Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Л.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-ын Б-д холбогдох эрүүгийн 2538000000153 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Зын Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Д-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Д-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч З.Б нь Хөвсгөл аймгийн ***** сумын ***** дугаар баг, ***** ***** тоотод эхнэр Л.Д-г 2024 оны 9 дүгээр сарын 07-ны үед ***** маркийн буугаар буудна гэж чиглүүлж, толгойн тус газарт нь 2-3 удаа цохиж, хутга барьж “чамайг ална" гэж хоолойд нь тулгасан,

2024 оны 12 дугаар сарын сүүлээр шөнө 02:00 цагийн үед согтуугаар унтаж байхад нь бос гэж нэг удаа алгадсан,

2025 оны 01 дүгээр сарын 20-ний үед шөнө 02:00 цагийн үед "архи уух уу" гээд

толгой руу нь шилтэй архиар цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Дг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Д-ийн толгой руу нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 45-47-р хуудас),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 48-56-р хуудас),

Шүүгдэгч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр би хонинд явж байгаад оройн 19 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд миний ээж ***** манайд байсан ба эхнэр охиноо цэцэрлэгээс нь авчирч үлдээгээд явсан байсан. Би эхнэр рүү залгаж хаана байгаа талаар тодруулахад "ажлын газрын гурван хүнтэй төрсөн хүн эргэхээр явж байна" гэсэн. Тэр оройгоо манай эхнэр ажлынхаа газрын хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба би ч бас найзуудтайгаа ганц хоёр пиво уусан. Тэгээд эхнэр рүүгээ ганц нэг удаа залгаж, чат бичсэн ба манай эхнэр арай болоогүй байна гээд байсан....Тэгээд би оройн 01 цагийн орчим гэртээ ирэхэд манай эхнэр ирээгүй байсан ба би хүүгийнхээ хамт унтаж амарсан. Ингээд маргааш би гадуур ажилтай явж байгаад оройн 18 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр гэртээ ирчихсэн байсан ба би ээжээс эхнэрийг хэзээ гэртээ ирсэн талаар тодруулахад өдөр ундны цагаар ирсэн гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр маргалдаад би эхнэрийг баруун талын нүдний орчим гараараа нэг удаа цохисон. Мөн зүүн талын хацар орчим нь хоёр удаа алгадсан... 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эхнэрийн ажлын 60 жилийн ой болоод би тарваганд явахаар болоод буу, хутгаа аваад машинаа унаад явах гэтэл манай эхнэр машинтай булаацалдаад салахгүй байхаар нь би уурандаа буудчихна шүү гэж хэлээд би гараад яваад өгсөн. Орой нь ирсэн чинь миний буу, хутгыг нуусан байсан...Манай аав 12 дугаар сард өнгөрөөд буяны ажилд 6 сая төгрөг манай гэр бүлээс өгөөд орой нь бүлээрээ сууж байгаад буяны зардалд хэдэн төгрөг гарсан талаар хоорондоо ярилцаад байж байсан чинь манай эхнэр манайхаас маш их мөнгө гарсан байна гэж уурлаад байсан. Тухайн үед бид хоёр тэгээд өнгөрсөн юм. Би дотроо бас бодоод бухимдалтай байж байгаад найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ ороод эхнэрт чи өнгөрдөгийн буяны ажилд өгсөн мөнгө төгрөг манайхаас их гарсан байна гээд хэлээд байсан. Би тэрийг чинь төлөөд өгнө гээд гэж хэлсэн...Тухайн үед хадам ээжид таны даралт ихсээд байгаа бол 1 татчихаач гээд хэлээд Экс нэртэй 0.5 литрийн 1 шил архи задлаад ээжид 1 хундгыг хийж өгсөн чинь эхнэр чи архи уух мөрөөрөө уугаачээ гээд байхаар би архины шилээр босоод ирээч гэж хатгасан юм өөр ямар нэгэн зүйл болоогүй. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой найзуудтайгаа Сэнгүр нэртэй 0.5 литрийн 5 лааз пиво ууж дуусаад гэртээ ирсэн чинь эхнэр ямар хүмүүстэй яваад байгаа юм бэ ямар архичинтай яваад байгаа гэхээр нь хэнтэй явах нь чамд ер нь хамаагүй гэж хэлээд бие биенээ чи зайл гэж хэл амаар доромжлоод манай эхнэр өөрөө гүйгээд гарсан....Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж байгаа зүйл байхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...З.Б гэдэг хүн архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн байгаа юм. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны үед яг хэдэн гэдгийг санахгүй байна. Манай нөхөр согтуу гэртээ орж ирээд өөрийн эзэмшлийн “*****” маркийн буугаар буудна гээд над руу чиглүүлээд бариад байсан. Тэгээд гэрээс гараад явахаар нь би бууг нь гэрээс гаргаад нуучихаад ажил дээрээ очоод байж байхад манай нөхөр Б утсаар ярихаар нь ажил дээрээс хүүхдүүдээ ирээд авчихаач гэж хэлсэн, согтуу байхаар нь чи согтуу байгаа юм уу гэж асуусан, чи намайг архи уугаагүй байхад архи уусан гэж хэллээ гээд уурлаад байхаар нь ирээд намайг зодох байх гэж айгаад гэртээ ирэхээс нь өмнө гэртээ харьж хувцсаа авч өөр газар очъё гэж бодоод ажлын газрын О гэдэг хүнийг гуйгаад гэртээ очоод би хувцсаа авах гээд гэртээ орсон. О эгч хашааны гадаа машиндаа үлдсэн. Тэгсэн манай нөхөр Б гаднаас согтуу орж ирээд намайг толгой тус газар 2-3 удаа цохиж, хутга гаргаж ирээд чамайг ална гээд хоолойд тулгаад байсан. ...2024 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдэн гэдгийг санахгүй байна. Шөнө 02:00 цагийн үед гэртээ хүүхдүүдийн хамт унтаж байхад манай нөхөр согтуу орж ирээд намайг бос гээд нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэрийн гадаа 2 цаг орчим зогсож байгаад унтахаар нь гэртээ орох гэсэн үүдээ түгжсэн байсан. Тэгэхээр нь надад илүү түлхүүр байснаараа онгойлгож гэртээ орж унтсан. Тухайн үед манай хадам аав нас барсан удаагүй байсан. Архи уух бүртээ чи миний аавын буяны ажилд мөнгө харамласан. Энийг чинь хэзээ ч мартахгүй гэх зэрэг маш их дарамталдаг. ...2025 оны 01 дүгээр сарын 20-ны үед манай ээж О манайд хонож байсан. Манай нөхөр шөнө 02:00 цагийн үед гаднаас согтуу нэг шил архи барьсан орж ирээд “чи энэ архинаас уух уу” гээд миний толгой руу шилтэй архиараа цохиод байсан. Тэгж байгаад гэрээсээ гараад явсан. ...2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Б хөдөө явж ирлээ гээд над руу залгаад байсан. Би ажлын хүмүүс хамт айлд очно гэхээр нь би нөхрөөсөө гуйгаад хамт айлд очоод ирье гэсэн. Намайг хэл амаар доромжлоод тэр чигээрээ зайлаарай гээд байхаар нь орой нь гэртээ очсон. Машин нь байхгүй, хашааны хаалга онгорхой хаясан байхаар нь би гэртээ орох гэснээ айгаад гэртээ ороогүй. У гэдэг эгчийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ ороход манай хадам ээж манай охинтой хамт байж байсан.Тэгээд Быг гараад явсан гэж байсан. Тэгээд би тухайн өдөр ажилдаа явж байгаад гэртээ орой 19:00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгсэн манай нөхөр гаднаас орж ирээд” чи яадаг гэлээ” гээд миний толгой руу 4-5 удаа цохиж, 2-3 удаа алгадсан. Хадам ээж дундуур ороод салгах гээд дийлэхгүй байсан. Миний хоолойг боогоод байсан. Тэгэхээр нь хаалгаар гарах гэсэн хаалгаар гаргахгүй байхаар нь цонхоор гараад зугтаасан. Араас хаалгаар гарч ирээд хашаан дотор намайг барьж аваад үснээс зулгаагаад хоолой боогоод байсан. ...Одоо би Н гэдэг эгчийн гэрт байгаа. Ер нь бол манай нөхөр Б архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг. Эрүүл байхдаа ч гэсэн огцом ууртай хүн байгаа юм...Одоо бид хоёр эвлэрсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэлээр шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д манай нөхөр намайг зодоод байна хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа гэрт нь очсон. Хашааны үүдэнд О гэдэг хүүхэд нь уйлсаар гарч ирээд ээжийг хоолойд нь хутга тулгасан байна гээд уйлаад байхаар нь айгаад ажил руугаа очиж ажлын газрын Д, У эгч нарыг аваад Бын гэрийн гадаа очиход Л.Д урдаас хүүхдүүдээ аваад гараад ирсэн. Тэгэхээр нь У эгчийн гэрт Дг хүргэж өгөөд би явсан...Би 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр манай ажлын газрын хүмүүс хүн эргэхээр айлд очиход Л.Д хамт явсан ба айлд байж байхад Б залгаад та 3 янхан юу хийж байна, хаана байна гээд залгахаар нь эгчийн дүү битгий ийм юм ярь гэж хэлээд утсаа салгасан...Маргааш нь буюу 04 дүгээр сарын 02-ны өдөр манай ажлын газрын хүмүүс Л.Д нөхөртөө зодуулсан чөлөө авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),

Гэрч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед манай байгууллагын 60 жилийн ой болох гээд ажил ихтэй байсан үед О над руу залгаад Д-г нөхөр нь зодсон байна. Хамт очъё гэхээр нь би хамт очихоор явсан. Тухайн үед О-ийн машинд О гэдэг хүүхэд аав, ээжийг зодоод байна гээд уйлаад байсан. Тэгээд хашааны үүдэнд очиход Д уйлсан хоёр бага хүүхдээ аваад гэрээс гарч ирэхээр нь бид нар гэрт нь ороогүй. Хашааны үүднээс нь машинд суулгаад хонох газар байхгүй гэхээр нь гэртээ 3 хүүхдийнх нь хамт хонуулсан. Тухайн үед Л. Д манай нөхөр намайг зодсон гээд уйлаад байсан. Яг яаж зодсон талаар тодорхой яриагүй....Би 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай ажлын газрын хүмүүс хүн эргэхээр айлд очсон. Айлаасаа гараад Л.Дг хүргэж өгөхөөр О, С бид 3 хамт Б-ын үүдэнд очсон. Хашааны хаалга нь онгорхой байсан. Л.Д гэртээ ормооргүй байна. Ээж 3 хүүхдүүд харж байгаа. Нөхрөөсөө айгаад байна гэхэд би гэртээ авч ирж хамт хоносон....Манай ажлын газрын хүмүүс Л.Д эмч нөхөртөө зодуулсан чөлөө авсан гэж ярьж байсан. Хэд хоногийн дараа ажил дээрээ ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хашааны үүдэнд очиход Д уйлсан хоёр бага хүүхдээ дагуулаад гэрээс гарч ирэхээр нь бид нар гэрт нь ороогүй. Хашааны үүднээс нь машинд суулгаад хонох газар байхгүй гэхээр нь У эгч гэртээ хонуулахаар 3 хүүхдийнх нь хамт авч явсан. Тухай үед Л.Д манай нөхөр намайг зодсон, хоолойд хутга тулгаад ална гээд байсан гээд уйлаад байсан. 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ ирэх үед Л. Дгийн зүүн талын нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч Б.О-ийн өгсөн “...Д надад утсаар ярьж хэлэхдээ Б архи уугаад намайг зодох гээд гэрээс хөөгөөд байна гэж ярьж байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Бын гэрт хонож байсан. Шөнө Б согтуу нэг шил архи барьсан гэрт орж ирээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд эхнэрийгээ зайл гээд хөөсөн.  Эхнэр нь гэрээс гараад явсан. Тэхээр нь би ч бас явъя гэсэн. Ээж хэрэггүй байж бай гэхээр нь хүүхдүүд нь айчих юм болов уу гэж бодоод байж байтал нэг шил архи задлаад намайг уу гэхээр нь эхнэр рүүгээ уурлахаа больж тайвширах байх гэж бодоод архинаас нь 2 хундагыг ууж өгсөн. Ер нь эхнэрийгээ зодох гээд байсан. Намайг харж байхад нэг удаа алгадсан, өөр юу болсон талаар сайн хараагүй. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны орой Л.Д над руу залгаад би Бод зодуулчихлаа. Би айлд ирсэн байна гэж байсан. Маргааш нь би өөрөө хөдөөнөөс орж ирээд Дг Н гэдэг айлаас ирж авахад зүүн талын нүд нь хавдаад хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намар хичээл ороод удаагүй байсан. Би ээж, 2 дүүгийн хамт гэртээ байсан. Манай аав хүнтэй утсаар ярьж орж ирээд гэрийн гал тогооны хажууд ээжийн цээж рүү түлхэж унагасан гээд хоёр гараараа цээж рүүгээ заав. Тэгээд аав ээжийг гэрээс гарах гэсэн гаргахгүй байсан. Ээж бид нарыг гэрээс гараарай гэсэн. Аав хаалганы хажууд зогсоод гаргахгүй байсан. Аав ээжийн хоолойг нь боогоод байсан. Тэгээд ээж цонхоор гарах гэсэн ээжийг татаад унагасан. Аав ээжийг ална гээд байсан. Тэгэхээр нь хар хурдаараа үүдээр гараад зугтаасан. Ээжийн ажлын О эгч байхаар нь аав ээжийг зодоод байна гэж хэлсэн. О эгч намайг машиндаа суулгаад ажлынхаа нэлээн хэдэн хүнийг аваад буцаад манай үүдэнд ирсэн. Ээж хоёр дүүг дагуулаад гэрээс гараад ирсэн. Гарч ирээд манай ээж гэрээс хөөгөөд байна гээд уйлаад байсан. Тэгээд ээжийн ажлын газрын эгчийн гэрт очиж хоносон. ...Би хэдэн сар гэдгийг мэдэхгүй байна. Нэг удаа эмээ эмнэлэгт үзүүлэх гэж төв орж ирээд манайд хонож байхад манай аав бас л шөнө согтуу орж ирсэн. Тэгэхэд би утасныхаа цагийг харсан 02:20 болж байсан. Аав ээж рүү нас барсан өвөөг яриад уурлаад байсан. Ээж тэгж байхад нь утсан дээрээ бичлэгийг нь хийгээд авсан. Тэгээд байж байсан аав, ээжийг энэ талын хацар дээр алгадсан гээд зүүн хацраа гараараа заав. Аав ээжийг гэрээс минь зайл гээд байсан. Ээж гэрээс гарсан. ...Дараа нь аав намайг дүүтэй минь өвөөгийн гэрт хүргэж өгөөд жаахан хонь харж өгч байгаад оройхондоо төв явсан.Ээжийг эмээ явж гэртээ авч ирсэн. Манай ээжийн нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),

гэрч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Д миний ээжийн дүүгийн хүүхэд, 2025 оны 4 дүгээр сарын 3-ны орой 20:00 цагийн үед надруу залгаад ажил дээрээс ирээд аваач гэхээр нь би очиж авсан. Гэртээ харьж хувцсаа аваад манай ээжийнд очно гэхээр нь би хүргэж өгсөн.Тухайн үед нөхөртөө зодуулсан гээд зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан.Б намайг зодсон, хадам ээжийн үгэнд ороогүй гэж ярьсан. Өөр юм яриагүй. Намар 2024 оны 9 дүгээр сард Г.Д нөхөртөө зодуулсан гэж манай гэрт 7 хоносон гэж манай эхнэр хэлж байсан, би тухайн үед байгаагүй ажилд явсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 178 дугаартай “... Л.Д-ийн биед баруун дээд, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000153 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно...” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, эхнэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Л.Д нь шүүгдэгч З.Б-той гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Б нь эхнэр Л.Д-тэй маргалдаж, улмаар хохирогчийн биед халдаж цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч З.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг төдийгүй шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тодруулбал шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Л.Дтэй хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 178 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Л.Дгийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч З.Бын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчирхийлсэн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддагүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрддэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.  Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог ба үйлдлүүдийн хоорондох хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан эсэхийг мөн тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч З.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 4 удаа эхнэр Л.Д-ийн бие махбодид халдсан байх тул түүний үйлдэл хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй байна.

 Шүгдэгч З.Б нь эхнэр Л.Д-ийн биед нь байнга халддаг болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа байдлаас дүгнэвэл шүүгдэгчийн хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч З.Б нь хохирогч Л.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Л.Д нь шүүх хуралдаанд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч З.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,-т зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялуудыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч З.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69, 71,72,73-р хуудас)-ууд  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч З.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ болон гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч З.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, 8 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн  шүүх хуралдаанд гаргасан нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан торгох ял оногдуулах ялуудыг тус тусад нь эдлүүлэх санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч З.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь оршин суух тодорхой хаягтай зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах мөн нийтэд тустай ажил хийлгэх, торгох ял оногдуулж уг ялуудыг тус тусад нь эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Бусад асуудлын талаар:

 Эрүүгийн 2538000000153 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Зын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Зын Быг 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.Бод оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн ***** сумын хилийн дээсээр тогтоож, 8 (найм) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн ***** сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2538000000153 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР