| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/01248/И |
| Дугаар | 181/ШШ2023/00015 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2023/00015
| 2022 12 22 | 181/ШШ2023/00015
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ү,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.О нь П ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, уг шаардлагаа дэмжиж оролцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.О миний бие П ХХК-д 2017 онд туслах ажилтнаар орж, 2019 оноос няраваар ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа сайн гүйцэтгэж, шагнал урамшуулал авч байсан. Гэтэл ажил олгогчоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл танилцуулсан. Ажлаас халах болсон шалтгааныг холбогдох удирдах албан тушаалтнуудаас бичгээр болон амаар лавлахад хэн нь ч тодорхой хариу тайлбар хэлээгүй бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас халсан тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргасан.
Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. П ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
П ХХК нь намайг ажлаас буугаад гэртээ амралтаар ирэх хооронд ажлаас чөлөөлсөн байсан. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс тодруулахаар хариу өгөөгүй. Тухайн үеийн удирдлага болон "Оюу толгой" ХХК-ийн багаас утсаар болон мэйлээр хариу тодруулсан боловч хариу өгөөгүй. Ажлаас халсан тушаалын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан гэж тайлбарласан. Гэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг нөхөж байгуулсан. Гэрээг сунгахдаа намайг ажлаас буухаас хэдхэн хоногийн өмнө Гэрээг түр 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгаад үүнээс хойш үндсэн гэрээ сунаад явна гэж ойлгуулж, гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тушаал гаргаж, ажлаас халсан тухай мэдэгдсэн. Надтай хамт ажиллаж байсан яг ижил түвшний ажилчдын гэрээ сунгагдаад ажиллаж байна. Гэтэл миний гэрээний хугацаа тодорхойгүй шалтгаанаар дууссан. 300, 400 ажилтнаас 10 гаруй хүний асуудал яригддаг. Одоо энэ тоо бүр нэмэгдсэн байх. Хариуцагч тал энэ талаар бодитой мэдээлэл өгөхгүй байгаагаас шүүх хуралдаан их сунжирч байна.
Хариуцагч байгууллагаас Яагаад зөвхөн намайг сонгосон бэ? Орон тооны цомхотгол юм уу? гэхэд Үгүй, зөвхөн таны гэрээ дууссан гэсэн. Улмаар энэ талаар мэдээлэл авахаар мэйл бичихэд шөнө нь миний мэйлийг хаасан байсан. Цомхотгол юм бол яагаад сонгон шалгаруулалт явуулаагүй юм бэ? CW2099527 дугаар бүхий гэрээ бүх ажилтанд хийгдсэн. Жил бүр гэрээ сунгагдаад ажиллаж байсан. Сүүлд намайг ажлаас халсан шиг процесс огт болж байгаагүй. Намайг ажлаас халахын өмнө учир шалтгаан нь тодорхойгүй гэрээ хийгдээд, ажлаас халах хүмүүсээ дуудаад цохоод халсан. Үүнийг гэрээний хугацаа дууссан асуудал гэж би харахгүй байгаа. Хариуцагч талаас Бетон зуурмагийн үйл ажиллагаа зогссон тухай ярьж байна. Үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нийлүүлж байгаа үйлдвэр нь бутлах үйлдвэр байсан. Нотлох баримт хэргийн материалд хавсаргасан байгаа. Энэ бетон зуурмагийн үйлдвэр зогсох үндэслэл байхгүй. Үйл ажиллагаа явж байсан. Үндсэн агуулга үйл ажиллагаанд би оролцож байсан.
Нярвууд дотроос ганц намайг халсан бөгөөд надтай зөрөөд өөр албанд ажиллаж байсан Б.Ууганболд гэж хүн орсон. Тэр хүн Хүний нөөцийн даргатай хамааралтай хүн байсан. Тэр хүн гаднаас орж ирж байгаа орлогыг өгч, авдаг ажлыг хийдэг тэндхийн бүх нярвын ажилд оролцож байсан. Хариуцагч талаас түр хугацаанд ажиллуулж байгаа гэсэн тайлбар хэлдэг.
Одоо хариуцагч тал CW2099527 гэрээний хугацаа тодорхойгүй байсан учраас ийм шийдвэр гаргасан гэсэн. Оюу толгой ХХК-иас 2 удаа ирсэн албан бичигт маш тодорхой байгаа. CW2099527 дугаартай гэрээ хэд, хэдэн удаа сунгагдсан. Хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэсэн. Тухайн үед намайг ажлаас чөлөөлөхөд Оюу толгой ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болоогүй байсан. Гэрээн дээр гарын үсэг зурах, албажуулах асуудал хойшилсон байж магадгүй. Гэхдээ аливаа үйл ажиллагаа шат дараатай явж байгаа бол гэрээ сунгах боломжгүй байна гээд хэлцлийн хүрээнд ажил явж байсан байх гэж харж байна. Ийм учраас нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд баталгаат ажлын байраар хангагдах байсан байна. Гэтэл хариуцагч байгууллагаас тухайн хүний эрхийг зөрчин хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байх тул тэр хугацааны цалин хөлсөө гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу ажил олгогч байгууллага буюу хариуцагч ажил санал болгосон захидал дээр CW2099527 дугаартай гэрээний төслийн явцад ажлын байраар хангагдана, төсөл дуусах хүртэл хугацаанд нярвын ажил санал болгосон санал явуулсны дагуу гэрээг харилцан хүлээн зөвшөөрөөд гэрээн дээр гарын үсгээ зурсан. Байнгын найдвартай ажлын байраар төслийн хугацаанд ажиллана гэж бодсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу гарын үсгээ зураад яваад байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн сунгалтын гэрээнд гарын үсэг зураад төсөл сунгагдвал ирээд ажиллах юм байна. Сунгагдахгүй бол дуусах юм байна гэсэн ойлголттой гарын үсэг зурсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. CW2099527 гэрээний хугацаа дууссан гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч П ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П К ХХК (цаашид П ХХК гэх) нь барилгын материал үйлдвэрлэл болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани болно. 2017 онд Өмнөговь аймаг, Ханбогд суманд байрлах Оюу Толгой төслийн сонгон шалгаруулалтанд шалгарч Оюу-Толгой төслийн CW2099527 дугаартай гэрээг байгуулан төслийн талбай дээр ажиллах болсон. Үүний хүрээнд нэхэмжлэгч Ц.О анх 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр П К ХХК-д Ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан Туслах ажилтнаар 2 сар гаруй хугацаанд ажилласан. Үүний дараа барилгын туслах ажилтны ажлын байран дээр ажиллаж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалыг үндэслэн ОТ-Т17/280 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч Ц.Оыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нярвын албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан. Талуудын хооронд ХГ-19/224 дугаартай Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд Оюу-Толгойн төслийн гэрээ үргэлжилж байсан тул нэхэмжлэгч Ц.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг сунган байгуулж, Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцсон. Ингээд, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ХГ-19/224 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд Талууд харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлт оруулан Ц.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Манай байгууллага Төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулан ажил гүйцэтгэдэг байгууллагын хувьд Оюу-Толгой төслийн CW2099527 дугаартай гэрээг сунгагдсан тухай бүрт Ц.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсаар ирсэн байдаг.
Тухайн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Үүний дараа ариба системд бетон зуурмагийн нийлүүлэлт дээр дахин тендер зарласан. Ингээд цаашид гэрээ сунгагдах эсэх нь тодорхойгүй байсан. Ариба системд үзлэг хийлгэсэн гол шалтгаан нь манай компани 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн CW2099527 дугаартай гэрээний дагуу ажил үйлчилгээ дуусгавар болоод дахин тендерт орсон гэдгийг нотлох зорилготой байсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болсноор ажилчдын гэрээ мөн дуусгавар болсон. Тухайн үед тендерт дахин шалгарах баталгаа байгаагүй болохоор ажилчидтайгаа харилцан тохирсны дагуу хугацаатай гэрээ байгуулсан. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлтийн 23.2.2-т заасныг үндэслэн ажилтантай 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гэрээ шинэчлэн байгуулсан. Оюу толгой ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн дагуу гэрээг 2 удаа сунгасан тухай нотлох баримт ирсэн. Тус гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл эхний удаа сунгасан гэрээ байгуулагдсан боловч Ц.Оыг ажлаас чөлөөлөх буюу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар манайх гэрээг сунгаагүй байсан. Тухайн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөн байгуулсан. Тус гэрээг нөхөн байгуулсантай холбоотой Оюу толгой ХХК-ийн нөхөн байгуулалтын албанаас албан бичиг болоод худалдан авалтын ажилтан буюу манай гэрээг хариуцан ажиллаж байсан ажилчидтай албан мэйлээр харилцаж байсан мэйлийг үзлэгт оруулж нотлох баримтаар авхуулсан байгаа.
Нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Гэрээний нэмэлт өөрчлөлттэй холбоотой эрх зүйн үр дагаврын хувьд шаардах эрх ярихгүй гэж бодож байна. Учир нь эрх зүйн үр дагаврын хувьд Ц.О гэрээг байгуулсан гэж хүлээн зөвшөөрч байна. Гэрээний агуулгын хүрээнд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 71 дугаар зүйлийн 71.2 дахь хэсгийг тодорхой хуулийн зүйл заалттай тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаатай гэрээ байгуулах ёстой байсан, үгүй талаар тайлбарлахгүй, маргахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудын маргаагүй үйл баримтад шүүх дүгнэлт хийхгүй байх. Тодорхой хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар дугаар зүйлийн 128.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Энэ талаар тусгайлан тэмдэглэлд тусгуулъя.
Хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөлд хамаардаг. Үүнтэй холбоотой маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар шүүхийн харьяалагдах маргаан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Хөдөлмөрийн тухай 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан тайлбар дээр байгаа.
Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасны дагуу ажилд эргүүлэн орох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар зөвхөн зохигчид тайлбарлаж мэтгэлцэнэ гэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзаж болно гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор тайлбарласан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй зохицуулалтад хамаарна. Нэхэмжлэгч ажилд эргүүлэн тогтоолгохоосоо татгалзсан гэдгийг ахин хэлмээр байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу тогтооно. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажилд эргүүлэн тогтоосон тохиолдолд хэрэглэнэ.
Нэхэмжлэгч хүсэл зоригийн хувьд ямар ч тохиолдолд ажилд орохгүй гэж хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хариуцагчийн нэр, овог, хаяг тодорхойлогдоно. Хавтаст хэргийн 1 дүгээр талд хариуцагчийг тодорхойлохдоо Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батмөнх гэж тодорхойлсон байна. Энэ нь алдаа байж болох ч хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацаа болон гарын үсэг зурсан гэдэг дээр маргахгүй гэсэн. Өмгөөлөгч нь эрх зүйн үр дагавар дээр маргахгүй гэсэн. Шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч байнгын ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухайд маргахгүй гэсэн. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсгийг дурдсан байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар иргэн, харьяалалгүй хүн, хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно. Гүйцэтгэх захирал гэдэг нь хуулийн этгээд биш учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, П ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/Б-063 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, №РС/17- Ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, ХГ-18/98 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18-ХГ-098 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХГ-19-224 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ХГ-19-224 дугаар гэрээний хавсралт, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтийн тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ХГ-19/224 Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, талархал, мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, И.Б, Э.Ц, Б.Л, Т.Ц, Б.Ү, Ч.М нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ОТ-Т-17/200-01 дугаар Ажилд авах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Т-18/174 дугаар Албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Т-18/490 дугаар Албан тушаал дэвшүүлэн ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20/Б-074 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, №20/12 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах хуудас, Магадлан шалгах ажиллагаанд тайлбар авах хуудас, Ажил санал болгох захидал, №ОТ-17/... Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ОТ-17/.. Нууц хадгалах тухай гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, №РС/17-14 Ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ОТ-17/280 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18-ХГ-098 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ХГ-18/98 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХГ-19-224 дугаар Хөдөлмөрийн гэрээ, ХГ-19-224 дугаар гэрээний хавсралт, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ХГ-19/224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ХГ-19-224 дугаар Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр СД бичлэг, OT Fines гэсэн фэйсбүүк групп чатад үзлэг, П ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /байгууллагын дотоод журам/, Засвар механик, Инженерингийн албаны бүтэц, орон тоо болон Санхүүгийн албаны бүтэц, орон тоо баталсан тушаал, н.Ууганболдыг ямар үндэслэл шалгуур, шаардлагаар няравын ажилд томилсон талаарх баримт болон н.Ууганболдын одоо ажиллаж байгаа ажил, албан тушаалд томилсон захирлын тушаал, П ХХК болон Оюу толгой ХХК-иудын хооронд байгуулагдсан CW2099527 гэрээний хугацаа дууссан эсэх, цаашид сунгагдсан эсэх, Оюу толгой төслийн талбайд хариуцагч П ХХК нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.
Шүүхийн журмаар Оюу толгой ХХК-иас П ХХК болон Оюу толгой ХХК-иас П ХХК болон Оюу толгой ХХК нарын хооронд байгуулагдсан CW2099527 гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байсан эсэх, уг гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш сунгасан эсэх, сунгасан бол сунгалтыг хэзээ хийсэн, уг гэрээ дуусгавар болсон эсэх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч П ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх тус шүүхэд гаргасан./1хх,1-2/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, уг шаардлагаа дэмжиж оролцсон. /2хх,165/
Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 21/Б-063 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх үед Оюу Толгой ХХК-тай байгуулсан CW2099527 дугаартай гэрээний хугацаа дуусаагүй, хариуцагч төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан тул дээрх гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаагаар буюу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ц.О шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батмөнх гэж тодорхойлсон учраас хариуцагчийг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч Ц.Оыг ажлаас чөлөөлөх үед Оюу Толгой ХХК-тай байгуулсан CW2099527 дугаартай гэрээ сунгагдаагүй байсан. Мөн Оюу Толгой ХХК-тай байгуулсан гэрээ сунгагдах эсэх нь тодорхойгүй байсан учраас Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хугацаа болон гарын үсэг зурсантай, байнгын ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухайд маргахгүй, өмгөөлөгч нь эрх зүйн үр дагавар дээр маргахгүй гэсэн тайлбар гаргасан. Иймд шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд гаргасан ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ц.О 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батмөнх гэж, хариуцагчийн хаягийг Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Шангрила оффис, 23 давхар гэж тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч Ц.Оын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлд тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/04795 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар Премиум индестриал энд инженеринг ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, ажиллагаа явуулахад хариуцагч Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21/057 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу И.Бямбасүрэн нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Иймд нэхэмжлэгч хэдийгээр нэхэмжлэлд хариуцагчийг Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Батмөнх гэж тодорхойлсон боловч хариуцагчийн оршин байх хаягийг нэхэмжлэлд тодорхойлсон, шүүх Премиум индестриал энд инженеринг ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул шүүх Ц.Оын нэхэмжлэлтэй Премиум индестриал энд инженеринг ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4.2. Хариуцагч П ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр П К ХХК гэх оноосон нэрээ Премиум индестриал энд инженеринг ХХК болгон өөрчилсөн үйл баримтад талууд маргаагүй.
4.3. П К ХХК (цаашид "П ХХК гэх) болон Оюу Толгой ХХК нар нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр CW2099527 дугаартай Бетон зуурмагийн үйлдвэр 4, барилга угсралт, засвар үйлчилгээний гэрээг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна. /1хх,162-164,194-198/
Дээрх гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний хугацааг тухай бүр сунгаж, гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон нь Оюу Толгой ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2943/Leg тоот Захирамжийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна./2хх,104/
Тус албан бичигт П ХХК болон Оюу Толгой ХХК нарын хооронд байгуулагдсан CW2099527 дугаартай Бетон зуурмагийн үйлдвэр #4-ийн барилга угсралт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээний гэрээ нь байгуулагдсанаас хойш хэд хэдэн удаа сунгагдаж, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. 2021 онд, 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 09 дүгээр сарын 30, 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд нийт хоёр удаа сунгагдсан талаар дурджээ.
Түүнчлэн, Оюу Толгой ХХК-ийн П К ХХК-д гаргасан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2656/Proc тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичигт ...Тус гэрээний нэмэлт №24 нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан бөгөөд энэхүү сунгалтын гэрээг 2021 оны 12 дугаар сарын 30-нд эх хувиар нь нөхөн байгуулж, хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэн болно гэж тодорхойлжээ. /2хх, 103/
4.4. П К ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.От тус компанийн ОТ төслийн нярав албан тушаалд ОТ төслийн сайтад очих өдрөөс хойш ОТ төслийн CW2099527 дугаартай гэрээний ажил дуусталх хугацаагаар ажиллахыг санал болгосон захидал илгээсэн болох нь Ажил санал болгох захидал гэх баримтаар тогтоогдож байна. /1хх-46/
4.5. Нэхэмжлэгч Ц.О дээрх саналыг зөвшөөрч, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 3 сарын дадлагажих хугацаатай санхүүгийн албанд няравын албан тушаалд ажилласан, улмаар талууд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ХГ-19-224 дугаартай Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулжээ. /1хх, 63-68/
4.6. Премиум индестриал энд инженеринг ХХК нь нэхэмжлэгч Ц.Отай 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ХГ-19-224 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хугацааг Оюу толгой төслийн CW2099527 дугаартай гэрээний хугацаа сунгагдсан үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд гэх баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1хх, 70-71/
4.7. Улмаар Премиум индестриал энд инженеринг ХХК, Ц.О нар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан Ц.Отай байгуулсан ХГ-19-224 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.1-т заасан хугацааг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаатайгаар шинэчлэн байгуулсан болох нь Талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд гэх баримтаар тогтоогдож байна. Ийнхүү Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар шинэчлэн байгуулсан үйл баримт, үр дагаварт нэхэмжлэгч тал маргаагүй талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарласан. /1хх,72/
4.8. Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21/Б-017 тоот Албан тушаал шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Ц.Оыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Засвар механик, инженерингийн албанд нярав албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан болох нь тогтоогдсон. /1хх, 160/
4.9. П ХХК-иас нэхэмжлэгч Ц.От 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХГ-19/224 тоот Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгохыг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлжээ./1хх, 183 /
4.10. П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 21/Б-063 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, ажилтантай байгуулсан ХГ-19/224 тоот Хөдөлмөрийн гэрээг үндэслэн Засвар механик, инженерингийн албанд нярав ажилтай Цогтбаатар овогтой Оюунбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлжээ. /1хх, 6 хуудас/
Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
5. Премиум индестриал энд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 21/Б-063 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, нэхэмжлэгчтэй байгуулсан ХГ-19/224 тоот Хөдөлмөрийн гэрээг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлүүдийг заасан бөгөөд 37.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхаас гадна цаашид сунгагдахгүй болсон үйл баримт тогтоогдсон байхыг шаардана.
Талуудын байгуулсан ХГ-19/224 тоот гэрээний хугацааг талууд анх харилцан тохиролцож хугацаатай байгуулсан байх бөгөөд Оюу Толгой ХХК-тай байгуулсан CW2099527 дугаартай гэрээний хугацаа сунгагдах бүрт гэрээний хугацааг сунгаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар ...хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулж болох бөгөөд Оюу Толгой ХХК-тай байгуулсан CW2099527 дугаартай гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон үндэслэлээр талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаатай шинэчлэн байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасантай нийцсэн байна.
Түүнчлэн, Оюу Толгой ХХК-тай байгуулсан CW209527 дугаартай гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан гэрээний сунгалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч хариуцагч байгууллага төслийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч Ц.Отай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
6. Гэвч нэхэмжлэгч Ц.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа талаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оын хариуцагч Премиум индестриал энд инженеринг ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Оын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны олговрыг мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тооцож олгохоор зохицуулжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж оролцоогүй, шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн тул хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан олговор гаргуулж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах боломжгүй юм.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оын П ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Оын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ