| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2017/1033/з |
| Дугаар | 221/МА2017/0392 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0392
В.Баяраагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч В.Баяраа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, П.Ундармаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0205 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, В.Баяраагийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0205 шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.4, 271.6.9-д заасныг тус тус баримтлан В.Баярааг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн Б/73, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасгийн татварын улсын байцаагчаар томилсон Б/08 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч В.Баярааг Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, П.Ундармаа нар давж заалдах гомдолдоо: “....Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Ундрах, П.Ундармаа нарыг томилсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундармаа Олон улсын татварын мэргэжилтнүүдийн тусгай сургалттай болсон талаар хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн атал шүүх мэтгэлцэх зарчмыг хангалгүй шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд гараагүй байсан.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч албан тушаалд томилуулах асуудлаар Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж байсан..., удирдлагатайгаа зөвшилцөж, өөрөө зөвшөөрснөөр дүүргийн татварын хэлтэст шилжиж, сэлгэн ажилласан гэж үзэхээргүй...” гэж дүгнэсэн. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу В.Баярааг өөр албан тушаалд шилжүүлэн томилсон.
Өөрийнх нь хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст томилсон бөгөөд энэ хугацаандаа өөрөө тухайн байгууллагынхаа удирдлагаас ажил албан тушаалаа хүлээн авч, 2 удаа захиргааны чөлөө авсан нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын тушаалаар нотлогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 дахь удаагаа захиргааны чөлөө авч дуусмагц одоог хүртэл Татварын ерөнхий газрын даргын Б/08 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн эрсдэлийн татварын улсын байцаагчаар ажиллаж байна.
Шүүх маргаан бүхий энэ актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус гэж тогтоох тохиолдлыг хуульчилсан боловч шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ энэ хуулийн зохицуулалтыг огт хэрэглээгүй, актыг хууль бусаар тогтоосон нь үндэслэлгүй.
Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.4-д “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргаас Ч.Хуншагайг томилуулах талаарх саналыг хүлээн авч, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч В.Баяраа нь анх “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/74, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг[1] шүүх хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гардуулсан[2] байна.
Улмаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/74 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзаж, “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэжээ.
Энэ хүрээнд шүүх Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч В.Баярааг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч шүүхээс нэхэмжлэгч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд багасгасан, эсхүл татгалзаж байгаа эсэхийг тодруулаагүйн улмаас уг шаардлагууд хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй орхигдсон байна.
Шүүх нэгэнт хүлээн авсан нэхэмжлэлийг шийдвэрлэх үүрэгтэй учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан эсэх, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан эсэхийг тодруулж, ингэхдээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулан В.Баярааг мөн өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар В.Баяраа, П.Гансүх, Ч.Нарантуяа нарыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар томилж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “намайг ямар нэгэн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж, Татварын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн, албан ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй, надтай зөвшилцөөгүй атлаа албан тушаалын зэрэглэл, цалин бууруулан улсын байцаагчаар томилсон” гэж маргаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын орон тоо болон ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн эсэх талаар нотлох баримтгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, чиг үүрэг, хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, захиргааны байгууллага, албан тушаалтны ямар хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулж, түүнд холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны дараа тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актын огноог бичээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас нэхэмжлэгч В.Баяраагаас гадна П.Гансүх, Ч.Нарантуяа нарыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар томилсон Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн зэрэг алдаа гаргасан байгааг анхаарвал зохино.
Харин “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундармаа нь сургалтад хамрагдах болсон учир шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасан, шүүх хүсэлтийг хүлээж аваагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах нь шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах бус, хэргийн оролцогчдод маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхээр хангагдах тухай хуулийн ойлголт болно.
Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН