Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2017/0543/з |
Дугаар | 100 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 100
“ЦӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ГЕГ-ын Гаалийн төв лабораторид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0005 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан, Б.Халиун, өмгөөлөгч З.Сүхбаатар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэнчимэд, Ч.Тамираа, С.Төрцэцэг
Нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 252 дугаар зүйлийн 252.1, 252.8-д заасныг тус тус баримтлан “ЦӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ГЕГ-ын Гаалийн төв лабораторид холбогдуулан гаргасан “ГЕГ-ынГаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 198 тоот сорилтын дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0005 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ЦӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ГЕГ-ын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0005 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Маргаан бүхий захиргааны акт буюу Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтийн эрх зүйн үр дагаврыг шүүх буруу тодорхойлсон ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
5. Экспортоор борлуулах нүүрсэн бүтээгдэхүүнд гаалийн лабораторийн дүгнэлт гаргах шаардлага, түүний эрх зүйн үндсийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.6, 47.12, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол болон ГЕГ-ын даргын 2015 оны “Бүрдүүлэлт хийх тухай” А/201 дүгээр тушаалаар зохицуулсан бөгөөд гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг ногдуулахад уг дүгнэлтийн зорилго, эрх зүйн шууд үр дагавар оршино. Энэ дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т зааснаар “АМНАТ-ийн төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ын дотор мэдүүлж тайлагнадаг, 4 дүгээр улирлын АМНАТ-ийн тайланг тухайн жилийн өссөн дүнгээр нэгтгэж дараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор тайлагнадаг” үүнээс үзэхэд маргаан бүхий дүгнэлт нь зорилгодоо хүрээгүй, өөр бусад байдлаар хэрэгжээгүй бөгөөд нэхэмжлэгч талд эрх зүйн үр дагаврын хувьд ач холбогдолтой хэвээр байгаа болно.
6. Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр 48935 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийж, экспортод гаргажээ. Гэтэл уг дүгнэлтийн хүчинтэй хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусаж, хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь тухайн барааны гаалийн бүрдүүлэлтийг хийж гаалийн хилээр гаргах зөвшөөрөл үйлчлэх хугацааг уг дүгнэлтийн эрх зүйн үр дагавар шууд болон бусад байдлаар бий болох, хэрэгжээд дуусах хугацаатай адилтган үзсэн нь үндэсгүй бөгөөд Гаалийн лабораторийн дүгнэлт гаргах шаардлага, түүний эрх зүйн шууд үр дагаврыг тодорхойлсон хууль тогтоомжид нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа.
7. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий дүгнэлтийн дагуу нүүрсэн бүтээгдэхүүнийг экспортлоод дуусгасан байсан тул АМНАТ-ийн төлбөр төлөх хууль зүйн үндэслэл үүссэн. Энд нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлохдоо дүгнэлтийг хууль бус гэж тогтоолгох нөхцөлд нэгэнт борлуулсан нүүрсэн бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, найрлага, чанар, ангиллыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.6, 47.12, болон Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 4.6-д заасны дагуу татварын байгууллагаас тооцон тогтоох боломжгүй болж улмаар АМНАТ-ийн төлбөр төлөх хуулийн шаардлага хангагдахгүй тул Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь заавал гарах ёстой захиргааны акт болж улмаар үүнийг хангах арга нь эрх зүйн зөрчилтэй дүгнэлтийг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлэн дахин гаргахыг даалгах явдал гэж нэхэмжлэгч тал үзсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх шаардлагагүй бөгөөд шүүхээс харин шийдвэрээ гаргахдаа хуульд зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
8. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөв гэж үзсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээг зөв тодорхойлсон эсэх асуудлаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарлах боломж олгоогүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжих болсон хууль зүйн үндэслэлийг магадлалдаа дурдаагүй зэрэг нь шүүх хуралдааныг шууд, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах, хуулийн хэм хэмжээнд үндэслэн шийдвэр гаргах зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.3, 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтын шаардлагуудыг хангаагүй гэж үзэх үндэстэй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0005 дугаар магадлал нь хуульд нийцээгүй болно.
9. Хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, тайлбарлан хэрэглэх нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий байх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын илэрхийлэл билээ. Энд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0845 дугаар магадлалаар ижил төрлийн маргааныг эцсийн байдлаар шийдвэрлэхдээ дүгнэлтийн хугацаа нь дууссан хэдий ч АМНАТ-ын төлбөрийн өөрчлөлтөөс үүдэн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар холбогдох дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл нь үндэстэй байна гэж үзсэн байдаг.
10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлал гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэн, түүний хууль зүйн үндэслэл болон хууль хэрэглээний талаар нотолсон болон үгүйсгэсэн зүйл тус бүрээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн.
11. Хариуцагч тал маргаан бүхий дүгнэлт гаргахдаа Геологийн төв лабораторийн ХФ2017/0285 захиалгын дугаартай шинжилгээний дүн болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн 198 дугаартай шинжилгээний дүнгийн хариуг үндэс болгосон хэрнээ энэ хоёр лабораторийн шинжилгээний сорилтын дүнгийн дугаар, сорилтын дүнгийн огноо, дээжийн битүүмжлэлийн дугаар зэрэг нь дүгнэлтэд тэмдэглэгдсэн харгалзах огноо, сорилтын дугаар болон сорилт хийсэн огноотой таарахгүй, зөрж байгааг нэхэмжлэгчийн шаардлагад тэмдэглэсэн билээ. Бичилтийн энэхүү илэрхий алдаанд анхан болон давж заалдах шатны шүүх эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхисон.
12. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай 2003 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт болон 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.5.1 дэх заалтын дагуу заавал мөрдөх үндэсний стандарт байна гэж хуульчилсан болно. Нэгэнт Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор нүүрсний дэгдэмхий бодисын гарц нь коксжих болон сул коксжих нүүрсэн бүтээгдэхүүнийг ялгах үндсэн шалгуур үзүүлэлт болж байгаа тул MNS ISO 562:2001 болон MNS0654:1977 стандартуудын норматив шаардлага заавал мөрдөх ёстой бөгөөд энэ дагуу дэгдэмхий бодисын гарцын шинжилгээний дүнгийн эцсийн үзүүлэлтийг бүхлийн таслалаас хойш аравны хувьд оруулж илэрхийлнэ гэж MNS ISO 562:2001 стандартын 8 дахь заалт, MNS0654:1977 стандартын 4.4-д зааж өгсөн. Дэгдэмхий бодисын шинжилгээний дүнгийн нарийвчлалын хэм хэмжээг тогтоож өгсөн, нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл /шинжилгээний дүнг бүхэлдэх ёсгүй/-ийг нотолсон энэ хоёр стандартын шаардлагыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй бөгөөд эрх зүйн үнэлэлт өгөөгүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөв гэж үзсэн хэдий ч хэрэгт авагдаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад хэлэлцэгдсэн энэ хоёр стандартын хэрэглээ, тэдгээрт заагдсан дэгдэмхий бодисын гарцын эцсийн үзүүлэлтийг няцаасан, хэрэгт хамааралгүй буюу ач холбогдолгүй талаас нь дэмжсэн хуулийн ямар нэг үндэслэлийг магадлалдаа заасангүй.
13. Хариуцагч тал ижил нөхцөлд буюу нүүрсний дэгдэмхий бодисын үзүүлэлт нь 28.4% гарсан шинжилгээний дүнг бүхэлдэлгүйгээр сул коксжих нүүрсний ангилалд оруулж байсан дүгнэлт /2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0025380/-ийг хэрэгт хавсаргасан бөгөөд Гаалийн төв лаборатори нь ижил нөхцөл байдал, эрх зүйн орчинг өөрчлөгдөөгүй байхад харилцан өөр дүгнэлт гаргаж байгаа нь төрийн байгууллагын шийдвэр бодитой, хараат бус, хууль ёсны байх зарчимтай уялдахгүй байгаа талаар тайлбар гаргаж байсан боловч шүүх эрх зүйн ямар нэг үнэлгээ өгөөгүй орхисон.
14. Хариуцагч талын бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон Шивээ хүрэн дэх гаалийн газарт хүргүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгч талаас өөр гэрээ болон өөр дүгнэлттэй холбогдуулан гаргаж байсан гомдол зэргийг шинжлэн судлахад хариуцагч тал RS316111 гэсэн дээжийг 2017-TU-KINGHO-001 гэсэн гэрээний дагуу гаргасан гомдлын мөрөөр дахин авч улмаар Геологийн төв лабораторид ХФ2017/0285 захиалгын дугаарын дагуу шинжлүүлсэн нь тогтоогддог. Харин RS316112 гэсэн битүүмжлэл бүхий дээжийг дахин авахдаа маргаан бүхий дүгнэлт гарсан 2017-TU-KINGHO-002 гэрээний хүрээнд хийгдсэн тул нэхэмжлэгчийн зүгээс түрүүлж дугаарлагдсан RS316111 дээж нь өмнөх гэрээний хяналтын зорилгоор, харин удаах буюу RS316112 дээжийг маргаж буй дүгнэлтийн зорилгоор авсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа энэ дагуу өөрчилсөн болно. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг дээжийн шинжилгээний дүнг үндэслэх үү эсхүл аль алиныг нь тооцох асуудлаар үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй.
15. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал буруу гарах үндэс болсон. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг заахдаа /Гаалийн тухай хуулийн 252.1, 252.8, 253.1 болон 254.2-т/ процессын харилцаа зохицуулсан хуулийн зүйл, заалтуудыг үндэслэл болгосон байна.
16. Гэтэл нэхэмжлэгч талаас хариуцагчийг шинжилгээ хийлгэх эрхтэй эсэх, энэ зорилгоор шинжээч томилох бүрэн эрх олгогдсон эсэх, шинжилгээний дүн нь үндэслэлтэй эсэх асуудлаар огт маргаагүй болно. Энд тэмдэглэхэд шинжилгээ хийх болон магадлан шинжилгээ хийх нь хоёр өөр харилцаа бөгөөд тус бүрийн зохицуулалттай. Маргаж буй асуудал нь Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлээр зохицуулагддаг бөгөөд субъект нь хувь хүн бус тодорхой нэг институт байдаг /гаалийн итгэмжлэгдсэн лаборатори/. Уг субъектээс шинжилгээний дүн гардаг бөгөөд уг шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргах ба ингэхдээ шинжилгээний дүнд заавал үндэслэх үүрэгтэй. Харин магадлан шинжилгээний тухайд субъект нь шинжээч-хувь хүн бөгөөд түүнээс дүгнэлт гарна. Уг дүгнэлтийг гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 253.7-д заасны дагуу харгалзан үзнэ гэж хуульчилсан. Уг хуулийн 252.7-д “Магадлаа шинжилгээ хийх шийдвэрийг гаалийн удирдах ажилтан гаргана”, 252.5-д “магадлан шинжилгээ хийх тухай гаалийн байгууллагын даргын тогтоол гаргах” зэрэг онцлогтой. Гаалийн лаборатори магадлан шинжилгээ хийж болно гэж хуульчилсан боловч магадлан шинжилгээ хийх шийдвэр гаргана гэж хуульчлаагүй байна.
17. Маргааны мөн чанар нь материаллаг эрх зүйн салбарт оршиж байгааг анхан шатны шүүх анхаарсангүй. Тодруулбал, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол нь норматив хэм хэмжээ бүхий стандартчилагдсан баримт бичиг мөн эсэх, Нүүрсэн бүтээгдэхүүний ангилал, чанар. шалгуур үзүүлэлтийг эцсийн байдлаар тогтоох эрх хэмжээ Засгийн газарт олгогдсон уу эсхүл Засгийн газраас эрх олгосноор буюу түүний тогтоосон хэмжээ хязгаарын дотор Гаалийн төв лаборатори тогтоох уу, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасан эрх хэмжээний хүрээнд батлагдсан байна. Харин Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн /2003 оны/ 6.5-д “Стандартын үндэсний зөвлөл стандартыг батална” гэж заасан бол мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “Техникийн зохицуулалтыг батлах” журам нь өөр байна. Иймд Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолыг норматив хэм хэмжээ бүхий стандартчилагдсан баримт бичиг гэж үзэх үндэсгүй тул дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох MNS ISO 562:2001 болон MNS0654:1977 стандартууд, тэдгээрийн норматив шаардлага нь заавал мөрдөх ёстой болно. Иймд дэгдэмхий бодисын гарцын шинжилгээний эцсийн үр дүнгийн үзүүлэлтийг бүхлийн таслалаас хойш аравны хувьд оруулж илэрхийлэх шаардлагатай бөгөөд энэ үзүүлэлтийг бүхэлдэх эрх хэмжээг Гаалийн төв лабораторид олгоогүй байна.
18. Харин Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлийн 256.7-д “сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу ГЕГ-ындаргын 2008 оны 683 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын хавсралтын 5.9-д “шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж заасан зэргээс үндэслэн шинжилгээний дүнг өөрчлөх, бүхэлдэх зэрэг эрх хэмжээг хариуцагч талд олгоогүй байна.
19. Давж заалдах шатны шүүхээс “...Гаалийн тов лабораториос хүргүүлсэн RS316111-147330, RS316112-147331 дугаартай нүүрсний дээжээс авсан шинжилгээний дүгнэлтээр уг нүүрсний “дэгдэмхий” бодисын хэмжээ буюу Vdaf нь 28-иас их болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна” гэж шинжилгээний дүнг дэмжиж, хүлээн зөвшөөрсөн хэрнээ Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул ийнхүү магадлал нь хуулийн үндэслэлгүй болсон байна.
20. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/1111112017/0767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0005 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
21. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
22. Гаалийн төв лабораторийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0022571 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн 2017-TU-KINGHO-002 дугаар бүхий гэрээний дагуу экспортод гаргасан нүүрсний эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг нь 8124-8400 ккал/кг, бодит илчлэг 5915-6293 ккал/кг, үнслэг 21-25,8%, дэгдэмхий 28,1-28,4%, хүхэр 0,57-0,66%, хөөлтийн зэрэг 5-5,5%, барьцалдах чанар нь 59,5-67%-ийн агууламжтай болохыг тогтоосон байна.
23. Дээрх дүгнэлт нь Геологийн төв лаборатори болон Ашигт малтмал, Газрын тосны газрын Уул, уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн шинжилгээний дүнг үндэслэсэн бөгөөд эдгээр лабораториудын дүгнэлтийн талаар нэхэмжлэгч маргаагүй болно.
24. Харин Гаалийн төв лабораторийн 2017 оны 0022571 дүгээр дүгнэлтэд дэгдэмхий бодисын гарц “28.4” байхад, “коксжих нүүрс”-ний ангилалд хамруулсан, үүнийгээ хариуцагч нь “...нэгжийн оронгоор нарийвчлан “28”-тай тэнцүү гэж бүхэл тоогоор илэрхийлсэн...” гэх тайлбарыг эс зөвшөөрч, “...шинжилгээний дүнг өөрчлөх, бүхэлдэх эрхийг хариуцагчид олгоогүй...” гэж маргасан, бусад үзүүлэлтүүдийн тухайд маргаангүй байна.
25. Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлийн 256.7-д ”Сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан бөгөөд хариуцагч дүгнэлт гаргахдаа ГЕГ-ын даргын 2008 оны 683 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ыг зөрчөөгүй, тоог бүхлээр илэрхийлж, нүүрсний ангиллыг тодорхойлсон нь дараах хууль тогтоомж, стандартад нийцсэн гэж үзнэ.
26. Дээрх журмын 5.3-д “...стандартын дагуу хийж гүйцэтгэнэ”, 5.4-т ”...шинжилгээний үр дүнг холбогдох стандартын заалттай харьцуулан тодорхойлсон...”, 5.5-д “...сорилтын дүнг үндэслэн ангиллын кодыг уялдуулсан системийн дагуу тодорхойлж, ...”, 5.9-д “...шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана” гэж дүгнэлт гаргах ажиллагаа нь холбогдох стандартад нийцсэн байхыг тодорхойлжээ.
27. Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2, 2.4-ийн 9 дэх заалтад өөрчлөлт оруулсан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоол, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” МNS6457:2014, “Хүрэн ба чулуун нүүрс антрацит бодисын гарцыг тодорхойлох арга” MNS0654:1979, “Чулуун нүүрс ба кокс-Дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох“ MNS ISO 562:2001 стандарт зэрэг эрхийн актуудад үндэслэжээ.
28. Тодруулбал, дээрх MNS ISO 562:2001 стандартын 8-д “...үр дүнг зэрэгцээ тодорхойлолтын дунджаар 0,1% нарийвчлалтай илэрхийлнэ”, MNS0654:1979 стандартын 4.4-т “...эцсийн үр дүнг гаргахдаа аравны хувь оруулна”, 4.5-д “...туршилтаар тодорхойлсон үр дүн зөвшөөрөх хязгаарлалдаа байвал тэдгээрийн арифметикийн дундажийг эцсийн үр дүн болгон авч хэрэглэнэ” гэж заасан байна.
29. Хариуцагч нь дүгнэлт гаргахдаа MNS0654:1979 стандартын 4.6-д зааснаар дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох зөвшөөрөгдөх зөрүүг оруулж тооцон, зөрүү нь 0,17-0,39 буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзжээ.
30. Геологийн төв лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн шинжилгээний дүнгээр гарсан 28,1; 28,23 болон 28,4 гэсэн үзүүлэлтүүдийн арифметикийн дундажийг тооцоход 28,2 хувийн үзүүлэлт гарч байх бөгөөд тоог тоймлох онолын дагуу энэ нь /0,1-0,5 хүртэл өмнөх бүхэлд тооцох/ 28% буюу бүхэл тоогоор илэрхийлэгдэх юм.
31. Иймд, нэхэмжлэгч “ЦӨ” ХХК-ийн экспортод гаргасан нүүрсний дэгдэмхий бодисын гарц Vdaf 28 гэж үзэж, “коксжих нүүрс”-ний ангилалд хамруулж дүгнэлт гаргасан хариуцагч Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолын 2.2-ын 9, “Нүүрс нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” МNS6457:2014 стандартад нийцсэн, хууль ёсны захиргааны акт болно.
32. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг холбогдох хуульд нийцсэнийг зөв дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
33. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий дүгнэлтийн зорилго, үр дагавар, ач холбогдлыг тодорхой тайлбарласан байхад анхан шатны шүүх ”...нэхэмжлэгч... дүгнэлтээр гаалийн бүрдүүлэлт хийж, нүүрсийг экспортод гаргасан, ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, ...дүгнэлтийн хүчинтэй хугацаа дуусаж, хүчингүй болсон...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
34. Мөн давж заалдах шатны шүүх “...нүүрсний дэгдэмхий бодисын гарц 28-аас их болох нь шинжилгээгээр тогтоогдсон...” гэж хууль, стандартад нийцээгүй, агуулгын хувьд шийдвэртэй зөрчилтэй дүгнэлт хийсэн нь тус тус буруу болно.
35. Энэ тухай нэхэмжлэгчийн гомдолд дурдсан нь үндэслэлтэй, харин энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүйг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ