Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00691

 

“Алтай экспорт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

С.Даутханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2016/00019 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалтай,

“Алтай экспорт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даутханы нэхэмжлэлтэй

“Оюу мандал” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 14 051 700 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 4 918 095 төгрөг, нийт 18 969 795 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Худалдах-худалдан авах гэрээнд заасан бүтээгдэхүүнийг дутуу нийлүүлснээс учирсан хохирол, бүтээгдэхүүнийг хугацаа хэтрүүлж нийлүүлсний улмаас гэрээнд заасан алданги нийт 10 660 930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Барнаул хотын “Алтай экспорт” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шатахуун худалдах-худалдан авах 01/13Э тоот гэрээг байгуулж 2 547 289 рублийн шатахуун нийлүүлсэн байдаг. “Оюу мандал” ХХК 1 680 194 рублийг шилжүүлж, 640 950 рублийн шатахуун буцааж 226 145 рублийн өртэй болсон бөгөөд нэг рублийг тухайн үеийн 50.58 төгрөгийн ханшаар тооцоход 11 438 141 төгрөг болж байна.

Тус мөнгийг Д.Басбиш 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах үүрэгтэй байсан ч 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөөгүй тул тус гэрээний 6.1, 7.3-т зааснаар хугацаа хэтэрсэн 700 хоног тутамд 0.5 хувийн торгууль тооцоход 4 180 095 төгрөг болж байна. Иймд Д.Басбишээс дутуу төлсөн шатахууны үнэ 14 051 700 төгрөг, алданги 4 918 095 төгрөг, нийт 18 969 795 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтай экспорт” ХХК-ийн захиралтай 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсны дагуу Монгол Улсын хилээр нийт 48 752 кг буюу 59 309 литр дизель түлш орж ирсэн бөгөөд 2 880 898 рубль болсноос Орос Улсын “БИН” банкаар тус “Алтай экспорт” ХХК-ийн дансанд 1 682 500 рубль шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийт түлшний үнийг 2 547 239 рубль гэсэн ч манайд нийлүүлсэн шатахуун нийлүүлсэн баримтаар 2 380 898 рубль болж байгаа тул үндэслэлгүйгээр 166 394 рубль илүү нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт сөрөг нэхэмжлэлдээ: ОХУ-ын Барнаул хотод байршилтай “Алтай экспорт” ХХК-аас бензин, дизель түлш худалдан авахаар 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсны дагуу урьдчилгаа төлбөрт 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 ам.доллар буюу  332 500 рубль, мөн сарын сарын 10-ны өдөр 650 000 рубль, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр 700 000 рубль, нийт 1 682 500 рубль шилжүүлсэн ч гэрээний хугацаа хэтэрч сар гаруй хоногийн дараа чанарын шаардлага хангахгүй зуны дизель түлш бензин бага хэмжээгээр буюу А92 бензин - 8 606 кг дизель түлш 9 769 кг нийлүүлсэн сар 20 хоногийн дараа ахиад шаардлага хангахгүй зуны дизель түлш ачуулж бүтэн 6-7 сарын турш борлуулалтгүй сул зогсож банкинд хүү төлж алдагдалд орж их хэмжээний хохирол учруулсан. Нэгэнт шаардлага хангахгүй зуны дизель түлш нийлүүлсэн учир 16 200 литр дизель түлш буцаан өгч “Алтай экспорт” ХХК-аас 421 000 төгрөгийн авлагатай үлдсэн. Нэг литр шатахууны үнэ тухайн үеийн ханшаар 1 623 төгрөг /1рубль 50.58/, тээврийн зардал 177 төгрөг, гаалийн татвар 274 төгрөг байсан бөгөөд Ховд аймагт ирсэн нэг литр бензиний өртөг нь 2 074 төгрөг, дизель түлшний өртөг 2134 төгрөг 457 литр түлш дутсан тул 1 016 505 төгрөгийг тооцооноос хассан. Буцааж ачуулсан 16 200 литр түлшний өртөг нь 2 224.3 х 16 200 = 36 033 660 төгрөг болсон. Манайд нийт ачуулсан шатахууны үнэ 120 425 669 төгрөг болсон. Бид Капитал банкаар дамжуулан 85 100 850 төгрөг шилжүүлсэн. Ингээд 36 033 660 + 1 016 505 + 85 100 850 = 122 151 015 төгрөг болохоос нийлүүлсэн шатахууны 120 425 669 төгрөгийг хасаж, үлдэх 1 725 346 төгрөгийг “Алтай экспорт” ХХК-аас авах ёстой. Гэрээний 7.1-д заасны дагуу шатахуун хугацаандаа нийлүүлэгдээгүй учраас шатахуун худалдан авахаар урьдчилан шилжүүлсэн 1 682 500 рублийг хоногт 0,05 хувийн алданги тооцоход 841,25 рубль нийт 210 хоногийн алданги 176 662 рубль буюу тухайн үеийн рублийн ханш 50.58 төгрөгөөр тооцохоор 8 935 589 төгрөг байна. Үлдэгдэл авлага 1 725 346 төгрөгийг нэмээд нийт 10 660 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн бараа нийлүүлэх хуулийн хугацааг хэтрүүлсэн, хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсний торгууль төлөх үүрэгтэй. Манайх барааг хуулийн хугацаанд нийлүүлж, гэрээний заалтыг зөрчөөгүй тул ямар нэг хэмжээний хугацаа хэтрүүлсний торгууль төлөх үндэслэлгүй. Худалдан авагч нь 2010 оны 09 дүгээр сарын 06, 13, 10 дугаар сарын 14-ний өдрийн нийт 3 удаагийн шилжүүлгээр манайд мөнгө шилжүүлсэн тул 1 680 194 рубльд ногдох шатахууныг шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан өдрөөс хойш 2 удаа 14-17 хоногийн хугацаанд нийлүүлсэн. Цагааннуурын боомтоос Ховд аймаг хүртэл ачаа тээвэрлэхэд 1 хоног. Шатахууныг ачуулах гаалийн бүрдүүлэлт хийх, тээвэрлэхтэй холбогдсон дээрх бүх ажиллагааг бүрэн гүйцэтгэхэд хуульд заасан журмын дагуу хамгийн багадаа гэхэд амралт, баяр ёслолын өдрийг үл тооцоход ажлын 14-20 хоног шаардагдах тул манайх хариуцагчаас 3 удаа шилжүүлсэн 984 312 рубльд төлбөрт 836 995 рублийн бензин дизель түлшийг Цагааннуурын боомтоор 17 хоногийн дотор буюу 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, мөн хариуцагчаас 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 699 869 рублийн төлбөрт 1 710 294 рублийн дизель түлшийг Цагааннуурын боомтоор 16 хоногийн дотор буюу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус нийлүүлсэн нь гаалийн мэдүүлэг, падаан, ачаа тээврийн олон улсын дагалдах хуудас, гэрээний хавсралт шатахуун хүлээн авсан гарын үсэг тамга тэмдэг бүхий дагалдах хуудас зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож, манайх Монгол Улс руу экспортод гаргасан нь шатахууныг хуулийн хугацаанд багтааж төлбөр авснаас хойш 14-17 хоногийн дотор нийлүүлсэн нь үнэн зөв болох нь тогтоогдож байгаа тул нийлүүлэлтийн хугацаа хэтрүүлсэн тухай Д.Басбишийн гаргасан нотлох баримтгүй үндэслэлгүй худлаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд манайхаас Цагааннуурын боомтоор 2013 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус шатахуун нийлүүлсэн он, сар, өдөр, худалдан авагч тал хариуцагчид 43 831 700 төгрөгийн шатахууныг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаатай зээлээр олгосныг нотлох баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийлүүлсэн шатахууныг хүлээн авахад 457 литр дизель түлш, дутсан тухай баримт нь уг баримтын эх хувь биш, тамга тэмдэггүй, нотариатаар гэрчлэгдээгүй канондсон хуулбар, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул хариуцагчийн 457 л дизель түлшийг дутуу нийлүүлсэн тухай тайлбарыг зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2016/00019 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Оюу мандал” ХХК-аас 13 379 325 төгрөг гаргуулан ОХУ-ын “Алтай экспорт” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 5 590 470 төгрөгийг, “Оюу мандал” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ОХУ-ын “Алтай экспорт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 297 төгрөг, “Оюу мандал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 998 төгрөгийг тус тус улсын орлого болгож, ОХУ-ын “Алтай экспорт” ХХК-аас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 22 501 төгрөгийг, “Оюу мандал” ХХК-аас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 18 526 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Оюу мандал” ХХК-аас 224 846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ОХУ-ын “Алтай экспорт” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2016/00019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252185 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даутханд, 228 210 төгрөгийг хариуцагч “Оюу мандал” ХХК-д тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь 5 590 470 төгрөг илүү нэхэмжлээгүй бөгөөд энэ нь анхан шатны шүүх Баян Өлгий аймгийн “Дастан” компаний жолоочийн гарын үсэгтэй падааныг гэрээний “2 тал үнэ тохиролцсоныг” нотлох баримт мэтээр буруу үнэлж, уг падаанд бичсэн дизелийн түлшний үнийг үндэслэн 5 590 470 төгрөгийг илүү нэхэмжилсэн мэтээр буруу дүгнэлт хийж, улмаар уг буруу дүгнэлтийг үндэслэн манайхаас 5 590 470 төгрөгийн нэхэмжлэлийг “илүү нэхэмжилсэн байна” гэж үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь зээлээр авсан шатахууны үнийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар 01/13Э гэрээний 6.1-д заасан үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас зээлээр авсан 16 200 литр дизель түлшийг манай тооцоог барагдуулахаар Баян-Өлгий аймгийн “Дастан” ХХК руу буцаан ачуулсан. Хариуцагч уг 16 200 л дизелийн түлшний 1 литрийг 2 150 төгрөгт тооцож өөрийн үнийн саналыг нэхэмжлэгчид тулган шаардсан падаан бичиж, уг падааныг нэхэмжлэгчид огт холбогдолгүй этгээд, “Дастан” ХХК-ийн жолоочийн гарын үсгээр баталгаажуулж, уг падааныг үндэслэн үнэ тогтоосныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Уг падааныг анхан шатны шүүхээс 2 талын үнэ тохиролцсон нотлох баримт мэтээр буруу үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн. Үнэн хэрэг дээрээ уг падаан нь нэхэмжлэгч падаанд заасан үнийг зөвшөөрч байгаа эсэхийг нотлох хүчин төгөлдөр баримт биш учраас анхан шатны шүүх нь уг хүчин төгөлдөр бус баримтыг буруу үнэлж нэхэмжлэгчид 4 050 000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, процессын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг буруу хэрэглэж, “Дастан” ХХК-ийн жолоочийн гарын үсэгтэй баримтыг нотлох баримтаар буруу үнэлж, нэхэмжлэгчийн 5 590 3470 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан үндэслэлийг буруу хэрэглэж, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасныг нэхэмжлэгч би дараах үндэслэл, нотлох баримтаар нотолж байна. Үүнд хоёр шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчсөний улмаас үүссэн хохирол, гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алдангийг нөхөн төлүүлэх, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирлыг арилгуулах асуудлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.5, 222.7, 232 дугаар зүйлийн 232.6, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, Иргэний хуулийн эдгээр заалтуудад нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан үндэслэлийг буруу хэрэглэж, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгч нь Баян-Өлгий аймгийн “Дастан” ХХК-ийн жолоочийн гарын үсэгтэй, манай төлбөрийн тооцоонд Өлгий хот уруу буцаан ачуулсан 16 200 литр дизелийн түлшний 1 литрийг 2 150 төгрөгөөр тооцож бичсэн падааныг” хүлээн зөвшөөрсөн, талууд үнийг хоорондоо тохиролцсоныг нотлох баримт мэтээр буруу үнэлж, дүгнэлт хийсний улмаас манайхаас 5 590 470 төгрөгийн илүү нэхэмжилсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх нь хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас Баян-Өлгий аймаг уруу буцаан ачуулсан дизелийн түлш худалдан борлуулсан үнэ 1 900 төгрөг болон 1 620 литр дизелийн түлшний падаанд заасан үнэ 2 150 төгрөгийн зөрүүнээс үүссэн 16 200 х 250 төгрөг = 4 050 000 төгрөгийн хохирлыг гэрээний үүргээ зөрчөн тал хариуцаж арилгах үүрэгтэй болох талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан үндэслэлийг буруу хэрэглэсэн. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас Баян-Өлгий аймаг руу буцааж ачуулсан 16 200 литр дизелийн түлшний падаанд бичсэн үнэ 2 150 төгрөг болон жинхэнэ худалдан борлуулсан 1 900 төгрөгийн зөрүүнээс үүссэн 4 050 000 төгрөгийн хохирол нь үүрэг гүйцэтгэгч хариуцагч гэрээний үүргээ зөрчиж үүргийн хугацаа хэтрүүлсний улмаас бий болсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг үндэслэн шүүхээс уг 4 050 000 төгрөгийн хохирлыг гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчаар арилгуулахаар шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх хохирлыг 60 хоногийн хугацаагаар зээлээр нийлүүлсэн, үнийн зөрүүнээс хохирол хүлээсэн худалдагч тал хариуцах ёстой мэтээр хуульд ниицэхгүй, буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгчид хохирол учруулсан хуульд нийцэхгүй нь шийдвэрийн “илүү нэхэмжилсэн 5 590 470 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтаар нотлогдож байна. Хариуцагч нь 01/13Э гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэсэн бол уг 16 000 литр дизелийн түлшийг Баян-Өлгий аймаг уруу ачуулах шаардлагагүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан үндэслэлээр дээрх 4 050 000 төгрөгийн хохирлыг үүргээ зөрчсөн тал арилгах үүрэгтэй тул шүүхээс 16 200 литр дизелийн түлшний жинхэнэ худалдан борлуулсан үнээр тооцоолж хариуцагч гэрээний үүргийн жинхэнэ гүйцэтгэл өр, төлбөрийн үлдэгдлийн дүнг гаргах ёстой байсан. Мөн шүүх нь хариуцагч үүргээ зөрчсөний улмаас Баян-Өлгий аймаг руу буцаа ачуулсан 16 200 литр дизелийн түлшний үнийг гэрээний гүйцэтгэлээс хасахдаа уг жинхэнэ худалдан борлуулсан үнэ 1 900 төгрөгөөр тооцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу төлсөн дүнг дараах байдлаар тодорхойлж үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой байсан: Зохигчдын хооронд нийлүүлсэн шатахууны үнийн дүн 836 995 рубль + 1 710 294 рубль = 2 547 289 рубль, Хариуцагч төлсөн 330 456 + 649 868 + 699 869 = 1 680 194 рубль, гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу төлсөн 547 289 рубль - 1 680 194 рубль = 867 095 рубль буюу төгрөгт шилжүүлэхэд 867 095 рубль х 50 58 төг = 43 857 665 төг, 16 200 литр түлшний худалдан борлуулсан үнийн дүн 16 200 х 1 900 төгрөг = 30 780 000 - 1 000 000 төг /тээврийн хөлсний/ = 29 780 00 төгрөг, хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу төлсөн 43 857 665 – 29 780 000 = 14 077 665 төгрөг, гэрээний үүргийн дутуу дүнгээс тооцсон хугацаа хэтрүүлсний алданги 14 77 665 төгрөг х 700 хоног х 0.05 хувь = 4 927 182 төгрөг, алдангийн нийт үлдэгдэл 14 077 665 + 4 927 182 = 19 004 847 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулах ёстой байсан. Гэтэл шийдвэрийнхээ ндэслэх хэсэгт “...буцааж авсан дизелийн түлшний үнийг тухайн үед Ховд аймгийн ханш буюу буцааж ачуулсан падаанд бичсэн үнэ болох 2 150 төгрөгөөр тооцож 16 200 х 2 150 = 34 830 000 төгрөгнөөс тээврийн зардал 1 000 000 төгийг хасаж 33 830 000 төгрөгийн манайд буцааж авсан байна” гэж буруу, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үнэн хэрэг дээрээ манайх 16 200 литр түлшийг 1 900 төгрөгөөр = 30 780 000 – 1 000 000 /тээврийн хөлс/ = 29 780 000 төгрөгөөр худалдан борлуулсан нь “Дастан” ХХК-ийн 01/53 тоот албан бичгээр нотлогдоно. Шүүгч нь нэгэнт хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийн дүнг 4 050 000 төгрөгөөр дутуу тооцсоны улмаас хариуцагч гэрээний үүргийн хугцааг 700 хоногоор хэтрүүлсэн алдангид 4 050 000 х 700 хоног х 0.05 хувь = 1 417 500 төгрөгөөр дутуу тооцогдсон. Шүүгч хариуцагчийн Баян-Өлгий аймаг руу буцаан ачуулсан 16 200 литр дизелийн түлшний үнийн зөрүү 4 050 000 төгрөг болон хугацаа хэтрүүлсний алдангийн зөрүү 1 417 500 төгрөг, нийт 5 467 500 төгрөгөөр манайхыг “илүү нэхэмжилсэн” гэсэн үндэслэлээр үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасан үндэслэлд нийцэхгүй шийдвэр гаргаж хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн эдгээр зүйл хэсэгт заасан үндэслэлийн дагуу гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол, холбогдож гарсан зардлыг үүргээ зөрчсөн тал хариуцаж арилгах үүрэгтэй.

Шүүгч хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн үлдсэн 5 590 470 - 5 467 500 = 123 970 төгрөгийн зөрүү нь хариуцагчийн ОХУ руу шилжсэн мөнгөнөөс гадаад төлбөрийг дамжуулагч ОХУ-ын Төв банкны суутгасан хураамж 1 682 500 – 1 680 194 = 2 306 рубль буюу 2 306 рублийн үнэ 2 306 x 50.58 = 116 637 төгрөгийн банкнаас суутгасан хураамжийн төлбөрийн зөрүүнээс үүссэн. Шүүгч гадаад төлбөрийг дамжуулагч банкны суутгасан шилжүүлгийн хураамж 2 000 рубль нь манай дансанд ороогүй болох нь дансны хуулгаар нотлогдож байхад уг хураамжийг дансанд орсон мэтээр буруу дүгнэж, улмаар шилжүүлгийн хураамж 2 000 рублийн үнэ 116 637 төгрөгийг илүү нэхэмжилсэн мэтээр буруу дүгнэсэн. Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулсан хууль тогтоомжийн дагуу банкинд төлөх шилжүүлгийн хураамжийг төлбөр шилжүүлэгч тал хариуцах ёстой тул уг банкнаас суутгасан хураамж 116 637 төгрөгийн хэмжээгээр манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр. Шүүгч нийт 4 050 000 + 1 417 500 + 116 637 = 5 584 137 төгрөгийг манайх илүү нэхэмжилсэн мэтээр буруу дүгнэлт хийж, уг буруу дүгнэлтийг үндэслэн 5 590 470 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож .хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан. “Дастан” ХХК-ийн жолооч манайхыг төлөөлж үнийн санал, үнэ тохиролцох эрх хэмжээ олгогдоогүй, Н.Оразай нь тус компанийн албан ёсны төлөөлөгч биш байсан учраас түүний гарын үсэгтэй падааныг тооцоо нийлсэн, үнэ тохиролцсон акт мэтээр үзэж шүүхээс буруу дүгнэж нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг зөрчсөн хуульд нийцэхгүй, буруу дүгнэлт. Манайх 16 200 литр дизелийн түлшийг 2150 төгрөгөөр төлбөртөө тооцож авсныг нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байхад шүүгч авсан мэтээр нотлох баримтгүй, буруу дүгнэлт хийсэн. “Дастан” ХХК нь 16 200 литр дизелийн түлшний 1 литрийг нь 1 900 төгрөгөөр тооцож орлого авч манайхтай тооцоо хийсэн, уг худалдан борлуулсан нь жинхэнэ үнэ нь 1 900 төгрөг болох нь “Дастан” ХХК-ний 01/53 тоот албан бичгээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс уг баримтыг жинхэнэ худалдан борлуулсан үнийг нотлох баримтаар зөв үнэлж 16 200 литр худалдан борлуулсан үнийн талаар үнэн зөв дүгнэлт гаргаагүй учраас 5 590 370 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон. Иймд 16 200 литр дизелийн түлшийг жинхэнэ худалдан борлуулсан үнэ нь 1 900 төгрөг болохыг нотлох албан бичгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийн манай 5 590 470 төгрөгийн нэхэмжлэлийг хүчингүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагчаас гэрээний үүргийн дутуу гүйцэтгэл 14 051 700 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 4 918 095 төгрөг, нийт 18 969 795 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь гомдлын дагуу шийдвэр үндэслэлтэй эсэхийг огт хянан шалгаагүй, гомдлын үндэслэлийг хяналгүй зөвхөн хариуцагчийн гомдлыг хангах зорилго агуулсан. Мөн манай гомдлын үндэслэл, хариуцагчийн гэрээний үүргийн жинхэнэ гүйцэтгэл, гэрээний үүргээ зөрчсөний улмаас манайд 18 969 795 төгрөгийн хохирол учруулсаныг тогтоох, шийдвэрт өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэхийг шалгаагүй мөртлөө нэхэмжлэгчийн гомдлыг хангах шалтаг хайж тэдний нөлөөнд автсан. Давж заалдах шатны шүүх нь“...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан зарим ажиллагаануудыг дутуу хийсэн зохих журмын дагуу хийгээгүй байх тул...” гэсэн үндэслэлгүй зохиомол дүгнэлт бичиж, нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдах хүртэл 9 cap буюу 270 хоног өнгөрснийг үл харгалзан хариуцагч нь шүүх хурлыг хойшлуулж, хэрэг шийдвэрлэх хугацаа 9 cap буюу 270 хоног үргэлжлэхэд хүрснийг давж заалдах шүүхээс үл харгалзан уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлэх нь зөв” гэсэн туйлын хариуцлагагүй шийдвэр гаргасан. Энэ нь давж заалдах шүүх ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал гэж би дүгнэж байна. Би давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй, үндэслэлгүй буруу дүгнэлт болохыг доорх үндэслэл, нотлох баримтаар нотолж байна.

Магадлалд “итгэмжлэл нь хэзээ олгогдсон нь тодорхойгүй, он нь балархай тул итгэмжлэл хэзээ олгосон цаг хугацаа нь тодорхойгүй, уг итгэмжлэлийг нотариат хэзээ гэрчилснийг тодорхойлох боломжгүй он cap нь уншигдахгүй тул нэхэмжлэлийг төлөөлөгч гаргах эрх үүссэн байсан гэж үзэх боломжгүй юм” гэжээ. Уг дүгнэлт нь нотлох баримтын үнэн байдалд нийцэхгүй, Нэхэмжлэгчээс надад олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байдлыг шүүгчээс санаатай худлаа тайлбарлаж уг нотлох баримтын жинхэнэ үнэн байдалд нийцэхгүй буруу дүгнэлт бичсэн. Итгэмжлэлийг нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А.Казанцеваас надад 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосныг нотлох он cap өдөр нь уг итгэмжпэлийн Орос, Монгол хэл дээрх хувийн аль алинд том үсгээр бичсэн “Итгэмжлэл” гэсэн үгийн яг дээд талд үсгээр “хоёр мянга арван гурван оны арван нэгдүгээр сарын арван” буюу “Десятое ноября две тысячи тринадцатого года” гэснээр болон И.А.Казацевийн гарын үсэг, компанийн тамгаар баталгаажуулсанаар нотлогдож байна. 2015 оны 06 дугаар сард захирал И.А.Казацев тооцоо нийлэх ажлаар өөрөө биечлэн Ховд аймагт надтай хамт ирж, хариуцагчтай уулзаж, ярилцаж, дараа нь Ховдоос Өлгий хотод эргэж очиход Өлгий хотын төвийн нотариатчаар итгэмжлэлийг гэрчлүүлсэн. Итгэмжлэлийн огноо тамга, дардас нь тод харагдаж байна. Орос хэл дээрх эх хувь нь надад хадгалагдаж байна. Итгэмжлэлийн аймгийн шүүхийн албан ёсны орчуулагчаар орчлуулсан. Би уг итгэмжлэлээр “Алтай экспорт” ХХК-д холбогдох Х.Серуенээс хивэг тэжээлийн үнэ 240 000 рубль, Х.Майраагаас хивэг тэжээлийн үнэ 135 000 рубль гаргуулах 2 нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд оролцож байсан. Өөрөө хэлбэл хариуцагчийн шүүхэд гаргасан “би нэхэмжлэгчид ямар ч өр төлбөргүй, харин С.Даутхан гэгч “зальжин этгээд” нэхэмжлэл гаргасанд нь гайхаж байна” гэсэн тайлбар нь худлаа үндэслэлгүй болох нь надад итгэмжлэл олгосон “Алтай экспорт” ХХК-ийн захирал И.А.Казанцевийн тайлбараар тогтоогдоно. Хариуцагч тал шүүх хурлыг хойшлуулсны дараа надад дахин итгэмжлэл олгосноор шүүх хэний талд үйлчилж, хэний ашиг сонирхлыг хамгаалж байгааг нотлох баримт юм. Шүүх нь бусдаас гэрээгээр зээлээр авсан 14 000 000 төгрөгийн шатахууны үнийг төлж өгөхөөс санаатай зайлсхийж, гэрээнийхээ үүргээ зөрчиж, худалдагч талыг залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай этгээдийн эрх ашгийг хамгаалж зүтгэж байгаа нь магадлал бичсэн шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, нөлөөлөлд автагдсан хууль бус ажиллагаатай шууд холбоотой тул давж заалдах шатны уг үндэслэлгүй, хэргийг анхан шатны шүүхэд буцааж нураах зорилго агуулгатай үндэслэлгүй магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Шүүхийн нэр хүндийг унагаасан зарчимгүй асуудал учраас давж заалдах шатны шүүхийн уг зарчимгүй, хариуцлагагүй, шүүхийн нэр төрийг гутааж ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимаас дүгнэлт өгөхийг хүсэж байна. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурал хойшлогдож, И.А.Казанцев ОХУ буцаж явсны дараа хариуцагч, түүний өмгөөлөгч нар хэргийг “шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр эхний шатанд нураах” зорилгоор итлэмжлэлийн асуудлыг дахин шинээр найруулж шалтаг болгож эхэлснийг давж заалдах шатны шүүхээс сайн дэмжиж, итгэмжлэлийн талаар санаатай худлаа магадлал бичсэн нь давж заалдах шатны шүүх хариуцагчийн эрх ашгийг хамгаалж түүний ашиг сонирхолд үйлчилсэн хууль бус шийдвэр гаргаж, шүүх нь гадны нөлөөнөөс хараат бус байх, гагцхүү хуульд захирагдах үндсэн зарчим шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь уг итгэмжлэлийн талаар бичсэн давж заалдах шүүхийн хийсэн дээрх үндэслэлгүй. Итгэмжлэлд тодорхой зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч надад нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрх олгосон байхад магадлалд “итгэмжлэл тодорхойлоогүй” гэсэн утгатай дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэл гаргаснаас хойш анхан шатны шүүх хурал хүртэл 6 cap буюу 180 хоног өнгөрсөнтэй холбогдож нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 22 500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж нэмж төлж баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн уг баримт нь хавтас хэрэгт авагдсан байх тул “...тэмдэгтийн хураамж нэмж төлүүлэх ажиллагааг явуулаагүй байна” гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Би  улсын тэмдэгтийн хураамжид нийт 252 185 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрээ, гэрээний хавсралт, итгэмжлэл, гаалийн мэдүүлэг зэрэг орос хэл дээрх нотлох баримтуудыг 2015 оны 09 дүгээр сард Хууль зүйн яамны албан ёсоор олгосон зөвшөөрөлтэй орчуулагчаар орчуулуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шаардлагыг хангасан. Магадлалын 5 хэсэгт “бичмэл нотлох баримтууд нь шүүхэд эх хувиар ирээгүй ...нотариат дахин хуулбарлаж гэрчилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагад нийцэгүй” гэжээ. Манай захирал өөрөө 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өлгий хотын төвд байхдаа 01/13Э тоот гэрээний 1, 2 дугаар хавсралт 29, 33, 34 дугаартай падаан зэрэг нотлох баримтуудын эх хувийг нотариатад өгч хуулбар гаргуулж, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт дараа нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд өгсөн нь процессын хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3-т заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх тул давж заалдах шүүхийн магадлалын дээрх дүгнэлт нь үндэслэлгүй. Нотариат нь уг баримтуудыг эх хувиас нь хуулбарлаж гэрчилсэн байх тул дээрх дахин хуулбарласан” тухай дүгнэлт нь мөн үндэслэлгүй. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрээс “...”Оюу мандал” ХХК-аас илүү нэхэмжилсэн 5 590 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

ОХУ-ын “Алтай экспорт” ХХК нь хариуцагч “Оюу мандал” ХХК-аас 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үнийн үлдэгдэл 11 438 414 төгрөг, алданги 3 031 158 төгрөг, нийт 14 469 572 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдагч талыг шатахуун нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн, өвөл болж байхад зуны шатахуун нийлүүлж үүргээ биелүүлээгүй тул шилжүүлсэн 1 682 500 рубль-ээс алданги тооцож 8 932 934 төгрөг, үлдэгдэл авлага 421 000 төгрөг , нийт 9 353 934 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-64, 65/

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын  22-ны өдөр шатахуун худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нийлүүлэх барааны тоо хэмжээ, хугацаа, үнийг гэрээний хавсралтаар тохирч байсан, гэрээний дагуу худалдагч “Алтай экспорт” ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл нийт 71 518 литр шатахуун нийлүүлсэн, “Оюу мандал” ХХК-аас шатахууны үнэ, тээврийн хөлсөнд 2013 оны 09 дүгээр сарын 05, 10, 14-ний өдрүүдэд нийт 1 680 194 рублийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчид нь нийлүүлсэн шатахуун дутсан эсэх, рубль, ам.долларын ханшийн зөрүү, буцаасан  шатахууны үнийг тус тус маргажээ. Хариуцагчийн зүгээс ачуулсан дизелээс 457 литр дутсан, энэ нь 18 100 рубль, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 23 980 литр бус 23 560 литр түлш хүлээн авсан, нийлүүлсэн дизель зуных байсан тул 16 200 литр түлшийг буцаасан, түүний үнэ 34 832 000 төгрөгийг худалдагч харилцан тооцох ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчээс 2 547 285 рублийн шатахуун нийлүүлсэн, хариуцагч нь 1 682 500 рублийг төлсөн, 33 830 000 төгрөгийн шатахууныг буцааж өгсөн тул 9 910 825 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна. Түүнчлэн худалдан авагч болох “Оюу мандал” ХХК 2013 оны 10 дугаар сарын 01, 28, 31-ний өдрүүдэд шатахуун хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлыг буюу шатахуун зуны зориулалттай болохыг мэдсэн атлаа хүлээж авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1,  255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан, алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.  

Харин шүүх “Алтай экспорт” ХХК-ийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой гэж үзэв. “Алтай экспорт” ХХК нь захиалга өгснөөс хойш 10 хоногийн дотор барааг ачуулах үүргээ хугацаандаа биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, тээвэрлэлтийн баримтуудаар тогтоогдсон байх ба хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч  анз авах эрхээ алдахыг заасан Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3 дахь заалтыг хэрэглээгүйгээс хариуцагчаас алданги гаргуулсан нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй байна.           

ОХУ-ын “Алтай экспорт” ХХК-аас С.Даутханд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” шаардлагыг хангасан байна. Уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч орос, монгол хэл дээр баримтыг гэрчилснээ тэмдэглэсэн байхаас гадна нэхэмжлэлд хавсаргасан “Алтай экспорт” ХХК-ийн захирал И.Казанцевын гарын үсэг, тамга  дарагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй байна. /хх-124, 118, 103, 104, 99, 100/ Түүнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед гаргаж өгөөгүй боловч хяналтын журмаар гомдол гаргахдаа хавсаргасан итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан, итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байна. /хх-50, 51/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлэхдээ хуульд заасан журмаар гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул анхны шаардлага 14 469 572 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой, энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй юм. /хх -1, 117, 182/

Түүнчлэн нотлох баримтын орчуулгыг хийсэн А.Еркегүл нь орчуулга хийх албан ёсны зөвшөөрөлтэй эсэх талаар баримт байхгүй нь орчуулга хийх зөвшөөрөлгүй, эсвэл орчуулга хийх тусгай зөвшөөрлөө шүүхэд өгөөгүй аль нь болохыг дүгнэх боломжгүй бөгөөд орчуулагчийн тэмдэг дээр “дугаар 50, хак9808”  гэсэн тэмдэглэгээтэй, баримтын орчуулга буруу эсэх талаар зохигчдын хооронд маргаан үүсээгүй тул уг зөрчлийг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамраахгүй гэж үзэв. Хэргийн 10-21, 55-75 хуудсан дахь баримтууд орос хэл дээр, зарим нь эх хувиараа эсвэл эх хувийг нотариатаар батлуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч эдгээр баримтууд нь зохигчдын маргаагүй үйл баримтад хамааралтай байх тул шийдвэрт нөлөөлөхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даутханы хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг буюу шатахууны үнэ 9 910 825 төгрөгийг хангах үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2016/00019 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...232.6-д...” гэсний дараа “...255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1...” гэж нэмж, “...13 379 352...” гэснийг “...9 910 825...” гэж, “...5 590 470...” гэснийг “... 4 558 747...” гэж, 2 дахь заалтад “...224 846...” гэснийг “...173 523...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даутханы хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцааж олгосугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА