамжлагч нар хариуцах ёстой гэж маргаж байна.

 

Хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд зээлийн мөнгөн хөрөнгийг нотариатчийн дэргэд Б.Б болон Ч.Пунцаг нар бэлнээр хүлээн авчээ.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Б.Б 15 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Түүнчлэн талууд дээрх гэрээг бичгээр байгуулан, сарын хүүг 10 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч 2 сарын хугацааны 10 хувийн хүү 3 000 000 төгрөгийг шаардах эрхтэй. /хх-7/

 

Хэдийгээр дээрх зээлийн гэрээний хамтран зээлдэгч Ч.Пунцаг мөн болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй тул хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагчийн “энэ зээлийн гэрээний талаарх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхийн тулд өмнө шийдвэрлэгдсэн болоод сүүлд шийдвэрлэгдэх гэж буй хэргүүдийн талууд нь адил, маргааны зүйл нь буюу нэхэмжлэлийн шаардлага адил байх ёстой юм. Өмнө шийдвэрлэгдсэн хэргийн талууд нь З.О болон Сухайт хайрхан ХХК, нэхэмжлэлийн шаардлага нь 11 000 000 төгрөг байсан бол энэ маргаан нь иргэн З.О, Б.Б нарын хоорондын 15 000 000 төгрөгийн зээлийн маргаан юм.

 

Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч Б.Бы бусад үүрэг гүйцэтгэгчдээс шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД