| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/2106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2422 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2422
2025 10 22 2025/ШЦТ/2422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503006730868 дугаартай Ж.О т холбогдох хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** -ний өдөр, *** аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн эдийн засагч мэргэжилтэй, **** , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Ж.О /РД:*** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дандарбаатарын гудамж Алдар спорт хорооны зүүн талын авто замд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг 45 минутын орчимд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 10.9. "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Husqvarna FE350 маркийн *** улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч М.Т-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Ж.О нь “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дандарбаатарын гудамж Алдар спорт хорооны зүүн талын авто замд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг 45 минутын орчимд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 10.9. "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Husqvarna FE350 маркийн *** улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч М. М.Т-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-ийн 4-5-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-р хуудас/,
Хохирогч М.Т-ын "Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Husqvarna маркийн *** улсын дугаартай мотоцикль жолоодон Цайз захаас урагш Офицер руу зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байхад эсрэг урсгалаас явж байсан Toyota Prius-20 маркийн автомашин гэнэт урдуур эргээд ороод ирсэн бөгөөд би энэ үед ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байсан бөгөөд мотоциклийг тоормослоод зогсож амжилгүй автомашины баруун ард хаалгыг мотоциклиороо мөргөөд биеэрээ баруун хойд хаалгыг нь мөргөөд цааш газарт унасан. Ингээд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирээд намайг 11 дүгээр хорооллын шинэ гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Ослын улмаас миний баруун гарын шууны яс бугалганы үзүүр хэсгээр хугарсан, баруун талын нэг хавирга мөн хугарсан. Шууны ясыг хадалгүй шууд гипсдээд эдгээнэ гэсэн. Би мотоцикль жолоодон явж байхдаа хамгааллын каск, бээлийтэй байсан. Ослын дараагаар хоёр хөлийн өвдөг хэсгээр хөндүүр өвчтэй байсан бөгөөд одоо баруун талын өвдөг өвчингүй эдгэрсэн, зүүн өвдөг сууж босож үед үед бага зэргийн хөндүүртэй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0725/7876 дугаартай “1. М.Т-ын биед баруун шуу, богтос ясны доод булууны далд хугарал, баруун гарын 1 хурууны алганы шивнүүр, баруун дал ясны зөрүүтэй хугарал, баруун бугуйн үений зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, баруун мөр, өвдөг, шилбэ, шагай, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, шахах, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. 3. Баруун шуу, богтос ясны доод булууны далд хугарал, баруун гарын 1 хурууны алганы шивнүүр, баруун дал ясны зөрүүтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна." гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
Хас үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №838 дугаартай Husqvarna FE350 маркийн *** улсын дугаартай мотоцикльд учирсан эвдрэлийг 1,840,000 төгрөгөөр үнэлсэн Автотехникийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45-р хуудас/,
Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №26625/ДД№34277892 дугаартай Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг 1,309,000 төгрөгөөр үнэлсэн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 52-53-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Бянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Г.Бямбасүрэн, Э.Мөнхсайхан нарын 2025 оны 06 дугаар сарын 16- ны өдрийн дүгнэлт /хх-ийн 62-72-р хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Бянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Н.Мөнх-Очирын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1141706927 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-82-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний шинжээч Ц.Долгорсүрэн, газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн Х.Балжинням нарын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн \** дугаартай “1. Тухайн зам тээврийн ослын улмаас М.Т- /РД: ***/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 2. Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. 3. Дээрх шинжүүд нь цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 87-89-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөрийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1111 дугаартай “1. Husqvarna FE350 маркийн *** улсын дугаартай мотоциклын жолооч М.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. 2.Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жигжидийн Ж.О /*** / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 10.9. "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна." гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 101-102-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж.О нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 10.9. "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн гэмт хэрэг гарч, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирчээ.
Тус хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Ж.О ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Т-аас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба Эрүүл мэндийн даатгалын санд 245.000 төгрөг учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулжээ.
Мөн шүүгдэгч Ж.О нь хохирогчид нийт 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.Т- өөрт учирсан хохирол минь бүрэн барагдсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.О ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.О ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс нь эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС