Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Хохирогч У.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монголмууд овогт Батсүхийн Дэмбэрэлсамбууд холбогдох 1705000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14-171 тоотод оршин суудаг, ЧС78081117 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, Монголмууд овогт Батсүхийн Дэмбэрэлсамбуу.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуу нь 2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Өнөр хорооллын 45-147 тоотод хамтран амьдрагч У.Нарангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуу мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Нарангэрэл мэдүүлэхдээ:

Надад Б.Дэмбэрэлсамбуу хөнгөн гэмтэл учруулсан. Бид хоёр эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуу мэдүүлэхдээ:

“... 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Нарангэрэлийн төрсөн өдөр байсан бөгөөд төрсөн өдрийг нь тэмдэглээд ... Нарангэрэлийн гэрт очиж пиво уусан. 6-7 пиво уусан болохоор нилээн согтсон. Хэний яасан үйлдлээс болсныг одоо санахгүй байна. Бид хоёр хоорондоо маргалдаад би гараад гэр рүү харьсан. ... Би гар хүрч зодож алгадсан байх. Согтолт ихтэй байсан учраас яг ямар үйлдэл хийснээ одоо санахгүй байна. Нарангэрэлийг зодож хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч У.Нарангэрэл мэдүүлэхдээ:

“... 2017 оны 7 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд Орбитын ойролцоох шөнийн клубт өөрийн найзууд болох Хишигжаргал, хамтран амьдрагч Дэмбэрэлсамбуу, Чулуунбат, Цэрмаа, Ундрах, Удвал, Нямсүрэн нарын хамт төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгээд тэр үед Дэмбэрэлсамбуу нилээн согтоод над руу дайраад, хэл амаар доромжилж намайг миний хоолойноос боогоод намайг газар түлхсэн. Тэр үед би хойшоо нуруугаараа унасан. Намайг унахыг манай найз Хишигжаргал, Чулуунбат нар харсан. Тэгээд тэр хоёр ирээд Дэмбэрэлсамбууг Чулуунбат аваад гадагшаа гараад таксинд суулгаж өгөөд орж ирсэн. Тэгээд бид нар удалгүй баарнаас гараад гэртээ 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 7 цагийн үед орсон. Тэр үед гэрт манай төрсөн эгч Нарантуяа хоёр хүүхдийн хамт байсан. Тэгтэл удалгүй Дэмбэрэлсамбуу 99185000 гэх өөрийнхөө дугаараас над руу залгаад би гэрийнхээ түлхүүрийг авья гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гэж хэлээд удалгүй хаалга цохисон. Тэр үед эгч Нарантуяа хаалга онгойлгоод түлхүүрийг нь өгөөд хаалга хаах гэтэл Дэмбэрэлсамбуу хаалга түлхэж орж ирээд, намайг боогоод газар унагаагаад, миний нүүр рүү гараараа цохиод, гараараа нүүрээ хаатал миний бие рүү нилээн хэдэн удаа цохисон. ... хамарнаас нилээн цус гарсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9107 тоот:

               1. У.Нарангэрэлийн биед доод эрүү, дээд уруул, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуугийн хувийн байдалтай холбоотой:

                        - АСАП сангийн лавлагаа /хх-н 17-19/,

            - Дипломын хуулбар /хх-н 21-22/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 20/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбууд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, Прокуророос У.Дэмбэрэлсамбууд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналаа яллах дүгнэлтэндээ бичсэн, яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуу нь 2017 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Өнөр хорооллын 45-147 тоотод хамтран амьдрагч У.Нарангэрэлийг зодож, эрүүл мэндэд нь доод эрүү, дээд уруул, баруун нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбуугийн “...Бид хоёр хоорондоо маргалдаад би гараад гэр рүү харьсан. ... Би гар хүрч зодож алгадсан байх. Согтолт ихтэй байсан учраас яг ямар үйлдэл хийснээ одоо санахгүй байна. Нарангэрэлийг зодож хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байна ...” гэх,

хохирогч У.Нарангэрэлийн “... Дэмбэрэлсамбуу хаалга түлхэж орж ирээд, намайг боогоод газар унагаагаад, миний нүүр рүү гараараа цохиод, гараараа нүүрээ хаатал миний бие рүү нилээн хэдэн удаа цохисон. ... хамарнаас нилээн цус гарсан ... Б.Дэмбэрэлсамбууд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 9107 тоот дүгнэлт зэрэг нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч У.Нарангэрэл нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 24/, хохирогч У.Нарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болон “... гомдол санал байхгүй ...” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбууг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Б.Дэмбэрэлсамбуу нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Дэмбэрэлсамбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

         

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монголмууд овогт Батсүхийн Дэмбэрэлсамбууг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дэмбэрэлсамбууг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн дуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Дэмбэрэлсамбуу бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Дэмбэрэлсамбууг торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дэмбэрэлсамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ