Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/00855

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 21

181/ШШ2023/00855

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Т,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18/58 тоот Эко дамбадаржаа хорооллын барилгын дотоод засал болон ажил хийж гүйцэтгэх түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй ажил гүйцэтгэлийн гэрээ-г Ц ХХК-тай байгуулж уг гэрээний ажлын хөлсөнд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад баригдсан Эко дамбадаржаа цогцолбор хотхоны Б блокын 1 дүгээр давхрын 101 тоот 1 өрөө орон сууц, мөн хотхоны 2 давхрын 45 тоот орон сууцыг авсан.

Дээрх гэрээний ажлын хөлсөнд авсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу Э ХХК-ийн хууль ёсны өмч мөн.

Э ХХК, Т.Н нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Э ХХК байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэн Т.Н үүргээ бүрэн биелүүлснээр өмчлөгч болох нөхцөлтэйгөөр эзэмшсэн.

Гэрээний дагуу Э ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад баригдсан Эко дамбадаржаа хотхоны Б блокын 1 дүгээр давхрын 101 тоот 1 өрөө орон сууцыг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 33,750,000 төгрөгөөр худалдах, ийнхүү төлбөрийн 26.6 хувь буюу 9,000,000 төгрөгийг урьдчилгаанд авахаар, үлдэгдэл 24,750,000 төгрөгийг 2 жил 1 сарын хүүгүй зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Гэрээний үүргийн дагуу иргэн Т.Н нь гэрээний нийт төлбөр болох 33,750,000 төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 25,000,000 төгрөг төлсөн байна.

Гэрээний хэрэгжилтийн хугацаанд иргэн Т.Н нь Э ХХК-д Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад баригдсан Эко дамбадаржаа хотхоны Б блокын 1 дүгээр давхрын 101 тоот 1 өрөө орон сууцыг томруулан сайжруулах хүсэлтийг тавьж, уг хүсэлтийн дагуу Эко Дамбадаржаа цогцолбор хотхоны Б Блокын 2 давхрын 39.4 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцанд оруулахаар болж, иргэн Т.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тухайн томруулсан 2 өрөө орон сууцанд нүүж орон өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх 39.4 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт үнэлгээ урьдчилан тохиролцсон байдлаар 53,190,000 төгрөг буюу нэг метр квадратын үнэ 1,350,000 төгрөг байсан.

Дээрх нөхцөл байдлын улмаас Э ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд тохиролцсоны дагуу нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн байгуулах асуудлыг удаа дараа иргэн Т.Н-д тавьдаг боловч элдэв шалтаг хэлэн гэрээг шинэчлэхээс татгалзаж, гэрээний 4.4-т заасан төлбөр төлөх үндсэн үүргээ шууд зөрчижг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөхгүйгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаад баригдсан Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны Б блокын 2 давхрын 39.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцанд гэрээ байгуулахгүйгээр ямар нэг түрээсийн төлбөр төлөхгүйгээр үнэ төлбөргүй амьдарсаар байна.

Дээр дурдсан гэрээний үүргийн зөрчлөө арилгах талаар Э ХХК удаа дараагийн хууль ёсны шаардлага гаргасныг хүлээж аваагүй тул 2022 оны 11 дүгээр 11-ний өдөр 22/12 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, гэрээний дагуу төлбөр тооцоог эцэслэн зөрүүг иргэн Т.Н-д бүрэн шилжүүлэн гэрээг цуцалсан болно.

Гэрээ цуцалсны үр дагавар, хохиролд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг тус тус үндэслэн иргэн Т.Н-ийн гэрээний дагуу нийт төлсөн төлбөр 25,000,000 төгрөгөөс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаад баригдсан Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны Б блокын 2 давхрын 39.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцанд 10 сар үнэ төлбөргүй амьдарсан түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль буюу анзад нийт төлөгдсөн төлбөрийн 30 хувьтай тэнцэх 7,500,000 төгрөгийг тус тус суутган тооцож, нийт 11,500,000 төгрөгийг Т.Н-ийн дансанд буцаан шилжүүлсэн.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 206 дугаар зүйлийн 206.1-т заасныг тус тус үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаад баригдсан Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны Б блокын 2 давхрын 39.4 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Э ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэдэгт маргах зүйл байхгүй. Т.Н 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 25,000,000 төгрөгийг хүүгүйгээр шилжүүлж байсан. Т.Н-ийн байрыг томруулах хүсэлтээр 2 өрөө орон сууцанд орохоор харилцан тохиролцсон. Энэ байранд Т.Н амьдарч байгаа. Төлбөрийн асуудал дээр энэ байрыг 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл төлбөрөө төлж байхад Э ХХК-иас м.кв-ын үнийг нь 1,550,000 төгрөг болгохоор шаардсан мэдэгдэх хуудсыг Э ХХК-иас явуулсаар ирсэн. Үүн дээр байр ашиглалтад ороод 3 жил болсон. Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь одоо болтол гараагүй. Ганц Т.Н биш түүнтэй холбоотой 10 гаруй оршин суугч нар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байгаа. Орон сууц стандартын шаардлага хангасан талаар эргэлзээтэй байна. Иймд төлбөрийг төлөхгүй түр зогсоосон. Э ХХК нь Т.Нтэй холбогдоогүй атлаа 11,500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Хариуцагчийн хувьд 13,500,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 423,900 төгрөг төлсөн баримт, С.С-д олгосон итгэмжлэл, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Э ХХК, Т.Н нарын байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Ц ХХК, Э ХХК нарын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18/58 тоот Эко Дамбадаржаа хорооллын барилгын дотор засал, ХС, ЦБУ, ДГ, ХД ажлуудыг хийж гүйцэтгэж түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй ажил гүйцэтгэлийн гэрээ, 11,500,000 төгрөг Т.Н-д шилжүүлсэн төлбөрийн баримт, Б.Тамирын Хаан банкны 5022661539 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх20-41/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/15556 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/17637 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Улсболдод олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э ХХК нь хариуцагч Т.Нтэй 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад баригдсан Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 101 тоот 1 өрөө орон сууцыг 33,750,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсоны дагуу Т.Номин-Эрдэнийг тус орон сууцанд оруулсан. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Т.Н-ийн хүсэлтийн дагуу 45 тоот хаягт байрлах 39.4 мкв талбайтай, 2 өрөө орон сууцанд оруулсан. Хариуцагч Т.Н нь гэрээг шинэчлэхээс татгалзаж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, төлбөр тооцоог эцэслэн, зөрүүг Т.Н-д олгосон. Иймд Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад баригдсан Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 45 тоот хаягт байрлах 39.4 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг төлсөн. Э ХХК-иас орон сууцны м.кв-ын үнийг нэмэх талаар байнга шахаж шаардаж байсан. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй учраас төлбөрийг зогсоосон. Э ХХК нь миний төлсөн 25,000,000 төгрөгөөс 11,500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, үлдэх 13,500,000 төгрөгийг 10 сарын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг суутгасан гэсэн боловч 1 сарын түрээсийн төлбөрийг хэрхэн 600,000 төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй учраас үлдэх 13,500,000 төгрөгөө авах хүсэлтэй байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Э ХХК нь Ц ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18/58 дугаартай Эко Дамбадаржаа хорооллын барилгын дотор засал, ХС, ЦБУ, ДГ, ХД ажлуудыг хийж гүйцэтгэж түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаад баригдсан Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 101 тоот 1 өрөө, 45 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /хх17-18/

 

4.2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т.Н-тэй 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаад баригдаж буй Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 101 тоот хаягт байрлах 25 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг Т.Н-д хүлээлгэн өгөх, Т.Н нь орон сууцны нийт төлбөр 33,750,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг Э ХХК-д төлж, үлдэх төлбөрийг 25 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөхөөр, орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Э ХХК байхаар харилцан тохиролцжээ./хх11-13/

 

4.3. Улмаар Т.Н нь Э ХХК-д хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаад баригдаж буй Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 45 тоот хаягт байрлах, 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа боловч, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

4.4. Т.Н нь Э ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд орон сууцны төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Б.Тамирын Хаан банк дахь 5022661539 тоот дансны хуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх20-41/

 

4.5. Хариуцагч Т.Н нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Э ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22/12 тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Т.Н-д хүргүүлж, улмаар түүний төлсөн төлбөрөөс 13,500,000 төгрөгийг орон сууцны түрээсийн төлбөр, гэрээ цуцалсны торгуульд суутган авч, үлдэх 11,500,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түүний Хаан банк дахь 5219045427 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна./хх14, 19/

 

5. Зохигчид Э ХХК-ийг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д-01/2020 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан хариуцагч Т.Н Эко Дамбадаржаа хороолол хотхоны 101 тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг эзэмшиж эхэлсэн, улмаар Т.Н-ийн хүсэлтийн дагуу 45 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр оруулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, Т.Н Э ХХК-д 25,000,000 төгрөгийг төлсөн, Э ХХК 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Н-д гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Э ХХК 13,500,000 төгрөгийг ямар үндэслэлээр суутган авсан, 1 сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр хэрхэн тооцсон нь маргааны зүйл байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болох ч өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана., 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. шаардлагыг хангасан байх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаад баригдаж буй Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 101 тоот хаягт байрлах 25 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулж, бичгээр гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, 45 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахтай холбоотой зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, №Д-01/2020 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цуцлагдсан үйл баримт тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч Э ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаад баригдаж буй Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 45 тоот хаягт байрлах, 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь тухайн маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоо нотлоогүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй тул хариуцагч Т.Номин-Эрдэнийг бусдын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Т.Н-ийн төлсөн 25,000,000 төгрөгөөс 13,500,000 төгрөгийг орон сууцны түрээсийн төлбөр, торгуульд суутган авсан нь үндэслэлгүй гэж маргасан боловч хариуцагч Т.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш маргаан бүхий орон сууцанд амьдарсан, Т.Н гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь гэрээний 6.1-т зааснаар төлөгдсөн төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр буюу 7,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг суутган, үлдэх 11,500,000 төгрөгийг хариуцагч Т.Н-д шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч талаас Э ХХК нь орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,550,000 төгрөгөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шаардлага тавьж байсан гэх тайлбараа болон түүний эзэмшил хууль ёсны болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Дээрх үндэслэлээр, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаад баригдаж буй Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 45 тоот хаягт байрлах, 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 423,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Эко Дамбадаржаа хороолол цогцолбор хотхоны 45 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 423,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ