Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       С.Бт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       С.Б

Нарийн бичгийн дарга                 Н.Хонгорзул нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолтой С.Бт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт С-н Б.

 

С.Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр     аймгийн      сумын     багийн нутаг дэвсгэр Ш гэх газарт Г.О-н гэрт архи ууж согтуурсан үедээ гэрийн эзэн Т.О-г  зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

 

Шүүгдэгч Б овогт С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд, сард 277.777.7 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол прокурорын саналаар хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б эсэргүүцэлдээ:

 

“ ... Шүүгдэгч С.Бт торгуулийн ял оногдуулж, түүнд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн ялыг биелүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд сар бүр 277.777.7 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна. өөрөөр хэлбэл сар бүр төлөх торгуулийн мөнгөн дүнгийн хэмжээ оногдуулсан торгох ялтай дүйцэхгүй байна.

Мөн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй ” хэмээн заасан нь эргэлзээ төрүүлэхээр байна. Торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй, зөвхөн ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд ялыг солих тухай заасан нь ялтанд ял завшуулж, ял гарцаагүй байх зарчмыг алдагдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байхад дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

Мөн хорих ялаар солихдоо торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих талаар заагаагүй нь “Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг тус тус зөрчжээ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: 

“Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах саналтай байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэх боломжтой ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх прокурор С.Б-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр     аймгийн     сумын      багийн нутаг дэвсгэр Ш гэх газарт иргэн Г.О-н гэрт архи ууж согтуурсан үедээ түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О-н удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Г-н мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч С.Б-ийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

 

 Харин анхан шатны шүүх түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхдээ сар бүр 277.777.7 төгрөгөөр төлүүлэхээр тогтоож тооцооллын шинжтэй алдаа гаргасан, мөн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар хэрхэн солихыг тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

             Тодруулбал: Шүүхээс сар бүр төлүүлэхээр тогтоосон 277.777.7 төгрөгийг 3 жилийн хугацаатай дүйцүүлэхэд 9.999.997.2 төгрөг болох бөгөөд шүүгдэгч С.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхэд зөрчилтэй нөхцөл байдал үүснэ.

 

             Ялтны сар бүр төлөх мөнгөн дүнг шүүх заавал тогтоох шаардлагагүй бөгөөд тухайн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэрэг торгох ял биелүүлэх чадварыг харгалзан сар бүр харилцан адилгүй хэмжээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлүүлэх боломжтой тул дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж дүгнэв.

 

             Мөн шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээтэй дүйцүүлэн хасч түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар С.Бт оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Бт оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ